Өнөөдөр Дэлхийн усны өдөр. Энэ өдрийг дэлхий нийтээр 24 дэх жилдээ тэмдэглэж буй юм. Дэлхийн усны өдрийн талаар “Монгол ус” ТӨҮГ-ын захирал Г.Билэгсайхантай ярилцлаа.
-Дэлхийн усны өдрийг жил бүр тодорхой уриан дор тэмдэглэдэг. Энэ жил ямар уриа дэвшүүлсэн бэ?
-НҮБ-аас 1993 онд жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэх шийдвэрийг гаргасан. Өмнөх жил нь Бразилийн Рио-де Жанерод болсон НҮБ-ын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлаас Дэлхийн усны өдөртэй болох уриалгыг анх гаргасан байдаг юм. Энэ өдрийг тэмдэглэх гол зорилго нь усны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг сайжруулах, усны үнэ цэнийг олон нийтэд ойлгуулах, усны зөв зохистой хэрэглээг сурталчлан таниулахад чиглэдэг.
Тэр цагаас хойш дэлхий дахинаараа усны өдрийг тэмдэглэж байгаа бөгөөд жил бүр тодорхой уриа дэвшүүлдэг. Тухайлбал, өнгөрсөн жил “Ус ба ажлын байр“, энэ жил “Хаягдал ус” гэсэн уриан дор энэхүү өдрийг тэмдэглэж байна. Манай улс энэ уриаг “Хаягдал ус-Нөөц баялаг” аян болгож, хаягдал усыг дахин ашиглах, энэ талын соёлд суралцахыг аж ахуйн нэгж, хүн арддаа уриалан сурталчлах, дэлхий дахины туршлага, техник технологийг судлах зэрэг олон ажлыг хийж байна.
-Хаягдал ус манай улсын хувьд хэр тулгамдсан асуудал вэ. Энэ тал дээр манайхан анхаарч чаддаг уу?
-Тиймээ, энэ жилийн усны өдрийг тэмдэглэж байгаа уриа монголчуудын хувьд үнэхээр тулгамдсан асуудал. Үндсэндээ манай улсын хувьд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэсэн хаягдал усыг дахин боловсруулж ашиглах тухай сүүлийн жилүүдэд л идэвхтэй ярьж эхэлж байна. Хаягдал усыг дахин ашигладаг туршлага манай аж ахуйн нэгжүүдийн дунд маш бага, дөнгөж эхлэлийн төдий. Хууль эрх зүйн орчны хувьд “Ус” үндэсний хөтөлбөр зэрэг салбарын холбогдох баримт бичгүүдэд тодорхой хэмжээгээр туссан ч түүнийг ажил хэрэг болгох зохицуулалтууд бүрэн хэрэгжиж чадахгүй байна.
Тиймээс хаягдал усыг дахин ашиглах боломж, түүний ач холбогдлын талаар олон нийт, аж ахуйн нэгжүүдэд сурталчлах ажлыг “Дэлхийн усны өдөр”-ийн хүрээнд хийж байгаа юм.
-Монголчууд ус чандмань эрдэнэ гэдэг ч усаа хайрлах тал дээр төдий л анхаардаггүй. Ийм нөхцөлд хаягдал усаа нөөц баялаг болгож дахин ашиглах гэдэг хоосон уриа болчихгүй биз?
–Хаягдал усыг дахин ашиглах хэрэгцээ шаардлага Монголд байгаа юу гэвэл байгаа. Монгол Улс бол дэлхийн усны нөөцөөр бага 20-иод орны нэг. Эрдэмтдийн тооцоолсноор манай улсын усны нийт нөөцийн хэмжээ жилд 608,000 сая шоо метр орчим байгаа юм. Жилийн хэрэглээ, ашиглалт нь 500 сая шоо метр орчим. Хот суурин газрууд зэрэг төвлөрсөн хангамжаас усаар хангагддаг иргэдийн хувьд хэрэглэсэн усаа дахин цэвэршүүлж ашиглах асуудал бараг үгүй.
Мөн гадаргын усны дийлэнх хувь гадагшаа урсаад гарчихдаг. Дээр нь гүний усны хэрэглээ их, эрдэмтдийн сүүлийн үеийн тооцоогоор газрын доорх болон гадаргын усны хэрэглээний харьцаа 80:20 болсон байна. Энэ нөхцөл байдал нь гүний болон гадаргын усны хэрэглээний харьцааг тэнцвэржүүлэх, ялангуяа уул уурхай, аж үйлдвэр зэрэг ус их хэрэглэдэг салбарт дахин боловсруулсан хаягдал усыг нөөц баялгийн хэмжээнд ашигладаг зохицуулалтыг бий болгох шаардлагыг үүсгэж байгаа юм.
-Сүүлийн жилүүдэд манай орны говийн бүс буюу усны нөөцөөр хомс газруудад Оюутолгой, Тавантолгойн уурхай, Тавантолгойн цахилгаан станц гэхчилэн уул уурхай, эрчим хүчний томоохон төслүүд гүний усны нөөцөд нөлөөлж байна гэдэг хэр бодитой шүүмжлэл вэ?
-Сүүлийн жилүүдэд ус дутагдалтай говь, тал хээрийн бүсэд усыг ихээр ашигладаг уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, дагаад эрчим хүчний томоохон хэрэглээ бий болж улмаар усны хэрэглээ, ашиглалтыг шинээр харж үзэх, ингэхдээ дээр дурдсан шиг хаягдал усыг дахин ашиглах асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй байдалд шилжинэ.
Одоо тэр бүс нутагт гүний усыг үйлдвэрлэлд ашиглаж байна. Энэ байдал цаашид үргэлжилсээр байх юм бол бүс нутгийн усны нөөцөд сөргөөр нөлөөлнө. Манай уул уурхай, аж үйлдвэрийн томоохон төслүүд дээр гүний усыг шууд ашиглахаас илүүтэй дахин цэвэршүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэхэд хөрөнгө зарцуулах шаардлагатай байна. Энэ нь уул уурхайн үйлдвэрлэл дэх ус ашигласны төлбөр харьцангуй бага байгаа, томоохон төслүүдээ эхлүүлэхдээ анхнаасаа техник, технологийн өндөр шаардлага тавьж чадахгүй байгаатай холбоотой юм.
-Усан сан байгуулж бороо цасны ус хуримтлуулах, гадагшаа урсгалтай “эх оронч биш” голуудын урсгалын чигийг өөрчлөх гэхчилэн танай салбарынхан ярьдаг?
-Усны салбарын мэргэжилтнүүдээс ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэсэн хаягдал усыг дахин боловсруулж хэрэглэх, хангайн бүс нутгийн гадаргын ус буюу Сэлэнгэ, Хэрлэн, Орхон зэрэг гол мөрний болон бороо, цасны усыг хуримтлуулан усан сан байгуулж, бүс нутгийнхаа усны хэрэглээнд ашиглах асуудлыг үнэхээр олон жил ярьж байгаа. “Хэрлэн говь”, “Орхон говь” зэрэг төслийг олон жилийн өмнөөс ярьсан ч өнөөг хүртэл ажил хэрэг болж чадахгүй байна. Энэ нь ганцхан усны салбарынхнаас хамаарч буй асуудал биш юм. Уг нь ийм төслүүдийг хэрэгжүүлж байж, гадны нутаг руу урсаад гараад явчихдаг томоохон гол мөрнүүдийнхээ усыг Монголдоо ашиглаж чадвал гүний усны хэрэглээг багасгах боломж бүрдэнэ.
-Хаягдал усыг дахин ашиглах талаар гадны орнуудаас суралцахаар туршлага юу байна?
-Гадны улс орнуудын туршлагыг харж байхад ер нь эдийн засгийн чадамжтай, өндөр технологитой орнууд голлон хаягдал усыг дахин цэвэршүүлж хэрэглэж байна. Япон, Сингапур, Герман зэрэг улс энэ чиглэлээр дэлхийд тэргүүлдэг. Тэд ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар хэрэглэсэн усаа дахин боловсруулж цэвэрлээд наад зах нь ариун цэврийн байгууламж, хот тохижуулалт, аж үйлдвэр болон уул уурхай, эрчим хүчний үйлдвэрлэл, байгаль орчныг нөхөн сэргээх зэрэгт ашиглаж байна. Зарим өндөр хөгжилтэй оронд хаягдал усыг 99 хувь хүртэл цэвэршүүлээд бараг дахин ундны ус болгож эхэлж байна шүү дээ. Техник, технологийн үсрэнгүй хөгжлийн цаг үеэ ч харсан, байгалийн нөөцийн шавхагдаж буй ирээдүйн дүр зургаа ч харсан хаягдал усыг дахин боловсруулж хэрэглэх нь энэ зууны төдийгүй хүн төрөлхтөний ирээдүйн томоохон зорилтын нэг байх нь тодорхой байна. Энэ чиг хандлагад Монгол Улс нэгдэж, суралцахаас өөр аргагүй. Үүний тулд хаягдал усыг нөөц баялаг болгох хууль эрх зүйн орчноо улам тодорхой болгох, иргэд, аж ахуйн нэгжүүдээ усны зүй зохистой хэрэглээнд хэвшүүлэх ажлыг шинэ түвшинд гаргах, дэлхий дахинд гарч буй шинэ техник, технологийг нэвтрүүлэх зэрэг олон ажлыг хийх зорилт бидний өмнө зохих шийдлээ хүлээж байна.
–Танай “Монгол ус” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай хаягдал ус дахин ашиглах асуудал холбоотой юу?
-Манайх Монгол Улсын Усны тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхийн газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиудад нийцүүлэн Засгийн газрын 2013 оны тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зарим чиг үүргийг гүйцэтгэж яамтай бодлогын хүрээнд хамтран ажилладаг. Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар юм. Энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэхдээ жил бүр томоохон ус ашиглагч аж ахуй нэгж байгууллагуудад ус ашиглуулах дүгнэлтээр дамжуулан үйлдвэрлэлийн хэрэгцээт усныхаа тодорхой хэмжээг эргэлтийн (дахин ашиглах) усаар хангах, ахуйн бохир усыг биологийн нөхөн сэргээлт хийх, ногоон байгууламж, зам талбайн тоосжилт дарах усалгаанд ашиглах даалгавар өгч, биелэлтэнд нь хяналт тавьж ажиллаж байгаа нь хаягдал усыг дахин ашиглахад чиглэгдэж байгаа юм.
-“Ус” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэй газрын улсын төсөвт оруулдаг нэмэр хандив хэр вэ?
-Манай байгууллага улсын болон орон нутгийн төсөвт жилд 35 орчим тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Манай харьяа Усны төв лаборатори Японд үйлдвэрлэсэн, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр усны 50 гаруй төрлийн хими, бактерлоги болон хүнд металлын шинжилгээ хийхээс гадна зөөврийн багажаар цэвэр усны ерөнхий химийн шинжилгээ хийдэг. Цаашид ус ашиглагч аж ахуй нэгжүүдэд тавих хяналтыг мэргэжлийн байгууллагуудын түвшинд сайжруулж, хууль эрх зүйн орчинг тодорхой болгосноор улсын төсөвт оруулах хөрөнгийг хэд дахин нэмэгдүүлэх боломж бий юм. Гэхдээ төрөөс усны салбарын бодлогыг оновчтой болгож хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, мэргэжилтээ боловсон хүчин бэлтгэх, техник технологи нэвтрүүлэх тал дээр бодитой арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин