Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 1,5 тэрбум ам.долларын үнэт цаасны зарцуулалтын талаар мэдээлэл хийлээ. Засгийн газар болон “Чингис” бондын Бодлогын зөвлөлийн шийдвэрээр Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай цахилгаан станц барихад 50 сая ам.доллар зарцуулахаар болсон. Энэ цахилгаан станцыг 2017 онд ашиглалтад оруулсан байхаар төлөвлөж байна. Улаанбаатар хотын иргэдийн ая тухтай амьдрал, түүний орчныг сайжруулах, агаарын болон хөрсний бохирдлыг бууруулж, замын түгжрэлийг арилгах зорилго бүхий “Гудамж” төсөлд бондын хөрөнгөөс 200 сая ам.доллар зарцуулахаар шийдвэрлэсэн. Энэ төсөл “Хотын төв”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт”, “Хурдын зам” гэсэн гурван дэд төсөлтэй.
Хотын төвийн 33 уулзварыг шинэчлэх, шинээр гудамж бий болгох ажлыг хийж гүйцэтгэнэ гэж Ерөнхий сайд хэллээ. Улаанбаатар хотын уулзварууд нь илүү давхилт буюу үр ашиггүй зарцуулалтын гол шалтгаан болдог. Судалгаагаар нэг автомашин өдөрт 1-1,5 км зам илүү давхилт хийдэг гэсэн судалгаа байна. Улаанбаатар хотын гэр хорооллын гудамж, автозамын сүлжээг сайжруулахад нийт 500 гаруй км авто болон явган хүний зам барьж байгуулах хэрэгтэй гэсэн тооцоо байгаа. Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, хөрсний болон агаарын бохирдлыг бууруулахад ач холбогдолтой. Ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу Туул, Сэлбэ голын далангийн дагуу 65 км хурдны зам барьж байгуулна. Ингэснээр нийслэлийн авто замын түгжрэл 25-30 хувь буурах тооцоог хийжээ. Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн төвүүдийг нийслэл хоттой авто замаар холбохоор тусгагдсан.
Энэ онд Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгуудыг хатуу хучилттай автозамаар холбох бөгөөд шинээр эхлүүлэх нийт 1800 км автозамын ажилд шаардлагатай санхүүжилт болох 570 тэрбум төгрөгийг Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлнэ гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Ноолуурын салбарыг дэмжихэд 68,8 сая доллар зарцуулна. Энэ нь түүхий ноолуурын экспортыг зогсоож, дотооддоо нэмүү өртөг шингэсэн экспортын чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Салбарын үйлдвэрлэл, борлуулалтын орлого нэмэгдэж 20 мянга орчим ажлын байр бий болж, орон нутагт сүлжмэл болон оёдлын үйлдвэр байгуулагдана.
“Монгол ноосон даавуу”, “Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл” гэсэн төсөл хэрэгжүүлж, оёдлын салбараа хөгжүүлж бүх төрлийн дүрэмт хувцас, ажлын хувцас үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг хангах, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг нэмэгдүүлэх зорилт тавьж Улаанбаатар хот орчимд 15 ферм, олон улсын стандартад нийцсэн үйлдвэр байгуулна. Үүнд Чингис бондын хөрөнгөөс 27,7 сая ам.доллар зарцуулахаар шийдвэрлэсэн. Мөн төрөл бүрийн нарийн ногоог зах зээлд тогтмол нийлүүлэх зорилгоор өвлийн хүлэмжийн аж ахуйг дэмжинэ гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.
“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг хэрэгжүүлж нийслэлийн иргэдэд нийгмийн суурь дэд бүтцийг хүргэж, шугам сүлжээ шинээр байгуулж, барилгын салбарыг дэмжих зорилготой. Энэ онд Улаанбаатар хот болон орон нутагт баригдах орон сууцны хотхон, хороолол, инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажилд 200 хүртэл тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр шийдвэрлэсэн талаар Ерөнхий сайд мэдээлээд, УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.