УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЯНАЛТЫН ПРОКУРОР, ХУУЛЬ ЗҮЙН
УХААНЫ ДОКТОР БЯМБАЖАВЫН ӨНӨРМАА.
Авлига нь төрийн тогтвортой байдал, нийгмийн аюулгүй байдалд аюул занал учируулж ардчилсан тогтолцоо, нийгмийн үнэт зүйлс, ёс суртахууны эрхэм чанарыг үнэгүйдүүлэн хууль дээдлэх ёсыг аажимаар устгаж байгааг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч үүний эсрэг тууштай тэмцэх аргыг эрэлхийлж зөвхөн үндэстний хэмжээнд биш олон улсад мөрдөгдөх хэм хэмжээг тогтоосны нэг нь 2003-10-31-нд Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас баталсан Авлигын эсрэг конвенц юм. Авилгын эсрэг конвенци батлагдахаас өмнө Америкийн нэгдсэн улсын байгууллагуудаас 1196-03-29-ний өдөр “Авлигын эсрэг тэмцэх тухай Америкийн улс хоорондын конвенц”, Европын холбооны зөвлөлөөс 1997-05-26-ны өдөр баталсан “Европын хамтын нийгэмлэгийн албан тушаалтан болон Европын холбооны гишүүн улсын албан тушаалтанд холбогдох авлигатай тэмцэх тухай конвенц”, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас 1997-11-21-ний өдөр баталсан “Олон улсын бизнесийн хэлцэлд гадаадын төрийн албан тушаалтныг хахуульдахтай тэмцэх тухай конвенц”, Европын зөвлөлийн Сайд нарын хорооноос 1999-01-27-ны өдөр баталсан “Авилгын талаархи эрүүгийн эрх зүйн тухай конвенц” зэргийг дурьдаж болно. Авилга зөвхөн тухайн улс оронд биш хил хязгаар дамжин, зохион байгуулалттай гэмт хэрэг тухайлбал мөнгө угаах гэмт хэргийн гол суурь хэрэг болж үйлдэгдэж байгааг анхаарч НҮБ-аас баталсан “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг” конвенц 2003-09-29-ний өдөр хүчин төгөлдөр болсон юм[1].
2003-10-31-нд Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас баталсан Авлигын эсрэг конвенцид Монгол улс 2005 онд нэгдэн орсон бөгөөд уг баримт бичгийг үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил дагаж мөрдөх үүрэг хүлээсэн юм.[2]Авилгын эсрэг конвенцийн үр нөлөө, Монгол Улсын хуульд хэрхэн тусгалаа олсон талаар тодруулахаас өмнө “Авлига” гэдэг нэр томъёоны тухай тодруулах нь зүйтэй болов уу.
Авилга буюу “Korruption” гэдэг үг “corrumpere” гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд энэ нь ялзарч муудах, өнгө зүсээ алдах, ёс суртахууны доройтолд орох гэсэн утгатай ажээ.[3]Эртний Египэтээс үүсэлтэй улмаар Ромын эзэнт гүрнийг мөхлийн ангалруу түлхэсэн авилга гэгч нь түүхийн бүхий л цаг үед хаад ноёд, эрхтэн дархтнуудад тал засах, тэдгээрийн эрх мэдлээ хадгалж үлдэхийн төлөөх ил далд тэмцлэлд гол үүрэг гүйцэтгэж ирсэн байна. Платон, Аристотел нар нь тухайн цаг үедээ эрхтэн дархтан, жирийн ард түмний амьдралын ялгаа, төрийн шударга бус хуваарьлалт, сонгуулийн саналыг худалдах, төрийн эрх мэдлийг өөр хоорондоо наймаалцах аргаар бие биендээ шилжүүлж буй байдал мөн эдийн засгийн тэнцвэргүй байдал буюу баян хоосны ялгааг олж харан энэ тухай өөрсдийн боловсруулсан онол сургаальд тусгаж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.[4] Монгол улсын хөгжлийн түүхэнд ч авилга хар мөрөө үлдээсэн нь манжийн дарлалд нухлагдсан бараан цаг үед түшмэд ноёд эрх мэдлийн төлөө манжийн хаанд тал засч эмс охидоо бэлэглэн өргөл барьц өгөх, манжийн эсрэг тэмцсэн эх орончдоо худалдаж байсан нь мөн Богд хаант Монгол Улсын үед ч дээдэст тал засч чадсан нь хангалуун амьдардаг байсан зэрэг нь мөн л түүхэнд бичигдсэн байдаг. Дээрхи жишээ нь авилга гэгч үүссэн цаг үеэсээ түүхэнд хар мөрөө үлдээж үндэстнийг үгүй хийх хэмжээний хор нөлөөтэйг харуулж байна. Авилга Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж түгшүүрийн харанга хэдийн дэлдснийг олон жишээгээр дурьдаж болно.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулинд: Үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ. Мөн “Үндэсний язгуур ашиг сонирхол”-д Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил багтана[5]гэж заасан байдаг.
Монгол улсын үндэсний аюулгүй байдлын бүрдэл хэсгүүдийг
Монгол Улсын аюулгүй оршин тогтнохын аюулгүй байдал
Эдийн засгийн аюулгүй байдал
Нийгэм төрийн аюулгүй байдал
Иргэний эрх эрх чөлөөний аюулгүй байдал
Шинжлэх ухаан технологийн аюулгүй байдал
Мэдээллийн аюулгүй байдал
Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал
Хүн амын удмбн сангийн аюулгүй байдал
Экологийн аюулгүй байдал юм. Эдгээр бүрдэл хэсгүүдээс аль нэг алдагадахад үндэсний аюулгүй байдлын тухай цогц асуудал урган гарч ирнэ. Эдгээрээс Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал өнөөдөр бүрэн хамгаалагдаж чадаж байгаа эсэхийг Авилгын эсрэг конвенцын зарчим, заалт манай улсын үндэсний хууль тогтоомжид тусгалаа олж хэрэгжиж чадаж байгаа эсэхийг судалгаа болон холбогдох хуулийн заалтыг үндэслэн та бүхэнд харуулахыг зорьлоо. Харьцуулалт хийхийн өмнө та бүхнийг Транспэранси Интернешнил олон улсын байгууллагаас жил бүр авилгын индексийг судлан зарладаг судалгааны дүнд анхаарлаа хандуулахыг хүсч байна. Уг судалгааны үр дүнгээс харахад 1999 онд Монгол улс 99 орноос 49 дүгээр байранд буюу дундаж үзүүлэлттэй байсан бол 2005 онд 158 орноос 85 дугаар байранд 2012 онд 174 орноос 94 дүгээр байранд орж үзүүлэлт нэлээд олон нэгжээр доошилж 2013 онд 175 орноос 83, 2014 онд 174 орноос 80 дугаар байранд орсон үзүүлэлттэй байна.[6]Авлигын нөхцөл байдлын индексийн дагуу 10 оноо авах ёстойгоос /авлигагүй бол/ дөнгөж 3.0 оноо авч байгааг тооцвол авлигын нөхцөл байдал манай улсад даамжран хүндрэх чиглэлтэйг харуулж байна.
Авилга цэцэглэх хамгийн таатаай боломж хөрс бол байгалийн баялагтай, техник технологийн хувьд хараат, хөгжингүй буурай орнууд гэдгийг түүх нэгэнт баталсан, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн мөн үндэсний аюулгүй байдал нь байгалийн баялагын аюулгүй байдлаас ихээхэн хамаарах болсон энэ үед Монгол Улсын нүүрс, алт, зэс, молибден зэрэг байгалийн баялгийн асар их нөөц нь дэлхийн өндөр хөгжилтэй орнууд үндэстэн дамнасан корпорациудын сонирхлыг ихээхэн татаж хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй удаан хугацааны гэх чимэг зүүлт зүүсэн зээл, тусламж, амлалт ар араасаа цуварч үүнтэй холбоотойгоор Монгол улсад хийж буй гадаадын шууд хөрөнгө оруулалт жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд 85 гаруй хувь нь уул уурхайн салбарт хийгдэж байна. [7]
Байгалийн баялагаа түшиглэж хөгжих сонирхолд тулгуурлан хөрөнгө оруулагчдыг татах нэрээр хөрөнгө оруулалтын өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр өөрт ашигтай хууль, шийдвэр гаргуулахын тулд эрх мэдэлтнүүдийн хахуульдах, үндэсний хууль тогтоомжид буй хуулийн цоорхойг ашиглах, аливаа нам, бүлэглэлийн сонгуульд хандив өгөх, авилгын хамгийн далд хэлбэр болох давуу талууд буюу хувь хүртээх, үнэт цаасны зах зээлд авилгын замаар өгсөн авсан хувьцааг борлуулж дүрсийг хувиргах зэрэг авилгын нөгөө тал мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдэж улмаар эдийн засгийн эрүүл бодлого алдагдсан олон улсуудын гашуун түүхийг давтахгүй байх боломж манай улсад бий.
Авилгатай тэмцэх гол суурь нь төрийн зөв бодлого, шударга улс төрчид, цоорхойгүй хууль, тэгш хяналт, хуулийн байгууллагын улс төрөөс ангид хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломж гэх мэтчилэн олон хүчин зүйл байдаг.
Эдгээрээс өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гол хууль амьдралд нийцэхгүй, олон улсын гэрээ конвенцийн шаардлагыг хангахгүй байгаа нь харамсалтай.
Тухайлвал манай улсын Эрүүгийн хуульд байгаа шан харамж болон хээл хахуультай холбоотой заалтууд 2003-10-31-нд Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас баталсан Авилгын эсрэг конвенцтэй[8]харьцуулахад хэт явцуу байна. Уг конвенцийн 16 дугаар зүйлд гадаадын төрийн албан тушаалтан болон олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах үйлдлийг гэмт хэрэгт тооцох тухай мөн 21 дүгээр зүйлд хувийн хэвшил дэхь авилгыг гэмт хэрэгт тооцох тухай заасан боловч дээрхи заалтууд Монгол улсын Эрүүгийн хуульд бүрэн утгаараа тусгалаа олоогүй өнөөдрийг хүрчээ. Ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт хийх зөвшөөрөл, байгалийн баялагийг өөр бусад хэлбэрээр зарж борлуулах зөвшөөрөл олгох эрх уг чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага албан тушаалтны хувьд онцгой чиг үүрэг юм. Тусгай эрх олгох албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд болон шууд бусаар зүй бус давуу тал олгох зорилгоор чиг үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, аливаа үйлдлийг хууль тогтоомж зөрчин гүйцэтгэх эсхүл гүйцэтгэхгүй байх үйлдлийг гэмт хэрэгт тооцож байхыг НҮБ-ын конвенцийн 19 дүгээр зүйлд оролцогч улс бүрт үүрэг болгожээ. Алгын чинээ цаасан дээрхи гарын үсэг араасаа хэдэн арван сая, тэрбум төгрөгөөр тооцогдох шан харамж, хахуулийн хардлага нийгэмд төрүүлж байгаа нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хууль тогтоомжийн заалтад дүгнэлт хийхэд зарим талаар үндэслэлтэй байж болох өөрөөр хэлбэл албан тушаалтанд ашигтай ч байж болох зүйл анги байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байна. Тухайлвал
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 170 дугаар зүйлд “тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын ажилтан албан үүргийн дагуу ажил гүйцэтгэж үйлчилгээ үзүүлэх үүргээ далимдуулан хясан боогдуулах замаар удаа дараа буюу их хэмжээний шан харамж авсан нь албан тушаалын гэмт хэргийн шинжгүй бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ….”[9] гэж заасан нь учир дутагдалтай байна. Дээрх хуулийн заалтаар нэг удаа бага бус эсхүл үлэмж хэмжээний шан харамж авсан бол захиргааны хариуцлага хүлээж их хэмжээний шан харамж авсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байгаа нь шударга бус юм.
Хууль тогтоогч авлигын хамгийн түгээмэл хэлбэр болох шан харамжийн авч болох хэмжээг тогтоон дээрх субъектүүдийг “их” хэмжээтэй л биш бол тодорхой хэмжээгээр албан тушаалаа ашиглан “боломжийн орлого” олж амьдралаа дээшлүүлэхийг хуулиар “зөвшөөрснийг” төрөөс бэлэглэсэн бэлэг гэж үзэхээс өөр яах билээ. Авилгын хамгийн түгээмэл хэрэг болох шан харамжийн заалтыг хэт явцуу тодорхойлж, хүлээлгэж болох ял шийтгэлийн хэмжээг “толгой илэх” хэмжээнд тогтоон шан харамжийн хэргийг авилгын гэмт хэргийн төрөлд биш аж ахуйн эсрэг гэмт хэргийг бүлэгт оруулсан нь конвенцийн агуулга зарчимтай харшилж байна.
Чанаргүй барилга, зам ашиглалтанд оруулах зөвшөөрөл олгох, хилээр хууль бус зүйл, их хэмжээний мөнгө зэргийг “анзааралгүй” оруулах, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийг “сануулсан” болоод өнгөрөх цаашилбал тендер нэрийн доор хууль бус сонгон шалгаруулалт явуулах, төрийн тусгай хамгаалалттай газар барилга барих зөвшөөрөл олгох, цаасан дээр монгол хүний нэр бичигдэж цаанаа гадны эзэнтэй аж ахуйн нэгжид тогтоосон хуль, дүрэм зөрчин уул уурхай, хайгуул, олборлолтын зөвшөөрөл г.м тусгай зөвшөөрөл олгох гэх мэт жагсаалт хөвөрнө. Түүнчлэн их хэмжээний шан харамж гэдгийг хэдэн төгрөгөөр тооцох тухай Эрүүгийн хуульд байдаггүй ба зөвхөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг яаж тооцохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд зохицуулсан байдаг. Практикт дээрх заалтыг барин хээл хахуулийн хэмжээг тооцож байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимыг зөрчиж байна. Мөн 192,000 төгрөгний эд зүйл хулгайлсан иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь дээрхи хуулийн заалттай харьцуулахад Монгол Улсын Үндсэн Хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчим зөрчигдөж байгааг харуулж буй бодит жишээ юм.
НҮБ-ын конвенцийн 15 дугаар зүйлд нийтийн албан тушаалтан эрхэлж буй ажлаа ашиглан аливаа давуу тал олж авсан үйлдэл эс үйлдэл болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан боловч Монгол Улсын эрүүгийн хууль тогтоомжид энэ заалт өнөөдрийг хүртэл тусгалаа олоогүй байна. Тодруулвал хээл хахуулийн гэмт хэргийн объектив талын бүрэлдхүүнийг …Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр….. гэсэн ерөнхий үйлдлээр хязгаарласан нь өндөр түвшний авлигыг илрүүлэх боломжгүй болгож хууль ёсны дагуу шийдвэр гаргаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлснийхээ төлөө хахууль, шан харамж, эдийн болон эдийн бус давуу тал олж буй этгээдүүдэд ял завшуулах боломжийг бүрдүүлж байна. Дээрхи заалтаар өндөр түвшний буюу бодлогын түвшинд үйлдэгдэж буй авилгын гэмт хэргийг шалгах боломжгүй бөгөөд ялангуяа өндөр албан тушаалтан эрхэлж буй албан тушаалын нөлөөгөө ашиглаж олсон эдийн болон эдийн бус давуу талууд гэмт хэрэгт тооцогдохгүй байгаа нь шударга бус бөгөөд авлигын эсрэг манай улс бүрэн тэмцэж чадахгүй байгааг харуулж буй бодит жишээ юм. НҮБ-ын конвенцийн 15 дугаар зүйлд нийтийн албан тушаалтан эрхэлж буй ажлаа ашиглан аливаа давуу тал олж авсан үйлдэл эс үйлдэл болгоныг гэмт хэрэгт тооцохоор үүрэг болгосныг дурьдах нь зүйтэй болов уу.
Олон улсын санхүүжилт эсрүл корпораци, компани тухайн улс оронд үйл ажиллагаа явуулахын тулд олон шатлалтай, тусгай шалгуурыг давсан байж тусгай зөвшөөрөл авдаг. Уг зөвшөөрөл хамтын зарчимаар шийдэгдэх буюу зөвхөн нэг эрх мэдэлтний зөвшөөрлөөр олгогдох боломжгүй байдаг бөгөөд боломжгүй зөвшөөрлийг боломжтой болгох нэг хар зам нь өндөр түвшний авилга юм. Өндөр түвшний авлига гэдэг нь хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах түвшинд бусдад давуу тал олгох эсхүл хууль бус нөлөөллийг хамтын шийдвэр нэрийн доор баталгаажуулах үүний үр дүнд удаан хугацааны туршид эсхүл зохион байгуулалттайгаар хууль бус ашиг, эдийн болон эдийн бус давуу тал олох бусдад олгох бүхий л хэлбэрийг хэлдэг.[10]Авилгын илрэх хэлбэрийг олон улсад 2 янзаар ангилдаг.
Petty Corruption/Situative Korruption/ – тохиолдлын буюу нэг удаагийн, илрүүлж шалгаж тогтооход хялбар, албан хаагчид ихэвчлэн өртдөг, авсан авилгын хэмжээ бага буюу хууль бусаар олсон хөрөнгө, давуу талыг тогтоох боломжтой
Grand Corruption/Strukturelle Korruption/ : Өндөр түвшний буюу төрийн болон олон улсын байгууллагын өндөр албан тушаалтан , томоохон аж ахуйн нэгж оролцсон, улс төрийн нөлөө, хууль бус лоббигоор дамжиж эсхүл тодорхой бизнесийг далд аргаар дэмжихэд чиглэгдсэн, авилгын төрөл нь ихэвчлэн үнэт цаас, хөрөнгө оруулалт, хөнгөлөлт, давуу тал байдаг бөгөөд хууль бусаар олсон зүйлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах буюу мөнгө угаах гэмт хэрэг давхар үйлдэгддэг. Хууль бус харьцаа нь удаан хугацааны эсхүл үргэлжилсэн шинжтэй бөгөөд илрүүлэхэд бэрхшээлтэй байдаг.[11]
Монгол Улсын эрүүгийн эрх зүйд өндөр түвшний авилгын талаар судлах эх сурвалж, хууль зүйн талаас томъёолсон тодорхойлолт бараг байдаггүй бөгөөд хуульчид эсхүл хууль тогтоогчид үүнд анхаарлаа хандуулахгүй эсхүл конвенцийн агуулга, ач холбогдлыг мэдсэн боловч үндэсний хууль тогтоомжид бүрэн тусгахгүй цаг алдаж байгаа нь олон талын шалтгаантай гэх хардлагыг төрүүлж байна. Тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой хэрэг маргааныг шийдвэрлэх шатанд шүүгч илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу тал олгосон үүний төлөө шан харамж, хээл хахууль, давуу тал олсон бол авилгын гэмт хэрэгт тооцогддог практик олон улсад тогтжээ. Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангид дээрхи зохьцуулалт мөн л бүрхэг байна. Тухайлвал:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн зарим заалтыг жишээ болгон харуулвал:
Шунахайн сэдэлт гэдэг материаллаг буюу эдийн болон эдийн бус давуу тал олж авах хүсэл, сонирхол юм. Хуулийн дээрх заалтад дурьдагдсан субъект хээл хахууль авч хуулиар олгогдсон онцгой эрхээ урвуулан шийдвэр гаргасан тохиолдолд шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэгт тооцож байгаа нь буруу бөгөөд дээрхи тохиолдолд авилгын эсрэг гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр өөрчлөх мөн Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд дээрх субъектүүдийг тусгайлан нэрлэж өгөх шаардлагатай. Германы Эрүгийн хуулийн тусгай ангийн 331, 332 дугаар зйүлүүдэд дээрх гэмт хэргийн субъектүүдийг албан тушаалтан, нийтийн албан хаагч гэж зааснаас гадна шүүгчийг тусад нь томъёолон заасан байдаг. Учир нь шүүгч шүүн таслах үйл ажиллагааг хэрэгжүүлэх онцгой эрхээ урвуулан хээл хахууль авсан, давуу тал олсон бол илүү хүнд ял шийтгэл оногдуулахаар заасан нь үндэслэлтэй. Харин манай улсын Эрүүгийн хуулийн 250 дугаар зүйлийн 250.1, 248 дугаар зүйлийн 248.1-д зааснаар хүлээлгэх хариуцлага буюу оногдуулах ял шийтгэл нь мөн хуулийн 268 дугаар зүйлд зааснаар хүлээлгэх ял шийтгэлтэй харьцуулахад хөнгөн, албан тушаал эрхлэх эрх хасах ялгүй байгаа нь ял завших боломжийг бий болгохоос гадна хуулийн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. [12]250.1.Шүүгч шунахайн болон хувийн бусад сэдэлтээр илт хууль бус шийдвэр гаргасан бол.. таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ…гэж заасан.
Тусгай зөвшөөрөл тэр тусмаа байгалийн баялаг ашиглах, олборлохтой холбоотой зөвшөөрөл олгох үйл ажиллагааг Эрүүгийн хуулийн холбогдох цөөхөн заалттай уялдуулан дүгнэлт хийхэд манай улс НҮБ-ын конвенцийг үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил дагаж мөрдөх үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрчээ. Үндэсний аюулгүй байдлын салшгүй бүрэлдхүүн болох байгалийн баялагаа бусдад ашиглуулах, эсхүл борлуулах үйл ажиллагаа хуулийн олон талын хамгаалалтад явагдах ёстой. Байгалийн баялагтай холбоотой бизнесийн хөрөнгө оруулалтын хэмжээ хэдэн тэрбумаар тооцогдож байгаа үед хуулийн цоорхой ашиглан Монгол Улсад хууль бус мөнгө урсах боломж хөрс бий болсны анхаарах болжээ.
Авлигын хэрэг шалгах бүрд давхар мөнгө угаах гэмт хэргийг шалгаж хэвших буюу мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулинд тодорхой нэрлэх шаардлага зүй ёсоор урган гарч байна. Авлигын хэрэг ямагт ил далд аргаар үйлдэгдэхээс гадна уг гэмт хэргийг илрэхээс сэргийлэх зорилгоор гэмт этгээдүүд авлигаар авсан зүйл, эдийн болон эдийн бус давуу байдлыг дүрс, хэлбэр, байршил зэргийг нарийн зохион байгуулалттайгаар өөрчилж ингэхийн тулд бусдыг гэмт хэрэгт буюу мөнгө угаах гэмт хэрэгт татан оролцуулах нь олон улсын хэмжээнд төдийгүй манай улсын хар зах зээлд хэдийн байр сууриа олсон байна. Тухайлбал авлигын гэмт хэрэг үйлдэж олсон хувьцаа үнэт цаасны зах зээлд борлогдох, халхавч болгож үйлдсэн зээлийн гэрээ, зохиомол өр, бусдын нэр дээр авсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө зарагдах, түрээслэх хууль бус бэлэглэлийн гэрээгээр шилжих, аж ахуйн нэгжийн хувьцааг гэр бүл, найз нөхөд гэх мэт өөр хүний нэр дээр эзэмшүүлэн хувь хүртэх, гадаадад дансанд их хэмжээний мөнгө, валют зэргээр мөнгө угаах гэмт хэргийн энгийн элемэнт агуулагдсан үйлдлүүдэд анхаарлаа хандуулах цаг болжээ. Мөнгө угаах гэмт хэрэг дараахь үе шаттай үйлдэгддэг.[13]
- Placement буюу байршуулах: Эхний үе шатанд хууль бусаар олсон үнэт цаас, мөнгө, эд зүйлс, хувьцаа, бусад эрхийн бичиг гэх мэтийг хаа нэгтээ байршуулдаг. Тухайлбал: Өөр хүний нэр дээр банканд хадгаламж болон харилцах данс нээлгэх, үнэт цаас, чек худалдан авах, алт үнэт зүйлсийг хадгалуулах г.м
- Layering буюу нуун далдлах үе:Энэ үе шатанд дээр дурьдагдсан зүйлсийн гарал үүслийг нь нуун далдлах зорилгоор байршуулсан зүйлээрээ хөрөнгө оруулалт, хандив тусламж, хүүтэй зээл, бусдын нэр дээр объект, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, асрамжийн болон буяны байгууллага, сан, компани, банк байгуулах, тэдгээрийг даатгуулах зэрэг үйлдэл хийгддэг.
- Integration буюу эргэлтэнд оруулах үеСүүлийн энэ үе шатанд гарал үүслийг нь нуусан мөнгө бусад зүйлийг хууль ёсны эдийн засгийн эргэлтэнд оруулдаг. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт хийсэн газраа зарах, түрээслэх замаар ашиг олох, зээлсэн мөнгөнийхөө хүүг авах, компани, сангийн тодорхой хувь эзэмшигч болох гэх мэт. Дээрхи үйл явцаас харахад авлигын болон мөнгө угаах гэмт хэргийг тусад нь салгаж ойлгон, уг хэргийг шалгах ажиллгааг зэрэг явуулдаггүйгээс авилгын хэрэг үйлдсэн этгээдийн хууль бусаар олсон хөрөнгө, давуу талыг бүрэн олж тогтоолгүй ял шийтгэл оноогоод орхих нь бусад этгээд хууль бусаар хөрөнгөжих боломжийг бий болгож байна. Иймд ялангуяа гадны улс оронд хөдлөх үл хөдлөх хөрөнгө худалдан авах, дансанд мөнгө байршуулах үйл ажиллагааг хянаж тогтоохын тулд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй болон гэрээгүй орнуудтай Авлигын эсрэг конвенцийн 6 дугаар зүйлд заасны дагуу харьцах, өөр бусад хэлбэрээр хамтран ажиллах боломжийг бүхий л талаар судлан зохион байгуулах талаар конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.
Зөвхөн байгалийн баялаг ашиглуулах, эзэмшүүлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагаа авилгад автагдахад үндэсний аюулгүй байдалд хэрхэн хортойгоор нөлөөлж болохыг энэхүү илтгэлээр харуулахыг зорьлоо.
Байгалийн баялаг дагасан сонирхол, өрсөлдөөнд ямар ч аргаар хамаагүй Монгол улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахаар улайрч буй удаа дараагийн оролдлого, өндөр түвшний авилга буюу хууль бус лоббигоор дамжиж эсхүл тодорхой бизнесийг далд аргаар дэмжихэд чиглэгдсэн бодлогоор дамжиж орж ирэх хөрөнгө оруулалт нэртэй хууль бус мөнгөний урсгалыг таслан зогсоох цаад агуулгаараа үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх алхам бол НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж үндэсний хууль тогтоомж тэртусмаа Эрүүгийн хуульд нэн даруй өөрчлөлт оруулах явдал юм.
ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР БЯМБАЖАВЫН ӨНӨРМАА.
prokuror.mn