Д.Ариунжаргал:Хурдан морь ч 24 цаг тасралтгүй шогшихгүй дээ

ariunjargal-702x336

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч Д.Ариунжаргалыг “Аврагчийн хөрөг” буландаа урилаа.

Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотноо болсон Хэт холын зайны марафон гүйлтийн 42 км-ийн төрөлд түрүүлэн алтан медаль авчээ. Оролцсон тэмцээн, уралдаан бүрээсээ медаль шүүрдэг түүний амжилтын нууц нь бэлтгэл сургуулилтаа тасралтгүй, тууштай хийх гэнэ. Олон улсын хэмжээний мастер Д.Ариунжаргал аврагч, гал сөнөөгчийн хүндсэн ажлын хажуугаар албаныхаа залуучуудаас гадна аймгийн өсвөрийн шигшээ багийн тамирчдыг бэлтгэдэг аж.

  • 2016 оны Хэт холын марафон гүйлтийн УАШТ-ий 5X10 км-ийн төрөлд мөнгөн медаль, ОБА-ны баг тамирчид багаараа алтан медаль,

“Улаанбаатар марафон -2016” олон улсын тэмцээний хүрэл медаль,

Мастеруудын 2 дугаар наадмын кросс гүйлтийн 6 км-ын зайд алтан медаль,

12 ба 24 цагийн гүйлтийн УАШТ-ний алтан медаль, ОБА-ны баг тамирчид багаараа мөнгөн медаль,

2000 онд Малайз Улсад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль,

2011 онд мастеруудын ДАШТ-д 5 км-ийн спорт алхаагаар 4 дүгээр байр ,

2013 онд МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнд ОБА-ны баг тамирчид хоёрдугаар байрт шалгарч байсан гээд түүний амжилтын цуваа үргэлжлэнэ.

  • Хөнгөн атлетикийн тамирчин, аврагч хоёрын аль нь танаас хамгийн их тэсвэр тэвчээрийг шаарддаг вэ?
  • Бидний ажил минут, секундээр хэмжигддэг, хурд, ур чадвар шаардах хүнд алба. Дүрэлзэн асч байгаа гал руу ороод галаас хүн авраад тэврээд гараад ирнэ гэдэг сайхан. Асч байгаа улаан гал руу зүсээд орох эр зориг, тэсвэр хатуужил аврагч хүнд л байдаг байх. Тамирчин хүн ч адилгүй тэсвэр хатуужил, олон шалгуурыг туулж байж амжилтанд хүрдэг. Миний ажил ч тэр, хичээллэдэг спорт маань ч тэр аль, аль нь надаас тэсвэр тэвчээрээс гадна ухаан, энерги шаарддаг учраас ажилдаа ч, спортдоо ч амжилт гаргадаг юм болов уу.
  • Сайхан хариулт байна, оролцсон тэмцээн уралдаан болгоноосоо медаль хүртэж, спортын амжилт тогтвортой байдаг нь юуных вэ?
  • Бие бялдраа хөгжүүлж, бэлтгэл сургуулилтаа л тогтмол хийх. Няцаж болохгүй, тууштай хичээллэх чухал юм даа. Миний хувьд хөнгөн атлетикаар 20 гаруй жил хичээллэж байна. Ээлжнээс буугаад л бэлтгэлээ хийнэ. Дарга удирдлагууд, хамт олон маань надад үргэлж тусалж дэмжиж байдагт баярлаж явдаг. Миний хувьд энэ жил гурван алт, нэг мөнгө, хоёр мөнгөн медаль хүртсэн. Бэлтгэл сургуулилт сайн байгаа. Ирэх оны 03 дугаар сард Солонгос улсад болох Мастеруудын тэнхимийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан. Гэхдээ миний ажил чухал. Бэлтгэл сургуулилт хөөгөөд ажлаа орхигдуулаад яваад байж болохгүй.
  • Шавь хэр олонтой вэ?

Бий бий. Аймгийнхаа өсвөр үеийн шигшээ багийн тамирчдыг бэлтгэж байна. Шавь нар маань энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэнд их баярласан. Шавь нараас маань спортын мастер нэг, дэд мастер дөрөв, спортын зэрэгтэй 10 гаруй тамирчин төрсөн. Гэхдээ ажлын хажуугаар бэлтгэл сургуулилт хийх зав чөлөө нь олдохгүй юм даа. Миний өөрийн анхны багш хөнгөн атлетикийн спортын мастер, онцгой байдлын бэлтгэл ахмад П.Доржбал гэж хүн бий. Сүүлийн үед ч өөрөө өөрийгөө л дасгалжуулж байна даа. /инээв/ Албанаас маань хэд хэдэн залуучууд бий. Залуучууд маань ихэнх нь гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэнэ, хавар, зундаа бэлтгэл гараад явчихна. Шавь нараас маань хэт холын марафон гүйлтийн тэмцээнд онцгой байдлын ахлагч Мөнхчулуун 21 км-ийн 20-29 насны ангилалд оролцож 6 дугаар байр эзэлсэн. Зарим залуусыг харж байхад ч залхуу хойрго талдаа шүү. Залуучууддаа хэлдэг юм, залхуурах хэрэггүй, бие бялдраа чийрэгжүүлж, хөгжүүл, өөртөө цаг зав гаргаж бай гэж. Залуучуудын дунд таргалалт газар авч байна. Хөдөлгөөний дутагдлаас болж хүн амархан өвчилдөг. Албан  хаагчдаа хөдөлгөөний хомсдол, таргалалтаас урьдчилан сэргийлж эрүүл мэндийн хичээл, дасгал сургуулилт заах саналыг газрын дарга маань тавьсан байгаа, ударгүй ажил хэрэш болгоноо.

  • Бэлтгэлээ хаана хийдэг, гүйх зам талбайгаас эхлээд бэлтгэл хийхэд хүндрэлтэй зүйл байдаг уу?
  • Засмал зам дагуу гүйж, бэлтгэл сургуулилтаа хийдэг. Өглөө зургаан цагт босч тогтмол хоёроос гурван км гүйнэ. Үдээс хойш үндсэн бэлтгэлдээ орж 20-30 км гүйдэг. Зам дагуу гүйхэд төв газар бол хэцүү л дээ. Орон нутаг болохоор замын ачаалал харьцангуй бага. Спорт ойлгохгүй хүмүүстэй таарнаа таарна. Энэ нэг солиотой юм дандаа гүйж явдагийн гэж ярьдаг хүмүүс ч байдаг гэсэн. /инээв/ Оролцдог тэмцээн, уралдаанууд бүгд засмал зам дээр зохион байгуулагддаг. Өдөрт 20-30, долоо хоногтоо 120-130 км гүйнэ. Маш их ядардаг. Амин дэм хэрэглэхийг зөвлөдөг л юм, тэр болгон хэрэглээд байж чаддаггүй. Гадны тамирчдыг харж байхад витаминаар “бөмбөгдчихдөг” юм билээ.
  • Олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцоход тодорхой тооны мөнгөн урамшуулал авах уу ?
  • Үгүй. Мөнгөн шагнал авахгүй шүү дээ.
  • Олон улсад өөртэй чинь адил тамирчин аврагч таарч байв уу ?
  • Таарч байгаагүй ээ. Гадны тамирчдад өөрийгөө аврагч гээд танилцуулахаар их гайхна. Бахархаж байна л гэдэг юм. Монгол хүний, аврагч хүний, тамирчныхаа хувьд ч тэсвэр хатуужлаараа гадныхнаас ялгарах зүйл бий шүү. Аврагч хүний давуу тал юм даа.
  • Үнэхээр мэргэжилдээ дуртайнх юм даа. Тамирчны амжилтаа дагаад явчих бодол орж байв уу?
  • Юу гэж дээ. Миний багаасаа дурлаж, хүсч, мөрөөдөж байсан мэргэжил шүү дээ. Аав минь намайг бага байхад галд өртөж нас барсан юм. Түүнээс хойш яагаад ч юм бэ, гал сөнөөгч болно, хүний амь авардаг хүн болно л гэж боддог байсан. Би долдугаар ангийн сурагч байсан. Гал руу орж аавыгаа аварч чадаагүйдээ үргэлж харамсч явдаг юм.  Анх 1998 онд галын байгууллагад орж байлаа. Аврагч болох гол шалтгаан бол галд өртсөн аав минь юм даа.
  • Харамсалтай юм. Гэхдээ хүний амь авардаг аврагч болсныг аав тань хаа нэгтэйгээс харж л байгаа шүү дээ. Галаас хүний амь аварч байсан тохиолдол бишгүй бий биз?

Тийм байх аа. Хамт олонтойгоо олон л дуудлагаар ажилласан даа. Шивээ говь” ХК-ийн нүүрсний гал, мөн Шивээ говь сумын 3 дугаар сургуулийн гал, Баянтал сумын баамын барилгын гал гээд томоохон галын дуудлагуудад ажиллаж байсан. Энэ жил бид галаас 80 гарсан нэг өвгөнийг амьд авч гарсан юм. Уушигны өвчтэй байсан юм билээ, утаа залгиад, хөөрхий настай хүн учраас эмнэлэгт очоод нас барсан.

Миний хувьд хушуучин гал сөнөөгч. (асч байгаа гал руу хамгийн түрүүнд орж гал унтраах хошуугаар ус тавьдаг) нэгийн номерын ахлах гал сөнөөгч. Миний үндсэн үүрэг бол ажлын шугамыг дэлгэх, хушуутай ажиллах, барилгын хийц бүтээцийг задлах, хүн аврах ажлыг гүйцэтгэнэ. Салаан захирагчтайгаа хамт хайгуул хийх, галын голомтыг эрэн хайх, галын шалтгаан нөхцлийг тодруулж ажиллана. Бидний ажил хурд их шаарддаг. Иргэд дуудлагаа хугацаа хоцроож өгнө, замын түгжрэл, бөглүү гудамж зэргээс болж яваад очиход айл шатчихсан байх тохиолдол гардаг. 2002 онд цагаан сарын үеэр ээлжинд гарч таарсан. Манай тасаг галын дуудлагаар гарч, биднийг очиход гэр шатаж байсан. Гэр дотор хүүхэд байгаа гээд ортол ах нь дүүгээ доороо хийгээд орон доогуураа ороод шатчихсан байсан. Хүүхдээ алдсан эцэг, эх ямар байх вэ, Эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж бага насны хүүхэд галд өртөх, аливаа эрсдэлд өртөж байгааг хараад их харамсдаг.

  • Онцгой байдлын албаны хувьд орчин үеийн техник хэрэгслээр хангагдаж байна. Аврагчид маань харин техникээ эзэмших тал дээр ямар байна, хэр суралцаж байна ?
  • Та маш зөв асуулт асуулаа. Албаны техник хэрэгсэл сүүлийн жилүүдэд эрс шинэчлэгдэж байгаа. Манай гал унтраах ангид Розенбаур компаниас нийлүүлсэн гал унтраах автомашин, ОХУ-д үйлдвэрлэгдсэн Камаз маркийн автомашинууд хуваарлагдан очсон. Залуучууд маань их урам зоригтой болсон. Ард иргэд ч сайнаар хүлээн авч байна. Дээхнэ үед чинь бид оросын хуучны автомашинтай байлаа. Замдаа унтраад, “хамраа ухаад” зогсчихдог байлаа шүү дээ. Одоо бол албаны маань өнгө зүс эрс сайжирч байгаад аврагч хүний хувьд талархдаг шүү. Ангийн шинэ барилгатай болсон. Миний хувьд албаны орон сууцаар хангагдсан. Эхнэр маань ангид хамт ажилладаг. Энэ бол аврагч бидэнд маш том дэмжлэг.
  • Дарга, удирдлага, хамт олондоо их баярладаг даа. Алдаа гаргах эрх бидэнд байхгүй. Ажлаа л сайн хийх хэрэгтэй. Урьд нь ашиглаж байгаагүй, шинэ техниктэй харьцахад мэдэхгүй, чадахгүй зүйл гардаг нь үнэн. Техник хэрэгсэлтэйгээ харьцаж эзэмшиж сурах, өөрсдийгөө хөгжүүлж, илүү суралцах хэрэгтэй байна.
  • Тамирчин хүний хувьд оролцсон тэмцээн, авсан медаль бүр нь үнэ цэнэтэй байх нь мэдээж. Тэр дундаас хамгийн их тэсвэр тэвчээр зарцуулж байж хүртсэн ямар тэмцээний ямар медаль байдаг вэ?
  • Тамирчин гэлтгүй, аливаа хүнд өөрийн үнэ цэнэ хамгийн чухал гэж боддог. Миний хувьд өөрийгөө дотроо үнэлсэн тэмцээн бол энэ жил зохион байгуулагдсан 12 ба 24 цагийн марафон гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 35-49 насны ангилалд 1 дүгээр байр эзэлж алтан медаль авсан. 127 км байсныг 130 км гүйж Монгол Улсын рекордыг эвдсэн.
  • 24 цаг тасралтгүй гүйнэ гэсэн үг үү?
  • Тийм. Гэхдээ тамирчин өөрийнхөө амралт, алхалт, гүйлтийг тааруулна л даа. Мэдээж унд хоолоо тааруулна, цаанаас нь жимс, амин дэмээр хангадаг юм. Олон цаг гүйнэ гэдэг амаргүй. Хурдан морь ч 24 цаг тасралтгүй шогшихгүй шүү дээ. Ийм тэмцээнд хоёр дах удаагаа оролцсон. Мөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж их баярлаж байлаа.
  • Амаргүй л юм. Тамирчнаас асар их тэсвэр тэвчээр шаардах нь аргагүй юм байна. Таны энэ медалиуд гэрийн тань хойморт хүндтэй байр эзлэнэ биз?
  • Гэрийн хоймортоо зална. Эхнэр, хүүхдүүд маань л энэ хэдэн медалийг их нандигнана. Манайх гурван охинтой, бага охин маань хоёр эгчийгээ бодвол гүйх сонирхолтой.

Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан Д.Ариунжаргал 2013 онд Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан, Онцгой байдлын албаны баг, тамирчдаа төлөөлөн мэргэжлийн уралдаан, тэмцээнд тогтмол амжилттай оролцдог тэргүүний шилдэг албан хаагчдын нэг юм.

            Өөрийнх нь амжилтаас тодруулах гэхээр за даа хэрэг байна уу гээд цааргалах янзтай. Сэтгэлийн хөдлөл багатай, асуултанд нэг, хоёр үгээр хариулах нь аврагч хүнд байх л ёстой чанар шиг. Эр хүнд байх төрөлхийн ааг омог, бардам зангаа тэд дарж чаддаг. Хүний амь аварчихлаа, амжилт гаргачихлаа гээд тэд цээжээ дэлдээд, гайхуулаад явахгүй. Магадгүй хийдэг ажил, алба нь тэднийг ингэж хүмүүжүүлдэг, тэсвэр хатуужил суулгадгийнх биз ээ.

 Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Санал болгох мэдээ

Т.Наранбат: Сонгогчид нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй

Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ сарын 1-ны өдрөөс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим …