Н.Орчлон: Үнэртэй усанд дурлагсад маань дөрвөн жилийн дотор зуун мянгуулаа болсон

Фейсбүүк дахь “Үнэртэй усанд дурлагсдын клуб”-ыг үүсгэн байгуулагч, Голландын Гааг хотод Олон улсын эрүүгийн шүүхэд 12 жил өмгөөлөгчөөр ажиллаж буй Н.Орчлонг “Өглөөний зочин” ярилцлагын буландаа урилаа.

-Өглөөний мэнд, Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Таныг манай клубынхэн / Үнэртэй усанд дурлагсдын клуб”/ өвөө гэж хочилдог юм билээ. Энэ ямар учиртай хоч вэ?

– Өвөө гэж дуудуулах эх сууриа би өөрөө тавьчихсан л даа. Үнэртэй усны талаар олон зөвлөгөө бичдэг байсан юм. Үнэртнийг яаж хэрэглэх, үнэртнийг шошгыг хэрхэн ойлгох гэх мэтээр зөвлөгөө оруулдаг юм. Ингэхдээ арай өөр хошин аясаар “За хүүхдүүдээ сууж байгаарай, өвөө нь гоё юм ярьж өгье” гээд л Монгол ардын үлгэр ярьж байгаа шиг зөвлөгөөгөө оруулдаг юм. Тэр үеэс хойш “өвөө” гэж дуудуулдаг болсон доо. Түүнээс би өвөө биш л дээ. /инээв/

-Клубынхээ гишүүдэд үнэртэн тарааж байх гэж байгаа тухай дууллаа. Өвөө нэрэн дээрээ Санта хоч авах вий дээ?

– Группийнхээ гишүүдэд үнэртэй ус тарааж байгаа нь анхны тохиолдол биш л дээ. Би хүнд үнэртэн бэлэглэх маш дуртай. Өнгөрсөн зунаас эхэлж группынхаа гишүүдэд үнэртэн бэлэглэж эхэлсэн. Одоогийн байдлаар би 700-аад хүнд үнэртэн бэлэглэсэн байна. Гэхдээ өөрөө үнэртэй усаа савлаад тарааж байгаа, зарим гишүүддээ бүтэн савтай ус ч бэлэглэж байсан удаатай. Би ирэх зун амралтаараа ирэхдээ дахин группийнхээ гишүүдэд болон гудамжаар явж байгаа хүмүүст үнэртэн бэлэглэх ажил зохион байгуулна гэж төлөвлөсөн.

– “Үнэртэй усанд дурлагсдын клуб” байгуулагдаад 4 жил болсон байна. Маш олон гишүүнтэй болсон байна. Ойн баяр хийх төлөвлөгөө байна уу?

– Клубын маань ойн баяр энэ сарын 26-нд болно. Би ойн баяртаа зочны хувиар оролцож байгаа. Учир нь дөрвөн жилийн өмнө байгуулаад тасралтгүй авч явж байгаад өнгөрсөн зунаас эхлээд хамт ажиллаж байсан админууддаа эрхээ шилжүүлж өгсөн. Миний хувьд энэ группэд өөрийнхөө хангалттай цаг завыг зориулсан. Одоо өөр залуусын, шинэлэг уур амьсгал хэрэгтэй биз дээ. Гэхдээ гишүүнийхээ хувиар, үнэртэнд дурлагчийнхаа хувиар үргэлж үйл ажиллагааг нь дэмжиж оролцоно. Энэ ч утгаараа ойн баяртаа зочноор оролцож байна. Сайхан арга хэмжээ болно гэдэгт итгэж байна.

“Үнэртэнд дурлахын тулд бусдаас асуухын оронд өөрөө мэдлэгтэй болж, бусдад түүнийгээ хуваалцах хэрэгтэй.”

-Яагаад үнэртэнд дурлагсдыг нэг дор цуглуулах, ийм нэртэй клуб байгуулахаар болсон бэ?

-Би анх англи хэл дээр байдаг олон улсын группэд гишүүн байсан юм. Тэгээд нэг өдөр “яагаад Монголдоо үнэртэй усанд дурлагсдын групп байгуулж болохгүй юм бэ” гэж бодогдоод байгуулсан. Олон улсын үнэртэй ус сонирхогчдын групп 5000-6000 гишүүнтэй байсан. Би анх группээ байгуулж байх үед “за 2000 гишүүнтэй болчихвол болно доо” гэсэн зорилготой байсан. Тэгсэн 4 жилийн дотор 100 гаруй мянган гишүүнтэй болсон байна. Тэгэхээр Монголчууд үнэртний соёлтой, үнэртэнд ямар их дуртай вэ гэдэг нь эндээс харагдаж байгаа биз.

-Ингэхэд та хэдийнээс үнэртэнд дурлах болов?

-Багадаа үнэртэй ус түрхэх дуртай байлаа. Гэхдээ сүүлийн найман жилд үнэртэй усны талаар илүү нарийн судалж, үнэртэнд дурлагсадтай уулзах болсон. Сонирхолтой шүү.

-Үнэртэй усыг сайн, муу гэж хэрхэн ялгах вэ. Ихэнх хүмүүс үнэрээ удаан барьдаг ус авахыг хүсдэг. Гэвч энэ чанартай сайн ус байж чадах уу?

-Үнэр барих чадвар ус болгонд өөр өөр байдаг. Тухайн үнэртэй усанд орсон найрлагаас шалтгаална. Үнэрээ удаан барьдаг ус болгон сайн чанарын гэж бодож болохгүй. Хүмүүс үнэрээ удаан барьдаг л бол сайн гэсэн ойлголттой байдаг. Гэтэл үнэртэй ус таныг илэрхийлж буй үнэр гээд ойлгох хэрэгтэй. Үнэртэй усаа ажиллаж буй орчиндоо зохицуулж сонгох хэрэгтэй. Ер нь үнэртэй ус хоёроос, гурван цаг л үнэрээ барих нь л зөв.

-Тэгэхээр байнга сайхан үнэртэй байхын тулд ус сэргээж түрхэх ёстой гэсэн үг үү?

-Би жишээ нь өдөрт дээд тал нь гурваас дөрвөн удаа үнэртээ усаа сэргээдэг. Гэртээ байхдаа ч үнэртэн түрхдэг гэж ойлгож болно. Бас орой унтахынхаа үед ч үнэртэн түрхдэг болчихсон. Сайн нойр авахад сайхан үнэр тус болно шүү дээ.

-Салшгүй сайхан үнэр гэж байдаг байх. Таны хувьд нэг үнэртэй усыг хэр хугацаанд хэрэглэж байна вэ?

– Би бол хувийн цуглуулгандаа олон үнэртэй устай. Тийм учраас нэг үнэртэнг нэг өдөр түрхээд орхих үе бий. Гэхдээ зарим тохиолдолд сайхан үнэрт нь дурлаад хоёроос, гурван өдөр салахгүй түрхэх үе ч байдаг.

– Үнэртэй усыг удаан хадгалбал үнэр нь өөрчлөгддөг. Тэгвэл нэг усыг хэр хугацаанд хадгалах боломжтой байдаг вэ?

– Ойролцоогоор гурван жил хадгалахад болно. Гэхдээ үнэртэй усыг олон жил хадгалах боломжтой. Ингэхдээ харанхуй, хуурай, сэрүүн орчин сонгож хадгалах хэрэгтэй.

-Үнэртэнд дурлагч “өвөө” маань Голланд улсад өмгөөлөгчөөр ажилладаг гэсэн. Яаж яваад өмгөөлөгч болов. Яагаад Голландад ажиллах болов. Энэ тухайгаа ярихгүй юу?

-Би цагдаагийн сургуульд их сонин тохиолдлоор орсон. Намайг ерөнхий боловсролын сургууль төгсөж байхад гадаад харилцаа, эдийн засгийн сургуулийн хувиар байсан л даа. Гэвч би тэнцээгүй. Тэгээд сургуулиа төгсөөд нэг жил наймаа хийсний дараа цагдаагийн сургуульд хуулийн ангид орж байлаа. Мэргэжлээрээ Монголдоо ажиллаж байгаад АНУ-д мэргэжил дээшлүүлэхээр сургуульд явсан. АНУ-д сурч төгсөх үед цаашдаа олон улсад ажиллах боломжтой юм байна гэж харсан. Тэгээд л интернетээр ажил хайхад, Гааг хотод өмгөөлөгчийн туслах, өмгөөлөгч гэх ажлын байрны зар гарсан байсан. Тэгээд анкетаа бөглөж, бичгийн шалгалт өгөөд, Гаагд ирж ярилцлаганд  ороод тэнцэж байсан. Ингээд л нэг мэдэхэд 12 жил ажиллачихсан байна.

-Бидний урилгыг хүлээн авч, үнэртэний тухай ярилцсан танд баярлалаа.

-Баярлалаа, та бүхэнд

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Т.Наранбат: Сонгогчид нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй

Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ сарын 1-ны өдрөөс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим …