Обама Сирид довтолбол Нобелийн шагнал хүртэхгүй
Сирид дайн зарлаж, энх тайвныг тогтоох эрмэлзэлдээ бүрэн автсан АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама хайр татам, тайван нэгэн байхаа болив. Түүнийг зэмлэгсэд ч эрс олширч байна. АНУ-ын түүхэн дэх цор ганц дайн хийгээгүй ерөнхийлөгч хэмээн хүндлэгдэж байсан тэрбээр химийн мөргөлдөөнд татагдан оролцоод буй гэх Сирид цэргийн хүч оруулахаар бэлтгэлээ базааж дууслаа.
“Глобал таймс” сонинд бичсэнээр хэрэв Обама ирэх дөрвөн жилд энх тайвныг эрхэмлэсэн хэвээр байсан бол Нобелийн шагналын эзэн болох байжээ. Тэр ч байтугай Обамаг 2009 онд Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн ч өөрөө “Авах цаг нь болоогүй” хэмээгээд нэр төртэй уг шагналаас татгалзсан байдаг. Түүнийг нам нь “Олон улсын дипломат харилцааг эрхэмлэхийн сацуу улс орнуудад зохих түвшинд найрсаг харилцаа төрүүлж чадсан удирдагч” хэмээн тодорхойлж өгсөн түүхтэй. Гэтэл одоо Ардчилсан намын сенатууд энэ үгнээсээ болж хэвлэлийн бай болжээ. Нэгэн цагт Жорж Буш Иракийн хилийг цэргийн хүчээр давж байсан нь түүнийг АНУ-ын цус асгаруулсан ерөнхийлөгчдийн нэгд зүй ёсоор эрэмбэлсэн юм. Харин Бушийн цуст халааг Обама залгамжлахад хэдхэн хоног үлдлээ. Обама ерөнхийлөгчийн суудалд нэр дэвшихдээ “Дэлхийд энх тайван тогтоохын тулд цэргийн хүч шаардлагагүй” хэмээн итгэл төгс мэдэгдэж байв. Гэвч түүнийг хэлсэн үгнээсээ ийм хялбархан буцаж буйд ард иргэд дурамжхан байна.
ОХУ-ын сөрөг пи ар идэвхжив
АНУ Сирид цөмрөн орох асуудалд ОХУ дурамжхан байгаа. Хойд хөршийн эрх баригчид Ойрх Дорнодод зэвсэглэн тэмцэх нь хямралыг цэгцлэхгүй гэж хэдэнтээ мэдэгдсэн ч Обамагийн хүчин зүтгэл Конгрессийн танхимд ялалт байгуулах нь эргэлзээгүй болжээ. Гэхдээ Москва энхийн цагаан тагтаа биш. Тэд ч ашиг хардаг. Афганистан, Гүрж, Дагестанд дайран орсон оросууд одоо ч автономит бодлого хэрэгжүүлэхээр улайрдаг. Харин Сирийг тэд АНУ-ын талд алдаж байгаа нь нэгэнт тодорхой болж байгаа тул Обамагийн эсрэг өдөр, шөнөгүй хар пи ар цацаж, хоёр орны харилцааг бага багаар түлхэх болжээ.
Сирид бактерлогийн дайн өрнөж буйг хэрхэн батлав
Нобелийн шагналыг өөрөөсөө түлхсэн Обама юуны учир Сирийг бөмбөгдөх шийдвэрт хүрсэн бэ. Түүнийг, АНУ-ын эрх баригчдыг цочирдуулсан гэх бактерлогийн дайн Сирид хэзээнээс өрнөсөн юм бол. Энэ асуултад ОХУ-ын Төрийн Думын олон улсын шинжээч Алексей Пушков ийн хариуллаа. Тэрбээр “Нобелийн шагналгүй хоцорсон Обамад хэзээ дайтах санаа төрсөн нь сонирхолтой. Сирид химийн дайн болж байгаа талаар баримт цугларсан гэж Обама хэлсэн. Түүнийг нь Франц, Германы шинжээчид Сирид очиж баталсан гэж байгаа юм. Гэвч тэдний аюулгүй байдлыг хангах тал дээр босогчид ажилласан уу, эсвэл Америктай хэл амаа ололцдоггүй Башар Асадын тал хичээв үү гэдэг нь сонирхолтой. Түүгээр барахгүй Сирид 2000 орчим хүн бактерлогийн хорт хийнд амиа алдсан гэж мэдэгдээд байгаа. Мэдээж АНУ хэтэрхий яаран шийдвэрт хүрсэн нь эндээс харагдаж байна. Тэд бактерлогийн хорт хийнд амиа алдсан иргэдийн гэрэл зураг, видео дүрс бичлэгийг дэлхий нийтэд цацаж, бактерлогийн ямар хорт хий Сирид хэрэглэгдэж байгааг баталсан дээжийг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид илгээх ёстой. Энэ мэт жижиг сажиг эргэлзээтэй зүйлүүд бий” гэжээ.
Үнэхээр ч тийм. Хэрэв АНУ Сирид цөмрөн орохоор шийдсэн бол бактерлогийн зэвсэглэлийн хор заналхийлж буй бүс нутагт яаран цохилт өгөх ёстой. Эсвэл тус бүс нутгийг зарлаж, ард иргэдэд нь анхааруулж болох байсан. Гэтэл Дамаск, Алеппо зэрэг хотуудын аль нэг дүүрэгт химийн зэвсэг буй хэмээн тойруулсан утгатай мэдээлэл хийж байгаа нь АНУ-ыг ашиг сонирхолд хөтлөгдсөн дайны хөзөр дэлгэв үү гэж олон улсын тавцанд илчлэх мэт сэтгэгдэл төрүүлж байна.