Богд хааны ордон музейд тууль хайлна

Богд хааны ордон музейн “Хаан туульсийн өргөө”-нд ардын язгуур урлагийг өвлөгч Жилкерийн ес дэх удмын туульч А.Балдандорж 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 11:40 цагаас Их хөлгөн тууль болон “Бүжин Даваа хаан” туулийг бүрэн эхээр нь хайлна.
Уламжлалт тууль хайлах зан үйлийг нарийн баримтлах бөгөөд туулийн эхэнд “Арван гурван Алтайн магтаал”-ыг бүтэн хайлж туулийн завсарлагаар ардын язгуур урлагийн төрөлүүд болох баруун монгол ардын бие биелэгээ, морин хуурын татлага, цуур, ятга хөгжим, хөөмэйн үзүүлбэр бүхий бэсрэг тоглолтуудыг толилуулахын зэрэгцээ туульд гарч буй үйл явдлын тайлбар тайлалыг алдарт эрдэмтэд болох Я.Катуу, Т.Баясгалан нар тайлбарлан хүргэх зэрэг олон сонирхолтой үйл явдал дүүрэн өрнөх юм.
Эртний Монголчууд тууль хайлж өөрсдийн төдийгүй хотол зоны ажил үйлс, хувь заяаныхаа заслыг хийдэг байсан бөгөөд “Бүжин Даваа хаан” тууль нь аян замын засал олз омог, хишиг буяныг хүсдэг. Туульч А.Балдандорж Богд хааны ордон музейн “Хаан туульсийн өргөө”-нд 2016 оны 12 дугаар сарын 30-ны 11:40 цагаас эхлэн 20:00 цаг хүртэл дуустал нь хайлах юм.
Богд хааны ордон музейн “Хаан туульсийн өргөө” нь найман ханатай их цагаан өргөө бөгөөд уламжлалт тууль хайлах зан үйлийн ёс уламжлалыг чанд баримтлан театрчилсан бус харин язгуурлаг шинж байдлыг нь илүүтэй харуулах тал дээр анхаарал хандуулж туулийг тусгайлсан өдөр бүрэн хэмжээгээр монгол гэрт хайлдагаараа илүү онцлогтой.
Монгол тууль нь ардын аман билгийн нэн эртний төрөл хэлбэрийн нэг бөгөөд хэдэн зуугаас хэдэн түмэн мөр шүлгээс бүрдэл болдог том туурвил юм. Нэгэн шөнийн дотор багтаан хайлдаг бэсрэг туулиудаас гадна хэдэн шөнө дамнан хайлах дэлгэр тууль цөөнгүй.
Туульсийн бүтээлүүд нь эртний цалиг шүтлэг, бөө мөргөл, бурхан шашны, домогзүйн болон уран сайхны сэтгэлгээний олон үе давхрагыг хадгалсан бөгөөд дотроо үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр үг, цацал мялаалга, бэлгэ дэмбэрэлийн үг, дом шившлэг зэрэг аман зохиолын олон төрөл зүйлийг багтаан агуулж байдаг онцгой төрөл юм.
Монгол туулийн хэл гайхамшигтай уран яруу бөгөөд монгол шүлгийн шилдэг уламжлалыг хадгалсан, эртний хэллэг, монголын олон ястан овогтны аман аялгууны онцлогийг агуулсан байдаг. Тууль бол зөвхөн үгийн урлаг төдийгүй хөгжим аялгуу, туульчийн ур чадвар, хайлах, хэлэх ёс жаяг, зан үйлийг багтаасан нийлмэл урлагийн шинжтэй цогц үзэгдэл юм.
Академич Ц.Дамдинсүрэнгийн хэлснээр “олон алдартай үлгэрч, туульч нар болвоос нүүдэлчин монголчуудын үзэх жүжиг, сонсох хөгжим, унших ном гурвууланг нэгэн зэрэг орлож, нэг жүжигчинтэй театрын үүргийг гүйцэтгэж байсан” ажгуу.
Туулийг товшуур, хуур, икэл, хуучир зэрэг хөгжмийн зэмсэгийн аль нэгээр ая хамсран хайлдаг уламжлалтай. Зарим нутагт хөгжмийн зэмсэг хэрэглэлгүйгээр аялгуулан хэлдэг ёс буй. Хэдэн мянган жилийн турш эцэг өвгөдөөс аман байдлаар дамжиж ирсэн дэлхийд хосгүй энэ гайхамшигт соёлыг өвлөн уламжлуулах, сурталчлах, судлах, нууцыг нь тайлах нь өнөө цагийн нийгмийн амьдралд олон талын ашиг тустай зүйл болох билээ.
Тууль хайлах нь зөвхөн зөвхөн гоо сайхны учир холбогдолтой төдийгүй зан үйлийн холбогдолтой юм. Туулийг өвөл хайлдаг. Зуны сар гарч тэнгэр дуугарснаас хойш хайлдаггүй.
Монголчууд эртнээс нааш туулийг хүндлэн дээдлэж, дайн тулаан, ан авд мордох, уул ус тахих зэрэг иргэний болоод төрийн ёслолын үед тууль хайлуулж ирсэн уламжлалтай.
Тууль төрийн ёсонд төдийгүй гэрийн ёсонд хүндтэй байр эзэлдэг. Тууль хэлүүлэх айл туульчийнд хэдэн өдрийн өмнө очиж, хадаг барин заллага айлтгадаг. Туульчийг залран ирэхэд айл хотлоороо цуглан хэдэн шөнө дамнан тууль сонсдог. Ойрадын туулчид тууль хайлахын өмнө “Алтайн магтаал” хэлж, Алтай дэлхийгээ аргадан байж сая туулиа хайлж эхэлдэг.
Ган гачиг, зуд шуурга, өвчин зовлон, гай барцад тохиолдох аваас Алтайгаа магтахад бүх юм сайн сайхан болдог хэмээн эртний туульчид үздэг байжээ.
XIX зууны сүүлчээс эхлэн гадаад, дотоодын эрдэмтэд судлаачдийн тэмдэглэн авч судалгааны эргэлтэд оруулсан Монгол туулийн хэдэн арван дурсгал бичгийн хэлбэрээр үлдсэн боловч, XX зууны дунд үеэс эхлэн XXI зууны эхэн гэхэд Монгол туулийн амьд уламжлал тасрах бодитой аюулд тулгараад байгаа юм.
Иймд Монгол туулийгуламжлан өвлүүлэх, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Богд хааны ордон музейд “Хаан туульсийн өргөө”-г байгуулсан ба жил бүр тогтмол үйл ажиллагааг явуулж эхлээд байна.
Тууль нь Монгол улсаас яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтанд 2009 онд бүртгэгдсэн өв юм.
Лавлах утас: 88016871

 

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …