Өнгөрсөн онд хүүхдийн эндэгдлийн тал хувь нь Африк тивд ногдсон талаар НҮБ-ын Хүүхдийн сан /ЮНИСЕФ/, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/, Дэлхийн банк болон НҮБ-ын Хүн амын сангийн тайлан мэдээнд дурджээ.
Тайлан мэдээнд тэмдэглэснээр, 2017 онд дэлхий даяар 15 хүртэл насны 6,3 сая хүүхэд эндсэний 5,4 сая нь нярай болон тав хүртэл насны хүүхдүүд байсан байна.
“Хэрэв бид яаралтай арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд тав хүртэл насны 56 сая хүүхэд нас барах бөгөөд үүний талаас илүү хувь нь шинээр мэндэлсэн нярай хүүхдүүд байхаар байна. 1990 оноос хойш хүүхдийн эндэгдлийг бууруулахад ихээхэн ахиц дэвшилтэд хүрсэн боловч олон сая хүүхэд эндсээр байна. Эм бэлдмэл, цэвэр усны хүртээмж, цахилгаан хангамж, урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах зэрэг энгийн асуудлуудыг шийдэж чадвал хүүхэд бүрийн амьдралыг өөрчилж чадна” гэж ЮНИСЕФ-ийн судалгааны салбарын захирал Лоуренс Шанди тайлан мэдээний талаар тайлбар өгөхдөө хэлжээ.
Тайлан мэдээнд дурдсанаар, 2017 онд хүүхдийн эндэгдлийн тал хувь нь Африк тивийн бүс нутгуудад ногдсон бол 30 хувь нь Өмнөд Азийн орнуудад хамаарч байна. Ингэхдээ хүүхдийн эндэгдлийн ихэнх тохиолдол нь урьдчилан сэргийлж болохоор шалтгаан буюу төрөх үеийн хүндрэл, уушгины хатгалгаа, суулгалт, хумхаа, нярайн халдвараас шалтгаалсан хүндрэлүүд байжээ. Харин том хүүхдүүдийн нас баралтын гол шалтгаан нь янз бүрийн шарх, усанд эндэх эсвэл автомашины осол болж байсныг стастикийн судалгаа харуулсан байна.
Түүний сацуу сүүлийн 30 жилийн хугацаанд хүүхдийн эндэгдлийг бууруулахад ахиц дэвшил гарсныг шинжээчид онцолжээ. Тав хүртэл насны хүүхдийн нас баралт эрс буурсан байна. 1990 онд 12,6 сая тохиолдол бүртгэгдэж байсан бол 2017 онд 5,4 сая болж буурчээ.