-Анх 2009 онд Солонгос явж нэг жил тус театрт жүжигчнээр ажилласан-
-Сургуулиа төгсөх гээд завгүй явна уу?
-Тийм ээ. Хэд хоногийн амралтаараа эх орондоо ирээд байна. Одоогоор үндсэн кредит, хичээлүүдээ дуусгасан. Дипломоо ирэх хоёрдугаар сард гардаж авна. Тийм болохоор ирэх хоёрдугаар сар хүртэл Солонгост мэргэжлээрээ ажиллая гэж бодож байгаа. Мөн энэ хугацаандаа өөртөө хэрэгтэй хичээлүүдээ нэмэлтээр сурахаар төлөвлөсөн.
-Жүжигчний мэргэжлийг хэзээнээс сонгон энэ чиглэлээр суралцах болсон талаараа сонирхуулахгүй юу?
-Солонгосын номер нэг мюзикл “Jump comic martial art performance” гэж байдаг. Тэндээс хүмүүс монголд ирж жүжигчний сонгон шалгаруулалт явуулахад нь оролцож тэнцээд анх 2009 онд Солонгос явж нэг жил тус театрт жүжигчнээр ажилласан. Түүнээс хойш энэ мэргэжлийн амтанд орж дурласан. Тухайн үед жүжигчний мэргэжлээр солонгост сурмаар байсан ч театрт ажилладаг байсан болохоор визний ангиллаас болоод боломж таараагүй. Тэгээд гэрээгээ дуусгаад монголдоо ирээд ээж, аав хоёроосоо гуйсаар байгаад СУИС-д шалгалт өгөн тэнцэн жүжигчний ангид Б.Хишигзаяа багшийнхаа удирдлага дор суралцсан. СУИС-д нэг жил гаран суралцаж байхад манай анги удирдсан багш Б.Хишигзаяа БНСУ-ын ийм сургууль байна. Чи материалаа явуулаад үзээч гэсний дагуу анх Солонгосын Үндэсний их сургуульд материалаа илгээж байсан. Гэхдээ тухайн үед өөрийгөө тэнцэхгүй байх гэж бодож байсан шүү. Азийн хэмжээний ийм том сургуульд би тэнцэх үү гэж бодож байсан ч материалаа маш сайн бүрдүүлж явуулсан. Тэгээд шалгалтаа өгөөд тэнцэн орж таван жил суралцаж байна.
-Тэнд очоод анх ажиллаж байсан театртайгаа хэр холбоотой байсан бэ. Магадгүй өмөн нь нэг жил ажилаж байсан болохоор хэлний бэрхшээл бага байв уу?
–“Jump comic martial art performance”-тай холбоотой байсан. Гэхдээ өмнө нь нэг жил ажиллахдаа солонгос хэл сураагүй. Тэдний тоглолтуудын тухайд үйл хөдлөл, адал явдлыг харуулдаг ярьдаггүй байсан. Намайг тэнд жил гаран болоход солонгос хэлийг зааж байгаагүй. Хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ англи хэлээр ойр зуурын зүйлээ ярьж ойлголцдог байсан. Тэр үед шахуу бэлтгэлтэй өдөрт 2-3 удаа тоглолт хийдэг байсан болохоор солонгос хэл сурах цаг зав байгаагүй. Солонгос руу сургуульдаа тэнцээд очихдоо онгоцны буудлаас оюутны байр луу явах замдаа бүх үсгээ сурсан даа /инээв/ Солонгос хэлийг маш их хүсэж сурсан учраас бага хугацаа зарцуулсан. Хоёр сар хэлний бэлтгэлд суун ганцаарчлан гэрээрээ суралцсан. Одоо бол дажгүй шүү.
-Пробоо өгөөд тэнцээд жүжгийн уншлагадаа ороход нөгөө миний зурагтаар үзэж багаасаа шүтдэг байсан жүжигчид бүгдээрээ сууж байсан-
-Солонгосын савангийн дуурийн алдартай жүжигчинтэй хамтдаа гэрэл зургаа авахуулан нэг уран бүтээл дээр ажилласан талаараа цахим хуудаснаа бичсэн байсан шүү дээ. Тэр тухайгаа сонирхуулахгүй юу?
–Миний хувьд хэзээ ч төсөөлөөгүй боломж таарсан. Солонгосын кино драмын алдартай найруулагч Paк Jong Hee гэдэг эрхэмтэй би Солонгосын үндэсний урлагийн их сургуульд сурдаг монгол оюутан гээд танилцаж байсан. Тэрээр надад энэ жүжигт ирээд проб өгөөч гэдэг санал тавьсан. Бас л тэнцэхгүй байх даа гэж бодож байсан. Пробоо өгөөд тэнцээд жүжгийн уншлагадаа ороход нөгөө миний зурагтаар үзэж багаасаа шүтдэг байсан жүжигчид бүгдээрээ сууж байсан. Яана аа оюутны ширээнээсээ салаагүй би ийм мундаг хүмүүстэй яаж тоглох юм бэ гээд шоконд орж байсан шүү. Солонгосын Үндэсний театрын жүжигчид болон И Сүн Жэй тэр бүтээл дээр ажиллаж байсан. Энэ бүтээлд тоглосон нь миний хувьд маш том аз байсан төдийгүй их зүйлийг сурч ойлгосон карьерын хувьд ч их нөлөөлсөн. Солонгосын алдарт жүжигчин И Сүн Жэй гэхэд л надад яг ач охин шигээ хандан тусалдаг байсан. Би тэр уран бүтээл дээр ганцаараа оюутан бас хамгийн бага нь байсан болохоор бүгд л намайг өхөөрддөг, тусалдаг, кофе, шоколад барьж ирээд л урам өгдөг байсан. Би хэдийгээр гадаад иргэн тэр тусмаа оюутан байсан ч тэд намайг тэнд ганцаардах мэдрэмжийг огт төрүүлээгүй.