Монголд авлига өсч, албан тушаалтнууд баяжсаныг олон улсын байгууллага тогтоов

Авлига аюулын харанга дэлдэж буй орнуудыг улаанаар тэмдэглэжээ

Монгол Улс авлигын “сордог элс”-нд аль хэдийнэ гүн гэгч нь суусан, ёроол уруугаа явж буй орнуудын нэг билээ.

Албан тушаалтнууд нь авлигыг саяар ярьдаг байсан бол одоо тэрбумаар ярьж, саяар ярьсан нэгнийгээ чи ямар багаар ярьдаг юм гэдэг болж. Улсын Ерөнхийлөгчөөс нь өгсүүлээд албан тушаалтнууд бүгд авлига буурч байгаа гэдэг ч үнэн хэрэгтээ Монгол Улсад авлига улам гүнзгийрч, далд хэлбэрлүүгээ шилжиж, мөнгөн дүн нь ч ихэсч байна.

Энэ янзаараа тун удахгүй албан тушаалтнууд нь авлигыг их наядаар болох биз. Мөн тэр хэрээрээ улсад хохиролтой байх нь ойлгомжтой. “Транспаренси Интернэйшнл” байгууллагын судалгаагаар Монгол Улсад авлига өсч, албан тушаалтнууд нь улам баян болжээ. Тус байгууллгаас саяхан 2016 оны дэлхийн авлигын тайлангаа гаргасан байна. Ингэхэд энэ тайланд Монгол Улс 38 оноо авч 176 орноос 87 дугаар байрт бичигджээ.

Тэгвэл энэ байгууллагын 2015 оны тайлан мэдээнд Монгол Улс 72 дугаар байрт жагсч байжээ. Монгол Улсын хувьд Авлигатай тэмцэх газар байгуулаад ч авлига, албан тушаалтнуудтайгаа тэмцэж чадахгүй, авлигын үзүүлэлт нь улам бүр нэмэгдэж байгаа нь нууц биш юм. Нөгөө талаас өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд засаг барихдаа авлигын жолоог сул тавьсан Ардчилсан намынхны үйлдэл Монгол Улсыг нэг жилийн дотор 15 байраар ухрахад нөлөөлөх шиг боллоо.

Монгол Улсын хувьд 131 дүгээр байрт орсон хойд хөрш ОХУ болон ОХУ-тай хамт 131 дүгээр байрт жагссан Казахстан Улсыг эс тооцвол дандаа Африк, Ойрхи Дорнодын орнуудын хамтаар дэлхийн хамгийн их авлигатай улсуудын тоонд оржээ. “Транспаренси Интернэйшнл” байгууллагын үнэлгээгээр дэлхийн улс орнуудад 100 хүртэлх оноо олгожээ.

Тэгэхэд Дани, Шинэ-Зеланд Улс авах ёстой дээд оноо буюу 100 онооноос 90 оноо, “А” үнэлгээ авч дэлхийн хамгийн авлига багатай улс орноор тодорчээ. Тэгвэл хоёрдугаарт 89 оноогоор Финлянд, гуравдугаарт 88 оноогоор Швед Улс орсон байна.

Харин дэлхийн хамгийн их авлигатай гурван орноор Хойд Солонгос 12, Өмнөд Судан 11, Сомали 10 оноотой нэрлэгджээ. Тэгвэл Монгол Улс 60 оноо буюу “F” үнэлгээний босго ч алхаж чадсангүй 38 оноо авч авлигын асуудалд тун хангалтгүй байгаагаа дэлхий нийтэд харууллаа.

 

Төгс


Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …