Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрхтэй холбогдуулан үндсэн хуулийн эрх зүй судлаач П.Амаржаргалаас цөөн асуултад хариулт авлаа.
– Шүүх байгуулах тухай хууль Үндсэн хууль зөрчсөн талаар гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй эсэх асуудал хуульчдын дунд маргаантай байна. Энэ асуудалтай холбогдуулан үүсээд байгаа нөхцөл байдалд та судлаач, хуульч хүний хувьд ямар дүгнэлттэй байна вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт хориг тавих эрхгүй учраас хориг тавиагүй байх. Харин Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас баталсан хууль болон бусад шийдвэрт хориг тавих эрхтэй. Ямар ч хуульч цэцийн дүгнэлтийг хүлээн авсан Улсын Их Хурлын 2015 оны 94 дүгээр тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Цэцийн шийдвэрт хориг тавьчихлаа гэж харахгүй болов уу л гэж бодож байна.
За тэгвэл Цэцийн дүгнэлттэй холбоотой гарсан Улсын Их Хурлын тогтоолд хориг тавих замаар Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрт хориг тавиад байна гэсэн асуудал үүсээгүй гэж үү?
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар гаргасан шийдвэрийг хүлээн авах эсэх нь Улсын Их Хурлын өөрийн нь бүрэн эрхийн асуудал учраас тогтоол гарган шийдвэрлэдэг. Үндсэн хуулиар болон Үндсэн хуулиас эх үндэстэй органик хуулиудын алинд нь ч Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрхэд агуулгад хязгаарлалт тавиагүй. Үндсэн хуулийн шүүх, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн гурван өөр салаа мөчрөөс гарсан цэцийн дүгнэлт, УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн хориг гэсэн шийдвэрүүд нь харилцан хяналт, тэнцвэртэй байлгах хүрээндээ л гарч байна гэж би хувьдаа харж байгаа.
Харилцан бие биенээ хянах гэдгээ та жаахан тодруулаач?
Үндсэн хуулийн цэцээс Шүүх байгуулах тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргасныг УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд хүлээн авсан. Тэгэхээр УИХ өөрөө бие даан шийдвэр гаргах бүрэн эрхэд Үндсэн хуулиар тавьдаг цөөхөн хэдэн хязгаарлалтын нэг нь Ерөнхийлөгчийн хориг байдаг. Хоригийг хууль тогтоох эрх мэдлийг хязгааргүй, дур зоргоороо хэрэгжүүлэх боломжийг “тормозлуулах”, хууль тогтоогч нарт гаргасан шийдвэрээ нэг удаа эргэн харах боломж олгох хэрэгсэл гэж үзэх хандлага онолын хувьд ч тэр, дэлхий нийтэд тогтсон Үндсэн хуулийн практикт ч ажиглагдаж байгаа. Ийм учраас хориг бол эцсийн шийдвэр биш, харин эрх мэдлийн бусад бүрэн эрхээс онцлогтой, хязгаартай хэрэгждэг, гүйцэтгэх эрх мэдлийн зүгээс хууль тогтоох эрх мэдлийг хянах хяналтын хэрэгсэл гэж үздэг.
-Та дэлхий нийтэд гэж ярилаа. Хоригийг ер нь ямар зорилгоор хэрэглэдэг юм бэ?
Орчин үед хориг нь ихэвчлэн Ерөнхийлөгчийн институцаар дамжин хэрэгжиж байгаа боловч тухайн улс орны төрийн байгууламж, улс төрийн тогтолцооноос хамаарч олон янзын зорилгоор хэрэглэж байна. Заримдаа бүр Ерөнхийлөгчийн үзэл бодол, зорилттой зөрчилдөж байгаа, эсхүл Үндсэн хуульд нийцээгүй, эсхүл Ерөнхийлөгчийн улс төрийн үзэл санаанд харш гэсэн үндэслэл зааж хориг тавих тохиолдол байдгийн жишээ нь АНУ юм. Нөгөө талаар, эрх мэдэл хуваарилах онолд хоригийг ихэвчлэн гүйцэтгэх засаглалын зүгээс төрийн бодлогыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчихөөс урьдчилан сэргийлэх, мөн муу боловсрогдсон, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжгүй хуулиас татгалзах боломжийг олгох хэрэгсэл гэж үздэг.
-Тэгвэл манай улсад хориг хэр их хэрэглэгддэг вэ, үр нөлөөтэй хэрэгсэл байж чаддаг уу?
Монгол Улсын Үндсэн хуулиар 1992 онд Ерөнхийлөгчийн институцийг бий болгосноос хойш буюу 1993-2015 оны хооронд Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчид бүрэн эрхийнхээ хүрээнд нийт 55 удаа хориг тавьсны 18 нь хууль тогтоомжид бүхэлд нь, 37 нь хэсэгчлэн тавьсан хориг байдаг. Эдгээрээс дунджаар 72 хувийг нь УИХ хүлээн зөвшөөрсөн тогтоол гарсан байдаг. Агуулгын хувьд төрийн алба, Засгийн газар, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, төрийн байгуулалт, улс төрийн нам, татвар, шүүх эрх мэдлийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжуудад хориг тавьсныг хүлээн авсан тохиолдол их байдаг бол, төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэв, хангамж, Засгийн газрын бүтэц, гүйцэтгэх ажлын тухай, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай, улс төрийн нам, төсөв, сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт зэрэг асуудлаар хоригийг хүлээн аваагүй тогтоол гарсан байдаг. Эндээс үзэхэд Ерөнхийлөгчийн хориг нь харьцангуй үр дүнтэй хэрэгсэл байж болно.
Т. Болор