БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар Францын ерөнхийлөгч Э.Макрон гэргий Брижит Макроны хамт Хятадад албан ёсны айлчлал хийж байгаа.
Тэрээр Цинь Ши хааны үед байгуулсан найман мянган цэрэгтэй хүчирхэг армийг дүрсэлсэн хөшөө цогцолборыг үзэж сонирхжээ. Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лу Кан “Францын төрийн тэргүүний айлчлал Хятад-Францын харилцаа эрчимтэй хөгжихөд эерэг нөлөө үзүүлж байна. Тэрээр айлчлалынхаа үеэр Си Зиньпин даргад морь бэлэглэнэ” гэжээ.
Э.Макрон Хятадын даргын санаачилсан “Нэг бүс, нэг зам” төслийг дэмжиж байгаа гэж ажиглагчид үзсэн. “Нэг бүс, нэг зам” нь БНХАУ илүү нээлттэй гадаад бодлогыг тууштай явуулж, дэлхийн эдийн засгийн даяаршилд улам гүнзгий хамрагдан орж, нөлөөллөө тэлэх зорилго бүхий төсөл билээ.
Цаашлаад Хятадууд Э.Макроны “Хувьсгал” номны хятад хэл дээрх хувилбарыг түүний айлчлалын үеэр хэвлэлээс гаргах аж. Номыг Сичуаны “People’s Publishing House” хэвлэлийн компани болон Бээжингийн “Hachette-Phoenix Culture Development” хамтран гаргаж байгаа.
Уг ном 2016 онд Франц хэлээр гарсан. Зургаан сарын дотор 200,000 гаруй хувь зарагдаж шилдэг борлуулалттай ном болсон байна. Дараа нь дэлхийн 20 гаруй хэл дээр орчуулагдсан.
Синьхуа агентлагийн мэдээлснээр Э.Макрон номондоо “Франц Хятадтай бүрэн хэмжээний дипломат харилцаа тогтоосон европын анхны орон гэдгийг Хятадын удирдагчид хэзээ ч мартаагүй” гэж бичжээ.