Баянгол дүүргийн VII хорооны иргэн Я.Цэцэгдарьтай ярилцлаа. Аав нь хэлмэгдсэнээс үүдэж цагдаа, шүүхийн байгууллагын нэр сонсохоос жийрхдэг байсан тэднийхэн шүүхийн шинэтгэлийг биеэр мэдэрч, бодлоо өөрчилснөө ярьсан юм.
-Та өөрийгөө товч танилцуулаач?
-Би өндөр насны тэтгэвэрт байдаг. Өөрийгөө танилцуулахын оронд аавынхаа тухай яривал сонирхолтой болов уу. Би аавынхаа хэнз, ганц охин нь. Тавь шүргэж байхад нь би төрсөн хэрэг. Аав минь социализмын үед бүтэн сайн өдөр зуслангаасаа өвсний шүүр, боролзгоно түүдэг байлаа. Өвсөөрөө хогийн шүүр, боролзогоноороо тогооны угаагуур хийгээд арав, гурван төгрөгөөр зардаг хүн байлаа. Аав минь “Баян хүн гурван төрд нүүртэй байдаг юм. Кассандаа мөнгөтэй байх ёстой” гэж ярьдаг. Хөөрхий, ганц охиндоо хуримтлал үүсгэх гэж ганц амардаг өдрөө өвс, боролзгоно түүдэг байж билээ.
-Хийсэн шүүрээ хаана зарах уу?
-Ажлын өдрүүдэд орой шүүрээ хийнэ. Тэгэхээр зургаан өдөр зургаан хогийн шүүр, мөн тийм тооны угаагуур хийчихнэ. Түүнийгээ “Дэнжийн 1000”-ын зах дээр зараад олсон мөнгөө охиныхоо кассанд хийнэ. Аав минь касс гэж хэлж чаддаггүй “Охиныхоо хаасанд мөнгөө хийчихлээ” гэж ярьдаг байсан нь өнөө хүртэл мартагддагүй юм.
Тэр үед зах дээр юм зардаг хүмүүсийг дамчин, шулаачин гээд үздэггүй байлаа. Аавыг минь ч тийм байдлаар гоочилж шүүхэд матчихдаг байлаа. Түүнээс болж мөнчиг олон удаа хэлмэгдэж, шүүхэд очсон доо.
-Амралтын өдөр бараа зарах нь “гэмт хэрэг” гэж матдаг байсан гэж үү?
-Тэг тийм үе байлаа. Хөөрхий аав минь ядраад ганхчихсан шүүхээс ирдэг байж. Тэгж байгаад намаасаа хөөгдсөн. “32 жил явсан намдаа гомдохгүй ээ” гээд уйлж байсан нь санаанаас гардаггүй юм. Түүнээс хойш аав минь “За, миний охин цагдаа, шүүхийн байгууллагаас л хол яваарай” гэж аминчлан захьдаг болсон. Аав минь охиноо шударга хүн болгож өсгөсөн. Хоёр хүн маргалдахад очоод салгачихдаг байлаа. Тэгтэл аав шүүхэд дуудагдсанаасаа хойш “Огт битгий хүний хэрэгт оролц. Холуур яв. Чамайг орооно” гэдэг болсон. Тэгтлээ хаширсан хэрэг.
-Аавынхаа захиснаар амьдарсан уу?
-Олон жил тийм явсан. Хууль ч, шүүх ч надаас манайхнаас тусдаа байсан. Хүүхдүүдээ “Ээ дээ, хоёр хүн маргалдаж байгааг харвал битгий оч. Цагдаагаас л хол яв” гэдэг байлаа. Намайг арван хэдэн настай байхад аав минь цагдаа, шүүхэд дуудагдсан. Түүнээс хойш 30 жил манайхан хуулийн байгууллагаас зайгаа барьсан. Мөрөөрөө л явбал болоо гэж боддог байлаа. Адгийн зарга арав хоног гэдэгт бүр бат итгэчихсэн. Амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол гэж хүүхдүүдээ ятгана.
-Энэ үзэл чинь хэзээнээс өөрчлөгдөв?
-Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч хуулийн мэдээлэл төдийлөн гардаггүй байлаа. Тэгж байтал 2009 оноос Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүхийн шинэтгэл эхэлнэ, өөрчилнө гэж яриад эхэллээ. Нөхөр бид хоёр ОХУ-д дээд сургууль төгссөн. Хүний яриа хөөрөө тунгаахтайгаа хүмүүс. Юу болохнов гээд чагнадаг, анхаардаг байлаа. Миний аавыг хэлмэгдүүлж байсан цагдаа, шүүхийг яаж өөрчлөх нь вэ гээд хүлээгээд байгаа хэрэг. “Шүүхийн шинэтгэл” гэдэг үг өөрийн эрхгүй татсан. Сайд асан Х.Тэмүүжиний ярьж байгааг сонсдог боллоо. Өмнө нь ярьшигтай санагддаг байсан хуулийн талаар ч ойлгож эхэлсэн. Хүүхдүүдтэйгээ хуулийн талаар ярилцдаг болж, шүүхийн шинэтгэлийн талаарх хэлэлцүүлгийг анхаардаг болж байгаа юм.
-Шүүхээр үйлчлүүлэх хэрэг гарсан уу?
-Хууль хүний амьдралд их хэрэг болдог юм билээ. Хүүхдүүдээ хол бай гэдэг байсан хүн хамтдаа уншдаг, судалдаг болсон. Би 2015 онд тэтгэвэртээ гарсан. Аравдугаар ангиа төгсчихөөд СОТ-2 гэдэг байгууллагад нэг жил ажиллаад их сургуульд сурахаар явсан. Тэтгэвэрт гарахдаа тэр нэг жилээ тогтоолгож чадаагүй. Охин минь нийгмийн даатгалыг нөхөн тооцдог болсон байна. Та тэр нэг жилээ нөхүүлчих гэж ятгадаг боллоо. Би шүүхэд хандахаас болгоомжлоод байсан нь аавын үгнээс үүдэлтэй.
Тэгтэл охин минь ятгаад болдоггүй.
-Ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд очив уу?
-Би бас хэдэн жил хувиараа ажил хийсэн. Тэр хугацааныхаа нийгмийн даатгалыг нөхөж төлбөл ажилласан жилд тооцох юм байна гэдгийг охин маань бас хэлээд болдоггүй. Тэгээд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд очлоо.
-Шүүхээр үйлчлүүлэхэд танд түвэгтэй байсан уу?
-Огт үгүй. Өнгөрсөн жил байрыг нь заалгаж аваад очтол мэдээлэл лавлагааны ажилтан бүгдийг заагаад өгчихдөг юм билээ. Намайг хоёр гэрч олоод ирээрэй гэсэн. Шүүхээр үйлчлүүлж үзээгүй над шиг хүмүүс өмнөх төсөөллөөрөө ярьдаг байж магадгүй. Шүүхийн шинэтгэл эхэлснээс хойш огт өөр болсныг биеэрээ мэдэрсэн хүмүүсийн нэг би. Хамт ажиллаж байсан хоёр хүнээрээ мэдүүлэг бичүүлээд шүүхэд очиход л шүүх хуралдаанд оруулсан. Шүүгч Азбаяр гэдэг хүн байсан санагдаж байна. Хагас өдрийн л ажил болсон. Адгийн зарга арав хоног гэдэг үг ард хоцорсон байна. Ажилласан жилийг минь шүүх тогтоож өгснөөр тэтгэвэр нэмэгдлээ. Хэрвээ шүүхийн шинэтгэл эхлээгүй, мэдээлэл нь ил тод болоогүй бол бид шүүхээс айсаар, хойш суусаар байх байсан болов уу. Тэтгэврийнхээ мөнгийг ч нэмүүлж чадахгүй.
Төрийн байгууллага хүнд сурталтай гэж боддог байсан бодол ч өөрчлөгдсөн.
-Одоо шүүхээс айдаггүй болжээ, янз нь.
-Тэгэлгүй яах вэ. Дараа нь шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдлоо гэхэд нь дуртайяа очсон. Төрийн сүлдэндээ тангараг өргөөд шүүх хуралдаанд оролцсондоо өөрөөрөө бахархсан. Ааваасаа хойш шүүхээс зугатаж байсан хүн төрийн ажилд оролцсондоо баярласан. Сэтгэл уужрах шиг болж билээ. Хажуу айл маргалдахад цагдаа дуудах зоригтой болсон гээд шүүхийн шинэтгэл миний амьдралд олон эерэг өөрчлөлтийг авчирсан.
ШЕЗ