Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндоржтой ярилцлаа.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад Зөвлөлдөх санал асуулгад оролцох 1570 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож байгаа. Энэ хэр оновчтой вэ. Төрийн бодлого шийдвэрт иргэдийн саналыг тусгах хамгийн боломжит хувилбар гэж үзэж буй ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад мэдээлэл дутмаг иргэдээс илүүтэй судлаач эрдэмтдийн саналыг авах нь зүйд нийцэхгүй биш үү?
-Шинэ юмыг дэмжих хэрэгтэй. Асуухгүйгээр шийддэг, асуусан гэж хуурдаг, асууснаа авч хэрэглэдэггүй байсныг цөөн боловч хүнээс асуудаг болж байгаа нь дэвшил. Нэр зүүлгэхгүйн тулд дөрөв дэх засаглал, иргэд сайн оролцож хянах хэрэгтэй. Ер нь иргэд зүтгэлтэй, санаачилгатай, оролцоотой, хянамгай болоогүй цагт өөр хүмүүс өөрсдийн чинь өмнөөс үргэлж өөр шийдвэр гаргасаар байхыг мартаж болохгүй юм.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа иргэдээс Зөвлөлдөх санал асуулга явуулах гэж байна. Энэ санал асуулгаар яг юуг шийдэх юм?
-Асуулга явуулах сэдвүүдийг харсан. Ихэнх нь зөв, асуух ёстой асуудлууд байна лээ. Гэвч тоон дотор бас үсэг явж л байна лээ. Хамгийн гол нь асуух хүмүүстээ хэн, яаж, зөв мэдээлэл өгснөөс хамаг юм хамаарна. Мэдээллээ буруу өгвөл, улс төрийн өнгө аяс оруулбал буруу шийдэл гарна. Хэн, ямар санал өгсөн нь чухал биш, хэн тоолж гаргах нь их чухал учраас ард түмний нэр барихаас их болгоомжлох, тийм зүйлд хүргэхгүйн тулд олон нийтийн хяналтыг маш сайн хийлгэх хэрэгтэй. Мэдээж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хамгийн гол, макро асуудлуудынхаа ерөнхий чигийг тогтоох байх. Харин түүний дараа түүнийг яаж томьёолох гэдэг нь мэргэжлийн нарийн ажил. Тэр үед салбар салбарын эрдэмтэн, мэргэжилтний оролцоог хангах болов уу.
-Үндсэн хууль бол хэн хүссэн нь гар дүрж оролцоод байх асуудал биш. Эрдэмтэд, судлаачдын няхуур үйл ажиллагаанаас гардаг зүйл. Санал асуулгыг эрдэмтдээ цуглуулж санал бодлыг нь тусгуулж болдоггүй хэрэг үү?
-Уг нь ямар хууль санаачлах нь эрх бүхий этгээдийн эрх. Түүнийг хийх нь мэргэжлийн ажил. Одоо хүн бүр хаа саагүй хууль бичиж, тэр нь батлагдаж байна. Энэ санаа л нэвт яваад байна. Яваандаа мэргэжлийн хүн хийдэг мэргэжлийн ажил болно биз дээ. Би дээр хэлсэн. Эхлээд юу өөрчлөх ерөнхий чигээ тохироод, яг бичих дээрээ тулахад олон асуудал үүснэ. Тэр үед эрдэмтэн, мэргэжилтэн хүссэн хүсээгүй хэрэгтэй болно. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийг яаруу сандруу хийж, алдаа гаргавал хийсэн улс төрийн хүчин хэсэгтээ өндийхгүй тул их нухацтай хандах биз ээ.
-Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн дүгнэж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд зөвлөмж хүргүүлнэ. Төрийн байгуулалтын байнгын хороо иргэдийн саналыг нарийвчлан хэлэлцэнэ гэж байгаа. Иргэдийн санал зөвлөмж бол нэг талаар мэдээлэл муутай, сэтгэл хөөрөлд автсан байх талтай байдаг. Эндээс гарсан зөвлөмжийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хэдэн хүн авч хэлэлцэх нь хэр үр дүнтэй юм бол?
-Тийм учраас тэдгээр иргэд хэр зэрэг зөв мэдээлэл авснаас бүх зүйл хамаарна. Төрийн байгуулалтын байнгын хороо иргэдийн саналыг өөрчлөхгүй нь мэдээж. Цаашид хэлэлцэх ажлаа явуулахын тулд албажуулах, зохион байгуулалтын ажлаа хийх ёстой байх. Та нар төрийн байгуулалтын байнгын хороог л иргэдийн санаа бодлыг өөрчилнө гэж хардаад байна даа. Тийм зүйл болохгүй байх аа.
-Хуульд зааснаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болбол ямар байдлаар, юуг өөрчилж болно болохгүй гэж тусгасан байдаг вэ?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд 20 орчим зүйл, заалтад өөрчлөлт оруулахыг хориглосон байгаа. Жишээ нь, шүүхтэй холбоотой Үндсэн хуулийн 47 болон 49 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж болохгүй гэх мэт байна.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа гадны ямар сайн туршлагыг хэрэгжүүлэх нь оновчтой гэж та судлаач хүний хувьд хэлэх вэ?
-Үндсэн хууль өөрөө нийгмийн дээд гэрээ учраас нийгмийн зөвшилцлийг хангаж байж өөрчлөлт оруулах ёстой. Тэгэхгүй бол бөөн асуудал үүснэ. Олон улсын чиг хандлага гэвэл Үндсэн хуулийг ард түмний өмч гэж үздэг учраас ард түмнээр өргөн хэлэлцүүлэх, тэдний оролцоог дээд зэргээр хангах, ард түмний зохион байгуулах их хурлаар батлах зэрэг жишиг бий. УИХ-ын 65 гишүүн нэг улс төрийн намаас бүрдсэн үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа нь маш хариуцлага, бас өндөр эрсдэл. Сайн хийвэл ард түмний сэтгэлд үлдэнэ. Муу хийвэл 2020 онд хэцүүднэ. Хувь хүмүүсийн дур зоргыг хязгаарлаж, хичээнэ гэдэгт би итгэж байгаа.
-Одоо Үндсэн хуульд ямар өөрчлөлтийг оруулах гэж байгаа вэ?
-Асуулгын сэдвээс харахад ихэнх асуудал туссан шиг байна. Одоогийн нэмэлт,өөрчлөлтийн гадна олон чухал асуудал үлдэж байгаа шүү. Гэхдээ энэ асуулгын нэг сэдвийн цаана маш олон зүйл заалт хөндөгдөнө. Ерөнхийлөгчийн хэсэг бүхэлдээ өөрчлөгдөх нь. УИХ томилгоо хийхээ болих юм шиг байна. Азийн орнуудад байдаг дөрөв, тав дахь эрх мэдлийг нэвтрүүлэх гэж байгаа юм шиг байна. Энэ талын судалгаа, туршилт манайд байхгүй. Тийм учраас тэдгээрийг хэм хэмжээ болгон суулгахад маш хэцүү. Гадны юмыг шууд хуулаад авбал түмэн асуудал дагуулна. Засаглалын хямралд хүрэх аюултай. Тийм учраас сайн судлах хэрэгтэй. Нэг хэмжээд долоо огтлох бус, долоо хэмжиж нэг огтлоосой.
-УИХ өөрийнхөө гар хөлийг өөрөө хумих тухай асуудал учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ хийх нь зохимжгүй гэдэгтэй санал нэгтэй байдаг тухайгаа нэгэнтээ та хэлсэн байдаг. Энэ талаар хэлэх зүйл юу байна?
-Би зохион байгуулах их хурлаар нэмэлт өөрчлөлтөө хийвэл дээр бус уу л гэсэн юм. Гэтэл Үндсэн хуульд УИХ-ыг хийнэ гэсэн заалт байгаа учраас энэ чинь бололцоогүй гэж зарим хүн надад хэлсэн. Тэр үнэн л дээ. Би хариуд нь юу хэлж байгаа вэ гэхээр УИХ эрсдэлийг тооцож, Үндсэн хууль ард түмний өмч, нийгмийн дээд гэрээ гэж үзэж, эрхээ зохион байгуулах Их хуралд хууль гарган шилжүүлж болох юмаа л гэж хэлж байгаа юм. Энэ бол нэг талдаа намдаа эрсдэл бага юм.
-Үндсэн хуульд хамгийн түрүүнд юуг өөрчлөх ёстой вэ?
-Хамгийн түрүүнд хууль тогтоох гүйцэтгэх эрх мэдлийн хооронд хяналт, тэнцвэр тогтоож, Ерөнхийлөгчийн институтыг төрийн тогтолцоонд оруулж, УИХ-ын томилгоо хийдэг эрхийг хязгаарлах нь чухал. Эдгээрийн ихэнх нь тусах юм шиг байна. Үүнээс гадна үе үеийн УИХ нэг ойлгодог, Үндсэн хуулийн Цэц нь нэг өөрөөр ойлгодог олон асуудал бий. Тэдгээрийг шийдэх ёстой. Жишээ нь, Үндсэн хуулийн 48.1-д “аймгийн шүүх” гэсэн ойлголтыг УИХ давж заалдах шатны шүүх гэж ойлгодог. Тэгж үзээд хуулиа баталдаг. Гэтэл Цэц “аймгийн” гэдэг үгийг засаг захиргааны нэгжээр шүүхийг байгуулах гэсэн утгаар ойлгоод аймагт аймгийн шүүх байгуулна гэсэн утгаар шийдвэр гаргасан. Гэхдээ шийдвэрт 48.1-ийг огт тайлбарлаагүй. Үүнээс болж асар их зардал чирэгдэл, үргүй зардал гарсан. Шүүх бараг гурван жил ийш тийш нүүсэн. Одоо аймгийн шүүхүүдийг бүрэлдэхүүнтэй болгох гэхээр ачаалал хэт бага, зардал нэмэгдэх гээд бөөн зовлон үүсчихээд л байх жишээтэй.Тэгэхээр эдийн засагт хор хөнөөл учруулахаар хууль тайлбарлаж болохгүй гэж зарим улсын Үндсэн хуульд бичсэнийг авмаар байгаа юм.
-Одоогийн Үндсэн хуульд Ерөнхийлөгч төрийн эрх мэдлийн аль ч салаанд хамаардаггүй, төрийн эрх мэдлийн тогтолцооны гадна байдаг гэдэг. Энэ талаар юу хэлэх вэ?
-Энэ үнэн. Одоогийн нэмэлт өөрчлөлтөөр засагдана.
-Парламентын улстай байх нь манай хөгжлийн өнөөгийн түвшинд хамгийн зохистой гэж хэлж болох уу. Одоо орж буй Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын эрх мэдэл бүр ихэсч байгаа гэдэг үнэн үү?
-Яг ний нуугүй хэлэхэд миний өөрийн судалсан үндэслэлээс харвал хамгийн зохистой нь биш. Парламентын улс чинь хэд хэдэн тусгай нөхцөл шаарддаг. Тэр нөхцөл нь Монголд байгаа юу гэсэн асуулт үүсдэг. Парламентын улс чинь олон намын хүчтэй, тогтвортой тогтолцоо шаарддаг. Гэтэл олон намтай байх олон намын тогтолцоотой байх нь өөр өөр асуудал. Үнэндээ Монголд чинь ганц, хоёрхон л нам байгаа юм биш үү. Яагаад олон намыг шаардаад байна вэ гэхээр олон нийт нь олон намд тогтвортой хуваагдчихсан байдаг учраас тэдгээрийн төлөөллийг парламентад оруулж, түүгээр дамжуулж засаг төрөө байгуулахгүй бол төр хүлээн зөвшөөрөгдөхгүй байдалд хүрдэг. Нөгөө талаас нам дангаар итгэл үүрч, хариуцлага хүлээдэг. Манайд нам төлөвшөөгүй учраас хувь хүмүүс тойргоос сонгогдож, тойргийнхоо төлөө, дахин сонгогдохын төлөө хамаг хүчээ хаяж, хүч хөрөнгөө тарамдуулж нөөцийн хомсдолд ордог. Тойрог төлөөлөхгүй байх нөхцөл ч алга, соёл ч алга учраас бидний олон зовлон энд байж мэднэ. Одоо нэгэнт сонгосон болохоор байхгүйгээ, юугаар, яаж нөхөх вэ гэдгээ тооцож, Монголын онцлогтой парламентын улсын загварыг бид бүтээх л болоод байна.
-Та Үндсэн хуулийн эдийн засгийн асуудлаар илтгэл хэлэлцүүлж байсан. Үүнийг Үндсэн хуульдаа тусгах шаардлага, үндэслэл юу вэ?
-Энэ асуудал ус, агаар шиг чухал байгаа. Гэтэл одоогийн хэлэлцүүлэх сэдэв дотор алга байна лээ. Энэ асуудлыг судалсан мэддэг хүн их цөөн байна. Шийдвэр гаргагчдын дур зоргыг хязгаарлах тухай онол гэж хэлж болно. Жишээ нь, манай улс жилд байхгүй мөнгийг төсөвлөж, зардлаа нэмж, алдагдалтай төсөв баталж, түүнийгээ нөхөхийн тулд өр тавьсаар ирсэн. Энэ бол засаг төрийн гаргаж байгаа нэг шийдвэр мөн. Хэлбэр нь Төсвийн тухай хууль. Гэтэл Үндсэн хуульд ХБНГУ шиг “Улсын төсвийн орлого, зарлага тэнцвэртэй байна” гэсэн заалт байвал олсон мөнгөнийхөө хэмжээнд л зарах, тийм төсөв батлах тухай яригдана. Гэтэл одоо яаж байгаа билээ гэдгийг бодох хэрэгтэй. Гэхдээ үүнийг ойрын үед бараг хийж чадахгүй болов уу даа.
-Үндсэн хуулийн нэг бүлэг шүүх эрх мэдэлд зориулагддаг. Тиймээс шүүх засаглалын хүрээнд хийх ёстой Үндсэн хуулийн өөрчлөлт орж байгаа юу?
-Шүүхийн хараат бус байдлын баталгааг хангах нарийвчилсан зохицуулалтыг процессжуулан зохицуулах хэрэгтэй. Жишээ нь, одоо байгаа хэт ерөнхий зохицуулалтуудыг нарийвчилж, амьдруулах шаардлагатай. Жишээ нь, “шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэж байгаа. Хангасан уу, шалгуур нь юу вэ гэх асуулт үүснэ. Үнэндээ хангагдаагүй байгаа. Үүний оронд шүүхийн эдийн засгийн үндэс болсон төсвийн бие даасан байдлыг яаж хангах хамгаалах асуудлыг зохицуулж болно.
Б.ДОЛЗОДМАА
Эх сурвалж: Өдрийн сонин