Б.Болорцэрэн: Анхны номоо ээждээ өргөн барьсан бол “Амьдралын зураг” тоглолтоо аавдаа зориуллаа

 

Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, соёлын тэргүүний ажилтан Баянмөнхийн Болорцэрэнтэй уулзаж ярилцлаа. Тэрээр “Орчлон миний ширээний ном”, “Цагаан бүжиг”, “Хүүхнүүддээ хүргэх шүлгүүд”, “Амьдралыг үзэх хос тасалбар”, “Хайрыг минь зураад өгөөч” шүлгийн түүврүүдээ уншигчдад өргөн барьж, “Миний л аясаар” яруу найргийн, “Цэцэгнээс ч анхилхан”, “Зунаараа намар” дуун цомгуудаа хэвлүүлсэн авьяаслаг найрагч бүсгүй юм. “Ээжийн минь үлдээсэн он цаг” шүлгийн түүвэр, “Зүгээр л инээмсэглэ” дуун цомгоо хэвлэлтэд бэлдээд байгаа аж.

-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж байна. Мартын наймны дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Мартын найман гэхээр л ээжийгээ их үгүйлэн санадаг юм. Ээжийгээ хүүхэд байхдаа бас ч хөөрхөн баярлуулдаг л байж. Аав маань зураач мэргэжилтэй, зургийн багш Дэлэгийн Баянмөнх гэдэг Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат хүн л дээ. Мартын найман болохоор бид ээждээ ном бэлэглэхээр авцгаана. Аав ном бүхэн дээр гоё зураг зураад хүүхдүүдээрээ ээжид нь өгүүлнэ. Тэр л их сайхан дурсамжтай санагддаг даа. Миний ээж 2008 онд бурхан болсон доо.

-Монголын орчин цагийн дууны яруу найргийн нэгэн шинэхэн төлөөлөгч гэж өөрийг чинь хэлж болно. Уран бүтээлийн анхны цэнгүүнээ хийх гэж байгаа гэл үү?

-Би хавар болоод намрыг хүүхэн улирал гэж боддог. Хавар өөрөө ирж яваа нь хүртэл ээж минь юм шиг сайхан санагддаг. Энэ сайхан улирлын бэлэг болгон “Амьдралын зураг” хэмээх уран бүтээлийн цэнгүүнээ энэ сарын 14-ний 19 цагт Монгол бөхийн өргөөнд олон түмэндээ толилуулахаар зэхэж байна. Поп дива С.Наран “Амьдралын зураг” дууг минь дуулах юм. Наран эгч бас миний “Дөрвөн улирал”, “Тэврэлт” дуунуудыг дуулна. Би “Орчлон миний ширээний ном” анхны түүврээ ээждээ зориулан хэвлүүлж байсан бол энэ удаад аавдаа “Амьдралын зураг” тоглолтоо зориулж байгаа юм. Монгол цэргийн өдөр ч ойртсон учраас Монголын сайхан эрчүүд маань ирж үзэх байх. Монгол эр хүн бүхэн л алба хаасан ч бай, хаагаагүй ч бай эх орон, ээж аав, хань ижлийнхээ төлөө цагаа тулахаар эрдэнэт амиа зориулдаг эр цэргүүд, эрэлхэг баатрууд юм гэж би боддог. Миний сэтгэлээс төрж, гараар бичигдсэн бүтээл гайхамшигт аялгуугаар дамжин хүн зоны сэтгэлд зочилно гэдэг яах аргагүй яруу найрагчийн жаргал гэж хэлж болно.

-Өөрөө хэзээнээс яруу найрагч болохоор шийдэв?

-Би өөрийгөө хэзээ ч яруу найрагч болно гэж бодож байгаагүй. 1998 онд Хөвсгөл аймгийнхаа “Хүрэл тулга” хүүхдийн яруу найргийн наадамд түрүүлж, яруу найргийн гэгээн цутгалан болсон Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуульд элсэн суралцах урилгаар шагнуулсан. Ингэж “Хаан найргийн хатан Дулмаа” гэж алдаршсан ардын уран зохиолч Шагдарын Дулмаа багшийнхаа шавь болсон доо. Монголын эмэгтэй яруу найрагчдын дунд зохиогдсон Сономын Удвал ахайтны 80 насны ойд зориулсан “Их хувь заяа” яруу найргийн наадамд оюутан ахуйдаа түрүүллээ. Энэ бүхнийг бодохоор их хувь заяа намайг түшиж дээ гэж бэлгэшээж явдаг. Аав маань залуудаа шүлэг зохиол бичиж байсан байдаг. Эгч Б.Цоожчулуунцэцэг маань шүлэг зохиол их бичдэг, Хөвсгөл аймагтаа л сурлага, урлагаар ёстой л нэг од байсан шүү.

-Эгчийн сайны үр нөлөө дүүд нь тэгвэл халдаж дээ?

-Эгчийн авчирсан номнуудыг хонь малдаа явахдаа өвөртөлж явж их уншина. Манайх аймгийн төвийн айл ч гэсэн хашаандаа хонь, ямаа, галуу, тахиа, гахай, нохой, муур, хулгана, туулай гээд адуу, тэмээнээс бусад бүхий л мал амьтадтай байлаа. Би ч багаасаа л хонь мал, ус цасандаа явдаг, мод түлээгээ хөрөөдөж хагалдаг эршүүдхэн хүүхэд байж. Хониндоо явахдаа л эгчийнхээ хотоос авчирсан номуудыг өвөртлөөд гардаг байлаа. Тав зургадугаар ангид байхдаа гэнэтхэн ээрч ярьдаг болсон. Аав, ээж хоёр маань ч санаа нь их зовлоо. Хээрийн бэлчээрт очоод номоо чангаар дуудан уншихад хонь ямаанууд маань урам өгөх шиг намайг хараад зогсчихно. Хүүхэд болохоор үүнд нь урамшиж уншсаар ээрдэг зуршил маань арилсан. Сүүлдээ уран уншигч болъё гэж ч бодсон удаатай. Уран уншигч болъё гэхэд хэн ч надад тоож шүлэг зохиолоо өгөх билээ. Тэгээд л өөрөө шүлэг бичиж эхэлсэн дээ. Тэрнээс биш аавынхаа зураач мэргэжлийг өвлөсөн загвар зохион бүтээгч болно гээд гэрээрээ дүүрэн хүүхний зураг хөглөрүүлсэн амьтан байдаг байсан сан.

-Монголын дууны урлагт нэгэн сайхан хөг аялгуу нэмсэн “Гангараа” дуугаа хэрхэн бичив?

-Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Мөнгөншагай найз минь “Монгол эрчүүддээ зориулж эр хүний гангарааны тухай дуу хиймээр байна” гээд нэрийг нь, санаатай нь надад хэлж өгсөн. Анх бичихэд эрчүүдийн гангараа гэхэд санаанд огт буухгүй байсан. Морь, хөөрөг, эмээлхэн л бодгодсон. Сүүлдээ эрчүүд бүсгүйчүүдийнхээс илүү их гангараа, гоёлтой юм байна гэдгийг ойлгосон. Хань ижил, үнэнч хайр, эрчүүдийн үнэнч нөхөрлөл хүртэл гангараа нь юм байна гэж шүлгээ бичиж өгсөн. Энэ шүлэгт маань хөгжмийн зохиолч О.Эрдэнээ маань ч сайхан аялгуу туурвиж амилуулсан.

-“Зүгээр л инээмсэглэ” дуу чинь бас л хит болсон бүтээл дээ. Бүсгүйчүүдийн утасны дуудлагад их татагдсан байдаг юм билээ?

-Ээжүүдийн баяр болж байгаа юм чинь мэндчилгээ болгоод энэ шүлгээ дуудчих уу. Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Чулуунчимэг маань захиалсан шүлэг л дээ. Бүсгүйчүүд их дуртай юм шиг байна лээ. “Зүгээр л инээмсэглэ” дууны аяыг Соёлын тэргүүний ажилтан Б.Мөнхжаргал зохиосон юм.

“Гол мөрөн миний толь юм
Гоо сайхан миний сэтгэл юм
Үүрийн гэгээ хүслэнт энгэсэг минь юм
Өглөөний наран хөөрхөн ааль минь юм
Ядахын маяг, гунихын шалтаггүй
Яг л байгалаараа байх би дуртай
Гоё харагдах дэндүү амархан
Зүгээр л инээмсэглэ, өөрийнхөөрөө бай
Уулын жимс миний будаг юм
Урьхан салхи миний сам юм
Өвс ногоо хайртай үнэртэн минь юм
Өдөр бүхэн гоёлын даашинз минь юм
Байгаль өөрөө миний үзэсгэлэн
Байгаагаараа байх нь миний гоёл юм
Цэнгэг агаар дуртай дарс минь юм
Цэцэгт нуга болор шаахай минь юм”

Зүгээр л инээмсэглэж явахад энэ орчлон хэчнээн сайхан гээч. Тэгэхэд өнөөдөр хүмүүс ямар их сэтгэлийн чилүүртэй аж төрж байна аа. Замын хөдөлгөөнд оролцохдоо хүртэл дуут дохиогоо хангинуулж бухимдацгаагаад л. Тэгэхэд байгаль биднийг ямар сайхан, өөрийнхөөрөө хүлээж авдаг билээ дээ. Энэ тухай л өгүүлсэн шүлэг л дээ.

 

-Дуунууд чинь өөрт тан ямархан даль жигүүр хайрлав?

– Зөвхөн дуу ч биш шүлгүүд маань ч надад урам хайрлах амжилтыг авчирсан шүү. С.Удвалын нэрэмжит “Их хувь заяа”, “Алтан үзэг”, “Бага цом” яруу найргийн наадмуудын тэргүүн шагнал, Д.Равжаагийн нэрэмжит “Мөнгөн цом”, Д.Пүрэвдоржийн нэрэмжит “Хөх үндэсний гал”, Р.Чойномын нэрэмжит “Залуу нас-2001, 2002”, Хойд бүсийн “Болор цом”, “Алтан цом” яруу найргийн наадмын дэд байр, оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-2010” наадамд “Ижий дэлхийн өчил” дуугаараа тэргүүн байр, 2012 онд “Монгол аялгуу” нийтийн шилдэг хайрын дууны төрөлд “Чин үнэнч”, 2015 онд нийтийн шилдгийн шилдэг дуугаар “Гангараа”, 2016 онд нийтийн шилдгийн шилдэг дуугаар “Зүгээр л инээмсэглэ”, 2017 онд “Монголын радио чарт” нийтийн шилдэг 10 дуунд “Түвшин жаргалтай хурим”, “Амраг намар” дуу тус тус шалгарсан даа.

-Тоглолтонд ямархан авьяастнууд оролцох бол?

-Ардын жүжигчин А.Долгор эгч “Морин хуур-2010” наадмын гранпри шагналт дуу “Ижий дэлхийн өчил”-ийг, поп дива С.Наран маань “Аав” киноны дууг, соёлын тэргүүний ажилтан О.Баянмөнх “Хамаг Монголын мялаалгын дуу”-г, Л.Банзрагч “Аав л ээж минь”, Н.Мөнгөншагай “Гангараа”, “Түвшин жаргалтай хурим”-ыг, Б.Мөнхжаргал “Цас бороо”-г, Б.Алтанжаргал “Ээждээ л илүү эрхэлдэг орчлон”, “Хаашаа ч битгий яваарай”-г, Л.Нарантуяа “Адуу манасан шөнө”-ийг, М.Отгонгэрэл “Ээжийн эзгүйд”, Э.Төрмандах “Зунаараа намар”-ыг, Э.Чулуунчимэг “Зүгээр л инээмсэглэ”, “Сэтгэлийн зурвас”-ыг, А.Түмэн-Өлзий “Чи минь мэдэхгүй”, Г.Машбат “Амраг намар”-ыг, Б.Энхбат “Ойрхон доо”-г, “Гурван бүдүүн” хамтлагийн Шагай “Дурласан хүүхнүүд”, Х.Мөнгөнцэцэг “Чин үнэнч”, “Нууцхан”-ыг тус тус дуулж толилуулна. Мөн Өмнөд Монголын дуучин Г.Улаансарнай, Т.Мөнхзул, Б.Уранзаяа, Т.Цогсогмаа нар оролцож миний шүлэг “Амар амгалан”, “Дурласан минь худлаа ч байж магадгүй”, “Хүслэнт хайр”, Хайраа тэврэе” дуунуудыг минь дуулж байгаа.

-Яруу найрагчид хүрэлцэн ирэх үү?

-Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа багш маань, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир, Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо, МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын тэргүүн шагналт яруу найрагч Л.Хасар, Ц.Эрдэнэбаатар, миний эгч сэтгүүлч, зохиолч Б.Цоожчулуунцэцэг нар маань оролцож шүлэг найргаа уншицгаана. Тоглолтын маань ерөнхий ивээн тэтгэгчээр “Best buidan”, Хөвсгөл аймгийн нийслэл хот дахь нутгийн зөвлөл зэрэг газрууд оролцож байгаад маш их баярлаж байна. Та бүхнийг “Амьдралын зураг” уран бүтээлийн цэнгүүнийг маань үзэхийг урьж байна.

Л.Батцэнгэл
Эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …