Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр өмнө нь “Хатсан гар” нэртэйгээр орчуулгын өгүүллэгүүд хэвлүүлж байсан. Энэ номыг 1990 оны үес Төрийн шагналт яруу найрагч Зундуйн Дорж редакторлахдаа “Хатсан гар” хэмээн нэрлэжээ. Тэгвэл 28 жилийн өмнө хэвлүүлсэн энэхүү бүтээлээ “Сохрын орон” /The country of the blind/ нэртэйгээр дахин хэвлэсэн байна.
Английн шилдэг зохиолчдын сор өгүүллэгийн номын нээлт энэ сарын 22-ны өдөр Үндэсний төв номын сангийн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит танхим”-д болсон юм.
Орчуулагч Н.Энхбаяр хэлэхдээ, “Томас Харди “Хатсан гар”, Жеймс Жойс “Эгч дүүс”, Ридьярд Киллинг “Гэргий”, Гербэрт Уэллс “Сохрын орон” зэрэг английн нэрт зохиолчдын өгүүллэгийн түүвэр дахин унших ёстой зохиол юм. Английн утга зохиолд өгүүллэгийг шинэ түвшинд гаргасан эдгээр зохиолчид Оросын суут зохиолч А.Чеховоос суралцсан. Дэлхийн олон зохиолч английн зохиолчдоос суралцсан. Би 1986 онд Английн утга зохиолын сургуульд нэг жил суралцахдаа английн утга зохиол, өгүүллэгүүдийг сонирхож эхлээд эдгээр англи өгүүллэгийн түүврийг орчуулж байлаа. Тухайн үед ном хэвлүүлэхэд цензур, дамжлага ихтэй байсан учраас 1986 онд бэлтгэсэн ном 1991 онд уншигчдад хүрсэн юм. Тэр үед өгсөн “Хатсан гар” нэрийг өнөөдөр “Сохрын орон” гэж солиход ч таарах цаг үе болжээ. Энэ өгүүллэгүүдээр хүүхэд залуус Англи улсын түүх соёлтой танилцах боломжтой гэж бодож байна. Номд багтсан өгүүллэгүүд нь сонгодог нэр төрлөөр дагнан бичдэг алдарт зохиолчдын бүтээл байгаа. Одоогоос 28 жилийн өмнө хэвлүүлсэн бүтээлээ “Сохрын орон” нэртэйгээр уншигчдад дахин хүргэж буйдаа баяртай байна. Ер нь ном зарж мөнгө олох нь чухал биш, уншигчдын оюун санаанд нэгэн том хөрөнгө оруулалт хийж байгаа нь л чухал” гэлээ.
Г.Нараа