-Өнгөрсөн онд гэхэд тэмбүүтэй 52 хүүхэд мэндэлжээ-
Монголд сүүлийн жилүүдэд төрөхдөө л тэмбүүтэй мэндлэх нялхсын тоо эрс ихэсчээ. Өнгөрсөн оны сүүлийн 11 сарын байдлаар нийт халдварт өвчний 45 хувийг бэлгийн замын халдварт өвчин эзэлж буйгаас тэмбүүгийн өвчлөл тэргүүлж байгаад мэргэжлийн эмч мэргэжилтнүүд ихэд санаа зовниж байна.
1921 оны буюу хувьсгал ялсан эхний жилээс Монгол Улс тэмбүү өвчинтэй тэмцсээр ирсэн ч өдгөөг хүртэл ор мөргүй устгаж чадаагүй бөгөөд харин ч өвчлөл нэмэгдэж хүрээгээ тэлсээр байгаа юм.
Уг нь энэхүү өвчнийг эрүүл мэндийн салбарынхан эмчлэх, устгах бүрэн боломжтой гэдгийг хэлдэг ч иргэдийн эрүүл мэндийн боловсрол, бэлгийн зохисгүй харилцаанаас шалтгаалан оршин тогтносоор өдгөө аюулын хэмжээнд хүрсэн байдалтай байна.
Түүнээс гадна манайхан дунд “Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг” гэсэн буруу өрөөсгөл ойлголт байгаад байгаа юм. Бэлгийн замын халдварт өвчин хэлж ирдэг хэрэг үү, үгүй л байхгүй юу даа, бэлгийн замбараагүй явдлаас болж хувь хүн та бие эрхтэн, эрүүл мэнд цаашлаад ирээдүйд мэндлэх эрүүл саруул үрсийнхээ ирээдүйд том хорын үндэсийг тавьж, үрийг цацаж яваадаа харамсах халаглах хэрэгтэй дээ. Энэ улс оронд чинь эрүүл эцэг эхээс эрүүл хүүхэд л төрөх ёстой юм. Гэтэл сүүлийн жилүүдэд төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх нь эрс нэмэгдсэн гэдгийг эмч нар онцолж хэлээд байгаа юм. Тэмбүүгийн халдвартай эхээс тэмбүүтэй хүүхэд л төрнө гэдгийг энэ цагийн эмэгтэйчүүд тэр дундаа ирээдүйд эх болох охид бүсгүйчүүд сайн ойлгоосой билээ.
52 хүүхэд эхээс мэндлэхдээ төрөлхийн тэмбүүтэй төржээ
Тэмбүү өвчнөөр жилд 5000 хүн өвчилж, эмчлүүлж байгааг мэргэжлийн хүмүүс мэдээлж байгаа юм. Эдгээр хүмүүсийн цаана мөн тооны, түүнээс ч олон хүн бэлгийн хавьталд орж, далд хэлбэрээр тэмбүү өвчнийг тээдэг байна. Тэгэхээр тэмбүү нь Монгол Улсын хүн амын аюулгүй байдалд заналхийлж байгааг харуулж байгаа юм. Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгдсийн 99 хувь нь насанд хүрсэн хүмүүс байдаг аж. Тэдгээрийг насны хувьд ангилвал 15-50 насныхан байдаг бол нэг орчим хувийг эхээс төрж буй нярай хүүхэд эзэлдэг байна. Учир нь бэлгийн замын халдварт өвчтэй эхээс төрсөн хүүхэд уг өвчний халдвар тэр дундаа тэмбүү өвчнийг тээж төрөх тохиолдол элбэг байдаг аж.
Өнгөрсөн онд 52 хүүхэд эхээс мэндлэхдээ тэмбүү өвчтэй төржээ. Үүний 30 нь Улаанбаатарт, 22 хүүхэд нь хөдөө, орон нутагт мэндэлсэн байна. Харин тэмбүү өвчнийг тээж төрсөн 15 хүүхэд нь төрснийхөө дараа нас барсан гэх харамсалтай тоо баримт байгаа ч энэ он гараад төрөлхийн тэмбүүтэй төрсөн таван хүүхэд энджээ. Учир нь тэмбүүгээр өвчилсөн эхийн өвчин урагт нөлөөлж, амьдрах чадварыг үгүй хийдэг төдийгүй эхээс төрөхөөсөө өмнө амьгүй болох явдал их байдаг аж. Тэмбүү өвчин нь хүний гол, гол эрхтэн системыг өвчлүүлж, аажмаар бүх эрхтэнг иддэг байна. Ийнхүү хүний биед чимээгүй оршин тогтнож чаддаг “тахал” юм.
Тухайлбал, найман эмэгтэй тутмын нэг нь тэмбүүтэй эсвэл тэмбүүгээр өвчилж байна.
Тэмбүү өвчин нь архаг удаан явцтай, олон эрхтэнг гэмтээдэг, жирэмсэн эхээс хүүхдэд дамжиж болдог бэлгийн замаар дамжих халдвар гэдгийг тодотгож байна. Эрт үед нь оношлуулбал эмчлэх бүрэн боломжтой. Харин эмчлүүлээгүй тохиолдолд тэмбүү өвчин урагт халдварласнаас
- зулбах,
- дутуу төрөх,
- жин багатай, амьгүй хүүхэд төрөх,
- төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх,
- нярай эндэх зэрэг хүндрэлд хүргэнэ.
Чингэлтэй дүүргийн нэгэн хороонд жирэмсэн эмэгтэйчүүдэд тэмбүүгийн сорил тавихад 3/1 хувь нь тэмбүүгийн халдвартай гарчээ. Зөвхөн нэг хороонд жилийн дотор 39 эмэгтэй тэмбүүгийн халдвартай байгаа нь аюулын харанга дохио юм.
Тэмбүү монголчуудын хүн амь аюулгүй байдалд заналхийлж байна
Манай улсад 90 жилийн өмнө тэмбүү өвчин газар авч олон мянган хүн энэ өвчнөөр өвчилж, хамар, тагнаагүй болж байсныг түүх гэрчилнэ. Хамар нь тасарч унасан хүмүүс булгиарин хамартай хүмүүс олон байлаа гэж хөгшид өвгөд ярьдаг байлаа. Гэтэл энэ түүх XXI зуунд монголчуудад дахин давтагдаж, хүчтэй дэлгэрч байгаа нь эмгэнэлтэй юм. Энэхүү өвчнөөс өөрийгөө хамгаалах нь тийм ч хэцүү зүйл биш аж. Тэмбүү нь бусад өвчин шиг агаар дуслаар, ахуйн замаар халдварладаггүй бөгөөд зөвхөн бэлгийн замаар л халдварладаг өвчин. Тиймээс тухайн хүний ухамсарт л бүх зүйл оршин буй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. 1990-ээд оны эхнээс 2000 оны хооронд бэлгийн замын халдварт өвчин тэр дундаа тэмбүү өвчний дэгдэлт маш бага байсан аж.
Тодруулбал жилд 700-800 хүн энэ өвчнөөр өвчилж байсан бол 2000 онд 10 мянган хүнд 2.5 хувь нь тэмбүү өвчтэй болох нь шинжилгээгээр батлагдаж байсан байна. Тэгвэл 2015 онд 10 мянга хүн тутмын 24 хувь нь энэ өвчнөөр өвчилж байгаа нь тэмбүү нийгэмд харангын дохио дэлдэж байгааг харуулж байгаа юм. Ер нь Монгол Улсын хүн амын өсөлт буурч “устаж буй үндэстэн” гэх тодотголд хүргэж байсан зүйлийн нэг нь яах аргагүй тэмбүү өвчин гэдгийг санах учиртай юм.
О.Сайхан Эх сурвалж: Zaluu.com