С.Бямбацогт концессын гэрээгээ тэврээд Ерөнхий сайд болох уу?

Хэрвээ Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон тохиолдолд 60 тэрбумын бүлэглэлээс дараагийн Ерөнхий сайдад зүтгүүлэх хүнээр С.Бямбацогт нэрлэгдээд буй. Өөрөө ч Ерөнхий сайд болох маш их сонирхолтой, нэг ёсондоо одооноос өөрийгөө сойж, бэлтгэж эхэлсэн байна. Гэвч С.Бямбацогтын хувьд энэ сэрүүн зүүднээсээ сэрэх ёстой. Түүнд Засгийн газар тэргүүлэх улс төрийн туршлага байлаа ч улс орны засаглалыг хэрэгжүүлэх ёс зүй, сэтгэл, этик байхгүй гэдгээ концессын гэрээг хувьдаа завчуулсан үйлдлээс нь танигдсан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд атлаа хуулийг уландаа гишгэж, Засгийн газрын бусад гишүүнтэйгээ хамсан хуйвалдах замаар төрөө худалдаж идсэн гэсэн үг. Яригдаад буй концессын гэрээ гэгчийн хор хохирлыг уншигчид төдийлөн ухахгүй байж мэднэ. Дараа төлөх нөхцөлтэй Засгийн газрын худалдан авалт гэж орчуулж болох энэхүү гэрээний ард тун чиг хорлонтой хуйвалдаан нуугдаж байдаг.

Аливаа ажил гүйцэтгэлийг эхлээд өөрийн хөрөнгөөрөө хийгээд, дараа нь тэрхүү мөнгөө төсвөөс нөхөж гаргуулах тохиролцоог хэлж байгаа юм. Гэхдээ зүгээр ч нэг нөхөж авахгүй, хүү тооцож авна. Засгийн газартаа хүүтэйгээр мөнгө зээлүүлж байгаа гэж ойлгож болох хэдий ч энэхүү концесс гээч нь 10 саяар хийх ажлыг 100 саяар хийнэ гэж тендерт хожихыг хэлж буй юм. Концессын гэрээний ажлаас хамгийн багадаа 30 хувийн цэвэр ашиг үлддэг гэсэн яриа бий. Өөрөөр хэлбэл, төрийн ажлыг 30 дахин өндөр үнээр хийж өгнө. Ингээд удаан хийх тусмаа ашигтай. Учир нь цаг хугацаа өнгөрөх бүр хүү өсч, төсвөөс авах мөнгөний тоо нэмэгдэнэ.

Зүй нь төрийн ажлыг хэмнэлттэй өртгөөр хурдан шуурхай хийж гүйцэтгэвэл нэн сайн байлтай. Ингэхийн тулд төр засаг, хууль ёс байдаг баймаар. Гэтэл үүнийг хэрэгжүүлэх учиртай Засгийн газар нь, сайдууд нь өөрсдөө үүнийгээ зөрчиж, эрх мэдлээ ашиглаж төрийн ажлаас ашиг олж суугаа нь ямар гутамшигтай вэ.

Ерөнхий сайдад өөрийгөө тохирно гэж сэрүүн зүүдэлж буй С.Бямбацогт гэхэд л 78 тэрбум төгрөгийн концессын гэрээг өөрийн “Алтай трест” компанийн нэр дээр байгуулчихсан тууж яваа. “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн хүрээнд 77 тэрбум 695 сая төгрөгийн концессын гэрээг Засгийн газрын тогтоолоор баталгаажуулжээ. Гэтэл энэхүү ажлыг үүнээс ч бага үнээр хийж гүйцэтгэх саналыг өгсөн хоёр компани хасагдаж, харин Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Алтай трест” компани ялагч болж тодорсон байх юм. Ийм жишээ Ж.Эрдэнэбатын Засгийн газрын бусад долоон сайдад яг адил давтагджээ. Тэд энэхүү концессын гэрээ гэгч луйвраа УИХ-д ч мэдэгдэлгүйгээр хийсэн байх юм. Нийт 744 тэрбум 90 сая төгрөгийг тэд зөвхөн өөрсдөдөө ашигтайгаар баталж, төрийг хувийн бизнесээ болгож хувиргачихаад байгаа нь бодит баримт билээ.

Ийм увайгүй засаг өнөөдөр Монголын төрийн толгойд зайдалчихаад байна. Гэтэл үүнээс салъя гэтэл дараагийн засгийн тэргүүнд санаархаж буй хүн нь бас л энэ системийнхээ эд эс нь байж таарч байна. Ж.Эрдэнэбатыг С.Бямбацогтоор л солихыг тэдний бүлэглэл хүсч байна. Ингэснээр энэ луйврын систем, мөнгөний тогтолцоогоо хадгалж үлдэнэ гэж тооцжээ.

С.Бямбацогт өөрийн компанийн нэрээр авсан концессын гэрээнээсээ татгалзаж, тендерийг буцаасан тохиолдолд магадгүй түүнд улс төрийн нэмэх оноо ирж мэдэх юм. Гагцхүү түүнд ийм ёс зүй, ийм хоншоор байгаа эсэх нь эргэлзээтэй. Бусдаар бол хууль ёсыг хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавих үүрэгтэй төрийн сайд хүн улс оронд үүсээд буй хүндрэлийг ашиглан, хувийнхаа бизнесийг хөлжүүлэхээ бодож суугаа нь хэнд ч таалагдахгүй нь лавтай. Өнгөрсөн хугацаанд шударга улстөрчийн имиж бүрдүүлэх гэж С.Бямбацогт гишүүн ихэд хичээснийг ард түмэн мэднэ. АН эрх барьж байх үед цөөнх болсон МАН-ын бүлгийн дарга байхдаа төр засгийн алдаатай бодлого, төсвийн мөнгийг үр ашиггүй хийгээд хувьдаа завшиж зувчуулж буй үйлдлүүдтэй ихэд сүрхий тэмцэж, эсэргүүцэж байсныг нь ч санаж байна. Гэтэл одоо эрх мэдлийн хяр давмагцаа хэлж ярьж байснаа мартаж, ёс зүйгээ уландаа гишгэлж буйг харах гунигтай аж. С.Бямбацогтод хоёр л зам бий. Эхнийх нь хувийнхаа компанийн нэрээр байгуулсан концессын гэрээнээсээ татгалзаж, бас ч гэж шударгын талд гарч зогсох жудаг үлдсэн гэдгээ харуулах. Гэвч энэ замаар явахад улс төрийн эр зориг хэрэгтэй. Харин удаах зам бол шударга бус бүхэнтэйгээ цааш муйхарлан явсаар Засгийн газартайгаа хамт хад мөргөж унах. Энэ зам эрсдэлтэй боловч С.Бямбацогт мэтэд эцсээ хүртэл хүлхэх нэн их хөрөнгө, эд мөнгө авчрах шунал татсан зам билээ.

Б.Хурцболд

Эх сурвалж:news.zindaa.mn

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …