Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай ярилцлаа
– Шүүхийн тухай хуулиар шүүхийн бүтэц, зохион байгуулалт хэрхэн яаж зохион байгуулагдахаар болсон бэ?
– Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гараад Давж заалдах шатны болон дүүргийн шүүхийг 2-3 аймаг, дүүргийн дунд байгуулсан нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн шийдвэр гарсан. Үүний дагуу УИХ “Шүүх байгуулах тухай хууль”-д өөрчлөлт оруулаад одоо 6 дугаар сарын 1-нээс мөрдөх гэж байна. Энэ хуулийн дагуу Монгол улсын хэмжээнд 15 шүүх буюу дүүргийн 8 шүүх, давж заалдах шатны 7 шүүх шинээр байгуулагдана гэсэн үг. Дагнасан байдлаа хадгалах үүднээс аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүх бол дотроо Эрүү, Иргэний хэргийн танхимтай, шүүгч нь мөн тусдаа байна. Харин Ерөнхий шүүгч нь танхим харгалзахгүйгээр шүүх хуралд орж байхаар зохицуулсан. Ингэснээр орон тоогоо нэмэхгүй, төсөвтөө багтаах боломж бүрдэнэ. Түүнээс гадна УИХ-аас Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулж, шүүгчдийг тодорхой хугацаанд томилолтоор ажиллуулах зохицуулалт бий болсон. Ийм байдлаар зарим шүүх 6 дугаар сарын 1-нээс шинэ бүтэц, зохион байгуулалтаараа явна. Энэ хүрээнд зарим шүүгчийг чөлөөлж томилох Ерөнхийлөгчийн зарлиг гарч, эдгээр шүүгчид шинэ бүтцээр ажиллаад эхэлнэ.
– Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэ төсөл УИХ-д явж байгаа юм байна. Энэ хуулиар ямар нэмэлт, өөрчлөлтүүд орох вэ?
– Хуулийн ийм төсөл байгаа гэж сонссон, манайхаас боловсруулж хүргүүлсэн хууль биш. Хууль зүйн яам, Монголын Хуульчдын Холбооны зүгээс зөвхөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль гэхгүй Шүүхийн захиргааны хуульд ч гэсэн өөрчлөлт оруулах санал гаргасан байх. УИХ-ын чуулган ингээд дуусаж байгаа учраас энэ хуулийн төсөл явахгүй биз. Ер нь Шүүхийн багц хууль батлагдаад 2013 оны 4 дүгээр сарын 15-аас эхэлсэн. Энэ багц хууль амьдралд хэр нийцэж байна, цаашдаа яаж сайжруулж, өөрчлөх вэ гэдгээр мониторинг хийгээд, саналаа багцлаад бэлдчихсэн байгаа. Намраас бид энэ төслөө Ерөнхийлөгчөөр өргөн бариулах бодолтой байгаа. Багц хууль муу хууль биш. Харамсалтай нь шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлыг хангахад чухал зарим зүйл заалтуудыг өнгөрсөн намрын чуулганаар 2016 оны төсөв батлах үеэр хүчингүй болгосон. Эдгээр заалтыг бид цаашдаа сэргээхээр ажиллаж байна.
– Өмнө нь “Шүүгчийн ёс зүй ба хариуцлага” сэдвээр хэлэлцүүлэг явагдсан. Хэлэлцүүлгийн үеэр хуульч, шүүгчид шүүхийн ёс зүй болон мэргэжлийн хоёрдмол харьяалалтай байна гэж яригдаж байсан. Энэ чиглэлээр өөрчлөлт орсон уу? Эсвэл нэгдсэн хуульчийн мэргэжлийн хариуцлага байгаад байгаа нь хэр зүй зохистой зүйл юм бэ?
– Хуульчдын Холбоон дээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой дүрмээ баталдаг. Тэрний дагуу мэргэжлийн хариуцлагын хороо гэж ажилладаг. Энд бүх хуульчид хамаардаг. Шүүхийн ёс зүйн хороо гээд дахиад тусдаа бие даасан байгууллага Ерөнхийлөгчөөс томилогддог. Ажлын алба нь Шүүхийн ерөнхий зөвлөл, ажлын албаны зөвлөлөөс дэмжлэг үзүүлээд явдаг. Ийм хоёр бүтэц байгаа. Практикаас харах юм бол шүүгчийн ёс зүйн гомдол өргөдлийг ихэвчлэн шүүгчийн ёс зүйн хороон дээр ярьж байна. Маш олон өргөдөл гомдол ирдэг. Миний ойлгож байгаагаар Хуульчдын Холбооны дэргэдэх мэргэжлийн хариуцлагын хороон дээр шүүгчтэй холбоотой гомдол ирдэг ч гэсэн ихэвчлэн хэлэлцэхээс татгалздаг. Эсвэл шүүхийн ёс зүйн хороо руу шилжүүлээд байгаа. Энд давхардал бол байна гэж харж байгаа. Цаашид хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд хоёрдмол байдлыг өөрчлөөд шүүхийн ёс зүйн хороо гээд ихэнх улс орны нэгдмэл шүүгчийн ёс зүйг шийддэг байгууллагад нь шилжүүлэх нь зүйтэй юм болов уу гэж бодож байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал, эдийн засгийн баталгааг хангахад нэлээд зүйл хийсэн. Улс төрчдийн зүгээс УИХ, Засгийн газар ч их дэмжсэн. Одоо харин шүүгчийн ёс зүй, хариуцлага дээр шүүгч, Хуульчдын Холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл гээд тал талаасаа анхаарах ёстой. Иргэд, олон нийтч ийм шаардлага, хүлээлттэй болжээ.
– Сүүлийн үед шинээр шүүгчид томилогдож байгаа. Шүүгчдэд зориулсан сургалтууд хэр явагдаж байна вэ?
– Энэ бол их чухал сэдэв. Шүүгчдийг сургана гэдэг маань өөрөө шүүгчийн мэдлэг чадвар, оюун санааны хараат бус байдлыг хангана. Нөгөө талаараа хуулийг яаж ойлгодог вэ тэр жишгийн дагуу манай шүүгчид хэрэг маргаанаа шийдэж байж бусад хуульчдынхаа хувьд ч гэсэн хэвийн ажиллах, эрх зүйн урьдчилсан төсөөлөгдөх нөхцөл байдлыг бий болгодог. Тиймээс бид шинэ шүүгчдийнхээ сургалтад онцгой анхаардаг. Шинэ шүүгчид томилогдсоныхоо дараа шинэ шүүгчдийнхээ сургалтыг явуулж байгаа. Түүнээс гадна тодорхой хуулийн хэрэглээ, шүүгчийн ур чадвар, мэргэжлийн хөгжил чиглэлийн сургалтууд гээд үндсэндээ 4 төрлийн сургалтыг явуулж байгаа. Сургалт өөрөө их өндөр технологи шаарддаг. Сэдвээ зөв сонгох, гарын авлагаа сайн бэлтгэх, сургагч багшаа сайн сургах ёстой. Энэ гурван зүйл дээр нэлээд анхаараад бид нар сайн хөтөлбөрүүдтэй болчихлоо. Сургагч багш нарыг бэлддэг өөрийн тогтолцоотой болж байна. Ихэнх сургалтыг заавал гарын авлагатай явуулдаг жишиг руу орж байна. Бусад зохион байгуулалтын хувьд гэвэл шүүхийн сургалтын төв гээд өнгөрсөн 7 хоногт нээсэн. Тэнд зөвхөн шүүгч гэхгүйгээр шүүхийн захиргааны ажилтнуудыг мэргэшсэн байдлаар сургадаг ийм нөхцөл бүрдүүлж байна. Тэгэхээр шүүхийн ажил гэдэг чинь зөвхөн шүүгчийх биш юм. Түүнийг дагасан тамгын газар, туслах, нарийн бичиг, мэдээлэл-технологийн ажилтан, мэдээлэл, лавлагаа гээд энэ бүгд цогцоороо байж шүүгчийн ажил явж байгаа. Энэ бүгдийг шүүгч өөрөө манлайлах ёстой. Хэрэг маргааныг анх хүлээж аваад шийдвэр гаргах хүртэл хэргийн хөдөлгөөний менежментээр хангагдаж байх ёстой. Иргэн, захиргааны хэрэг дээр шинэ програмтай болоод 2 жил болох гэж байна. Програмын тусламжтайгаар хэргийн оролцогчид өөрсдийнхөө мэдээллийг цаг тухайд нь аваад миний хэрэг маргаан аль шатанд явж байна, яаж явж байна, тайлбар, хүсэлт ирж үү гэдгийг мэдэх боломжтой. Цаашдаа зайнаас оролцох, зайнаас процессийг хянах, шүүх хуралдаан ч ийш тийшээ явахгүйгээр тодорхой суурин газраас, орон нутагт байгаа хүмүүс орон нутгаасаа, нийслэлийнх нь нийслэлээс ордог гээд мэдээллийн технологийг ашигласан тогтолцоо руу орж байна. Сургалтаасаа гадна бид шүүгч шийдвэр гаргахдаа судалгаан дээр үндэслэдэг, шүүхийн практикаа маш сайн судласан байх ёстой гэж үзэж байгаа. Жишээлбэл, газрын маргаан дээр ижил төстэй маргаан хэзээ хаана гарсан байна, яаж шийдэж байсан, өмнө нь өөрөө болон бусад шүүгчид яаж шийдэж байсан, бусад шүүгчид яаж шийдэж байсан, бусад аймаг, орон нутаг, давах, хяналтын шатны маргаанууд ямар байдлаар шийдэгдэж байна, хуулиа яаж ойлгож тайлбарлаж байна гээд бүх судалгааг шүүгч өөрөө авчихдаг, түүнийг туслах нь бэлдээд өгчихдөг, дээр нь шүүхийн хүрээлэнгээс лавлагаа мэдээллээр хангаж өгдөг болохыг зорьж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн хүрээлэнг байгуулсан. Гол ажил нь шүүхийн практик судлах, шүүгчийн хүсэлтээр судалгааны бүтээгдэхүүнээр хангахад чиглэнэ.
– Зарим хуульч, өмгөөлөгчдөөс шинэ шүүгчид харилцааны соёлгүй, дадлага туршлага муу байна гэсэн шүүмжлэл их яригддаг. Энэ тал дээр…
– Шүүгчийн сонгон шалгаруулалтын процедур нэлээд нарийвчилж гарсан. Ялангуяа би хоёр зүйлийг анхаарч хардаг юм. Нэгдүгээрт, тэр хүний өөрийнх нь суурь мэдлэг чадвар. Энэ бол хуульчийнхаа шалгалтыг өгөөд Хуульчдын Холбооны гишүүн болоод хангагддаг. Шүүхтэй холбоотой, илүү шүүн таслах ажиллагаа явуулах, шийдвэр гаргах тэр ур чадварыг шүүхийн мэргэшлийн хороо шалгах ёстой гэж боддог. Тэрнээс биш Хуульчдын Холбооноос шалгасан зүйлийг бид дахин дахин шалгаад байх шаардлага байхгүй. Хоёр дахь асуудал нь шүүгчээр ажиллах ёс зүй, зан төлөв энэ хүнд байна уу гэдэг асуудал байгаа юм. Үүнийг шалгана гэдэг маш хэцүү ажил л даа. Шалгадаг арга нь ч өөрөө их түвэгтэй, багагүй цаг хугацаа, ажиглалт, аргачлал хэрэгтэй болдог. Одоо хамт ажиллаж байсан, хамт сурч байсан, ажил хэргийн холбоотой байсан, найз нөхөд гэсэн хүмүүсээс асуулга маягаар тодруулдаг ажиллагаа хийж байгаа. Энэ нь бусад оронд түгээмэл хэрэглэгддэг, огт болохгүй арга биш. Хамгийн гол нь, зохих аргачлал, технологийн дагуу, нууцлалтайгаар, цаад хүн нь өөрийн санал бодлыг хараат бусаар зөв илэрхийлэх арга замыг сонгох ёстой. Одоохондоо бид энэ дээр алдаад байна. Цаашид ялангуяа зан төлөв, ёс зүйн асуудал дээр илүү анхаараад зөв хүнээ сонгодог тэр арга хэлбэр рүү орно гэж бодож байгаа. Үнэхээр тухайн хүний суурь боловсрол, хүмүүжил, хувь хүний өөрийн хандлага, төрөлхийн зан чанар, аливаа зүйлд ялгамжгүй тэгш ханддаг, шийдвэр гаргахдаа ухаалаг, ямар нэг нөлөөнөөс айхгүй эр зоригтой, харилцааны алдаа гаргадаггүй байх гэх мэт зан чанар их чухал. Шүүгч болсны дараа тодорхой хувийг сургаж болно. Гэхдээ шүүгч болохоос өмнө тэр бүгд төлөвшсөн байх ёстой. Тийм хүнийг шилж сонгоно гэдэг бол маш хэцүү ажил. Үүнд л Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүд цаашдаа илүү төвлөрөх байх даа.
– Шүүгчийн багц цагийн сургалтыг хэрхэн яаж, ямар хэлбэрээр явуулж байгаа вэ?
– Бид Монголын Хуульчдын Холбоотой хамтран ажилладаг. Шүүгчийн багц цагийн сургалтын хөтөлбөрийг Хуульчдын холбооны сургалтын хороогоор магадлан итгэмжлүүлдэг. Энэ жил сургалтын хорооны дарга Л.Мөнхсайхан доктортой уулзаад цаашид хамтарч ажиллах, ялангуяа шүүгчийн ёс зүйн сургалт хамтарч явуулж байя гэж тохирсон. Бусад тодорхой салбар эрх зүйн чиглэлийн сургалтуудыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ихэвчлэн бие даан явуулдаг.
– Өмгөөлөгч, прокурор гээд бусад хуульчдад зориулсан сургалт ер нь цаашид явуулах уу? Энэ тал дээр таны бодлыг сонсмоор байна.
– Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өмгөөлөгчдөд зориулсан сургалтын хөтөлбөртэй болъё гэж бодож байгаа. Нэгдүгээрт, мэдээллийн технологитой холбоотой. Хоёрдугаарт, шинээр шүүн таслах ажиллагаанд оролцох, шүүхэд ирэхдээ ямар нөхцөл, юун дээр анхаарах вэ гэдэг зүйлсийг бид бас хэлэх ёстой юм байна гэж төлөвлөсөн. Улсын дээд шүүх дээр шүүхэд төлөөлөх эрх буюу өмгөөллийн эрхээ бүртгүүлэх хүсэлтээ гаргаж байгаа хүмүүст эрхийг нь олгохоос өмнө бид ийм сургалтыг санал болгоод сургалтад суусных нь дараа эрхийг нь олговол зохистой байх. Энэ сургалтыг үнэ төлбөргүй явуулдаг болно. Гуравдугаарт, ер нь шүүн таслах ажиллагаа гэдэг бол прокурор, өмгөөлөгчгүйгээр явах ямар ч боломж байхгүй. Бид шүүхэд чиглэсэн шүүн таслах ажиллагаанаас илүүтэй хэргийн оролцогчдод хандсан, талууддаа түшиглэсэн, тэдний гаргаж байгаа үндэслэл, тавьж байгаа тайлбар, илэрхийлж буй итгэл үнэмшил дээр шүүх шийдвэрээ гаргадаг арга барилыг сургалтаар илүү дэмжих ёстой. Энэ бол мэдээж хэцүү. Одоо манайд тогтсон практик бол шүүгч илүүтэй өөртөө хандсан, өөрөө тухайн асуудлыг юу гэж ойлгож байна түүгээрээ явдаг. Гэтэл эрх зүйн өндөр хөгжилтэй улс орнууд мэтгэлцэх зарчмыг бүрэн утгаар нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймдээ ч талуудын мэтгэлцээнийг илүү дэмжиж, аль нь илүү үндэслэл гаргаж байна тэнд нь ач холбогдол өгдөг. Ингэснээр нэг талаараа шүүгчийн ачаалал буурч, шүүх хуралдаанд бэлдэх хугацаа нь багасана, мөн шүүх хуралдааныг зөв удирдан зохион байгуулж мэтгэлцээнийг зөв явуулж, тэр дундаас шийдвэрийн үндэслэлээ олж авна. Тиймээс хууль хэрэглээ, шүүхийн хэрэг маргаан шийдвэрлэх журмын асуудлаар өмгөөлөгч, прокурортой хамтран ажиллаж, хуулийг хэрэглэх нэгдсэн хандлага, аргачлал, ойлголтыг бий болгоход хуульчдын хамтарсан сургалт чиглэх болов уу? Би 2003-2008 онд өмгөөлөгч, прокурор, шүүгчийн сургалтыг хариуцан ажиллаж байсан. Прокурор, өмгөөлөгч, шүүгчийн хамтарсан цуврал сургалтыг хийж байв. Тэр үед үр дүнтэй байсан. Одоо энэ сургалтыг үргэлжлүүлэн хамтарч зохион байгуулъя гэж Прокурорын газар, Хуульчдын Холбоонд санал тавьж байгаа.
– Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Хуульчдын Холбоотой их хамтарч ажилладаг. Үүний нэг тод жишээ бол шүүхүүдийн байранд өмгөөлөгчдөд албан өрөө гаргаж өгсөн явдалд өмгөөлөгч нар их талархалтай хандаж байгаа. Энэ талаар…
– Өнгөрсөн намар бид Монголын Хуульчдын Холбооны ерөнхийлөгч асан Д.Батсүх, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэд ерөнхийлөгч Ж.Батзоригт нартай хамт бүх шүүхүүдээр орж танилцаад шүүхүүдэд зөвхөн прокурорууд гэхгүй өмгөөлөгчид ирээд ажиллах орчин байх ёстой гэдэг ойлголцолд хүрээд нэлээд олон дүүргүүдэд байр гаргахаар шийдсэн. Тэр шийдвэрээс хэрэгжээгүй байгаа нь Сүхбаатар дүүрэгт байрлаж байгаа иргэний хэргийн шүүх, захиргааны хэргийн шүүх байгаа. Түүнчлэн бид улсын хэмжээнд шүүх хуралдааны танхимын тооллого хийсэн, нийт 105 танхим байна. Энэ танхимууд шүүн таслах ажил хэвийн явагдах, мэтгэлцэх зарчим хэрэгжих боломжоор хангагдсан байх ёстой. Нийслэлийн шүүх дээр хуучин архивын байрыг чөлөөлөөд барууны стандартаар хэргийг шүүн таслах ажиллагаа явагдах нөхцөлийг хангасан танхимтай болох бөгөөд 6 дугаар сарын эхээр нээлтээ хийх байх. Тэр танхимд хэргийн гол мэтгэлцэх талууд болох өмгөөлөгч, прокурорууд тусдаа хаалгаар орно, тусдаа орон зайд ажиллана. Бусад иргэд, олон нийт бас тусдаа хаалгаар орж, чөлөөтэй ажиглана. Өмгөөлөгч, прокурорын ажиллах нөхцөлийг шүүх дээр хангах, шүүх хуралдааны танхимд ч гэсэн энэ нөхцөлийг бий болгох нь зүгээр тансаг нэг орчин бүрдүүлэх гээд байгаа зүйл биш. Энд бол мэтгэлцээн өрнөдөг, шударга ёсны халуун яриа үүсдэг, хууль, үйл баримтын талаар маргалддаг, түүнийг харж иргэдийн эрх зүйн боловсрол дээшилдэг тул ийм зүйл рүү л бид явж байгаа юм.
– Шүүхийн ил тод нээлттэй байдал гэж их ярих болсон. Тэгэхээр иргэд, олон нийтэд зориулж, шүүхүүд ер нь ямар өөрчлөлтүүд хийж байгаа вэ?
– Шүүх бол үйлчилгээний байгууллага. Тиймээс шүүхийн байрууд үйлчилгээний наад захын шаардлага хангадаг байх ёстой. Шүүхийг иргэдэд нээлттэй, ил тод болгох талаар нэлээд ахиц гарсан, та бүгд мэдэж байгаа, харин цаашид энэ амжилтыг баталгаажуулах, хэвшил болгох тал дээр анхаарна. Саяхан орон нутагт ажиллахад ихэнх шүүхүүдийн үүдний хэсгийг дундуур нь хаагаад айлын коридор шиг болгоод нөгөө зайн дээр нь манай шүүхийн захиргааны ажилтнууд суугаад мэдээлэл лавлагаа өгч байх жишээтэй. Үүнийг өөрчлөөд Шүүх нь олон нийтийн байгууллага учраас иргэд орж ирэхэд үүдний том хэсэгтэй, мэдээлэл лавлагааг чөлөөтэй авчих боломжтой, ариун цэврийн өрөө нь иргэдэд бас нээлттэй байх хэрэгцээг хангаж өгөхөөр ажиллаж байна. Бусад үйлчилгээний байгууллагууд үйлчлүүлэгчдэд ямар нөхцөлүүдийг санал болгож байна, тэр бүгдийг шүүх иргэд олон нийтэд мөн хангаж өгөхөөр ажиллаж байна.
– Сүүлийн асуултыг танд үлдээе. Өөр нэмж хэлэх зүйл байвал та энэ боломжийг ашиглаж болох юм.
– Монгол улсад эрх зүйт ёс хэвшсэн, шударга шүүхийн тогтолцоо бүрдсэн, хүний эрхийг хангах хууль зүйн баталгаатай болсон байхыг бид бүгдээрээ хүсэж байгаа. Үүнд шүүх, шүүхийн захиргааны байгууллагын үүрэг, оролцоо, манлайлал чухал. Саяхан Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн ерөнхийлөгчийн зарлигаар шинээр томилогдоод бүтэн боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлд Улсын дээд шүүхийн шүүхээс О.Зандраа, давж заалдах шатны шүүхээс Д.Эрдэнэчулуун, анхан шатны шүүхээс Н.Лүндэндорж, хууль зүйн сайдын санал болгосноор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Батсайхан нар орж, профессор Н.Лүндэндорж зөвлөлийн даргаар улиран томилогдоод байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого шүүхийн шинэтгэлийг цаашид үргэлжлүүлэх, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүгчдийнхээ мэдлэг, ур чадвар, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэхэд тууштай чиглэнэ гэж итгэж байна.
М.Эрдэнэчимэг
Эх сурвалж: “Өмгөөлөгч” сэтгүүл