АН-ыг бүүдийх цагт “Алтангадас” шиг гялалзах гэв үү

batzanda_03203

УИХ-ын сонгуулийн үр дүнгээс хойш шокноосоо арайхийн гарч ядаж буй АН-ын дарга болох хүсэл, мөрөөдөлтэй хүн олон байгаа бололтой. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан гээд нэрлэчихвэл хилсдэхгүй л болов уу.

Уг нь Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр тушаал гаргаж 17 гишүүнээс бүрдсэн намын шинэчлэлтэй холбоотой санал боловсруулах ажлын хэсэг байгуулаад удаагүй. Түүнчлэн энэ сарын 25-нд тус намын ҮЗХ-ны хурал болно. Үүгээр намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон намын даргын асуудал яригдах тухай “шивнээ” газар аваад байгаа. Энэ удаагийн хурал болох эсэх нь гишүүдээс илүү фракц хоорондын зөрчилдөөнөөс шалтгаална хэмээн зарим нь үзэж байгаа. Олон фракцитай гэж чичлүүлдэг АН-ынханы хувьд энэ удаа ойрын хүнээ даргаар томилуулах хүсэлт, шунал багагүй бий. Тиймдээ ч аль эртнээс намын даргад тэр, энийг хэмээн олон нийтэд чимээ өгч хэн нэгнийхээ нэрийг “өргөн мэдүүлсээр” байгаа.

Харин энэхүү үйл явцаас тэс хөндлөн шахам зөрж давхин, өөрийн бодол өөртөө зөв гэсэн аястай яваа хүн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан. Уг нь намын шинэчлэлтэй холбоотой санал боловсруулах ажлын хэсэг байгуулчихсан ажиллаж байгаа. Гэтэл мань эр аль эртнээс л “АН шүншиггүй бурхан шиг, сүнсгүй хүн шиг болсон, одоо өөрчлөх ёстой” гэдэг үгийг хэлсээр ирснийхээ дагуу “Ардчиллын төлөө-Үндэсний хэлэлцүүлэг” гээчийг зохион байгуулан орон нутаг болон дүүргийн АН-ын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийх болжээ.

Түүний олон нийтэд хүргэж буй санаа нь уг нь сайхан. Өдий 20 гаруй жилийн түүхтэй АН-ынхан анхны ардчилагчид байснаасаа тэс өөр болсон төдийгүй зарим гишүүн нь үзэл бодолдоо үнэнч байх байтугай түүнээс урваж, шарвачихсан тууж яваа. УИХ-ын гишүүн Ж.Батзандан үнэхээр АН-ыг анхны үзэл баримтлалаар нь зөв гольдиролд нь оруулах гэж байна уу гэвэл бас үгүй болов уу. Өөртөө жирийн гишүүд, дэмжигчдийн зүгээс оноо авахын тулд ажлаа эхлүүлж байна гэж хардахаар байгаа юм. Тэрбээр “Ардчиллын төлөө-Үндэсний хэлэлцүүлэг”-ээ Баянхонгор, Өвөрхангай аймгаас эхлүүлсэн. Баянхонгор бол Женко буюу УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын “өмчилсөн” тойрог. Тэгэхээр тэнд ажиллаж, амьдарч буй АН-ынханыг өөрийн болгох зорилго агуулаагүй гэвэл алдас болох биз. Нөгөөх нь Өвөрхангай аймаг. Мөн л саяхныг болтол АН-ын дарга, УИХ-ын дарга асан З.Энхболд нарын өмчилчихсөн байсан газар. Сүүлийнх нь өөрийн нь сонгогдсон Баянзүрх дүүрэг.

Мандан бадарч явахад нь манийгаа хаяж болохгүй шүү хэмээн наалдчихаад, ядраад ирэхийн цагт явуургүй үгээр дайрдаг хүн АН-д олон. Тэдний нэг нь эрхэм гишүүн өөрөө гэдгээ ч саяхны ярилцлагадаа зарлаад амжсан. Тэрбээр “АН таван фракцтай. Эрх мэдэл авахаараа фракц хоорондын зодоон өрнөдөг түүхтэй. 1996 онд ч ийм байсан. 2012-2016 онд ч ийм байлаа. Ер нь АН-ынхан бид ихэнхдээ өрсөлдөгчтэйгөө бус өөрийнхөнтэйгөө өрсөлддөг. Дотооддоо зодолддог. Нэг фракц нь нөгөө фракцаа ялахын тулд, нэг бүлэглэл нь нөгөөгөө дийлэхийн тулд АН хамаг хүчээ дотооддоо шавхаж дуусгадаг. Энэ бол бидний араншин, бас бидний өвчин. Энэ өвчнөө эмчлэхгүйгээр АН цаашид эрх барих боломжгүй. Төр босоо байдаг бол АН хэвтээ тогтолцоотой. Хэвтээ тогтолцоотой нам, босоо тогтолцоотой төрийг удирдах боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Гучин тусдаа нам, таван өөр фракцыг дураар нь тавьбал юунд хүргэдэгийг хангалттай харлаа.

Одоо өөрчлөх хэрэгтэй. Хагас босоо тогтолцоо руу АН шилжих ёстой… Дөрвөн жилийн өмнө дэлхийн эдийн засаг унаж, уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ доод цэгтээ очих нь,төсөвт цоорхой үүсэх нь маш тодорхой харагдаж байсан. Гэвч манай тухайн үеийн эрх баригчид, Засгийн газрын их мэдэгчид өсөлтийн үеийн эдийн засагтайгаа л зууралдаж, тоон үзүүлэлтийн хойноос л хөөцөлдсөн. Хямралаас урьдчилан сэргийлэх ямар ч бодлого гаргаагүй. Мөнгө санхүү, төсөв хөрөнгө оруулалтын бодлогоо ч эхнээс нь зангидаж чадаагүй. Татвар төлөгчдийн мөнгийг олон салаа замаар олон хэрэггүй зүйлд зарцуулсан даа хөөрхий” хэмээн түншээд авсан. Мөн “Одоо АН үндсээрээ өөрчлөгдөх хэрэгтэй.

Найман жил их хурлаа хийгээгүй. Сүүлийн тав, зургаан жил намын шат шатны байгууллагадаа салхи оруулаагүй АН ялзралынхаа дээд цэгт хүрсэн. Үндэсний зөвлөлдөх хорооны 200 хүн, тодруулж хэлэх юм бол хэдэн бизнес бүлэглэлийн төлөөлөл АН-ыг сүүлийн найман жил удирдлаа. З.Энхболд дарга энэ намыг өөрчлөх болов уу гэж бид их хүлээсэн. Санаа нь байсан ч сачий нь хүрээгүй. Үндэсний зөвлөлдөх хороогоо ч хуралдуулж чадаагүй, намын дүрэм журмаа ч өөрчилж чадсангүй. Энэ бол АН-ын ялагдлын нэг том шалтгаан.

Үүнээс болж АН нийгмийг шинэчлэгч, урагшаа чирэгч улс төрийн хүчин байж чадахаа больсон. Өөрсдийгөө шинэчилж, өөрчилж чадахгүй байгаа намд иргэд итгэхгүй байх нь аргагүй. Энэ удаагийн ялагдал бол АН-ын хувьд маш том ухаарал өгсөн ялагдал. АН өөрчлөгдөж чадвал урагшаа явна. Хуучнаараа үлдвэл сүйрэлд хүрнэ. Энэ бол маш ойлгомжтой харагдаж байгаа. АН-ын шинэчлэлийн төлөө миний бие хувь нэмрээ оруулна, нөхөдтэйгөө хамт зүтгэнэ. АН нам шиг, нам болвол Монгол төр, төр шиг төр болно гэдэгт би итгэдэг. Юун түрүүнд АН хуучирсан, хоцрогдсон дүрэм журмаа хүчингүй болгох хэрэгтэй. Орчин үеийн сонгодог улстөрийн намын дүрэм, журмыг боловсруулах, батлах шаардлагатай. Нам дотор чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, шинэчлэлийн салхи оруулж ирэх хэрэгтэй. Хуучин торхонд шинэ дарс эсгэдэггүй гэж үг бий. Ер нь намын хамгийн чухал зүйл бол үзэл санаа, үнэт зүйл юм.

Мөн дотоод хариуцлагын систем. Харамсалтай нь Ардчилсан нам үзэл санаа, үнэт зүйлээ гээгээд найман жил болж байна. АН-ыг үзэл санааны лидерүүд бус технократууд найман жил удирдлаа. Сүнсгүй хүн шиг, шүншиггүй бурхан шиг найман жил явлаа. АН-ын дарга хэн ч болсон бай хоёр жил тутам намын дээд байгууллагынхаа өмнө ажлаа тайлагнадаг, өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэх асуудлаар санал хураалгадаг байх ёстой. Найман жил хуралддаггүй, гишүүдээсээ зугтдаг намын дарга байж болохгүй. Тодорхой хэлбэл АН-ыг амьд организм болгож хувиргах ёстой. Түүнээс биш хэн нэгэн сайн хүн АН-ын дарга болчихоор АН сайн нам болно гэдэгт би итгэдэггүй. АН сайн дүрэмтэй болбол, АН сайн нам болно. Энэ олон фракциудын зөрчилдөөнийг тас цохисон шинэ дүрмийг бид гаргаж ирэхёстой. Үндэсний хэмжээний лидер тодруулдаг шинэ журамтай болох ёстой. Сүүлийн жилүүдэд АН-ыг үндэсний лидерүүд бус, фракцийн дарга нар л удирдсан” гэх зэргээр ярьжээ. Тухайн яриаг нь сонирхвол үнэний ортой мэт боловч өнгөрсөн хугацаанд тэр чухам намаа шинэлчлэхийн төлөө юу хийсэн бол гэдэг нь тун сонирхолтой.

Түүгээр ч зогсохгүй өөрийн гэсэн байр сууриа зузаатгахын тулд өдгөө нэгэнтээ шинэчлэх гольдиролдоо орж, ажлын хэсэг нь хүртэл байгуулагдчихсан үед өөрийгөө од болгох гэж бусдаасаа түрүүлж алхаж буй дүр эсгэж буй нь даанч харамсалтай гэхээс юу гэх вэ. Магадгүй тэр “алтангадас” болж, гялалзахын тулд ганцаараа тэмцээд үзэхэд гэмгүй гэж бодсон юм болов уу.

Уг нь улс төрийн нам гэдэг үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бөгөөд засгийн эрхийг авах эцсийн зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл, улс төрийн байгууллага гэдэгсэн. Гэтэл түүний хувьд анх О.Магнай найзтайгаа тэмцэж гарч ирж, өнөөгийн амжилтад хүрсэн шигээ дараагийн удаа мөн л ганцаараа намынхаа эсрэг “тэмцэж” байгаад намын даргад зүтгэх санаа агуулсан мэт харагдах боллоо. Ер нь сүүлийн үед парламентад суудалтай болсон бол нам, намын дарга бол хэн ч бус гэсэн үзэл зарим гишүүнд бий болсон нь “ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэдгийг л батлах гэсэн мэт болжээ. АН-ынхан ч гэсэн “тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ” гэдэг болно гээд арай ч хараад суухгүй гэдгээ мэдэж л байгаа байх даа.

Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …