Египетийн тухай мэдээ мэдээлэл дайны фронтоос ирж буй мэдээтэй адил сонстдог болсоор удлаа. Тус улсад эсэргүүцлийн үйл ажиллагаа өдөр ирэх тусам чангарч, цус урсгасан тулаанууд энд тэндгүй үргэлжилсээр байна. Хуучин Ерөнхийлөгч Хосни Мубарак нь шоронгоос гарч байхад “Лалын ахан дүүс”-ийн тэргүүн Мурси эсрэгээрээ баривчлагдах жишээтэй. Мубаракийг юуны учир суллав. Тэр их улстөрд дахин орж, улс орондоо болж буй цус урсгасан тэмцлийг намжааж чадах болов уу.
Баривчлагдлаа, суллагдлаа
Хосни Мубарак Египет улсыг 30 гаруй жил тайван удирдсан. Түүнийг иргэд нь фараонтой зүйрлэж, өөрөө ч мөнх ингэж амьдрах юм шиг санаж байлаа. Гэвч бүх зүйл эсрэгээр эргэж, 2011 оны нэгдүгээр сарын 25-нд Египетэд эсэргүүцлийн томоохон арга хэмжээ дэгдэв.
Жагсагчид шинэчлэлийг, бас Ерөнхийлөгч Мубаракийг огцрохыг шаарджээ. Нэгдүгээр сарын 31-нд Ерөнхийлөгч сайд нарын танхимын бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан боловч жагсагчид түүнийг өөрөө огцрохыг эргэлт буцалтгүй шаардсаар л. Ингээд хоёрдугаар сарын 11-нд Хосни Мубарак огцорсон түүхтэй. Мубаракийг огцорсны дараахан тус улсын нийгэм, эдийн засгийн байдал муудаж, улс орны аюулгүй байдал алдагдаж эхэлсэн юм.
Мубаракийг Ерөнхийлөгчийн суудлаа өгсний дараахан олон зүйл ангиар буруутгаж эхэлсэн. Тухайлбал авлига авсан, хууль бусаар баяжсан, хүчнийхнийг удирдаж, жагсагчид руу гал нээсэн гэх мэт. Өнгөрсөн жилийн зургаадугаар сарын 2-нд шүүхээс экс Ерөнхийлөгчид бүх насаар нь хорих ял оноосон. Харин дараа нь дээд шатны шүүхээс ялыг цуцалсан. Энэ оны дөрөвдүгээр сард Египетийн шүүх Мубаракийг жагсагчдын үхэлтэй холбоогүй гэж үзсэн боловч авлига зэрэг өөр асуудлаас болж суллаагүй билээ. Тэгвэл зургаадугаар сард Каирын шүүхээс Мубаракийг зөвхөн хууль бусаар баяжсан гэж үзэж, чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Мубаракийн дараа эмх замбараагүй байдал нэмэгдсэн
Хосни Мубаракийн дараа Египетийн Ерөнхийлөгчөөр “Лалын ахан дүүс” хөдөлгөөний тэргүүн Мухаммед Мурси сонгогдсон. Мубаракийн үед энэхүү хөдөлгөөнийг эрс хориглодог байсан юм.
Мурси засгийн эрхэнд дөнгөж нэг жил тогтсон. Өнгөрсөн зургаадугаар сард Египетэд Ерөнхийлөгчийнхөө эсрэг үйл ажиллагаа явуулах нь нэмэгдэж, цэргийн хүчээр түүнийг түлхэн унагасан. Одоогоор тэр хорионд байгаа бөгөөд Үндсэн хуулийн шүүхийн тэргүүн Египетийн түр Ерөнхийлөгчөөр томилогджээ.
Гэвч Мурси огцроод ч Египет улс тайван амгалан болоогүй юм. Өнгөрсөн сараас хотын гудамжуудаар “Лалын ахан дүүс”-ийг дэмжигчид болон эсэргүүцэгчид мөргөлдөж, лалынхан “Ан-Нахда”, Рабия аль-Адавия талбайд түр хотхон байгуулсан билээ. Наймдугаар сарын 14-нд Египетийн ДХЯ эдгээр түр хотхоныг хүчээр буулгаснаас болж лалынхан болон хүчнийхний дундах тэмцэл гаарчээ. Эдгээр тэмцлийн улмаас хэдэн зуун хүн амиа алдаж, улс оронд онц байдал зарлахаас аргагүй болсон аж.
Хосни Мубарак Египетийн аврагч мөн үү
Тэгвэл Хосни Мубарак Египетийн улстөрд эргэн ирэх үү. Хэдхэн хоногийн өмнө энэ талаар хэн ч бодож байгаагүй нь лавтай. Гэвч экс Ерөнхийлөгч суллагдсан гэх мэдээлэлтэй зэрэгцээд олонх шинжээч үүнд баталсан хариу өгч эхэллээ.
Сүүлийн хэдэн өдрийн турш Каирын гудамжинд өдөр бүр хүний амь настай холбоотой хэргүүд гарч байгаа тул Египетийн шинэ засаг “Лалын ахан дүүс”-тэй тохиролцоонд хүрч чадахгүй нь гэсэн дүгнэлтэд дэлхий дахин хүрээд байгаа. Тэгвэл хэн Египет улсыг улстөр, эдийн засгийн хямрал, иргэний дайнаас салгаж чадах вэ.
Шинжээчид үүнд египетчүүдийг өөртөө татаж чадах нэгэн залуу офицерын шинэ дүрийг тодруулж сууна. Энэ бол цагтаа Египетийн төрийн тэргүүн хийж явсан Хосни Мубарак юм.
Мэдээж тэр өдгөө 85 настай болохоор хэн ч залуу удирдагч гэж хэлж чадахгүй. Гэхдээ сайн бодож үзвэл өнөөдөр Мубарак л египетчүүдийг тайвшруулж чадах нэгэн бололтой. Үүн дээр нэмж хэлэхэд тэр төрийн хууль ёсны тэргүүн. Яагаад гэвэл түүнийг төрийн эргэлтээр унагасан. Тэгээд ч сүүлийн үед олон зуун гэм зэмгүй хүн амиа алдаж байхад хамгийн хүчтэй эсэргүүцэгчид ч Мубаракийн төлөө хоёр гараа өргөн санал өргөхөд бэлэн болжээ. Юутай ч хүмүүс түүнийг төрийн тэргүүн байх үед улс орон энх амгалан, хүмүүс нь ажилтай, аялал жуулчлалаас хэдэн тэрбумаар нь олдог байсныг санаж байгаа. Харин түүнээс хойш энэ бүхэн утаа мэт замхарсан аж.
Цэргийнхэн Мубаракийг урьдын адил дэмжиж байгаа гэж шинжээчид тэмдэглэж байна. Оросын ГХЯ-ны Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн улстөр судлалын тэнхимийн профессор Виктор Сергеев “Цэргийнхэн Хосни Мубаракийг дэмжих байх. Олон хүн Мубаракийг түлхэн унагаснаар нөхцөл байдал эрс сайжирна гэж бодсон. Гэвч юу ч сайжраагүй. Харин ч эсрэгээрээ бүх зүйл эрс муудсан. Эдийн засаг унаж, нийгмийн амьдрал дордсон. Энэ үед Мубаракийн удирдаж байсан үе гэгээлэг санагдах биз. Тиймээс цэргийнхэн улс орноо эмх замбараатай болгох гэж экс Ерөнхийлөгчөө суллахаар шийдсэн” гэжээ.
Ямар ч улстөр байхгүй
Гэхдээ арай өөр хувилбар дэвшүүлж буй шинжээчид ч байна. Оросын олон улсын хэргийн зөвлөлийн шинжээч Георгий Мирский Египетийн экс төрийн тэргүүнийг улстөрийн амьдралд өнгөрсөн үеийн хүн хэмээн тэмдэглэжээ. Тэрбээр “Өнөөдөр хуучин руугаа эргэн орох байсан юм бол тэр үед яах гэж хувьсгал хийсэн юм бэ гэж олон хүн хэлнэ. Тиймээс ч экс Ерөнхийлөгч шоронгоос суллагдсан нь Египетэд бодит нөлөө үзүүлэхгүй” гэж ярьсан байна. Түүнчлэн Оросын олон улсын хэргийн зөвлөлийн шинжээч Леонид Исаев “Мубарак дахиж улстөрд орно гэж бодохгүй байна. Тэр одоо 85 настай, бас бие муутай. Арабын хувьсгалаас өмнө улстөр хөөж байсан түүний хүү, 49 настай Гамаль Мубарак түүний өмнөөс улстөрд орж болох ч тэдний гэр бүлийн нэр хүнд маш ихээр унасан учир төвөгтэй” гэжээ.
Тэгэхээр цаашид хэрхэхийг харах л үлдлээ.