О.Гэрэлсүх: Эхнэр, нөхөр хоёрт эргээд нийлэх боломж байдаг юм гэдгийг л харуулахыг зорилоо

Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны мэндэлсний 100 жилийг ойг тохиолдуулан “Би эндээс явахгүй” жүжгийг шинэчилсэн хувилбараар үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл сургуулилтаа эхлээд байна. Жүжгийн Ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллаж байгаа бол гол дүрд СТА О.Гэрэлсүх, Н.Баярмаа, Б.Одончимэг нар тоглож байгаа юм. Ингээд “Би эндээс явахгүй” жүжгийн гол дүр мэс заслын эмч Дорлигийн дүрийг бүтээж байгаа О.Гэрэлсүхтэй ярилцлаа.

-Таны бүтээсэн дүрүүд хоорондоо их зөрчилддөг. Ларьдмад хартай нөхрийн дүрийг бүтээж олны дургүйцлийг хүртэл хүргээд авсан. Энэ удаа тайзны уран бүтээл болох “Би эндээс явахгүй” жүжгийн Дорлигийн дүрийг бүтээж байна. Мөн л олны дургүйцлийг хүргэх болов уу гэж бодогдоод байгаа юм. Та дүрээ хэрхэн амилуулж байгаа вэ?

-Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт зохиолч, Э.Оюун агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний зохиол болох “Би эндээс явахгүй” жүжгийн шинэчилсэн хувилбартайгаар үзэгчдэдээ хүргэхээр бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Энэ жүжгийн гол дүрийн мэс заслын эмч Дорлигийн дүрд тоглох саналыг надад жүжгийн ерөнхий найруулагч Н.Наранбаатар тавьсан. Ромео, Жульетта жүжгийн 17 настай Ромеогийн дүрд хамгийн сүүлд 1998 онд тоглосноос хойш театрын тайзнаа огт гараагүй, үзэгчидтэйгээ уулзаагүй удсан байна. Надад мэс заслын эмчийн дүр оногдсонд баяртайгаар хүлээж авсан. Э.Оюун гуай Дорлигийн дүрийг 40 настай эмчийн дүрээр бичсэн байдаг. Энэ дүр яагаад 20, 30 настай залуугийн дүр байгаагүй нь ойлгомжтой. Дөч гарсан эр, дөрөө дарсан ат гэдэг. 40 нас гарсан залуугийн амьдралын давлагааг өгүүлэхийг зорьсон байгаа юм. Гэр бүлийн эвлэрэл, сайн сайхныг өгүүлэхийг зорьсон жүжиг шүү дээ. Гэр бүлийн салалтын талаар огт биш. Миний бүтээж байсан Ларьдма киноны нөхрийн дүрээс тэс өөр дүр. Хорь гаруй жилийн өмнө анхны хайртайгаа учирсан Ромеогийн дүртэй харьцуулахад өөр дүр л дээ. Арав гаруй жил ханилсан хосууд гэр бүлийн амьдралаа донсолгоотой болгож байгаа талаар гарч байгаа. “Би эндээс явахгүй” жүжгийн гол агуулга нь амьдралын сорилт сонголтын тухай өгүүлдэг.

– Үзэгчид жүжгээ үзэж байж хэлэх гэсэн санааг ойлгох нь зөв байх л даа. Гэхдээ та Дорлигын дүрээр үзэгчдэд юуг харуулахыг зорьсон бэ?

-Гол дүрийн залуу болох Дорлиг бол мэс заслын эмч. Мэс засалч хүний тухай их судалгаа хийлээ. Монголын алдартай Төрийн шагналт, академич, доктор, профессор Ж.Хайрулла зэрэг эмч нарын түүхийг судаллаа. Мэс заслын эмч Дорлигын дүр миний өмнө бүтээж байсан дүрүүдээс яалтчгүй өөр юм. Энэ жүжигт гэр бүлийн хүчирхийллийн талаар огт дурдахгүй. Гэр бүлийн үнэ цэнэ, нандин хэлхээ юунд оршдогийг өгүүлэхийг зорьсон. 60 гаруй жилийн өмнө буюу социалист нийгмийн үед бичсэн энэхүү жүжгийн эх хувилбар нь тухайн үеийн үзэл санааг шингээж, бичсэн байдаг. Тухайн үед гэр бүл салалт гэж байгаагүй. Гэр бүл салалтыг нам л шийдвэрлэдэг байлаа. Сэтгэл энд үүрэг гүйцэтгэхгүй. Харин өнөө үед гэр бүлийн салалт намд ч хамаагүй, тэр битгий хэл гэр бүл нь салахад хэн нэгэнд хамаагүй болсон цаг. Гэр бүлийн салалтын статистикийг үзэхэд гэр бүлийн салалт их залуужсан байна. Харин эргээд нийлж байгаа нь маш цөөн. Тийм учраас гэр бүлийн эхнэр, нөхөр хоёрт эргээд нийлэх боломж байдаг юм гэдгийг жүжгээрээ дамжуулан найруулагч, зохиолч жүжигчдийн дүрүүдээр илэрхийлнэ.

Жүжиг 62 жилийн дараа тайзнаа дахин тоглогдож байна. Социализмын үеийн зохиолыг энэ цаг үед хөрвүүлнэ гэдэг найруулагч, жүжигчдийн л уран чадвар мэдэх асуудал байх. Таны хувьд А.Цэрэндэндэв гуайн бүтээсэн Дорлигийг хэрхэн өөрчлөв?

-Гавьяат жүжигчин А.Цэрэндэндэв гуай бол та бидний сайн мэдэх Төрийн шагналт Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн олны дунд халхын сайхан Юндэнгийн дүрд тоглож байсан алдартай жүжигчин шүү дээ. Монголчууд түүнийг бас “Цогт тайж” киноны Арслан тайжийн дүрээр сайн мэднэ. Тухайн үед түүний Дорлигийн дүрийг бүтээж байсан бичлэг одоохондоо алга. Ахмад уран бүтээлчдээсээ түүний талаар сонсоход эмч хүний дотоод сэтгэлийг харуулахыг зорьж ажилласан гэж хэлж байна. Миний гаргаж байгаа дүр бол чөлөөт ардчилсан нийгэмд амьдарч байгаа Дорлигийн дүр юм даа. Энэ утгаараа л өөрчлөгдөх болов уу даа.

Хэн хаанаас явахгүй гээд байна вэ. Жүжгийн нэрний талаас тайлбарлахгүй юу?

-Манай театрын уран бүтээлчид “Би эндээс явахгүй” гэсэн гурван үгний төлөө энэхүү жүжгийг амилуулахаар бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Зохиолч маань зохиолынхоо нэрийг өгөхдөө “Би эндээс явахгүй” гэж нэрлэсэн. Бид энэхүү жүжгийг үзэгчдэд хүргэхийн тулд хоёр сар гаруйн хугацаанд хөдөлмөрлөж дүрүүдийнхээ мөн чанарыг гаргах гээд бэлтгэлээ хийж байна. Чухам “Би эндээс явахгүй” гэж нэрлэсэн учрыг энэ сарын 27-ноос ирэх сарын 11-нийг хүртэл тоглогдох жүжгийг ирж үзээд тайлаасай гэж үзэгч түмнээсээ хүсч байна. “Би эндээс явахгүй” гэж нэрлэсэн нь хэнээс, юунаас, ямар цаг үеэс явахгүй гэж байгааг үзэгчид маань ирж үзээд тунгаан ойлгох нь зөв байх.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …