Монгол нүүрс ассоциацийн ерөнхийлөгч Т.Нарантай ярилцлаа.
-Монголчууд нүүрсээ хямдхан өгөөд байгаа юм биш, Австрали ч нүүрсээ уурхайн аман дээрээсээ хямдхан зардаг гэсэн тооцоог нэг эдийн засагч хийсэн байсан. Хэр бодитой тооцоо вэ?
-Нүүрсний үнэ богино хугацаанд асар их өссөн нь үнэн, манайх энэ өсөлтөөс ашиг хүртэж чадахгүй суугаа нь бас бодит үнэн. Нүүрсний үнэ шалдаа буусан байх үед хийсэн гэрээгээр үнээ тооцоод явж таарахгүй л дээ. Тэр үеэс хойш нүүрсний үнэ 2.5 дахин өсчихсөн. Таван толгойн коксжих нүүрс Бугат, цаашлаад Таншань хүрдэг. Тэнд нүүрс ямар үнэтэйг харахад л бүх зүйл тодорхой. Тээвэрлэлт баяжуулалт зэрэг үйл ажиллагааны зардлыг хасахад Таван толгойн нүүрсийг уурхайн аман дээрээс дор хаяж 50 ам.доллараар зарах ёстой гэсэн тооцоог эдийн засагчид аль хэдийнэ хийчихсэн. Сая таны хэлсэн тооцоог харсан, худалдан авагч талын зардлуудыг нэмсэн байна лээ. Зах зээлдээ очсон хойно гардаг зардлуудыг нэмэх үндэс уг нь бол байхгүй. Худалдан авагч тал авсан нүүрсээ агуулахад хадгалахад хэчнээн мөнгө зарах нь бидэнд хамаагүй. Мөн нүүрсний гарцыг доогуур тавьсан харагдсан. Нэг тонн түүхий нүүрсийг угаахаар баяжуулсан нүүрс гардаг. Тэр хувийг нь 80 гаруй гэсэн байсан. Гэтэл нүүрсний салбарынхан Таван толгойн коксжих нүүрсний гарцыг 94-95 хувь гээд тооцдог.
-Австралийн нүүрс ер нь хэчнээн ам.долларт хүрч өсөөд байна вэ?
-Австралийн нүүрс Хятадын боомтууд дээр 250 ам.доллар хүрч байна. Өмнө нь шалдаа унах үедээ 70 ам.доллар руу уруудаж байсан. “Эрдэнэс Таван толгой” одоо мөрдөж байгаа гэрээгээ тэр үед хийсэн юм.
-Нүүрсний үнэ цаашдаа тэгтлээ өсөхгүй байх гэх юм. Ер нь манай улсын нүүрсээ нийлүүлдэг хэсгийн ирэх жилүүдийн эрэлт хэр байгаа бол?
-Сая урд хөршид ажлаар яваад ирлээ. Хятадын коксжих нүүрсний гол нийлүүлэгч бол Австрали манайх хоёр. Австрали өндөр үнээр тултал ашиг олж чаддаг ч манайх чаддаггүй. Манай улсын нүүрсээ нийлүүлдэг Хятадын баруун талын нүүрсний эрэлт өсөх нь тодорхой байгаа. Хуучин уурхайнуудынх нь сайн чанарын нүүрсний нөөц барагдсан, төрөөс нь уурхайнуудынхаа ажиллах хоногийг багасгасан гэж ирээд яривал дотоодоосоо олборлодог хэмжээ нь эрс багасч байна. Тэгэхээр нүүрсний үнэ өсөх ирээдүй өндөр.
-Манай улсад нүүрс экспортолдог хэчнээн компани байдаг вэ?
-Нүүрс экспортолдог компаниуд олон. Гэхдээ экспортын нүүрсний 90-95 хувийг экспортолдог зургаан компани л бий. Таван толгойн орд дээр “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс”, орон нутгийн Таван толгой, Нарийн сухайтын орд дээр “МАК”, “Саусгоби сэндс”, “Өсөх зоос” гэсэн гурван компани байдаг.
-Таван толгойгоос гаргадаг нүүрсний 80 орчим хувийг “Эрдэнэс Таван толгой” экспортолж байна уу?
-Тэр багцааны хувийг гаргаж байгаа. “Эрдэнэс Таван толгой”-н экспортолдог нүүрс сүүлийн жилүүдэд жил бүр өсөлттэй гарч байна л даа. Бусад компанийн тухайд эзлэх хувь нь огцом багассан. Харамсалтай нь “Эрдэнэс Таван толгой”-н нүүрс экспортлох хэмжээ өсч байгаа ч олдог мөнгө нь өсдөггүй зовлон байна. Монголд орж ирдэг валютын хэмжээ өсөхгүй байна гэсэн үг. 2012 онд Монгол Улс нүүрсний экспортоос 2.4 тэрбум ам.доллар олж байсан. Хориод сая тонн нүүрс гаргаад олсон мөнгө. Гэтэл одоо бараг хорин сая тонныг гаргаж байна. Гэтэл 2015 онд 600 гаруй сая ам.доллар л орж ирсэн. Дөрөв дахин бага мөнгө олсон гэсэн үг. 2016 онд ч ялгаагүй, 800 орчим сая ам.доллар л олохоор байгаа. “Энержи ресурс”, “Эрдэнэс Таван толгой”, орон нутгийн “Таван толгой” гэсэн компаниуд гурван өөр улсын компани шиг уялдаагүй ажиллаж байна. “Эрдэнэс Таван толгой”-г ажиллаж эхлээгүй байхад нөгөө хоёр нь боломжийн үнээр нүүрсээ борлуулдаг байсан. Гэтэл одоо нүүрсээ дажгүй үнээр борлуулж чадахаа больсон. Хажууд нь олборлолт явуулдаг төрийн өмчтэй компани нүүрсээ маш хямдаар экспортлоод байхаар хэн ч өндөр үнээр нүүрс авахыг хүсэхгүй. “Эрдэнэс Таван толгой”-гоос л нүүрс худалдаж аваад байхаар экспортын ихэнх хувийг эзлэхээс аргагүй л дээ.
-Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээнэ, зөвхөн ашиг олох зорилгоор сорчлон ашиглахыг хориглоно гээд заачихсан. Таван толгойн зүүн Цанхийн хамгийн сайн давхаргын коксжих нүүрсийг сорчлон зарж, арай сул чанарын нүүрснүүдийг хаяж байна гэсэн шүүмжлэл бий. Тэгэхээр “Эрдэнэс Таван толгой” хууль зөрчиж байна гэсэн үг үү?
-“Эрдэнэс Таван толгой” таны сая хэлсэн заалтыг шууд зөрчиж байгаа. Бас өөр ч заалтыг зөрчиж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 27.1.4-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон экспортлох эрх бүхий хуулийн этгээд нь ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах” үүрэгтэй гэсэн заалт бий. Тэгэхээр Ашигт малтмалын хуулийн голлох хоёр заалтыг зөрчиж байна гэсэн үг. Зах зээлийн үнээс доогуур зарж байгааг сая хоёулаа ярилаа. Төрийн компани гэхээр давуу эрхтэй байж болохгүй л дээ. Авто замаар жишээлье. Шороон замаар нүүрс тээвэрлэж болохгүй гээд “Энержи ресурс”-ын уурхайг нь зогсоож байгаад засмал зам тавиулж байсан түүх бий. Гэтэл дараахан тавьсан замыг нь Засгийн газар авчихсан хэрнээ л хажуугаар нь 100 тоннын машинаар тээвэр хийж байх жишээтэй.
-Зам тээврийн сайд өнгөрсөн жил шороон замаар тээвэр хийхгүй гэсэн тушаал гаргасан санагдаж байна. Гэтэл “Эрдэнэс Таван толгой”-гоос засмал зам хүртэл арав гаруй км шороон замаар явсаар байгаа шүү?
-Ийм хандлага нүүрсний салбарт их тод анзаарагддаг. Жишээ яривал өчнөөн юм бий.
-Таван толгойд уг нь нүүрс угаах үйлдвэр бий. Угаагаад зарвал арай ахиу үнэтэй, бас дотооддоо нэмүү өртөг бүтээгээд зүгээр санагдах юм. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Сул тал бий ч эерэг тал нь их. Адаглаад л тээврийн зардал эрс багасна. Хэрэггүй шороо ачихаа болино гэсэн үг. Нүүрсийг угааж баяжуулахаар хэчнээн хүн ажилтай байх вэ, угаах үйлдвэрт хэчнээн компани ханган нийлүүлэлт хийх вэ гэдэг талаас нь харах хэрэгтэй. Энэ бүх зардал Монголд л шингэнэ. Одоо бол бид уурхайн аман дээрээс нүүрсээ хямдхан зарж орлого олж байгаа. Бусад бүх зардлаа алдаж байна. “Винсвэй”, “Шанхай” өөрсдөө угаах үйлдвэртэй. Өөрөөр хэлбэл, нүүрсний үнийн өсөлтөөс хүртэж болох бүх ашиг хилийн гадна гарчихаад байна л даа. Ашигт малтмалын хуульд олборлосон нүүрсийг тухайн улсад үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт зах зээлийн үнээр нийлүүлнэ гэсэн утгатай заалт бий. Төрийн компани нь хуулиа зөрчөөд байна л гэсэн үг. “Эрдэнэс Таван толгой” төрийн өмчтэй компани учраас ард түмний мөнгө яах нь хамаагүй байлаа гэж бодъё. Хажууд нь ажилладаг бусад компаниа татаж унагаж байгаа нь анхаарахаас аргагүй гол асуудал. Монголын нүүрсний экспортын зах зээлийг тэр чигт унагаж боломгүй байгаа юм.
-“Чалко”-той байгуулсан гэрээний нөхцөлийг эргэж харах талын ажлыг засгаас эхлүүлэх янз байна уу?
-Гэрээний нөхцөлөө сайжруулах талаар Засгийн газар анхаарч ажиллаж эхэлсэн гэж сонссон. Салбарын яамнаас нүүрсний салбарынхны санаа оноог сонсч байна. Гэрээний нөхцөлөө эргэж харахад “Чалко” нэг их дургүйцэхгүй байх. Авахаа зогсоолоо гэвэл “Чалко” хохирохгүй. Цаг хугацаа алдах хэрээр хүү өсөх эрсдэл бий. Зүүн Цанхийн нүүрсийг “Чалко”-гоос өөр газар нийлүүлэх боломжгүй. Ийм гунигтай ч гэмээр, инээдтэй ч гэмээр байдалд орчихоод байна. “Эрдэнэс Таван толгой” яг ийм болно гэдгийг бид олон жилийн өмнөөс сануулсан. “Эрдэнэс Таван толгой”-г 2011 онд олборлолтоо эхэлж байхад дэд захиралд нь “Нүүрсний үнэ унагаж, дотоод өрсөлдөөн үүсгэв ээ. Орон нутгийн Таван толгой, Энержи ресурс зах зээлийн үнээс нь нэг их доошлуулахгүйгээр нүүрсээ зараад эхэлсэн шүү” гэж сануулж байсан. Иймэрхүү сануулгуудыг тоосонгүй л дээ.
-“Таван толгой”-г ашигтай ажиллуулах ямар гарц байна?
-“Эрдэнэс Таван толгой” 100 хувь төрийн өмчтэй байж болно. Гэдээ менежмэнт нь хувийнх байх ёстой. Менежмэнтийн баг “Эрдэнэс Таван толгой”-г хэр өндөр үр ашигтай ажиллуулж байгаагаас хамаарч ашгаа авдаг болчихвол огт өөр дүр зураг харагдана. Засгийн газарт ч, тухайн компанид ч ашигтай хувилбар. Гадны том компаниудыг ажиглахаар зарчим нь ийм л байдаг.
-Төмөр зам дээр байр сууриа илэрхийлэх үү?
-Зам тээврийн сайдын ярьж байгаагаас харахад Хятадаас мөнгө зээлээд хятадуудаар төмөр зам бариулах юм шиг байна. Гэтэл өмнө нь хувийн компаниуд улсаас нэг ч төгрөг гаргахгүйгээр төмөр зам бариад тодорхой хугацааны дараа мөнгө төгрөг нэхэхгүйгээр төрд хүлээлгэж өгнө гэж байхад үгүй гэсэн. Таван толгойн тендерт шалгарсан консорциум “Чалко”-гийн өрийг авъя, экспортолсон нүүрсний 25-аас доошгүй хувийг гуравдагч зах зээлд гаргая, тодорхой хэмжээний долларыг урьдчилж өгье, 30 сая тонн нүүрс угаах үйлдвэр барья гэж амлахад үгүй л гэсэн. Эцсийн дүндээ Засгийн газар өчнөөн өртэй дээрээ нэмээд зээл авч төмөр зам тавина гэж яриад эхэллээ. Төмөр зам зардлаа нөхөж, Хятадаас зээлсэн мөнгөө төлнө гэдэг эргэлзээтэй. Төмөр замаар ачаагаа тээх нүүрсний компаниуд өндөр ашигтай ажиллаж байж өрөө төлж таарна. Байдал таагүй бол төмөр зам барьсан мөнгөө Хятадад өгөх цаг боллоо, татвараа нэмэхээс аргагүй нь гэж ярихаас өөр зам төрд үлдэхгүй. Ачаа нь компаниуд, иргэдийн нуруун дээр л ирнэ.
dnn.mn
Ц.Баасансүрэн