Хэн сайд, дарга болно тэр л зөв гэж бодсон санаснаа ямар нэгэн урт удаан хугацааны судалгаа, хөрсөн дээр буулгах цаг хугацаагүйгээр шийдэж орхидог болж. Шийднэ гэдэг нь гарын үсэг зурах. Тэрхүү гарын үсэгний хойно хэн ямар байр байдалтай хохирч, эсвэл онож байгааг эргэн харах ч үгүй. Ийм дураараа сайд даргатай салбарын нэг бол яахын аргагүй боловсролын салбар болоод байна.

Саяхан эцэг эхийн хурлаас дуулахнээ энэ намраас төгсөх ангийнхан буюу 9,10,11,12 ангийнхны дунд кредит цагийн системд шилжих юм гэнэ. Энэ нь оюутан болох бэлтгэл хангаж байгаа ухаантайн байх. Мөн үүнийгээ олон улсын жишигт нийцүүлж байна гэх байх. Үүнд нь сонгох хичээл, заавал сонгох хичээл, заавал үзэх хичээл гэж байх юм байхаа.
Мөн нэмэлтээр сонгох хичээлдээ сурагч дизайн урлаг гэж сонголоо гэж бодоё гэтэл манайд сургууль бүрт дизайн урлаг гэх багш байхгүй тул урлаг хөдөлмөрийн багш “орлож” орно гэх. Тэгвэл нэг мөсөн тоо, монгол хэл, геометр, нийгэм, газар зүйн хичээлийг нийлүүлчихэе л дээ.

Үнэндээ Зөв Монгол хүүхэд, эрүүл Монгол хүн, Цөм боловсролын хүрээнд маш олон ажлууд хийгдсэн ч хэний хүүхэд хэнд үр өгөөжтэй байв аа. Жил бүр сурах бичиг солих, олон улсын жишигт нийцүүлэх нэрээр “мөнгө унагаж” байгаа нь л хэн нэгэнд үр дүнтэй бодитой орлоготой ажил байх. Буруу Монгол хүн байж байсан мэтээр ярьж одоо өөрчлөгдсөн гэж хаана хаанаа хэлж байгаа ч ирээдүй болсон хүүхдүүдийн маань хүмүүжил улам эвдрээд, эцэг эхээ хүндлэхийг умартаад, мансууруулах бодисонд донтоод, сурлага гэдэг зүйл хол тасраад, төлбөртэй сургуулийн сурагчдын мэдлэгийн төвшин, захын хорооллын сургуулийн сурагчын мэдлэг нар асар их зөрүүтэй болж байна.

Харин цөм хөтөлбөр энэ тэр гэхийнхээ оронд хүүхэд бүр ижил програмаар суралцах ёстой гэгддэг соц нийгмийн тогтолцоог гаргаад ирээсэй. Хүүхэд дээр ажиллана гэхээсээ өмнө самбартайгаа ярьдаг багш нар дээрээ ажиллаасай. Хүүхдэд мэдээлэл мэдлэг өгөх чадваргүй, зүгээр л цаг нөгцөөсөн багш нарыгаа “авдаг цалинтай нь” хатуу яриад нэг үзээч. Сүүлийн хэдэн жил хүүхэд нэрээр маш их мөнгө унагасан шигээ одоо хүүхдийн ирээдүйд бодоосой. Их сургуулийн 1,2 курсээ төгсөж байж кредит цаг, сонгох хичээлийн мэдлэгтэй болдог оюутнуудын жишээнээс харахад энэ тийм ч цагаа олсон шийдвэр биш байгаа юм.
Харин үүний оронд хүүхдүүдтэй хийх өчнөөн ажил бидний өмнө нээлттэй байна. Жишээ нь: Хүүхдүүдэд том жижиг үйлдвэрүүдийг танилцуулдаг байя, улсын татвар хэрхэн бүрддэгийг ойлгуулдаг байя, онцын төлөө бус хүний төлөө гэсэн хүмүүжилтэй байя, хүн хүндлэх мэндэлх ёсыг эзэмшүүлдэг байя, онцгой байдал зарласан үед биеэ хэрхэн авч явах талаар мэдээлэлтэй байя, эрүүл мэндийнхээ төлөө өдөр тутам мөрдөх нэгдсэн хөтөлбөртэй байя, хүүхдийг хүн болгон хүмүүжүүлэх талаас нь олон улстай хамтран ажилладаг байя гэсэн талаас нь хармаар байна. Хүүхдийн ирээдүй хэн нэгний халаасанд “мөнгө хөрөнгө” болж орох ёсгүй.

Хүүхдийн төлөө газар, хүүхдийн эрхийг хамгаалах газрууд, боловсролын яам, хүүхдийн агентлагууд яг гарт баригдаж, нүдэнд үзэгдэж, сэтгэлд хүрэх юу ч хийхгүй байгаа нь нууц биш. Тиймээс одоогийн хүүхдийнхээ хүмүүжлийн тухай бодоод нэг үзээрэй. Таны хүүхэд 10 -хан жилийн дараа ээж, ааваасаа илүү интернэт орчинд дасаад, хэн нэгний өмнөөс хариуцлага хүлээж чадахгүйд хүрч, хэнийг ч юуг ч тоохгүй, хэт бие хүн болон төлөвшөөд эхлэхэд сэтгэцийн эмгэгт өртөмтгий болж, хатуу бэрхийг туулсан зориггүй, сэтгэлийн тэнхээгүй болон төлөвших нь. Боловсролын яам тэргүүтэй энэ олон хүүхдийн төлөө газрууд хүүхдийнхээ төлөө юу хийж чадаж байгаа вэ?
Б.Саран

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл