Хөгжлийн банкийг тойрсон асуудал дээр Н.Алтанхуяг АТГ-д байцаагдаж, Хөгжлийн түншүүдийн зөвлөгөөнтэй долоо хоног

Өнгөрч буй долоо хоногийн хувьд улстөрийн хүрээнд томоохон онцлох үйл явдал арвинтай долоо хоног болж өнгөрч байна. Тухайлбал, үндэсний хэмжээний гэх тодотголтой, Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж өнгөрөв. Энэ уулзалтад гадна, дотны нийлсэн 170 гаруй гишүүд оролцож, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийн байдал, цаашид ямар арга хэмжээ авах талаар болон мөн Монгол Улсын тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаа, Засгийн газрын хөгжлийн урт, дунд хугацааны бодлого, тэргүүлэх чиглэлийг танилцуулан хэлэлцүүлэг өрнүүллээ.

Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж томилгоо хийсэн бол УИХ-ын чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэв.

Түүнээс гадна олны анхаарлыг зүй ёсоор татсан нэг сэдэв бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг тойрсон баривчилгаа байв.

Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудыг зарлав

“Хөгжлийн банк”-ыг тойрсон дуулиан сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа. Тэгвэл тус банкнаас зээл авсан компанийн нэрс олон нийтэд ил болж, улс төрчид эхнээсээ үнэнээ өчиж эхлэв.
Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг Эдийн засгийн байнгын хороо болон Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцэх байсан ч АН-ын гишүүд завсарлага авсан байгаа юм. Учир нь тэд энэ банкнаас зээл авсан компаниудын 60 гаруй хувь нь МАН-ын гишүүдийн компани бий гэсэн мэдэгдлийг гаргаж, завсарлага авсан юм.

Харин энэ мэдэгдлийг МАН-ын гишүүд няцааж зарим нь Хөгжлийн банкны асуудлаар хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтээ ч гаргасан байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хуулийн байгууллагад хандсан бол Хууль зүйн сайд С.Бямбацогт “Хөгжлийн банкнаас зээл аваагүй” гэсэн мэдэгдлийг гаргасан байгаа юм. Ямартаа ч Хөгжлийн банкнаас ямар компаниуд зээл авсныг жагсаалтаар тодорхой гаргасан байв.

Н.Алтанхуяг байцаалт өглөө

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт АТГ-аас зарлан дуудах хуудас ирүүлсэний дагуу албан ёсоор очиж байцаалт өглөө. Түүнийг Хөгжлийн банкны удирдлагуудын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд хууль бусаар хөрөнгөжсөн, их хэмжээний мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт буруутган, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Харин хэрэгт холбогдуулан түүний төрсөн дүү Н.Наранцэцэг, эгчийнх нь төрсөн хүү Ц.Насанбат нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан юм. Тэгвэл байцаалт авсны дараа төрсөн дүүг нь суллажээ.

Н.Алтанхуягийнхныг тойруулан хорьж шалгаж байгаа нь улс төрийн шалтгаантай. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсноо олон нийтэд зарласан, улс төрийн байр сууриа хатуухан илэрхийлсэнтэй холбоотой гэж Н.Алтанхуягийн талынхан үзэж байгаа юм.

Хөгжлийн түншүүд зөвлөлдлөө

Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалт өнөөдөр амжилттай болж өнгөрлөө.

Өнөөдрийн уулзалтад Монгол Улсын хөгжлийн түнш 20 орны Элчин сайдууд болон удирдах албан тушаалтнууд, 19 олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчид, Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Засгийн газар болон Хөгжлийн түншүүд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх, ажил эрхлэлт, хувийн хэвшлийг дэмжих боломж ба тулгарч буй асуудлын талаар тодорхой хэлэлцэв. Мөн түүнчлэн хөгжлийн түншүүд хувийн хэвшлийг дэмжих үйл ажиллагааны талаар болон бизнесийн орчинд тулгарч буй асуудлуудын талаар нээлттэй ярилцсан юм.

Уулзалтаар Засгийн газрын хөгжлийн дунд, урт хугацааны бодлого, тэргүүлэх чиглэлээ танилцуулан, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хангах, хэрэгжүүлэх хүрээнд хөгжлийн түншүүд хэрхэн дэмжин хамтран ажиллах талаар санал солилцож, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах эдийн засгийг төрөлжүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих асуудлуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Зөвлөлдөх уулзалтын үр дүнд Засгийн газраас эдийн засгийг сэргээх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Засгийн газрын дунд болон урт хугацааны бодлогын хүрээнд хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллах салбар, чиглэл, хүрээг тодорхойлов. Хөгжлийн түншүүд Монгол Улсын Засгийн газрын бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг илэрхийлж Монгол Улсын Засгийн газар, хөгжлийн түншүүд хамтарсан мэдэгдэл гаргалаа.

“Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлыг томиллоо

Уулын баяжууулах “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ хуралдаж,  үйлдвэрийн шинэ удирдлагыг томилсон билээ. Тодруулбал, тус үйлдвэрийн захирлаар УИХ-ын гишүүн асан, Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэнг санал нэгтэйгээр томилжээ. Харин өнгөрсөн долоо хоногт түүнийг дэд сайдын албан тушаалаас нь чөлөөллөө.

“Эрдэнэт” үйлдвэрийн  51 хувийг төрөөс төлөөлөх ТУЗ-ийн гишүүнээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын зөвлөх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Сангийн яамны  газрын дарга Н.Доржсэмбэд нар ажиллаж байгаа бол “Монголын зэс” корпорацийн 49 хувийг төлөөлөлж ТУЗ-д Да.Ганболд, Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон, “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нар сонгогдон ажиллаж байгаа ажээ.

С.Зориг агсны хэрэгтэй танилцах хугацааг сунгалаа

Ардчилалын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсны хэргийг 18 жил шалгасны эцэст прокурорын байгууллагаас өнгөрсөн сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Улмаар хэргийг тус дүүргийн Ерөнхий шүүгч М.Алдарт хуваарилсан. Тодруулбал, прокуророос шилжин ирсэн хэргүүдийг тойрогт хуваарилдаг байна. Энэ дагуу С.Зориг агсны хэрэгт Ерөнхий шүүгч М.Алдар томилогдсон байдаг.

Хэргийг шүүхэд хуваарилж, шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэрэгтэйгээ танилцдаг байна. Хэрэгтэйгээ танилцаж дууссаны дараа хэргийг шүүх хурлын товыг гаргах уу, эсвэл прокурорын байгууллагад дахин хянуулах уу гэх асуудал яригддаг аж. Энэ дагуу Ерөнхий шүүгч М.Алдар хэрэгтэйгээ танилцаж байгаа аж. Хэрвээ энэ 15 хоногийн хугацаанд танилцаж амжаагүй бол хугацааг 30 хүртэл хоногоор сунгана. Танилцаж дуусаад прокурорт буцаах шаардлагагүй гэвэл шууд хурлын товыг гаргах аж.

Тэгвэл М.Алдар шүүгчийн хэрэгтэйгээ танилцах хугацаа өнгөрсөн сарын 28-нд дуусчээ. Гэвч М.Алдар шүүгч хэрэгтэйгээ бүрэн танилцаж дуусаагүй тул хэргийг дахин 15 хоногоор сунгасан байна. Ингэснээр С.Зориг агсны хэргийг хэрхэх нь тодорхой болох юм байна.

Топ тодроогүй “Гоёл” наадам

Хувцас загварын ертөнцийн тэргүүн дээд наадам болох “Гоёл 2017” уржигдар орой болж өндөрлөлөө. Энэ жил топ модель тодорсонгүй. Топын хэмжээнд хүрэх модельгүй байлаа гэсэн үг юм болов уу. Жил ирэх бүр чанар нь утга нь алдагдлаа гэх шүүмжлэл дагуулах болсон тул зохион байгуулагчид энэ өнжихөөр шийдсэн бололтой.

Харин фото модель шагналыг мисс Н.Ану, Гранпри шагналын эзнээр мисс Д.Долгион, фото миссээр мисс О.Ариунзул нар тодорчээ. Дэлхийн мисст эх орноо төлөөлөн оролцож байсан мисс Т.Батцэцэг ямар нэг шагнал хүртсэнгүй.

zaluu.com

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …