А.Билгүүн: Монголчууд олон улсын зах зээлээс өндөр ашиг олж байна

MIBG үнэт цаасны хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүнтэй ярилцлаа.

-Хайгуулын жуниор компаниудын ажил сайжирч гадны хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханш нь өсөөд эхэлсэн гэж сонслоо. Яг ямар компаниудын төсөл амжилттай хэрэгжиж байна вэ?

-“Эрдэнэ ресурс”-ын 15, 16 центтэй байсан хувьцаа сүүлийн зургаан сард 55 цент хүртлээ өсч, одоогийн байдлаар 33 цент дээр байна. Энэ компанийн хувьцаа он гарснаас хойш 100 хувийн өгөөжтэй байна. “Занаду майнс”-ын хувьцаа оны эхэнд 10 орчим цент байсан. Гэтэл өнөөдөр 21-25 орчим цент болж өссөн. “Кинкора коппер”-ын хувьцааны ханш өнгөрсөн хоёр, гуравхан хоногийн дотор нугарч өслөө. Уул уурхайн хайгуулын салбар сэргэх хандлагатай гэсэн хоёр, гурван сарын өмнөх прогноз амьдрал дээр батлагдаад эхэллээ л дээ. Олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө Монголын нэр хүндийг өргөж өгөх боломж олдлоо гэж ойлгож болно.

-Хувьцаа нь амжилттай өсч яваа компаниудын хэрэгжүүлж буй төслүүдийн явц ямархуу байна?

-“Занаду майнс” Оюу толгойтой ойрхон Хармагтай гэдэг төсөл хэрэгжүүлдэг. “Айвенхоу майнз” компани Монголд үйл ажиллагаа явуулж байхдаа энэ төслийг эзэмшиж байсан. Оюу толгойн дараа орох боломжийн төсөл гэж харж байсан юм. “Занаду майнс” үүнээс гадна алтны хайгуулын чиглэлд илүүтэй анхаарч эхэлсэн. Алт үнээ алдаагүй металлуудын нэг болж хувираад байгаа. “Эрдэнэ ресурс”-ын тухайд Баянхөндийн төслийг хэрэгжүүлж байна. Агуулга өндөртэй алтны төсөл. Сүүлийн үед 60, 70 метрийн урттай өрмийн зүсэлтүүдийн мэдээг авч байгаа. Нэг грамм тонноос гурав, дөрвөн грамм тонн хүртэл агуулга бүхий маш баян орд илэрч бий болох шатандаа явж байна. “Кинкора коппер”-ын хувьд “Хүрэл үнэг” төслийн хэрэгжүүлэгч. Хайгуулын ажил өмнө нь ч гайгүй явж байсан. Гэхдээ хөрөнгийн захын нөхцөл муудсантай холбоотойгоор компанийн хувьцаа унасан байсан юм. Монголд үйл ажиллагаа явуулж байсан хувийн хоёр компанийн Оюу толгойтой нэлээд ойрхон лицензтэй тусгай зөвшөөрлийг өөрийн болгож авснаар “Кинкора копер”-ын хувьцааны ханш сүүлийн долоо хоногт 100 хувь өсчихлөө. Товчхондоо гадаадын хөрөнгө оруулагчид Монголд хайгуулын чиглэлээр ажиллаж байгаа компаниудаас маш их хэмжээний ашиг хийгээд эхэллээ. Цаашид хэрэгжих хайгуулын төслүүдэд илүү эерэг үр дагавар авчирна. Хайгуулын дараагийн төслүүд олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарах, дотооддоо амжилттай хэрэгжээд явах суурь нь бүрдэж эхэллээ гэж харж байна.

-Хайгуулын компаниуд амжилттай ажиллаж эхэлсний гол шалтгаан нь юу юм бол, лиценз олгоод эхэлсэн зэрэг шууд бус утгаараа нөлөөлсөн зүйлс бий юу?

-Сая ярьдаг гурван компанийн нэг нь ч шинэ системээр лиценз аваагүй. Өмнө нь ажиллаж байсан компаниуд. Гол хүчин зүйл гэж яривал Монголын нэр хүнд олон улсын хөрөнгө оруулагчдын дунд сэргэж эхэлсэнтэй холбоотой.Хамгийн гол нь Оюу толгой хөдөллөө. “Хан ресурс”-ын мөнгийг Засгийн газар төлчихлөө. Ийм шалтгаанууд Монголын нэр хүндийг олон улсын хөрөнгийн зах зээл дээр өсгөж өгч байна.

-“Эрдэнэ ресурс”, “Занаду майнс”, “Кинкоро коппер”-оос өөр төсөл нь дажгүй явчихаар ямар компани байна?

-Ирээдүйтэй төслүүд бий. Нууцлалын гэрээтэй ажилладаг учраас тодорхой мэдээлэл өгөх боломж одоохондоо алга. Гянт болдын болон лити гээд минералын төслүүд амжилттай хэрэгжих магадлал өндөр байгаа. Литиум гээд утасны батарей хийхэд ашигладаг минерал бий. Лити минералын төслүүд олон улсын хөрөнгийн зах зээл дээр халуун байгаа сэдэв. Учир нь “Тесла”-гийн гүйцэтгэх захирал Элон Маск цахилгаан машин үйлдвэрлэнэ гээд төсөл хэрэгжүүлээд эхэлчихсэн. Төслийнх нь эдийн засгийн үр өгөөж ашигтай гэдэг нь батлагдаж байгаа. Олон улсын литигийн зах зээл дээр том өөрчлөлт авчирсан гол шалтгаан гэвэл энэ. Олон улсын литигийн зах зээлийг харахаар өнөөгийн байдлаар литиг утас, компьютерийн батарейнд ашиглаж байна. Гэтэл литигээр машины батарей хийгээд эхэлбэл яах нь тодорхой. Литигийн ойрын дунд хугацааны олон улсын зах зээл дээрх эрэлт өндөр болно гэсэн үг. Литигийн үнэ өсөөд эхлэхээр манайд хэрэгжих төслүүд амжилттай үргэлжлэх нь тов тодорхой зүйл.

-Манайд литигийн нөөц дажгүй хэмжээнд байна гэсэн үг үү?

– Манайд хэд хэдэн төсөл байна. Хайгуул хийгээд явж байгаа сайн компаниуд байгаа. Энэ компаниудын хувьд олон улсын хөрөнгийн зах зээлтэй харилцаж ажиллах өндөр сонирхол бий.

-Монголд литигээс өөр шинэ содон, үнэ хүрэхээр ямар баялаг байна?

-Олон янзын эрдэс бий. Гэхдээ манайханд нэг буруу хандлага байдаг. Монголд л ганцхан эрдэс байгаа юм шиг, бидэнгүй л бол дэлхий хэцүүдэх юм шиг хандлага тод анзаарагддаг. Гэтэл үнэн хэрэгтээ Монголд хэрэгжиж байгаа төмрийн хүдрийн төслүүд, бусад үндсэн металлын төслүүдийг олон улсын бусад төслүүдтэй харьцуулахад техникийн хувьд сайн биш. Агуулга бага, дэд бүтэц муу гэх мэт сул тал бий. Өрсөлдөх чадварын хувьд сайн гэж яривал литигийн төсөл байна. Гянтболдын төслийг онцолж болно. Гянтболд хамгийн өндөр температурт хайлдаг металл. Тэр үүднээсээ стратегийн ач холбогдолтой. Тэр утгаараа батлан хамгаалах салбарт хэрэглэдэг онцлогтой металл.

-Хувьцааны ханшид нөлөөлдөг гол зүйл бол мэдээж металлын үнэ. Зэсийн үнэ жаахан өсч байгаад буучихлаа. Ер нь ямархуу үргэлжлэх төлөв ажиглагдаж байна вэ?

-“BHP Billiton” компани саяхан зэсийн нийлүүлэлт ойрын гурван жилдээ эрэлтээ давна гэсэн прогноз гаргасан. Зэсийн үнэ энэ мэт таамгаас болж унаад байна л даа. Ер нь бол зэсийн үнэ тогтворжих хандлага руугаа орсон. Зэсийн үнэ унаад эхлэхээр агуулга багатай, өртөг өндөртэй компаниуд үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүйд хүрдэг. Тийм уурхайнууд үйл ажиллагаагаа зогсоогоод эхлэхээр олон улсын зэсийн зах зээлийн нийлүүлэлт буурдаг. Нийлүүлэлт нь буурангуут эрэлтээ хангахгүйд хүрдэг, ийм нөхцөл үүсмэгц үнэ нь буцаад өсдөг. Ийм цикл бий.

-Алт бол угаасаа үнэ цэнээ алдахгүй нь ойлгомжтой байх?

-Алтны үнэд нөлөөлдөг гол хүчин зүйл бол америк долларын тогтвортой байдал. Америк долларын үнийн савлагаа их байгаа тохиолдолд алтны үнэ харьцангуй өндөр байдаг. Олон улсын хөрөнгө оруулагчид америк долларын эрсдэлийг алт худалдан авч хаадаг юм. Америк доллар хямдхан болоод ирэнгүүт дэлхийд өөр орлох валют байхгүй учраас алт үнэд ордог. Тэгэхээр алтыг хэрэглээний металл гэхээс илүү хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж ойлгох хэрэгтэй.

-Хятад эдийн засгийн моделио өөрчилсөн нь байгалийн баялгийн үнэд сөргөөр нөлөөлж эхэлсэн гэсэн таамаг бий. Гэтэл сүүлийн үед хүнд үйлдвэрлэлдээ эргээд анхаарч эхэлсэн гэх мэдээлэл цацагдах боллоо. Мэдээж хүнд үйлдвэрлэлээ анхаарах нь манайд илүү ашигтай…?

-2015 оны сүүлээр Хятад улс эдийн засгийн моделио өөрчилнө, үйлдвэрлэлд тулгуурласан эдийн засгаас хэрэглээ, үйлчилгээ рүү хандсан эдийн засагт шилжинэ гээд бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь үнэн. Гэхдээ сүүлийн үед суларч байгаа эдийн засгийнхаа өсөлтийг сэргээхийн тулд тодорхой бодлогууд хэрэгжүүлээд эхэлчихлээ. Хүнд үйлдвэрлэлээ, барилгын салбараа сэргээх чиг рүү буцаад орж байна л даа. Сүүлийн хоёроос гурван сарын хугацаанд Хятадын Засгийн газар барилга, хүнд үйлдвэрийнхээ салбар руу илүү их хөрөнгө оруулалт хийж байна. Энэ нь төмрийн хүдрийн үнийг өсгөх гол хүчин зүйл болж байгаа. Хятадын бодлого боловсруулагчдын гаргаж байгаа үйлдэл болон Хятад улсын хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал олны анхааралд байна. Хятадын хөрөнгийн зах зээлд гэхэд л спекуляци явагдаж байна. Хар үгээр тайлбарлавал Хятадын Засгийн газар барилгын салбар руу хөрөнгө оруулна гэнгүүт төмрийн хүдрийн үнэ хөрөнгийн зах зээл дээр нь өсчихдөг. Бодит хэрэглээ үүсээгүй үед үнэ ингэж өсөхийг спекуляци гээд байгаа юм. Ийм хийсвэр савлагаануудыг Хятадын хөрөнгийн зах зээл үүсгээд байна.

-Газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр өсөөд эхэлчихлээ. Манайд шууд болон шууд бус утгаараа ямар нөлөө үзүүлэх бол?

-Олон улсын түвшинд нефть импортлогч, нефть экспортлогч орнууд гэсэн хоёр янзын эдийн засаг бий. Бид нефть импортлогч орон. Үнийн өсөлт бол бидэнд шууд үзүүлэх нөлөө. Дайвар нөлөө гэж яривал маш их. Монгол руу аль улсаас мөнгө орж ирдэг вэ гэдэг талаас нь харах хэрэгтэй. Мөнгө их орж ирдэг улсын эдийн засаг хэр байхаас Монгол руу урсах мөнгөний хэмжээ ямар байх нь шалтгаална. Канадаас Монгол руу маш их мөнгө орж ирдэг.

Тодруулж хэлбэл Канадын хөрөнгийн зах зээл дээр босгосон их хэмжээний мөнгө манайд орж ирдэг юм. Гэтэл Канадын хөрөнгийн зах зээлийн арваас хорин хувь нь газрын тосны үнээс шууд хамааралтай. Газрын тосны үнэ 30 болж буураад эргээд 50 ам.доллар болж байна. Энэ өсөлтийг дагаад Канадын хөрөнгийн зах зээлийн индекс өндөр үнэлгээтэй болчихдог. Нефтийн үнэ өсөхөөр Канадын Торонтогийн биржид бүртгэлтэй компаниудын ашиг өсдөг. Үүнийг дагаад “Кинкора коппер”, “Эрдэнэ ресурс”-д мөнгө босгох боломж нээгдэж байгаа юм. Тэгэхээр бензиний үнэ өсөх тийм аймаар зүйл биш. Түүнээс том өгөөж эдийн засагт ороод ирж байгаа гэдэг утгаараа газрын тосны үнэ өсөх нь сайн зүйл. Гэхдээ газрын тосны үнэ өсөхөөр газрын тос импортлогч орнууд, Япон, Солонгос гэх мэт газрын тосны хэрэглээ өндөр, үйлдвэрлэл хөгжсөн улсуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлдэг. Зардал нь өснө гэдэг утгаараа сөрөг нөлөө үзүүлнэ. Америкийн эдийн засагт бас сөргөөр нөлөөлнө.

-Газрын тосны үнэ өсөхөөр занарын идэвхгүй байгаа төслүүд сэргэх боломж нээгдэх үү, манайд хэрэгжиж байсан төслүүд амь орох болов уу гэдэг утгаар нь асууж байна л даа?

-Тийм боломж нээгдэнэ. Гэхдээ манайд хэрэгжиж байсан төслүүд эдийн засгийн гэхээс илүү улс төрийн шалтгаанаар зогссон учраас шууд сэргэнэ гэж хэлэхэд хэцүү. Эдийн засгийн шалтгаанаар зогссон, идэвхгүй болсон бол өөр л дөө.

-Уг нь хэрэгжих магадлалтай, эдийн засагт өгөөжөө өгөхөөр төслүүд дунд уран багтдаг…?

-Ураны хувьд Монголын эдийн засагтай их сонин сэжмээр холбогддог. Тодруулж хэлбэл, Ураны олон улсын зах зээлийн үнэ Монголын эдийн засагтай холбогддог. Өнөөгийн туулаад гарч байгаа эдийн засгийн хямрал яг үнэндээ Фукушимагийн атомын цахилгаан станцын осолтой холбоотой. Ослын дараахан олон улсын экспертүүд атомын цахилгаан станц худлаа юм байна, цөмийн эрчим хүчний хэрэг алга гэж яриад, бичээд эхлэнгүүт ураны үнэ унасан. Ураны үнэ унахад Канадын зах зээл тэр чигтээ дампуурчихсан. Учир нь Канадын хөрөнгийн биржийн томоохон хувь нь ураны олборлолт, хайгуултай холбоотой. Тэр утгаараа Монгол руу орж ирэх хөрөнгө хумигдаад явчихаж байгаа юм.

-Гадны хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж, мөнгөө өсгөх сонирхолтой хүмүүсийн тоо өсч байгаа гэл үү?

-Надтай хамтарч ажилладаг хүмүүс гадаадын хөрөнгийн зах зээлд маш их мөнгө хийж эхэлж байна. Тухайн улсад хоёр, гурван жилийн өмнө оруулсан хөрөнгө оруулалтаа гурав нугалаад авчихаж байна. Монголын тухайд бусад салбарт яагаад ч олдохооргүй байсан боломж. Ийм боломжийг харилцагчдадаа нээж өгсөндөө баяртай явдаг. Харилцагчдадаа аль болох олон улсын хөрөнгийн үнэт цаасны бүтээгдэхүүнүүд авч өгөх, тэр зүг рүү зуучлах чиглэлд илүү анхаарч байна. Монголд олсон мөнгөө дотооддоо хийгээд байх уу, гадагшаа гаргах уу гэдэг дээр анхаарах цаг болсон. Манай харилцагчид сүүлийн гурав, дөрвөн сарын хугацаанд Канадын санхүүгийн салбарын маш олон компанид хөрөнгө оруулсан. Тэндээс дажгүй ашиг хийгээд ажиллаж буй монголчууд олон байна. Олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаа хийх эрх бидэнд бий.

Өдрийн сонин

Санал болгох мэдээ

Т.Наранбат: Сонгогчид нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй

Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ сарын 1-ны өдрөөс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим …