А.Цогцэцэг:Мэргэжлийн засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой

13f240c7e29cadb97c53631e020797c3

-УИХ-ын чуулганаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Гэтэл МАН сонгогчдод амласан, олонхийн санал авч байсан мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын хөтөлбөрт бүрэн тусгасангүй гэсэн шүүмжлэлийг дагуулаад байна. Энэ талаар таны байр суурийг сонирхъё?

-Бид өнгөрсөн  долоо хоногийн сүүлчээр мөрийн хөтөлбөрөө УИХ-аар хэлэлцүүлээд авлаа. Гэхдээ мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлгийн явцад маш хүнд байсан. Манай Засгийн газар түрүүчийн Засгийн газраас ажлаа хүлээж аваад санхүү эдийн засгийнхаа авдрыг онгойлгоод үзсэн чинь юу ч байхгүй хоосноор барахгүй, их хэмжээний өртэй байсан нь дээрх бэрхшээлийг дагуулж байсан. Гэсэн ч, Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө хэлэлцүүлгийн явцад олон хувилбаруудыг гарган ирж, тохиролцоонд хүрч шийдвэрлэж чадсан. Иймд үе шаттайгаар мөрийн хөтөлбөрөө биелүүлнэ гэсэн үг.

Манай нам  олон жил төр барьсан туршлагатай. Төр барьж байсан түүхэн цаг үедээ ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлж, гадаад зах зээлийн өрийн дарамтыг арилгаж, төр улсаа төвхнүүлж байсан түүхтэй гэдгийг Монголын ард түмэн мартаагүй байх аа. Тийм ч учраас эдийн засгийн нөхцөл хүндрээд ирснийг ард түмэн мэдээд манай намд үнэмлэхүй ялалт өгсөн. Ер нь амьдрал, улс орны эдийн засаг хүндрээд ирэхэд ард түмэн “ардын намдаа” л итгэдэг. Иймд манай Засгийн газар цаг наргүй ажиллаж байгаа.

-Тэгвэл улс орны эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлаад, МАН сонгогчдод амлаж байсан олон амлалтынхаа заримаас нь, шийдвэрлэж болох боломжтой хувилбаруудыг сонгож оруулсан гэж ойлгож болох уу?

-Ер нь намын мөрийн хөтөлбөрийг бүгдийг нь оруулсан. Хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах үед илүү тодорхой болно. Мөрийн хөтөлбөрийг биелүүлэхэд төсвийн орлого бүрдүүлэлт их чухал. Орлого байхгүй байж, тэндээс зарлага гарна гэж үгүй, тэгэхээр орлогоо яаж бүрдүүлэх, зарлагаа яаж багасгаж, хянах вэ гэдэг дээр олон хувилбарууд явж байгаа. Үүнийг Засгийн газар, байнгын хороодууд, бүлгүүд хэлэлцэж байж, Их Хуралд танилцуулж эцэслэн шийддэг. Энэ олон газраас хянагдаж, санаа оноог нь тусгаж байж хөтөлбөр маань хэрэгжих боломжтой, амьд болно.

-МАН өнгөрсөн сонгуульд иргэдэд танилцуулж байсан тэр мөрийн хөтөлбөрүүдээ албан бичигтээ тусгаад явах ёстой юм биш үү. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаагүй зүйлийг дараа нь нэмээд явах боломжгүй шүү дээ?

-Бид Засгийн газрын бодлогын хүрээнд,  эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх үндсэн дөрвөн зорилтод бүх мөрийн хөтөлбөрөө багтаасан. Тухайлбал, аливаа өвчин эмгэгээс сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрс сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого төлөвлөлтөд урт болон дунд хугацааны хөтөлбөр боловсруулж, чанар хүртээмжийг дээшлүүлэх , эрүүл мэндийн салбарын  хүний нөөцийн хөгжлийг хангаж, нийгмийн хамгааллыг сайжруулах болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанартай уялдсан эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох юм. Өөрөөр хэлбэл, энэ дөрвөн зорилт дотор нийт 23 зүйл заалтыг оруулсан, эдгээр нь мөрийн хөтөлбөрийнхөө дагуу задарна. Тийм болохоор манай намын мөрийн хөтөлбөр бүгд орж байгаа гэсэн үг.

Намын мөрийн хөтөлбөрт орсон эрүүл  мэндийн асуудлуудыг яг тэр чигээр нь аваад тавихаар хэлэлцүүлгийн явцдаа шүүмжлэл дагуулах зүйл бас цөөнгүй гарсан. Жишээ нь, “Элэг бүтэн М онгол” хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд маш хүчтэй ярьж байгаа. Гэтэл үүнийг сөрөг хүчнийхэн “Элэг бүтэн Монгол”, дараа нь уушги бүтэн монгол гэх үү. Үүнийг юу гэж ойлгох вэ гэж асууж байгаа. Нэг талаас харахад, энэ бас л бодолцох зүйл. Иймд “Элэгний хатуурал, хорт хавдраас сэргийлэх “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж оруулсан бөгөөд энэ дотор С болон бусад вирүсийг устгах утга санаа орсон байгаа юм.

Намын мөрийн хөтөлбөрт “Эмч хүн жаргалын ээж” гэсэн нийгмийн хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд “Сувилагч хүн жаргалын эгч үү”, “Асрагч хүн жаргалын дүү юү” гэсэн шүүмжлэл дагуулаад байгаа юм. Иймд “Эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, боловсролыг тасралтгүй дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэх, ажлын дэмжлэгт орчныг сайжруулах нийгмийн хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж оруулсан. Үүнийг хараад зарим нь “Эмч хүн жаргалын ээж” гэсэн нийгмийн хамгааллын хөтөлбөр хэрэгжихээ больсон байна гэж харж байгаа юм. Тийм биш гэдгийг ойлгоосой гэж хүсч байна.

Ер нь эрүүл мэндийн сайд хүн энэ салбарт ажиллаж буй 47500 гаруй эмч ажилчдын нэг гэр бүлийн гишүүн нь шүү дээ. Энд тэд нарынхаа нийгмийн хамгааллыг сайжруулж, тэднийхээ хүнд ажлыг амжилттай явуулах нөхцлийг бүрдүүлэх ёстой гэж боддог. Тийм учраас сүүлийн нэг жишээ хэлэхэд, эрүүл мэндийн ажилчдын 36 хүртэлх сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг хэвээр үлдээхээр болсон.

-Намын мөрийн хөтөлбөрт цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх, цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орлого багатай иргэдийг дэмжих гэсэн заалтууд байсан. Гэтэл энэ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орж ирсэнгүй гэж байсан?

-Нийгмийн хамгааллын хүрээнд авч хэрэгжүүлэх арга  хэмжээнүүд Нийгмийн хамгаалал чиглэлийн мөрийн хөтөлбөрт бүгд тусгагдсан. Төр барих бодлого гэдэг маш их туршлагатай хүмүүсийн оюун бодол, үйл явц дээр  тулгуурлаж явдаг зүйл гэдгийг өнөөдрийн нөхцөл байдал харуулж байгаа юм. Түүнээс өөрөөр, эх орон, ард түмнээ туйлдуулчихъя, хоол хүнс, цалин хөлсгүй болгочихъё, долларын ханшийг өсгөчихъё гэх бодол аль ч Засгийн газарт байхгүй.

  Бид харанхуй нүхэнд уначихаад дээшээ гарах гэж мацаж явснаас эдийн засгийн бодлоготой, тодорхой төлөвлөгөөтэй, баримт нотолгоонд суурилсан, мэргэжлийн хүмүүс, эрдэмтдийнхээ дуу хоолойг нэгтгээд явбал улс орон дэвжин дээшилж, ая тухтай амьдрах нөхцөл боломж бүрдэнэ гэж бодож байна.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг харахад ирэх дөрвөн жилд бүсээ чангалах бодлого явагдах нь гэж харагдаад байгаа. Татвар нэмнэ, халамжийг бууруулна гээд иргэдийнхээ халаас руу өнгийж, олсон хэдээр нь эдийн засгаа тордох гээд байгаа тааруухан гарц, гаргалгааг сэдээд байх шиг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Бид бүсээ чангалахаас өөр арга байхгүй. Бүсээ чангална гэдэг нь бүх халамжаа устгана гэсэн үг биш, харин үрэлгэн зардлаа л хянана гэсэн үг гэж би хувьдаа ойлгож байгаа. Хуучин Засгийн газар шиг хэд хэдэн данстай, үрэлгэн байж болохгүй. Концепцийн гэрээ, гадны улс орноос орж ирж байгаа хөнгөлөлттэй зээл гээд энэ бүхэн чинь бидэнд санхүүгийн дарамт үүсгээд байгаа юм. Энэ дундаас бид өөрт хэрэгтэйгээ л авъя. Бүх  зүйлийг авна гэж зүтгээд, Засгийн газраа өрөнд оруулж болохгүй. Концепцийн гэрээ, гаднаас орж ирж байгаа хөнгөлөлттэй зээлийг чинь Засгийн газар эргүүлэн төлөвлөгөөтэй төлдөг учир өр үүсгэдэг.

Зээлсэн мөнгөнийхөө хүүг төлж чадахгүйд хүрвэл улс  орон дампуурна биз дээ. Монгол хүн бүр эх орон, газар шороондоо хайртай. Эх орны чинь газар нутгийн талыг нь таллаад авах тийм нөхцөл байдал бүрдвэл бид яах вэ.  Олон орны гашуун туршлага байгаа шүү дээ. Тиймээс монгол хүн бүр аливаад нухацтай хүлээцтэй хандаасай гэж хүсч байна. Жишээ нь, би ажлаа хүлээж аваад эрүүл мэндийн салбарт баригдаж дуусаагүй барилгуудаа баръя, гэхдээ концепцийн гэрээ, хөнгөлөлттэй зээлээс татгалзъя, зөвхөн буцалтгүй тусламж авъя, байгаа байр байшингийнхаа ашиглалтыг сайжруулъя гэсэн бодлогыг барьж байна. Зарим дүүргийн эмнэлгүүд дээр газар дээр нь очиж төсвөөс мөнгө зарлагдахгүйгээр дотоодод нь зарим асуудлуудыг нь шийдээд явж байгаа. Энэ зөв шийдлүүд нь улс эх оронд минь, Монголын ард түмэнд минь хэрэгтэй.

-Ярилцлагынхаа төгсгөлд, эрүүл мэндийн салбар луу өнгийсөн хэдэн асуулт асууя. Та сайдын  ажлыг хүлээж аваад сар гаруй болж байна. Ажлаа юунаас эхлэв. Эрүүл мэндийн салбар бас л чих халууцуулдаг салбар. Шийдэгдээгүй олон асуудал таныг хүлээж байгаа.Салбараа сайн мэдэх хүний хувьд ямар асуудалд анхаарч ажиллаж байна вэ?

-Эрүүл мэндийн салбар бол том айл л даа. Манай салбараас үйлчилгээ аваагүй нэг ч иргэн байхгүй тул мэдээж шийдвэрлэх олон асуудал байгаа. Салбараа сайн мэдэх хүний хувьд бага хугацаа өнгөрсөн ч олон ажлуудыг  амжуулаад авлаа.  Тухайлбал, Эрүүл мэндийн салбарынхаа мөрийн хөтөлбөрийг хэлэлцүүлж, төсвийн тодотголоо бууралтгүйгээр батлуулаад авлаа.

Улсын хэмжээнд бодлогын чанартай найман зүйл заалттай албан даалгавруудыг өгч, ялангуяа эх ба нярайн эндэгдэл гаргахгүй байх, ёс зүйн харьцаа хандлагыг сайжруулах, эмч мэргэжилтний мэргэжил боловсролыг дээшлүүлэх, чирэгдлийг багасгах, тав тухтай орчныг бий болгох зэрэг ажилд анхаарч байна. Кувейтийн сангийн санхүүжилтээр олон жил зогссон Түлэнхийн үндэсний төвийг иж бүрнээр нь барьж 2017 онд ашиглалтад оруулах санхүүжилтийг нь шийвэрлэсэн.  Мөн нийслэл хотын өрхийн эмч нарт яаралтай тусламж үзүүлэх чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад 258 өрхийн эмч, сувилагч нарыг хамруулж, туслах сувилагчийн гурван сарын курсэд 100 хүн суралцаж байна.

-Хөдөө орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, иргэдийн явдал чирэгдлийг багасгах талаар ямар ажил хийв?

-Алслагдсан орон нутгаас өвчтөнийг цаг алдалгүй тээвэрлэх яаралтай тусламжид нисдэг тэрэг явуулахаар Зам тээвэр, хөгжлийн яамтай харилцан тохиролцон Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын Төв, II эмнэлэг, Түлэнхийн төв дээр буух талбайг судалж зураг төсвийг нь хийж эхлээд байна. Мөн алслагдсан орон нутаг, дүүрэг, өрхийн эмнэлгээс төв рүүгээ тухайн орон нутагт хийгдэхгүй зарим нэгэн шинжилгээг хийх үйлчлүүлэгчдэд чирэгдэл учруулахгүй шинжилгээний сорьцыг зөөж тээвэрлэх сүлжээ бий болгож эхлээд байна. Ингэснээр орон нутгийн иргэд хот явж нарийн шинжилгээнд орж оношоо тодруул гэсэн чирэгдэл арилна. Шинжилгээний хариуг онлайнаар орон нутаг руу илгээж, телемедицинээр профессоруудын зөвлөх баг зөвлөгөө өгөх боломжтой болно. Энэ нь орон нутгаас ирдэг чирэгдлийг эрс багасгах боломжтой. Түүнчлэн алслагдсан аймаг, дүүргүүд, өрхийн эмнэлгүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж олон асуудлыг шуурхай шийдвэрлэх арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

-Төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбараас нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр явуулах үйл ажиллагааны төсөв нэлээд хумигддаг.Үүнээс болж зарим ажил цаасан дээрээ хэрэгжээд явдаг. Салбарынхан үүнд нэлээд санаа зовдог. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэг хамгийн нэгдүгээрт явж байх ёстой ажил. Гэтэл өнөөдөр манайд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн ердөө зургаан хувийг л эзэлж байна. Ийм бага санжүүжилттэй бид нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулна гээд явах үнэхээр хэцүү. Гэхдээ нөгөө талаас нь авч үзэхэд, энэ талаар манайх чамгүй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Түүний үр дүн хаачив, тэр мөнгө юунд зарцуулагдаад байна вэ гэдгийг цэгцэлнэ гэж бодож байгаа. Мэдээж, үүнийг хийхэд хугацаа хэрэгтэй.

Улс орны хөгжлийг ДНБ-ий эзлэх хувиар хэмжих явдал байдаг.  Гэсэн ч чанартай тогтолцоогоор явах нь бас чухал. Жишээ нь, Сингапурт ДНБ 5.8 хувь, АНУ-д 17 хувийг эзэлдэг. Харин байр эзлүүлэхэд, Сингапур эхний тавдугаар байрт, АНУ 30-40-д жагсдаг.Үүнээс харахад, нөөцийн хуваарилалт, үр дүн, ач холбогдол чухал гэдэг нь харагдаж байна. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдал, санхүү хүнд байгаа энэ үед бид бүсээ чангалж байгаад энэ олон төсөл хөтөлбөр, төрийн бус байгууллага, хувийн хэвшилтэйгээ хамтраад нийгмийн хариуцлагыг нь үүрүүлээд явахад асуудлыг амархан шийдвэрлэх гарцууд харагдаж байгаа юм.

Би Эрүүл мэндийн салбарт, Арьсны өвчин судлалын үндэсний төвийг  олон жил удирдаж явсан. Энэ эмнэлгийг цэргийн казармын байранд үйл ажиллагаа явуулж байхад хүлээн авч өнөөдөр олон улсын ISO 9001:2008, MNS 9001:2010 стандартыг нэвтрүүлж Монгол Улсын загвар эмнэлэг болгож чадсан. Улсаас нэг ч төгрөгийн төсөв нэмэлтээр аваагүй. Анх ажил авахдаа үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нэг объектийг хүлээж авч байсан бол харин одоо Аварга тосон дахь сувиллын барилгатай нийлсэн 28 объектийг хүлээлгэж өгсөн. Тэгэхээр надад бага гэж чамлахааргүй туршлага бий. Би  нэг л үгийг хамт олондоо хэлдэг байсан. “Хийе гэвэл арга нь олдоно. Хийхгүй гэвэл шалтаг олдоно” гэж. Энэ үг маань одоо эрүүл мэндийн салбарт хэрэгжээд явна.

-А.Цогцэцэг сайд томилогдсоныхоо дараа “Тушаал хүчингүй болгох тухай” тушаал гаргаж, өмнөх сайдынхаа ажлыг үгүйсгэлээ. Ганцхан тушаалаар 315 сая төгрөгийн үнийн дүн бүхий гурван гэрээний гүйцэтгэх эрхийг хүчингүй болгосон гэж яриад байгаа. Энэ ямар учиртай тушаал байсан бэ. Та тайлбар өгөх үү?

-Энэ нь яамдуудын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой. Жишээлбэл, эрүүл мэндийн сайд спортын зам тавих, спортын ордны засвар үйлчилгээний зардлыг гаргаж болохгүй биз дээ. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын  2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Яамдын зохион байгуулалт, бүтэц орон тооны хязгаар батлах тухай гуравдугаар тогтоолын дагуу авсан арга хэмжээ юм. Би энэ тогтоолыг л  хэрэгжүүлсэн. Яамдын бүтцийн өөрчлөлтөөр спорт нь боловсролын салбарт шилжсэн. Тиймээс тэр тушаалыг хүчингүй болгосон юм. Энэ асуудлаар хандаж байгаа хүмүүс Сангийн яам, БСШУСЯ-тай харилцах ёстой.

-Иргэд сонин хэвлэл, сошиал ертөнцөөс их мэдээлэл авдаг болсон. А.Цогцэцэг гэж хэн бэ, хаана хэдэн жил ажилласан, юу хийсэн хүн бэ гэдгийг эрүүл мэндийн салбарынхан сайн мэднэ. Харин иргэд сайн мэдэхгүй. Таныг АӨСҮТ-ийн даргаар ажиллаж байхад сайн мэдээлэл гарч байвч, саар мэдээлэл бас гарч байсан. Эмнэлгийн дарга нар хуурамч өвчтөний түүх бүрдүүлээд төсвөөс мөнгө идсэн гэсэн мэдээлэлд та нэр холбогдож явсан. Энэ асуудал яаж шийдэгдсэн бэ?

-Үнэн хэрэгтээ, эмнэлгийн дарга нар хуурамч өвчтөний түүх үүсгээд мөнгө идэх ямар ч боломж байдаггүй юм. Хүн эмчлүүллээ, эрүүл мэндийн даатгалын сан дээр очоод шалгагдана, тэндээсээ сангийн яамны төсөв бүрдүүлэлтэд ороод, урсгал зардалдаа зарцуулагдаад явдаг. Эмнэлгийн дарга нарын гар дээр бэлэн мөнгө хэзээ ч орж ирдэггүй.

Эрүүл мэндийн төсөв үндсэн гурван зүйлээс бүрддэг. Нэгдүгээрт улсын төсөв. Хоёрдугаарт, эрүүл мэндийн даатгал. Гуравдугаарт, үйл ажиллагааны орлогоос бүрддэг. Энэ гурван төсөв УИХ-аар батлагдаад, тойрсон дугуй циклээр явдаг. Тухайн үед намайг дарга байхад, сонины нийтлэлийн мөрөөр, ЭМЯ, НДЕГ, шүүх цагдаа, прокурор, АТГ гээд ирээгүй газар бараг байхгүй дээ.  Олон газраас ирж, шалгасан, зөрчил дутагдал илрээгүй. Тухайн үед С.Ламбаа сайдаар ажиллаж байсан бөгөөд энэ асуудлаар маш тодорхой мэдээлэл хийж байсан. Өвчтөний түүх нээхэд үүдний ресепшинээс эхлээд, хүлээн авахын эмч, сувилагч, лаборант, ахлах лаборант, хэвтэх тасгийн сувилагч, эмч гээд нийт 24 хүний гар дамжиж байж нээгддэг. Тэгэхээр өвчтөний түүхийг эмнэлгийн дарга ганцаараа дур мэдэн нээх ямар ч боломжгүй.  Орны хүлээгдлээ дийлэхгүй байгаа улсын эмнэлгүүд хууль бус үйлдэл хийх ямар ч шаардлага байхгүй.

-Цаг, зав гарган ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Т.Наранбат: Сонгогчид нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй

Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ сарын 1-ны өдрөөс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим …