Уул уурхайн нөхөн сэргээлт хэмээх “гурилдалт”

 Алдарт Д.Нацагдорж нэ­гэнтээ  “Уурхай баялгийн охь болсон олон уул да­ваа­нууд” хэмээн дуу алдан шү­лэг­лэсэн  алт, эрдэнэсийн өлгий  Монгол нутаг  өнөөдөр “Хүн, мал унаж үхсэн, хоосон гуу жалганууд,  эрдэс баялгийг нь ухаад ав­чихсан уурхайн хаягдал овоол­гууд”  газар сайгүй багшир­сан, хөөрхийлөлтэй нутаг болжээ.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч  П.Очирбатын санаачилсан “Алт” хөтөлбөр 20 жил  хэрэгжихдээ  би­дэнд багагүй өгөөжөө өгсөн нь үнэн. Гэхдээ онгон, даг­шин байгаль дэлхийгээ ухаж, онгичиж үзээгүй Монгол хүний сэт­гэхүйд хэзээ ч арилшгүй “хар нүх” үлдээснийг мартаж бо­лох­гүй. Өнгөрсөн 20 жил ёстой л алтыг нь аваад авдрыг нь сүйдлээд орхисон  уул, толгод, нуга хөндий Монголоор дүүрэн бий. Уг нь уул уурхайн үйл ажиллагааг нөхөн сэр­гээлттэй нь зэрэгцүүлэн явуулдаг нь дэлхий дахинд хэ­рэг­­жээд удаж байгаа прак­­тик.

Уурхайн хаалтын төлөвлөгөө батлуулаагүй бол үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрдөггүй хатуу хууль дэлхийн олон оронд үйл­­­чилдэг. Гэтэл “Алт” хө­төлбөр хэрэгжсэн өнгөрсөн 20 жилд монголчууд дэл­хийд үйлчилдэг энэ л хууль  дүрмийн яг эсрэгээр нь ажилласаар өнөөдөртэй зол­гоод байгаа. Үр дүнд нь  Тосон Заамар ундуй сундуй, цөлжиж пургисан  шороон Заамар болж,  тунгалаг уст Орхон гол улаан хоормогоор тасалдан тахиралдан урссан  гунигт түүх л үлдэж байна.  Монгол Улсад уул уурхайн нөхөн сэргээлт туйлын хан­галтгүй байгааг саяхан ма­най улсад ирж ажилласан олон улсын эрдэмтдийн баг газар дээр нь үзэж судалсны дараа  “үнэхээр хангалтгүй” гэ­сэн дүн тавиад буцсанаас харж болно. Энэ ажиллагааг удирдсан АНУ-ын Баруун эр­гийн судалгааны төвийн Уул уурхайн нөхөн сэргээлт, ураны асуудал хариуцсан захирал  Паул Робинсон “Оюу­толгой компани уул уурхайн нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгөө ер­дөө хоёрхон хуудсанд багтаа­жээ.

Энэ нь Рио тинто компани албаар нөхөн сэргээлтийн ажлаа гээгдүүлж байна гэсэн үг. Олборлолт дуусахад Мон­голд маш олон асуудал үүсгээд орхиод явна гэдэг хардлагыг надад төрүүлж байна” гэсэн нь монголд хэрэгжиж байгаа уурхайн нөхөн сэргээлтийн үнэн нүүр царайг илчилсэн бодит үнэлгээ мөн. АНУ-д л гэхэд уул уурхайн нөхөн сэр­гээлтийг олборлолт хийж дуусаад орвонгоор нь эргүүлсний дараа биш олбор­лолт хийхээс өмнө төлөвлөгөөг нь шалгаж, суурь судалгаа явуулсны үндсэн дээр нөхөн сэргээлт хийх хөрөнгийг тог­тоож, олборлолт явуулах ком­пани  барьцаа хөрөнгө буюу даатгал маягаар Засгийн га­зарт төлдөг аж.  Эцэст нь олбор­лолт явуулах лиценз олгодог ажээ. Монголчуудын хувьд төр засаг нь ч, уул уурхай эрх­лэгчид нь ч  энэ талаар одоо л дуулж, мэдэж  байгаа гэхэд хилсдэхгүй.

Олон жилийн дараа Оюу­толгой, Тавантолгойг хаах болоход санхүүжилтээ яаж бүр­дүүлэх вэ гэдгийг эртнээс бодолцохгүй бол бид дэлхийн томоохон компаниудын өөдөөс дуугарах үг, шаардах бичиггүй сууж мэдэх л юм. Ашигт малтмал олборлогчид гэхээр л нинжа нараар төсөөлж, нөхөн сэргээлтийг зөвхөн ухсан нүхээ булаад, дээр нь цэцэг но­гоо тарьснаар  хязгаарлаж  болохгүй гэдгийг уул уурхай өндөр хөгжсөн орнуудын жи­шээ харуулна.  Ирэх он жилүүдэд хэрхэн амьдрах зу­раг төөргөө уул уурхайд даат­гачихаад буй монголчууд одоо илүү том сэтгэх хэрэгтэй болж байна. Ашигт малтмалын ор­дыг тогтцынх нь хувьд гурав ангилдаг юм байна. Хүдрийн биетийн ашигтай давхарга нь газрын гадаргуутай параллель тогтоцтой байвал хэвтээ уналт­тай орд,  бага зэргийн на­луугаар газрын гүн рүү шургасан бол налуу уналттай, огцом бол босоо уналттай орд гэж ялгадаг байна. Уул уур­хайн ашиглалтын тех­но­логи, үйл явц, нөхөн сэргээлт эд­гээрээс хамаараад өөр өөр байдаг аж.

Монголчууд  2000-аад оны эхэн үе хүртэл үндсэндээ хэвтээ уналттай ордыг ашиг­лаж байжээ. Тодорхой хэм­жээний хөрсийг хуулаад, ашигт малтмалыг нь авч, эр­­гүү­лээд жилийн дараа түү­нийгээ булах боломжтой алт­ны шороон болон жоншны ор­дууд энэ ангилалд багтдаг байна. 1990 оны дунд үеэс манайд уул уурхайн үйл ажиллагаа эрчимжихэд тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд нь алтны шороон ордыг ашиглах  нь давамгайлж ирэв. Харамсалтай нь хэвтээ уналттай ордод тохирох нөхөн сэргээлтийн стандарт манайд бараг 2008 он хүртэл хэрэгжсэн байгаа юм.

Тиймээс олон нийтээсээ эхлээд хэвлэл мэдээллийн байгууллага, төр засгийн өндөрлөгүүд нь ч уул уурхайн ашигт малтмалыг ашиглаад, тэр дор нь нөхөн сэргээж болдог гэсэн өрөөсгөл ойлголттой явсаар ирж. Биднийг ийнхүү төөрч явахад эвдэрсэн газрын хэмжээ өссөөр, нөхөн сэргээлтийн хэмжээ буурсаар байжээ. Уг нь 2009 оны үед нийт эвдэрсэн газрын 60 орчим хувьд нь техникийн, 30 гаруй хувьд биологийн нөхөн сэргээлт хийдэг байсан бол одоо энэ тоо буурсан гэдгийг албаны эх сурвалж нотолж байгаа. Гэхдээ энэ нь сүүлийн жилүүдэд төмрийн хүдрийн, нүүрсний, барилгын материалын, зэс, молибдений том том ордууд их хэмжээний талбай хамран үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой гэнэ. Учир нь ашигт малтмалын тогтцын хувьд налуу, босоо уналттай энэ том ордуудад технологиосоо шалтгаалаад нө­хөн сэргээлт хийгдэхгүй байгаа ажээ.

 Тэгэхээр хэзээ нөөцөө ашиглаж дуусна, тэр болтол хүлээх хэрэгтэй гэ­сэн үг. 2012 оны жилийн эц­сийн байдлаар нийтдээ 6422 га газарт техникийн, 2928 га газарт биологийн нөхөн сэр­гээлт хийсэн гэх тоо баримт бий. Биологийн нөхөн сэргээлт хийхдээ хуулсан үржил шимт хөрсөө арчилж хамгаалах, тухайн орчин нөхцөлд зо­хиц­сон ургамлыг сонгохоос гадна туршилтын талбайд өнөөхөө тарьж үзэх гээд анхаарах зүйл маш их байдаг аж. Гэтэл манайхан техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх­дээ “Нүглийн нүдийг гу­рилаар хуурдаг” учраас хө­рөнгө хүч зарцуулан байж нөхөн сэргээсэн газар нь ганц бороонд хагарч, томоохон гуу жалга үүсгэдэг байна.

Олон жил ашиглах нөөцтэй то­­моохон ордыг ашигласны дараа шороогоор нь эргүүлж булах маягаар өмнөх бай­далд нь оруулж, нөхөн сэр­гээх боломжгүй гэдгийг мэр­гэ­жилтнүүд ярьсаар бай­­гаа ч өнөөдрийг хүртэл хэрэгж­сэнгүй. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдэд газар нутгийг нь нөхөн сэргээж, эргээд байсан хэвэнд нь оруулна гэж хоосон итгэл төрүүлэхийн оронд тэнд цоо шинэ бүтээн байгуулалт өрнөнө гэж итгүүлэх нь илүү хэрэгтэй баймаар. Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж буй эрхзүйн ихэнх баримт бичигт зааснаар  уул уурхайн компаниудаас “Эвдэрсэн газраа булж хэвгийжүүлээд, дээрээс нь ургамал ногоо тарь” гэсэн агуулгатай зүйл л шаарддаг. Гэтэл уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээс эхлээд Оюутолгой, Тавантолгой, Ухаахудаг, Нарийнсухайт, Цайрт, Цагаансуварга, Төмөр толгой, Төмөртэй гээд Монголын нүүр царай болсон томоохон ордуудаас гарсан их хэмжээний чулуулаг нь хөрсний овоолго буюу хиймэл байгууламж болдог. Харин тэндээс гарч байгаа хүдрийг боловсруулаад, бүтээгдэхүүн болгон гаргачихдаг учраас яаж ч булах гээд нүхээ дүүргэх боломжгүй.

 Зарим томоохон аж ахуйн нэгж гэхэд л жилд 8-10 гаруй сая шоо метр хөрс хуулдаг. Арван жилийн турш ийм их хэмжээний хөрс хуулж овоолчихоод, эргүүлээд тийм хэмжээний хөрс шороо хаа нэгтэйгээс олж булна гэдэг үлгэр. Тэгэхээр манайхны хэлээд, шаардаад байдаг нөхөн сэргээлтийг хийнэ гэвэл бөөн зарлага гарах тул тийм үр ашиггүй ажил хийх нэг ч компани олдохгүй. Харин үүний оронд үнэнтэй эвлэрч, дэлхий нийтийн жишгээр уурхайн овоолгыг нурахаас сэргийлж, хэдэн зуун метрийн гүн ухсан нүхэнд нь хүн, амьтан унаад  үхчихгүй байх аюулгүй орчныг нь бүрдүүлэх нь давын өмнө хийх ёстой ажил юм.

Германд гэхэд л нүүрсний том ордуудыг хаасны дараа амралт сувиллын газар байгуулан, ухсан нүхээ усаар дүүргэснээр усан аялал хөгжүүлж, загас үржүүлгийн газар ажиллуулдаг болсон байна. Уул уурхайн нөхөн сэргээлтийг чадамгай хийд­гээрээ алдартай БНСУ-д уур­­хайн  овоолгыг ашиглан цанын бааз бий болгож, казино байгуулчихсан байдаг. Тэр бүү хэл, нутгийн иргэд болоод тухайн уурхайд ажил­лаж байсан олон хүнийг сур­ган, тэрхүү газрууддаа ажил­луулдаг гэсэн. Манайх энэ чиглэл рүү хандсан хууль эрх­зүйн орчинг даруйхан  бий болгохгүй бол “Хөдөө тал минь хөндийлж ухсан хоосон нүхээр дүүрч, хөрсөн доор нь уурхайн машин механизмын сэг зэм, асгарсан тос, нефтийн хог шаар” л үлдэх болоод байна. Энэ чинь экологийн сүйрэл, гамшиг биш гэж үү.

images (1)

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …