2011 оны хавар Сирид жагсагчид дөнгөж тэмцлээ эхэлж байхад Башар Асад мэдээллийн дайнаа хамт эхлүүлсэн билээ. Жагсагчдын эсрэг буудлагын зэвсэг хэрэглээгүй ээ хэмээн мэдэгдсээр байсан ч хүмүүс олноороо үхэж алагдсаар байв.
Тэгснээ террористуудын эсрэг тусгайнхан операц хэрэгжүүллээ гэж мэдээлдэг болсон. Тэр операцдаа танк, хуягт хэрэглэж байна хэмээн сөрөг хүчнийхэн мэдэгдэх болсны хариуд танк хуягт байлдуулснаа тас мэлзэж үгүйсгэн, “террористууд ба экстремистүүдийн эсрэг” гэх тодотголтой хязгаарлагдмал ажиллагаа явагдаж байна хэмээн Дамаскаас мэдээлсээр байв. Тэгсэн чинь нисдэг тэрэг, нисэх хүчин, кассетын бөмбөг, баллистик пуужин хэрэглэсэн ширүүн тулалдаан өрнөж байгаа тухай гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд уралдан мэдээлдэг боллоо. Сүүлдээ химийн зэвсэгтээ туллаа. Дамаск дахин эрс няцаалаа.
Ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг, кассетын бөмбөг, баллистик пуужин хэрэглэсэн Асадыг хатуу цээрлүүлэхийг өрнийнхөн НҮБ-д шаардаад эхэлмэгц Орос, Хятад хоёр террористуудын аюулыг сөхөж тавин асуудлыг тойруулав. Асадын хувьд химийн зэвсгээр дайтах шалтгаан байхгүй баймаар. Хэрэв тэгсэн анхны шинж тэмдэг илрээ л бол тэр жил курдуудын эсрэг зарин харваж олон мянган хүний амь хөнөөсөн Саддам Хусейнтай нэг тавилантан болох байв. Нөгөө нэг шалтгаан нь 2012 оны зун АНУ-ын Ерөнхийлөгчийн өгсөн хатуу сануулга юм. Байлдааны хордуулагч бодис хэрэглээ л бол “улаан шугам давсан” хэрэг болно, маш эвгүй юм болно шүү хэмээн Барак Обама өөрөө мэдэгдсэн билээ.
Гэтэл интернэтэд өнгөрөгч долоо хоногт гайхмаар аймаар кадрууд тавигджээ. Дамаскийн дүүрэг хотод, босогчдын мэдэлд байгаа газар химийн цэнэг бүхий бөмбөг дэлбэрчээ. 21-ний өглөө сирийн цэрэг тэр район руу их буугаар ширүүн галлан тэндээс босогчдыг хүч түрэн хөөж гаргахаар байлджээ. Сөрөг хүчнийхний хэлж байгаагаар тэгж ширүүн галлаж байхдаа химийн хор бүхий пуужин завсарт нь оруулаад буудчихсан, сирийн армийнхны мэдэгдэж байгаагаар ор үндэсгүй ээлжит гүтгэлэг болж таарав.
Ирбин, Дума, Муадхамия зэрэг хэд хэдэн районд энгийн иргэд, эмэгтэйчүүд хүүхдүүд химийн хоронд хорджээ. Үхсэн хүний тоо 1600-аас хол давжээ.
Химийн атак болох нь болж. Интернэт дэх видео бичлэг, ТВ-ийн мэдээнээс харахад гарцаагүй тийм зэвсэг хэрэглэжээ. Эмнэлгүүд өвчтөнөөр дүүрч, хүчил төрөгч дутагдсан хүмүүс орилолдон, ам хамартаа баг зүүсэн өвчтөн, эмч сувилагч сандралдсан, ухаангүй хэвтээ хүн, шарил бүхий дүрс тоймгүй.
Эмнэлэгийн ба цэргийн химийн мэргэжилтнүүд хордуулсан хорыг судалж амжаагүй, химийн зэвсэг мөн биш гэдэг дээрээ маргаж хэд хоногийг алдлаа.
Сирийн мэдээллийн сайд Имран Зуби гэдэг нөхрийн ярьснаар бол, интернэт видео бичлэг, ТВ-ээр үзүүлсэн нь зүгээр л зохиомж юм байна.
Тэрээр Ливаны нэг ТВ-д ярилцлага өгөхдөө, энэ бол аль эрт бэлтгээд тавьчихсан бичлэг, үүнийг тойруулж Сирийн эсрэг кампани өрнүүлэх гэж тэгж байгаа гэнэ. Химийн зэвсэгт өөрт нь буй гэдгийг Сирийн Засгийн газар нэгэнтээ хүлээн зөвшөөрсөн, харин түүнийгээ Сирийн дотоодод хэрэглэхгүй гэдгээ ч мэдэгдсэн.
Нөхцөл байдлыг хурцатгахын тулд сөрөг хүчнийхэн, эсвэл исламистууд өөрсдөө химийн зэвсэг хэрэглэсэн байх магадлалтай хэмээн Оросын тал үзэж байна. Өөрсдөөс нь нэг нь ч хэлмэгдээгүй байдаг нь бүр ч эргэлзээтэй. Хэрэв Сирийн арми түүнийг дайсныхаа эсрэг хэрэглэсэн бол нөгөө террористуудаас нь наанадаж хэд хэдээрээ үхмээрсэн. Босогчдын гарт химийн зэвсэг очих ямар ч боломж байхгүй хэмээн АНУ, Британи хоёр Оросын эсрэг мэтгэж байна.
2013 oны 3 дугаар сард Хан аль-Ассал хотод химийн хоронд 26 хүн хордож нас барсан хэрэг дэгдэж, мөн л Асадын цэрэг түүнийг хэрэглэсэн гэх ял зэм сонссон. НҮБ-ын химийн зэвсгийн шинжээчид очоод түүнийг нь нотолж чадаагүй. Сири рүү инвервэнц хийх аян шалтаг олж чадаагүй.
Түүн шиг юм энэ удаа болоод өнгөрч тун мэднэ. Энэ оны хаврынх бол Туркээс босогчдын олж ирсэн химийн зэвсэг байсан гэх өөр нотолгоо ч гараад ирсэн.
Энэ удаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл мөн л хоёр хуваагдав. АНУ, Британи, Франц НҮБ-ын шинжээч байцаагчдыг химийн хор хэрэглэсэн газарт биеэр очуулахыг шаардав. Орос, Хятад хоёр тийш нь шинжээч байцаагчдыг илгээх шаардлагагүй гэв. Сирийн Засгийн газар НҮБ-д гурван газрыг нэрлэж тийшээ очих зөвшөөрөл олгов.
Гэтэл тэнд нь хүмүүс үхэж үрэгдээгүй, ийм нэгэн ацан шалаа тулгараад байтал Пентагонд өөр нэг хувилбар яригдаад эхлэв ээ. Гэхдээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэр гарч байж Ерөнхийлөгч Обама шийдвэрээ гаргана гэдгийг бас бодолцжээ.
Сирид цохилт өгөх боломжийн хувилбаруудыг Америкийн цэргийнхэн боловсруулсан, энэ нь Дамаскийн эрх баригчид химийн зэвсэг хэрэглэсний цээрлүүлэлт болно хэмээн Wall Street Journal сонин АНУ-ын БХЯ-ны эх сурвалжаас эшлэн бичжээ. Эцсийн шийдвэр гарах аваас Сири дэх Засгийн газрын болон цэргийн объектуудад агаараас цохилт өгнө гэж үзээд тийм объектын жагсаалтыг шинэчилжээ.
Энэ нь Асадын дэглэмийг түлхэн унагах зорилгогүй, харин Асадыг шийтгэж байгаа хэрэг болох аж. Сүүлийн 20 жил үзэгдэж байгаагүй олон хүний аминд хүрсэн химийн атакийг түүний цэрэг үйлдсэн нь хөдлөшгүй нотлогдвол хариуд нь ийм агаарын дайралт хийхээс аргагүй гэнэ. “Дэглэмийн объект” гэх жагсаалтыг улам нарийвчлан авч үзжээ.
Төрийн албыг залгуулдаг, дайн явуулах ажиллагааг зохион байгуулдаг тийм объектуудад хүнд цохилт өгнө. Цаашлаад армийн дэд бүтэц, оперативын удирдлагын газар, тэргүүн шугамд буй их бууны батарей, их бууны тоотууд бүгд өртөх болно. Гэхдээ Сирийн тэнгэр рүү америк нисэгчтэй байлдааны онгоцуудыг илгээхгүй, зөвхөн далавчит пуужингаар л дайтаад байх бололтой юм. Цэрэг оролцуулахгүй гэдгээ ч Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч зарлачихсан. Ливид цэрэг оруулалгүй агаараас довтолсоор байгаад босогчдыг нь ялуулчихсан шиг хувилбар дахин яригдсан байх магадлалтай.
Сири рүү яаравчлан халдахгүй байхыг уриалан дуудах явдал өрнийнхнөөс бас цухалзаж байна. Дэглэм унавал дараа нь барж дийлэхгүй их эрсдэлийн өмнө өөрсдөө очно шүү гэх аясаар цэргийн зүтгэлтэн Ален Шуэ францын Atlantico сонинд ярилцлага өгснөөс эшлэе. Химийн атакийнх нь хариуд хүч хэрэглэн Асадыг цээрлүүлье хэмээн Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус уриалан дуудсаных нь хариу анхааруулга бололтой.
Нөхцөл байдлыг маш сайн судалж байж, тэр мэдээллийг маш сайн нягталж байж хандах хэрэгтэй юм байна. Учир нь тэнд жинхэнэ иргэний дайн болж байна. Гадаадын сайн дурын маш олон исламистууд байлдаж байна. Дайтагч талууд байлдааны зэрэгцээ мэдээллийн дайн явуулж байна.
Химийн зэвсэг мэтийн гэнэтийн эвгүй явдлыг аль алин нь шүүрэн авч нөгөө талдаа наана. Сөрөг хүчний мэдээлэл дэлхийд илүүтэй түгэж байгаа.
Тэдний мэдээлэлд шүүмжлэлтэй хандвал зохилтой. Химийн зэвсгийн талаархи мэдээллийг олзуурхах мөртлөө хөлсний исламистууд, орон нутгийн отрядуудын тоо томшгүй гэмт үйлдэл, яргаллын талаархи мэдээллийг системтэй дардаг, таг дуугүй өнгөрдөг байж боломгүй.
Башар Асад бол Сирийн мөсөн уулын (дарангуйлах дэглэмийг нь хэлэв -Зох) биет бэлгэ тэмдэг байж болно.
Гэвч Сири бол Тунис, Египеттэй адилгүй. Сирийн эрх баригчдын цаана 2 сая алавит зогсож байна. Шиитийн цөөнхийн цөөнхи алавитуудад бүр XIV зуунаас хойш салафитууд геноцидоор заналхийлж байгаа. Бусад цөөнхийн (исмаилит, друз, христиан, шиит гэх мэт) хувь заяа ч шиитийн нийгэмлэгтэйгээ шууд холботой, өөрөөр хэлбэл оршин байхынхаа төлөө, амьд үлдэхийнхээ төлөө тэмцэж байгаа 5 сая хүний хувь заяа хүнд байдалд байна.
Манай өрнийн улс төрчид бүтэн хоёр жил Башар Асадын мөхөл ялагдлыг зөгнөлөө. Энэ орны байдлыг огт ойлгохгүйн гайгаар тэгж зөгнөж байна. Асад ялаад байгаа юм биш.
Гэвч Сирийн цөөнхийн хувьд тэр огт ялагдаагүй. Энэ улс бүтэн хоёр жил эвдрэл сүйрэл, цуст яргалал, олны аллагаар дүүрлээ. Энэ улсын сөнөсөн балгасыг сэргээж, амьдралыг хэвийн горимд нь оруулах гэж хүн амын дараагийн хэд хэдэн үе зовно. Ливаны сценараар Сири орон иргэний дайнд автлаа, хэдэн арван жилээр ч үргэлжилж мэднэ.
Ливанчуудын хэлдэг шиг ялагчгүй, ялагдагчгүй дайн, гол нь хэн ч хожихгүй дайн байна.
Өрнийнхөнд нэг дутагдал байна. Ой санамж муутай, алсыг харж чаддаггүй. Улаан кхмерийн аймшгийг одоо хэн санаж байгаа юм бэ. Суданд 1989 онд засгийн эрхийг Лалын ахан дүүс булаан авсныг хэн нэхэн дурсаж байгаа юм бэ.
Тэгсний гайгаар өмнөд нутгийн христианчууд нь салан тусгаарлаж, одоо ч Дарфурт хүмүүс хэдэн арваараа алуулсаар байгаа бус уу? Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлагдах ордероо авчихсан генерал-ерөнхийлөгч олон улсын бага хурал дээр хээв нэг сууж байхад одоо хэн анхаарал хандуулж байгаа юм бэ.
Хэрэв сирийн дэглэм исламист отрядуудын довтолгоон, газрын тосны ваххабит монархуудын санхүүгийн дарамтыг сөрөн зогсож, тэсч үлдэх аваас гагцхүү реалполитик л ялах болно.
Өрнийнхөн исламистууд, газрын тосны монархуудын хүчээр энэ дэглэмийг булшлахыг бодож байгаа бол алдаа болно. 2009 онд өөрсдийнх нь эсрэг аллага үйлдэж асан үймээн дэгдээгчдийг 2011 онд дэмжээд явж байсан Францад би хандаж хэлж байна гэжээ.
Дээр францын тагнуулын албанд зүтгэж явсан бэлтгэл офицерын жинтэй сануулгыг би бараг тэр чигт нь хөрвүүлж буулгалаа. Уншигч Та эндээс өөрөө дүгнэлтээ хийх биз ээ!
Судлаач проф. Д.Баярхүү