Төв цэвэрлэх байгууламж эвгүй үнэрээ шийдлээ, харин нийслэлчүүдийн дадлаа өөрчилж, соёлжих ээлж ирэв

Нийслэлчүүдийг шаналгадаг байсан Төв цэвэрлэх байгууламжаас гардаг эвгүй үнэр нэгэнт шийдэгджээ. 2018 оны сүүлээс цэвэрлэх байгууламж шинэ технологи нэвтрүүлж, бохир уснаас гаргаж байгаа 98 хувийн чийгшилтэй лагийг усгүйжүүлдэг дамжлагатай болсон байна. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжаас гарч байсан эвгүй үнэр үгүй болжээ.

Өөрөөр хэлбэл Төв цэвэрлэх байгууламжийнхан нь 50 гаруй жилийн хугацаанд бохирын шугамаар хүлээн авч буй уснаас гарч буй лагийг байгалийн аргаар боловсруулах процесс явагддаг байсан учраас нийслэлчүүдэд эвгүй үнэрт дасан зохицох хэмжээнд хүрч байжээ.

Харин 2016-2017 оны нийслэлийн төсөвт шинэ технологи нэврүүлэх зардлыг суулгаж өгснөөр өнөөдөр цэвэрлэх байгууламжид ажиллаж буй мэргэжилтнүүд болон нийслэлчүүд эвгүй үнэрээсээ салж чадсан байна.

Төв цэвэрлэх байгууламжийн ахлах инженер Д.Оюунбаяр үйл ажиллагааныхаа дамжлагатай биднийг танилцуулсан юм.

Тэрбээр “Төв цэвэрлэх байгууламж нь одоогийн байдлаар 1200 болон 1400 диаметртэй хоёр тусдаа шугамаар нийслэлчүүдийн өдөрт бохирдуулсан 150.000 м3 бохир усыг хүлээн авч байна. Хоёр тусдаа шугамаар хүлээн авч байгаа бохир усыг сараалжин байгууламж, элс баригчийн байгууламж, тунгаагуур,аэротенкын байгууламж, хоёрдугаар тунгаагуур, халдваргүйжүүлэх процесс гэсэн ерөнхий дамжлагатайгаар цэвэрлэх байгууламжийн технологийн үйл ажиллагаа явагдаж байна. Өдөрт хүлээн эвч байгаа 150.000м3 бохир уснаас 1200 м3 хэмжээтэй 98 хувийн чийгшилтэй лагийг ялган авдаг.

Шинэ технологи нэвтрүүлж, дамжлага нэмээгүй байхад бол 1200 м3 лагийг талбайд байгалийн аргаар 10 га талбайг эзлэн байршуулсан 44 карт руу шахдаг байсан. Нэг карт 3 сарын дотор л дүүрдэг бөгөөд дүүрсэн лагийг хатаахад 4-5 жил шаардана. Тиймээс л эвгүй үнэр ойр орчимд тархдаг байсан. Лагийн карт хатсаны дараа эхнээс нь хатсан лагийг ачиж, урд талбай руу нь зайлуулаад, картаа дахиад л эхнээс нь хэрэглэж эхэлдэг байлаа.

Харин одоо дамжлага нэмж, шинэ технологи нэвтрүүлснээр бохир уснаасаа ялгаж авч байгаа 1200 м3 лагийг өдөрт нь усгүйжүүлээд гаргаж байна. Ингэж усгүйжүүлэхэд 1200 м3 лаг 5 дахин багасдаг бөгөөд 180-200 м3 болчихдог. Ийм дамжлага өнөөдөр манай цэвэрлэх байгууламжид нэвтэрчихсэн байна.

Зүйрлэвэл, бид хувцсаа гараараа угаагаад гадаа хэцэн дээр тохож хатаадаг байсан бол өнөөдөр бүрэн автомат угаалгын машин авч тавиад хэдхэн цагийн дотор угаагаад, сэгсэрчихэж байгаатай л нэгэн адил. Бүрэн автомат машин ажил хөнгөвчилж байгаа боловч хэрэглээг бас нэмдэг. Тухайлбал тог цахилгаан, химийн бодис шаардагдана. Нэг үгээр хэлбэл ашиглалтын зардал нэмэгдэж эхэлдэг. Тийм учраас гадаадын оронд усны үнэ их хурцаар яригддаг.

Гадны орнуудын туршлагаас харахад усгүйжүүлж гаргаж авсан лагаа хатаагаад түүнийгээ барилгын материал юм уу эсвэл бордоогоор ашиглахад бэлддэг. Дараагийн ийм технологиудыг ашиглан лагийг хэмжээг дахин 50 хувь багасгах боломж бий. Одоогоор ийм технологийг нэвтрүүлэх саналаа холбогдох яам, тамгын газар, нийслэлд өгөөд байгаа бөгөөд ажлын хэсэг судлаж байгаа” хэмээв.

Нийслэлээс ирж буй бохир усыг хүлээн авдаг хамгийн эхний дамжлага буюу “САРААЛЖИЙН БАЙГУУЛАМЖ” 

Энэхүү байгууламж бохир устай хамт урсан ирж байгаа том хог, хаягдлыг шүүж авдаг байна. Хатуу хог хаягдлууд нь бактерт идэгдэж, задардаггүй учраас заавал шүүж авах ёстой гэнэ. Энд ирж байгаа хог хаягдал дотор хуванцар сав, лааз, бэлгэвч, ариун цэврийн хэрэгсэл гэх мэтээс эхлээд л төрөл бүрийн усанд уусдаггүй хог хаягдал ирдэг аж. Энэхүү хог хаягдал нь цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж, механик цэвэрлэгээ хийх шаардлага тулгардаг байна.

Төв цэвэрлэх байгууламжтай дүйцэхүйц хөгжилтэй улс орны цэвэрлэх байгууламжаас маш бага хог гардаг бол манайхаас 4000-5000 кг хог хаягдал хоногт гардаг байна. Нэг үгээр хэлбэл гадны улс орнуудад ариутгах татуургын соёл өндөр хөгжсөн бөгөөд иргэд шугам сүлжээ рүүгээ юуг хийж болох, болохгүйг сайн мэддэг байна.

“Ариутгах татуургын шугам сүлжээ гэдэг бол ерөөсөө хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж цэвэрлэх байгууламжид хүргэх зориулалттай шугам сүлжээ юм. Гэтэл иргэн, аж ахуй нэгжүүд анхан шатны мэдэгдэхүүнгүй, ойр зуурын залхуугаас, хүний дадал, зуршлаасаа ч болдог юм уу усанд уусахгүй механик хог хаягдлыг шугам сүлжээнд нийлүүлж цэвэрлэх байгууламжид хүндрэл учруулж байна.

Сараалжийн байгууламжийн дараахи байгууламж “ЭЛС БАРИХ БАЙГУУЛАМЖ” 

Элс баригч буюу элс минерал бохирдлыг барих байгууламж. Мөн 10мм-ийн нарийн зайтай сараалжаар жижиг ширхэгтэй хог хаягдлыг шүүж авдаг. Энэхүү байгууламжийг бүрэн шинэчлэх ажлыг Ус сувгийн удирдах газар өөрийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа аж. Нийтдээ 700 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа юм байна.

ЛАГ ТУНГААДАГ ТУНГААГУУР

40 метрын радиустай 5 ширхэг анхдагч тунгаагуурын ёроолд тунасан лагийг насос станцаар дамжуулан лаг усгүйжүүлэх байгууламж руу шахдааг. Тунгалагжсан ус дараагийн дамжлага болох аэротенк руу орно.

БИОЛОГИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ЯВУУЛДАГ АЭРОТЕНКЫН БАЙГУУЛАМЖ

Энд гурван процесс явагддаг байна.
1-т: Дөрвөн тунгаагуурт тунасан бохир ус ирж байгаа
2-т: доошоо дөрвөн метрийн гүн эзэлхүүний сав. Доороосоо агаар өгч байгаа
3-р: Бохирдлыг бичил биетний тусламжтайгаар цэвэрлэдэг.
Биологийн цэвэрлэгээ явуулахад хүндрэл үүсдэг нэг зүйл бол стандартаасаа давсан бохир ус юм. Хүнд метали хүрээд ирвэл ашигт бактери амьдрах нөхцлийг үгүй хийдэг бөгөөд биологийн цэвэрлэгээ хийх процессийг хаачихдаг. Ер нь горим, технологи гээд нарийн зүйл ярьвал их зүйл бий л дээ.

-Одоо хэр бохирдолтой ус ирж байгаа вэ?

-Стандартаас давсан 1,5 дахин бохирдолтой ус ирж байгаа.

-Бохирдлын хэмжээг нэмэгдүүлж байгаа хүчин зүйл нь юу юм бол оо?

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр аж ахуйн газруудаас стандартаас хэтэрсэн бохирдолтой усыг шугам сүлжээнд нийлүүлж байна.

-Усны бохирдолтыг багасгах ямар арга зам байна вэ?

– Хууль эрх зүйн зохицуулалтаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой. Тиймээс “Ус бохирдуулсны төлбөрийн тухай” хуулийг батлуулсан. Энэхүү хууль одоо ирэх тавдугаар сараас эхлэн мөрдөгдөж эхэлнэ. Тэгэхээр усыг хэн их бохирдуулсан нь илүү ихийг төлдөг байх зарчмыг баримтална гэсэн үг.

-Цэвэрлэх байгууламжаас гарсан ус эцсийн дамжлагаар Туул голд цутгаж байгаа. Энэхүү голд цутгаж байгаа усыг энгийн иргэд бодохдоо цэвэрхэн ус нийлүүлэгдэж байгаа гэж ойлгоддог. Яагаад цэвэрлэгдсэн хэрнээ бохир юм шиг ус эцсийн дамжлага руу очдог юм бэ?

-Та бүгд харсан. Цэвэрлэх байгууламжийн эхний дамжлагад ирж байгаа ус хог хаягдалтай, гүн бохирдолтой, гэдэсний элдэв нян бактертэй бохир ус ирж байгаа. Хэрвээ энэ олон дамжлагаар хог хаягдлыг шүүхгүй, лагийг тунгаахгүйгээр байгальд гаргавал яг эхний дамжлага дээр ирж байгаа шиг гүн бохирдолтой ус эцсийн дамжлага руу очно. Бохир усны цэвэршүүлэлтийн түвшинг ББК буюу биологийн хэрэгцээт хүчилтөрөгч хэдэн хувьтай ирээд, хэдэн хувь болов гэдгийг хардаг.

Жишээлбэл гуравдугаар сарын 11-ны байдлаар бид нар 89,4 хувийн цэвэршилттэй, түүний өмнөх долоо хоногт 91,5 хувийн цэвэршилттэй ус байгальд нийлүүлсэн. Тэгэхээр цэвэрлэх байгууламж бохир усыг дунджаар 90 орчим хувьтай цэвэрлэж байна. Цэвэрлэх байгууламжийг ачааллаас хэтэрсэн хэт их бохир ус нийлүүлэгдэж байгаа учраас л 90 орчим хувьтай цэвэрлэж байна.

-Цэвэршүүлэлтийн түвшинг дахин ахиулахын тулд дахиад дамжлага нэмэх хэрэгтэй гэсэн үг үү?

-Дамжлага нэмнэ гэхээсээ илүү ирж байгаа бохирдлыг хэмжээг багасгах шаардлагатай. Товчхондоо бол эндээс гарч байгаа усын бид халдваргүйжүүлдэг. Гэдэсний бүлийн нян, савхан нян зэргийг бүгдийг устгаад байгальд нийлүүлж байгаа гэж ойлгож болно. Ер нь бол эхний дамжлага, энэ хоёрыг харьцуулж харахад асар зөрүүтэй харагдаж байгаа биз дээ. 90 хувийн цэвэршүүлэлт гэдэг чинь энэ.

Стандартад нийцсэн бохирдол нийлүүлэх юм бол цэвэршилтийн хувийг нэмэгдүүлэх боломж бий.

-Өдөрт хэдэн тонн цэвэршүүлсэн ус туул голд нийлүүлдэг вэ?

150 000 м3 бохир ус хүлээн авч, цэвэршүүлээд 150 000 м3 цэвэршүүлсэн усыг туул голд нийлүүлж байгаа.

-Нийслэлчүүдийн ундны усыг туул голоос олборлодог шүү дээ. Тэгэхээр цэвэршүүлээд туул голдруу цутгаж байгаа ус ундны усанд хэрэглэгдэж байгаа юу?

– Туул голд нийлүүлэгдэж байгаа цэвэршүүлсэн ус нь унданд хэрэглэгдэхгүй. Туул голын дээд хэсгээс буюу Налайхын Гордокоос эхлээд л газрын гүнээс ундны цэвэр усыг олборлож хотын өндөр цэгт байрладаг 11 усан санд насос станцаар шахаж, олборлож байгаа.

Газар зүйн байрлалаараа Төв цэвэрлэх байгууламж Улаанбаатар хотын хамгийн доод цэгт байрладаг. Тиймээс ундны усанд цэвэршүүлсэн ус орох асуудал байхгүй. Ер нь бол бохир ус өөрийн урсгалаар ирэх боломжтой байрлалд цэвэрлэх байгууламж байршдаг. Тэгэхээр цэвэрлэх байгууламжаас туул голд цутгаж байгаа цэвэршүүлсэн ус нь доошоо туул голын ай савыг даган урсаж байгаа.

Шинэ цэвэрлэх байгууламжийн хажууд Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр дахиад хоёрдогч цэвэрлэгээ буюу цэвэрлэсэн усыг ТЭЦ 3-4-ийн хөргөлтийн ус руу хэрэглэхээр төсөл яригдаж байна. ТЭЗҮ нь гарчихсан байгаа. Энэ төсөл хэрэгжихэд 5-6 жил шаардагдана.

ЛАГ УСГҮЙЖҮҮЛЭГЧ ДАМЖЛАГА

Төв цэвэрлэх байгууламжийн ахлах инженерийн бидэнд танилцуулсан дараагийн дамжлага нь 98 хувийн чийгшилтэй 1200 м3 лагийг усгүйжүүлж 180-200 м3 болгодог технологи бүхий дамжлага байсан юм. Энэхүү обьект рүү орох аргагүй хурц үнэртэй байв. Байгууламжийн үйл ажиллагаатай танилцах нөхцөл бүрдүүлэх эцэсгүй байсан учраас тэнд 1 минут тогтоход ч бэрх байсан юм.
Ахлах инженер Д.Оюунбаярын ярьж буйгаар бол усгүйжүүлж гаргаад байгаа лагийг хатаах, эргээд барилгын материал боловсруулах үйлдвэр байгуулах гэх мэт лаг боловсруулах тал дээр нэлээн хоцрогдсон бөгөөд цааш инваци нэвтрүүх, гадны оронд хэрэглэгдэж байгаа дамжлага нэмэх шаардлага байгаа аж.

“ЛАГ ХАТААДАГ КАРТ”

IMG_0409 Төв цэвэрлэх байгууламж эвгүй үнэрээ шийдлээ, харин нийслэлчүүдийн дадлаа өөрчилж, соёлжих ээлж ирэв
IMG_0406 Төв цэвэрлэх байгууламж эвгүй үнэрээ шийдлээ, харин нийслэлчүүдийн дадлаа өөрчилж, соёлжих ээлж ирэв

Ахлах инженер Д.Оюунбаярын дээр ярьсан 98 хувийн чийгшилтэй лагийг 4-5 жилийн турш хатааж, нийслэлчүүдийн тав тухыг алдагдуулдаг “карт”. Одоо энд усгүйжүүлж, үнэргүй болгосон лагийг механик аргаар машинаар зөөж авчран асгадаг байна. Одоо энэхүү лагийг цааш боловсруулах технологи хүлээгдэж буй аж.

Ямартай ч 1965 онд 500 гаруй мянган хүн амтай нийслэлд зориулж барьсан Төв цэвэрлэх байгууламж өнөөдөр 1,5 сая хүнтэй хотын бохир усыг цэвэрлэж байна. Мөн химийн болон үйлдвэрлэлийн бохирыг хүлээн авах зориулалтгүй. Гэсэн ч зориулалтын бус бохирдолтой усыг хүлээн авч, цэвэршүүлэх ажлыг хийсээр байгаа юм. Гэхдээ маш их хэмжээний химийн бодис бүхий бохир ус нь Төв цэвэрлэх байгууламжийн биеологийн цэвэрлэгээний гол үүргийг гүйцэтгэдэг бохир усан дахь хорт нэгдүүдийг задалдаг бактериудыг идэвхгүй болгодог байна.

Нийслэлчүүдийн хувьд Төв цэвэрлэх байгууламжаас гардаг байсан үнэрнээс санаа зовох асуудалгүй болсон байна. Харин суурьшлийн соёлд суралцах, бохирын шугам сүлжээг ашиглах зөв дадал, хэвшилтэй болох шаардлагатайг цэвэрлэх байгууламж руу бохир устай урсан ирж буй хог хаягдал харуулж байна.

Эх сувалж: https://updown.mn/ Н.Цэндбат

http://credit-n.ru/offers-zaim/vashi-dengi-zaim.html http://credit-n.ru/oformit-kredit-online.html

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …