2020 оны Хятадын эдийн засгийн байдал
2019 онд Хятад улсын эдийн засаг 6%-аар өсөж, дэлхийн улс орнуудын дунд хамгийн өндөр өсөлттэй эдийн засагтай орны нэг болж байсан ба 2011 оноос хойш эдийн засгийн үзүүлэлтээрээ АНУ-ын дараа орсон байр сууриа хадгалж, мөн өсөлтийн энэ хурдаа жигд хадгалсаар байх аваас арваад жилийн дараа дэлхийн хамгийн шилдэг эдийн засагтай орон болоход ойрхон байгаа юм. 2020 оны 1-р сараас Ковид-19 дэлхийн улс оронд тархсан хийгээд, БНХАУ-д цагаан сарын их нүүдлийн улмаас Хятад улсын дотоодод өвчний тархалт ихсэж, нөхцөл байдал хүндэрч эхэлсэн билээ.
2020 оны 1-р сарын 3-наас 13-нд 41 хүн ковид-19 вирусаар халдварласан байдалтай нэмж халдвар илрээгүй 10 хоносон мэдээтэй байв.1-р сарын 16-ны өдрөөс халдварласан хүний тоо өсч 45 хүнд халдварласан тохиолдол бүртгэгдсэнээс хойш, халдварлан өвчлөгсдийн тоо огцом нэмэгдэж эхэлсэн билээ.2020 оны 1-р сарын 21-ний өдөр 440, 26-ны өдөр 2744, 31-ний өдөр 11791, 2-р сарын 3-нд 20438, 2-р сарын 9-ний өдөр 40171, 13-ны өдөр 55748 тохиолдол бүртгэлд орж үлджээ.Энэ үедХубэй, Гуандун, Жөжян, Жянсу, Шаньдун зэрэг Хятадад халдварын тохиолдол батлагдсан эхний арван муж нь гадаад худалдааны томоохон эргэлттэй мужууд юм. Эдгээр мужийн нийт экспорт Хятадын экспортын 65.4% -ийг бүрдүүлдэг. Гадаад худалдаа эрхэлдэг муж болон ажиллах хүчний экспорт импорт хийдэг мужуудад цар тахал ноцтой байсан нь гадаад худалдаа болон үйлдвэрлэлд хүнд сорилт болсон байна.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шаардлагын дагуу эмнэлгүүдийн амьсгалын замын тасаг, биеийн халуун хэмжих амбулаторийн үзлэгийн тоо эрс нэмэгдсэн бол бусад тасгуудад амбулаториор үйлчлүүлэх иргэдийн тоо эрс буурчээ.
Эмнэлгийн нөөцийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдал алдагдаж, эмнэлэг нь эмч, өвчтөн хоёрын хооронд халдварлахаас зайлсхийхийн тулд зарим тасаг дахь амбулаторийн үйлчилгээг түр зогсоох буюу өөрчлөн зохион байгуулжээ.Эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдан авалт болон хэвтэн эмчлүүлэгчдийн тасаг, эмнэлгийн өрөөнүүдийг нэгтгэх салгах зэргээр өөрчилснөөр эмнэлэг, тасгуудын өртөг эрс нэмэгдсэн байна.Эмнэлгийн нийт үйл ажиллагааны өртөг нэмэгдэж, орлого нь эмнэлгийн нийт үйл ажиллагааны зардлын өсөлтөөс хамаагүй бага болж буурчээ.
Цар тахлын улмаас бүс нутгийн зохицуулалттай үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын эргэж хэвийн байдалд шилжихэд гол урсгалын түүхий эдийн хангалт алдагдан, дотоодын үйлдвэрлэлийн гинжин хэлхээ тасалдан хүндрэл үүсчээ. Иймд сэргээн босгох нөхцлийг хангах эсвэл өдөр тутмын үйлдвэрлэлийн түвшинд эргэж ороход хүнд байдалтай болсон юм. Сүүлийн жилүүдэд хятадын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд Хятад дахь гадаадын аж ахуйн нэгжүүдээс давж, хамгийн гол экспортлогчид болсон ч хөдөлмөр ихээр шаарддаг хувийн экспортын олон компани Ковид-19-ийн улмаас санхүүжилт, өрсөлдөх чадварын хувьд сулрав.
Ковид-19 цар тахлын эхний үед Хятад улсад дараахь хүндрэл нүүрлэсэн юм.
- Тахлын үед орон нутагт хүн амын шилжилт хөдөлгөөн, логистикийг хязгаарлах талаар хэрэгжүүлсэн арга хэмжээний улмаас ихэнх үйлдвэр аж ахуйн нэгжийн тээврийн орлогын алдагдал мэдэгдэхүйц өсчээ. Тээврийн асуудлаас болж зарим компани үйлчлүүлэгчдэд бараагаа цаг тухайд нь хүргэхгүй байх, захиалгын дефолт эрсдэл эрс нэмэгджээ.
- Хаврын баярын дараа ашигт малтмалын баяжуулалтын зарим компанийн шинэ захиалга нь өмнөх жилүүдээс илт доогуур болсон байна.
- Бүтээн байгуулалтын гол төслүүд нь гадаадад байдаг зарим уул уурхайн компаниудын хувьд боловсон хүчин нь хилээр нэвтрэхэд төвөгтэй бодсон тул төлөвлөж буй төслүүдийн ажилд сөргөөр нөлөөлжээ.
- Ихэнх ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ огцом унажээ. Цар тахал гэж зарласны дараа алт зэрэг цөөн тооны үнэт металлын үнэ өссөн боловч төмрийн хүдэр, зэс, хөнгөн цагаан, хар тугалга, цайр, никель гэсэн үйлдвэрийн түүхий эд болох ховор металлын үнэ өөр өөр түвшинд их уналттай байв.
- Хөрөнгийн зах зээлийн хувьд, Хятадын хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компаниудын хувьцааны үнэ 2020 оны 1-р сарын 10-ны өдрөөс эхлэн тасралтгүй доош буурч эхэлсэн бөгөөд 1-р сарын 21-нд бүх компаний хувьцааны үнэ зэрэг унасан үзүүлэлттэй байлаа.
Цар тахал нь БНХАУ, АНУ-ын худалдааны шөргөлцөөнийг эрчимжүүлсэн юм. ДЭМБ-аас энэ удаагийн цар тахлыг “Олон нийтийн анхаарлын төвд буй нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал”-ын жагсаалтад оруулсан нь Хятадын гадаад худалдааны салбарт аж үйлдвэрийн гинжин холбоог өөрчлөх, хөдөлмөрийн өртөгийг нэмэх, гадаад худалдааны олон улсад өрсөлдөх чадварыг бууруулсан зэрэг асуудлыг үүсгэжээ.
2020 оны эхний улиралд Хятадын баялаг бүтээгч бүхий л салбар зогсонги болж, эдийн засгийн үзүүлэлт огцом унаж, урьд хожид байгаагүй -6.8%-ийн уналттай гарсныг Үндэсний Статистикийн хороо мэдээлсэн юм.
2020 оны 1-р улиралд Хятадын аж үйлдвэрийн үзүүлэлт өмнөх оноос 8.4%, жижиглэнгийн худалдааны хэмжээ 19%, үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт 16.1% -иар тус тус буурчээ.
Хоёрдугаар улирлаас Хятадын Төрийн Зөвлөлөөс эдийн засгаа сэргээхийн тулд санхүүг дэмжих, татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг нэлээд дорвитой шийдвэрийг гаргасан билээ. Үүний үр дүнд 2020 оны 2-р улиралд Хятад Улсын ДНБ 3.2%-аас өссөн юм. 2020 оны эхний хоёр улирлын ДНБ эхний улиралд огцом буурч, дараагийн улиралд эрс өссөнөөр эдийн засагчдын хэлдэг V хэлбэрийн бууралт өсөлтийг үзүүлсэн үйл явц болж өнгөрсөн билээ. 2020 оны сүүлийн хагас жилд Хятад улсын ДНБ 4.9-6.5%-аар өссөнөөр 2020 оны жилийн өсөлт 2.3%-аар өссөн дүн гарчээ. Энэ нь Ковид-19 цар тахлын улмаас унасан эдийн засгаа богино хугацаанд сэргээж хэвийн байдалд шилжүүлж чадсан хэрэг юм.
Хятад улс ийнхүү хэвийн байдалдаа саадгүй шилжихэд сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлсэн инновацийн хөдөлгөгч хүчний хөгжилд суурилсан шилжилтийн бодлогыг хэрэгжүүлсэн, дижитал эдийн засгийг бий болгоод байсан нь ихээхэн нэмэр болж, энэ хэрээр цар тахлын үеийн царцанги болсон эдийн засгийг хэвийн болгоход энэхүү цахим эринийг бүтээхээр зорьж хийсэн суурь бүтээн байгуулалтын нөлөө цар тахлаас өмнөх эдийн засгийн нөхцөл байдлаас илүү цар тахлын хүнд үеийн дараа бодитой үр ашгаа өгч эхэлсэн нь эдийн засагсэргэхэд нөлөөлсөн байна. Дэлхийн бусад ямар ч оронд ийм далайцтай нөлөөлөөгүй гэж ажиглагчид үзжээ.
Хятадын экспорт импорт 2020 оны 3-р улирлаас ихээхэн өсөж, 9-р сард өмнөх оны мөн үеэс импорт 13.2%, экспорт 9.9%-аар тус тус өссөн байна. Олон улсын худалдааны байдал дэлхийн хөгжингүй орнуудад цар тахлын улмаас буурсан байдал нийтлэг ажиглагдаж байхад, БНХАУ-ын хувьд олон улсын худалдаанаас олсон жилийн нийт ашиг орлогын байдал хэвийн үзүүлэлттэй байна.
Банк санхүүгийн салбар:Ковид-19-ийн вирус дэгдсэнээс сар гаруйн дараа буюу 2020 оны 2 сарын 6-ны өдрийн байдлаар бүх шатанд тахлаас сэргийлэх ажилд зарцуулсан хөрөнгө 66.7 тэрбум юань болсон, үүнээс бодит зардалд 28.4 тэрбум, тусгай тусламжинд 5.7 тэрбум, голлох голомт болох Хубэй мужид олгосон тусламж 1.8 тэрбум, нийтийн эрүүл ахуйд 9.9 тэрбум, судалгаа шинжилгээ, эд материал бэлдэхэд үлдсэн 20 гаруй тэрбум юанийг зарцуулсан байна. Гэтэл энэ тоо гурван сарын дараа 162.4 тэрбум юань болтлоо нэмэгдсэн юм. Цар тахалд хамгийн ихээр өртөж байгаа гол субьект нь жижиг, дунд аж ахуйн нэгжүүд байв. Учир нь, ДНБ-ний өсөлтийн 60 хувийг жижиг, дунд аж ахуйн нэгжүүд бий болгодог, ажлын байрны 80%-йас илүүг тэд бүтээдэг. Гэтэл цар тахлын үеийн хөл хорио, нийгмийн тусгаарлалт зэрэг нь тэдгээр ААН-д хамгийн хүндээр тусаж, орлого тасалдан, хаалгаа барихад хүргэж байв. Иймд төсвийн болон мөнгөний бодлогын хүрээнд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олгох, хөрөнгө нэмэгдүүлэх, санхүүжилт олгох, нийгмийн даатгал шимтгэл, төлбөр татаасаас чөлөөлөх зэрэгголлох зохицуулалтыг хийжээ.
Төсвийн бодлогын хүрээнд, тусгай зориулалттай засгийн газрын бонд гаргах, орон нутагт олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авснаар 2020 онд ойролцоогоор 4-5 их наяд юанийн төсвийн зарцуулалт хийх; мөнгөний бодлогын хүрээнд, Хятадын Ардын Банкнаас нэг жилийн дунд хугацааны зээлийн хүүг 0.2 нэгж хувиар бууруулж 2.95%-д хүргэн, 100 тэрбум юанийн эх үүсвэрийг 2020 оны эхний хагас жилд чөлөөлсөн байна. Энэ хугацаанд голлон:
- Батлагдсан тохиолдлын эмчилгээний зардлыг тухайн өвчтөн хувиасаа хариуцахыг боломжийн хэмжээнд буруулах; төв сангаас 60 хувь хүртэл тусламж олгох; сэжигтэй тохиолдлыг тухайн эмчлүүлэх газар орноос хамаарч тусламж олгох,
- Гамшгаас сэргийлэхэд оролцож буй ажилтан, алба хаагчдад үйлдвэрийн осолтой тэнцэхүйц хэмжээний даатгал олгох,
- Гамшгийн хамгийн тэргүүн эгнээд ажиллаж буй эмнэлгийн ажилтан, ажилчдад тогтсон хэмжээний цалингийн тусламж олгох,
- Хандив тусламжаар ирэх гамшгаас хамгаалах хүрээний импортын бараа таваар, эд материалыг импортын гаалийн татвар, импортын нэмэгдсэн өртгийн татвар, хэрэглээний татвараас чөлөөлөх,
- Эрүүл мэндийн салбарт орж ирж буй импортын эд материалыг импортын гаалийн татвараас бүрэн чөлөөлөх,
- Ковид-19-өөр халдварласан хувиараа бизнес эрхлэгчийн зээлийн батлан даалтын хугацааг нэг жилээр сунгах; санхүүгийн хүүний дэм хүртэх, үргэлжлүүлэн дэмжлэг өгөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.
Гадаад худалдаа:БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас 2021 оны 1-р сарын 14-нд БНХАУ-ын ам. доллараар хийсэн экспорт 2020 оны 12-р сард өмнөх оны мөн үеэс 18.1% -иар, импорт 6.5% -иар өссөн гэж мэдэгдэв. Энэ хоёр үзүүлэлт хоёулаа зах зээлийн хүлээлтээс давсан байна.Ройтерс агентлагийн гаргасан экспорт, импортын дундаж тооцоо тус тус 15% ба 5% байсан юм.
Эрчим хүчний хэрэглээ:Хятадын аж үйлдвэрийн анхдагч салбартХАА давамгайлсан мал аж ахуй, ан агнуур, загас агнуур, ойн аж ахуйн салбарууд багтдаг. 2020 оны 1-р улиралд ХАА-н цахилгаан эрчим хүчний хэрэглээ өмнөх оноос4% -иар өссөн бол 2019 оны мөн үед 6.8% -тай байв.
Хоёрдогч салбарт боловсруулах, олборлох, барилга угсралт, нийтийн аж ахуй, усан цахилгаан станц, газрын тос, байгалийн хий, эмийн үйлдвэрлэл зэрэг орно. 2020 оны 1-6-р саруудад цахилгаан эрчим хүчний хэрэглээ өмнөх оноос 2.5% -иар буурч, 1 ба 2-р улирлын өсөлтийн хурд тус тус -8.8% ба 3.3% байв.
Гуравдагч салбар нь худалдаа, санхүү, тээвэр, харилцаа холбоо, боловсрол зэрэг үйлчилгээний салбар болон бусад материаллаг бус үйлдвэрлэлийн салбарыг хамардаг. 2020 оны 1-6-р саруудад цахилгаан эрчим хүчний хэрэглээ өмнөх оноос 4.0% -иар буурч, 1 ба 2-р улирлын өсөлтийн хурд тус тус -8.3% ба 0.5% байлаа.
Орон сууцны цахилгааны хэрэглээ 2020 оны 1-2-р сард өмнөх оны мөн үеэс 2.4% -иар нэмэгдсэн үзүүлэлттэй байжээ.
Эрчим хүч, ган, хими, нефть-хими, барилгын материал, өнгөт металл зэрэг зургаан том салбарын эрчим хүчний хэрэглээ 0.8%-иар өсч, өсөлтийн хурд сөрөг байдлаас эерэг болсан; бусад салбарын эрчим хүчний хэрэглээ 6.0% -иар буурч, 3.8 пунктээр агшчээ.
2020 оны 1-2-р сард Хятадын цахилгааны хэрэглээ жилийн өмнөхөөс 7.8%-иар, 3-р сард 4.2%-иар буурчээ. 2019 оны 1-р улирлын 5.5%-ийн өсөлттэй харьцуулахад Хятадын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2020 оны 1-р улиралд өмнөх оноос 6.5% -иар буурчээ.
Эрүүл мэндийн салбар:Үхань хотод Ковид-19-ын халдвар гарч, уушигны хатгалгаа газар авах үед, эмнэлгийн ор хүрэлцэхгүй болж, байдал хүндэрч эхлэв. Чухам энэ үед 1000 ортой Хуошэньшаний эмнэлэг, 1600 ортой Лэйшэньшаний эмнэлгийг 10 хоногийн дотор барьж ашиглалтад оруулжээ. Хятад улсын өнцөг булан бүрээс эмнэлгийн мэргэжлийн 42600 эмч ажилтан томилогдон, Үхань хотод очиж ажилласан юм.
Эм, эмнэлгийн хэрэгсэл, мэс заслын хэрэгсэл, ариутгалын бодис, хамгаалалтын маск, хувцас хэрэгслийг Алибаба, Хятадын банк, Bytedance групп зэрэг Хятадын томоохон корпорацууд нийгмийн хариуцлагаараа хангаж эхэлсэн, үйлдвэрийн газрууд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх чиглэлээр хувирган өөрчилж, улс орныг шаардлагат хэрэгслээр хангахад хувь нэмрээ оруулж, Хуавэй, Чайна Телеком зэрэг сүлжээний компаниуд 5G сүлжээний явуулын видео оношилгооны төвийн үйл ажиллагааг явуулж, боломжтой үйлчлүүлэгч нар гэрээсээ эмнэлгийн үйлчилгээг авч эхэлжээ. Алибаба, Тенсент, Байду, ZTE, JD.com, iFLYEK гэсэн компаниуд эмнэлгийн үйлчилгээнд их мэдээлэл (big data)-ийн технологийг нэвтрүүлэн, мэдээлэл, харилцаа, холбоо, технологийн өмнө бий болгож хөгжүүлсэн суурин дээр цар тахлын тархалтын мэдээллийг боловсруулах, хиймэл оюун ухааныг ашиглан зөвлөгөө өгөх, хяналт тогтоох, 5G-д суурилсан робот техник, дэд бүтцийг бий болгон ашиглаж эхэлжээ. Хятадын эрдэмтэд гадаадын эрдэмтэдтэй хамтран Ковид-19-ийг үүсгэгчгеномыг судалж, үүнд дүн шинжилгээ хийн, уг вирусын үүсгэгч нь сарьсан багваахай байх магадлалтай гэсэн дүгнэлт хийсэн байна.Шанхайн Жяотун их сургуулийн судалгааны багийнхан Хятадад анх удаа коронавирус илрүүлэх оношлуурыг гаргахад олон жилийн турш боловсруулсан нанометрийн соронзон зөөгчийн технологийг нэвтрүүлсэн байна. Үүнээс гадна Хятад болон олон улсын эрдэмтэд Ковид-19-ийн эсрэг вакцин бүтээх ажлыг эрчимтэй хийж эхэлсэн бөгөөд эдүгээ уг вакцинийг Хятад улсад бүртгэж аваад байгаа юм. Хятад улс 2020 оны 4–р сараас цар тахлын тархалтыг хумьж авч чадсан бөгөөд тухайн үед дэлхий дахинд хаа сайгүй халдвар газар авч эхэлсэн үетэй энэ цаг хугацаа зэрэгцсэн юм.Иймд авч хэрэгжүүлсэн бодлого шийдвэр ба хуримтлуулсан туршлагаа эмхлэн, өвчний тархварзүйн дэлхийн байгууллагатай хамтран хэд хэдэн эмнэлзүйн удирдамж, урьдчилан сэргийлэх гарын авлагыг хятад, англи хэлээр хэвлүүлэндэлхийн улс орнуудад түгээсэн билээ. Хятадын эрүүл мэндийн салбар цар тахлаас өмнөх үеийн удирдлага зохион байгуулалтаар ажиллах нь учир дутагдалтай болж, шинэ нөхцөл байдалд болон цаашид
- Эрүүл мэндийн
салбарт шинэчлэл хийх
- Цахим эрүүл мэндийн үйлчилгээг гол болгох
- Хятадад үйлдвэрлэсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах
- Инновацийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлж нэвтрүүлэх гэсэн 4 чиглэлээр хөгжих шаардлагатай гэж үзэн, эдгээр өөрчлөлтийг хэрэгжүүлж эхлээд байна.
Хөдөлмөр нийгмийн хамгаалал:2020 оны эхний хагас жилийн байдлаар Хятад улсын хэмжээнд 5.64 сая шинэ ажлын байр бий болгосон, 6-р сард хот хөдөөгийн ажилгүйдлийн түвшин 5.7%-тай байв.
Эхний хагас жилийн байдлаар суурь тэтгэвэр, ажилгүйдэл, хөдөлмөрийн хохирлын даатгалд хамрагдагсдын тоо 976 сая, 208 сая, 256 сая тус тус бүртгэгджээ. 22 муж тэтгэврийн даатгалын үндсэн сангуудад итгэмжлэгдсэн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, нийт 948.2 тэрбум юанийн хөрөнгө оруулжээ. Нийгмийн даатгалын карт эзэмшигчдийн тоо 1.315 тэрбум байсан бөгөөд нийгмийн даатгалын цахим картын өргөдөл 200 саяыг давж, 26 мужийн 189 орон нутгийн салбарт нийгмийн даатгалын картын мобайл төлбөрийн програм нээжээ. Нэгдүгээр сараас зургадугаар сар хүртэл нийгмийн даатгалын гурван сангийн нийт орлого 2.35 их наяд юань, зарлага 2.68 их наяд юань болж байв.
Батлан хамгаалах салбар:2020 онд Хятадын Батлан хамгаалахын салбарт 178.2 тэрбум ам. долларын төсвийг баталсан нь дэлхийн улс орнуудаас АНУ-ын дараа орох хэмжээний батлан хамгаалахын батлагдсан төсөв болж байна. 2019 оны төсвөөс 11 тэрбум ам.доллараар өссөн байна.Өсөлтийн хувь 6.6% (хүлээлт 7-7.5%) байгаа ч Ковидын үеийн эдийн засгийн бууралтыг үл хамааран батлан хамгаалах салбарын зардлыг тогтвортой өсгөх бодлого нь хэвээр байгаа гэдгийг үзүүлсэн гэж шинжээчид үзжээ.
Аялал жуулчлалын салбар:2019оны байдлаар БНХАУ–ын аялал жуулчлалын салбарын өсөлт нь улсын ДНБ-ний өсөлтөөс илүү хурдацтай өссөөр дотоод болон гадаад руу чиглэсэн аялал жуулчлалын зах зээл тогтвортой өсч, тэр дундаа гадаад аялал жуулчлалын зах зээл хурдтайөсч байв. Нийт жуулчдын 61% нь зөвхөн Япон болон Өмнөд Солонгост аялсан бол Канад, Сингапур, Австрали, АНУ удаалжээ. Мөн Хятад иргэд тансаг зэрэглэлийн аяллаар Европын орнууд тэр дундаа Итали, Франц, Грек зэрэг улсуудад хамгийн ихээр аялдаг байна. Үүнээс гадна сүүлийн 10 жилийн хугацаанд Хятадын улсын хурал зөвлөгөөн зохион байгуулах, үзэсгэлэн худалдаанд оролцох болон бизнес аяллын тоо огцом нэмэгдэх хандлагатай болсон юм. Чингэвч БНХАУ-ын аялал жуулчлалын салбарын 95% гаруйг дотоодын аялал жуучлалын салбар бүрдүүлдэг. Дотоодын аялал жуулчлалын түүвэр судалгааны дүнгээс үзвэл дотоодын жуулчдын тоо 6.6 тэрбумболж, 2018 оны мөн үеийнхээс 8.4% -иар өссөн үзүүлэлттэй байжээ. Хилээр орсон гарсан нийт жуулчдын тоо 300 саяд хүрч, 2018 оны мөн үеэс 3.1% -иар өссөн байна. Аялал жуулчлалын салбарын жилийн нийт орлого 6.67 их наяд юань болж, 11% -иар өсчээ. Аялал жуулчлалын салбарын хэмжээДНБ-ний 11.05% -ийг эзэлж байв. Мөн түүнчлэн энэ салбарт 28.25 сая хүн тогтмол ажиллаж байгаагаас аялал жуулчлалтай холбоотой үйлчилгээний бусад салбаруудад 79.87 сая хүн албан болон албан бусаар хөдөлмөр эрхэлж энэ нь тус улсын нийт ажил эрхэлж буй иргэдийн 10.31% -ийг эзэлдэг ажээ.
Хятадын судлаачид цар тахалд хамгийн ихээр өртөх салбар бол нийтийн үйлчилгээний салбар юм гэж үзсэн. 2020 оны 1-р сарын 24-нд БНХАУ-ын Соёл, Аялал Жуулчлалын Яамнаас аялал жуулчлалын компаниудын бизнесийн үйл ажиллагааг түр зогсоох яаралтай мэдэгдэл гаргаж, үндэсний аялал жуулчлалын агентлагууд болон онлайн аялал жуулчлалын компаниуд групп аялал болон “нисэх онгоцны тийз + зочид буудал” гэсэн аялал жуулчлалын үйл ажиллагаагаа зогсоохыг мэдэгджээ. Улсын иргэн, харьяатын албанаас эх газрын оршин суугчдад гадаадад аялах талаар боломжийн зохицуулалт хийхийг зөвлөж онцгой шаардлагагүй бол аяллын хугацааг хойшлуулах, мөн 28-ны өдрөөс эх газрын оршин суугчдын Хонгконг, Макао руу хийх аяллыг түдгэлзүүлэхээ мэдэгдсэн юм. Гадаадын агаарын тээврийн компаниуд, тэр дундаа Англи, Америкийн агаарын тээврийн компаниуд 2-р сарын эхнээс эхлэн агаарын нислэгээ түр зогсоохоо мэдэгдсэн.
2019 оны хаврын баярын үеийн тоон баримтыг 2020 оны хаврын баярын үеийн тоон баримттай харьцуулахад орлогын дундаж алдагдал -67.81% байв.
2020 оны 1-р сарын сүүлээр Соёл, Аялал Жуулчлалын Яамнаасшийдвэр гарснаас хойш 4-р сарын дунд гэхэд 5300 гаруй кино компани дампуурал зарлажээ.Хятад дахь томоохон кино театрын сүлжээнүүдийн нэг болох “WANDA CINEMA”-ийн 1-р улирлын санхүүгийн тайлан тухайн улиралд 550-650 сая юаний алдагдалтай гарчээ.
Цар тахлын үеэр Хятад улсын нийтийн хоолны газрын 94% нь түр хугацаагаар хаасан ба өмнөх жилүүдтэй харьцуулахад хаврын баярын битүүний үдшийн ширээний цуцлалтын хувь 94%-д хүрсэн байна. 1-2-рсар хүртэл нийтийн хоолны салбарын борлуулалт 290 тэрбум юань байсан бол, 2018 оны 1-2 сарынх 725.1 тэрбум юань байв. Энэ нь ойролцоогоор435.1 тэрбум юаниар буурсан үзүүлэлт бөгөөд өмнөх онтой харьцуулахад нийт уналтын хэмжээ 60% хүрчээ. Хаврын баярын үеэр нийтийн хоолны салбар 500 тэрбум юань алджээ.
Аялал жуулчлалын салбарт энэхүү нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдал хүндээр тусч, “2020-2026 оны Хятадын аялал жуулчлалын салбарын зах зээлийн хөгжлийн чиг хандлагын дүн шинжилгээний тайлан”-д мэдээлснээр Ковид-19-ийн өмнөх үеийн аялал жуулчлалын жилийн нийт орлого ойролцоогоор 7 их наяд орчим юань байхаар байсан бол цар тахлын улмаас учирсан алдагдал 1.6-1.8 их наяд юаньд хүрсэн үзүүлэлттэй гарч, -14%-өөс -18%-ийн сөрөг өсөлтийн дүн гарсан нь сүүлийн 40 жилийн хугацаан дахь тус салбарын хамгийн их уналттай хэмжээнд тооцогдоно.
Соёл, Аялал Жуулчлалын Яамнаас гаргасан аялал жуулчлалын үндэсний статистикийн судалгааны 2020 оны 3-р улирлын тайланд дурдсанаар улсын хэмжээнд нийт аялал жуулчлалын 40167 агентлаг, дотоодын 19,713,200 аялал зохион байгуулсан нь өмнөх жилийн мөн үеэс 60.01% буурсан үзүүлэлт юм.
Хятадын аялал жуулчлалын салбарт дараахь арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд,
1. Засгийн газрын идэвхтэй дэмжлэгээр компаниудад хүүгүй, хөнгөлөлттэй зээл олгох, холбогдох татварын хөнгөлөлт эдлүүлэх, татварын буцаан олголт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэх мэт бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлэх, аялал жуулчлалын салбарыг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх
2. Гэнэтийн болзошгүй нөхцөлд зохицон ажиллах орчин үеийн аялал жуулчлалын тогтолцоог бий болгохдоо төр засаг, Соёл Аялал Жуулчлалын Яамтай уялдаа холбоотой ажиллахын зэрэгцээ Эрүүл Мэндийн Яамтай хамтран аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүдтэй урьдчилан сэргийлэх, хяналтын нэгдсэн удирдлага бий болгож ажиллах
3. Аялал жуулчлалыг сурталчлах төлөвлөгөө боловсруулахын дээр байгалийн үзэсгэлэнт газруудын төлбөрийг хоёр дахин бууруулах, ресторан, зочид буудал, жижиглэн худалдааны үнийг бууруулах, байгальд аялах үйл ажиллагааг идэвхижүүлэх зэрэг хэд хэдэн арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулах
4. Жуулчдын сэтгэлзүйн айдсын нөлөөг багасгах чиглэлээр маркетингийн шинэ арга хэмжээнүүдийг цувралаар хэрэгжүүлэн, аялал жуулчлалын аюулгүй бүс тогтоох
5. Олон нийтийн аялал жуулчлалын аюулгүй байдлын стандартыг аялал жуулчлалын бүхий л тогтолцоонд нэвтрүүлж, эрүүл аюулгүй эко орчныг бий болгоход онцгой анхаарах болсон байна.
6. Ковид-19-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх, хянах шаардлагатай аяллын захиалга нь стандарттай болж, дотоодын жуулчдын тоог хянаж, төлөвлөгөөт аяллыг хэрэгжүүлэх шаардлагатай болсон нь жуулчдын соёлтой аялах шинэ чиг хандлагыг бий болгож байна.
Одоогийн байдлаар Хятад улсад дараахь аяллын хэлбэр бий болжээ.
“Өөртөө туслах аялал”: Аялал жуулчлалын хүрээнд “өөртөө туслах аялал” нь хэвшмэл үзэгдэл болж ирэв. Судалгааны дүнгээс үзэхэд, Хятадын жуулчдын тэн хагас нь аяллаа төлөвлөхдөө Ковид-19-ээс урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг хамгийн чухал хүчин зүйл гэж үзэж байгаа ньэнэ төрлийн аяллын гол онцлог юм. Жуулчид цахим болон ухаалаг платформоор дамжуулан байгалийн үзэсгэлэнт газрын тухай болон аялал хийх газруудын талаар урьдчилан мэдэх, дуут тайлбар авах, маршрутын төлөвлөгөө гаргах, бэлэг дурсгалын зүйл цахимаар худалдаж авах, зочид буудал, нислэгийн тийз захиалах гэх мэт зүйлийг гарын авлагаас буюу ухаалаг аяллын хөтчөөсөө мэдэх боломжтой.
Орон нутгийн аялал жуулчлал: Ковид-19-ийн нөлөөгөөр олонх хүмүүс холын аялалд явах боломжгүй болсон бөгөөд бага, дунд сургууль урт хугацаагаар амарч, аяллыг хязгаарласнаар холын аялалд гарах боломжгүй болж улмаар хүмүүст ойрын зайд аялах буюу орон нутгийн аялалд анхаарал хандуулах болсон ажээ. Дотоодын аялал жуулчлалын зах зээл нь хөгжлийн асар их боломжийг нээж, аялал жуулчлалын бүтээгдэхүүний чанарын шинэчлэлтийг бий болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэж байна.
“Цахим аялал жуулчлал”: “Цахим аялал жуулчлал” нь мэдээллийн технологиор дамжуулан, аялал жуулчлалын салбарыг цаашид хөгжүүлэх чухал хөдөлгөгч хүч болох бөгөөд ухаалаг платформд суурилсан аялал жуулчлалын үйлчилгээ хэрэглээнд орж, үйлчилгээний арга хэлбэр ч илүү хялбаршиж, хэрэглээний орон зайг өргөжүүлэн, аялал жуулчлалын хэрэглээний шинэ онцлогт тохирсон цахим мэдээллийн технологийг ашиглан, бизнес уулзалт, үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.
Шинжлэх ухаан технологи:2020 онд БНХАУ-ын шинжлэх ухааны салбар ололт амжилт арвинтай байсан бөгөөд дараахь10 үйл явдлыг онцолж байна. Үүнд:
- Хуавэй – 5G сүлжээ:Дэлхийн 5G сүлжээний үйлчилгээ үзүүлэгч компаниудын дунд Huawei, ZTE, Nokia, Ericsson компаниуд шаргуу өрсөлдөж буй бөгөөд тэдгээрийн дотроос Хуавэй-5G нь 2020 оны 6-р сарын байдлаар дэлхийд 91 захиалга авч өрсөлдөгчдөө ардаа орхижээ.
- Дэлхийн хамгийн том радио телескоп –Хятадын Тэнгэрийн Нүд (“China Sky Eye”):2020 оны 1-р сарын 11-ний өдөр Хятад улсын бие даан боловсруулж, зохион бүтээсэн 500 метрийн голчтой бөмбөрцөг хэлбэрийн радиотелескопыг албан ёсоор ашиглалтад оруулжээ.1994 онд уг төслийг Хятадын одон орон судлаач Нань Рэньдунгийн санаачилгаар албан ёсоор байгуулсан бөгөөд уг төслийг гүйцэтгэхэд 22 жил шаардагджээ.
“Хятадын Тэнгэрийн Нүд” нь Аресибогийн ажиглалтын төвийн эзэмшиж байсан 305 метрийн голчтой рекордыг эвджээ. Олон улсын шинжээчдийн үнэлгээгээр “Хятадын Тэнгэрийн Нүд” нь Аресибогоос10 дахин илүү хүчин чадалтай юм.
- Дэлхийн хамгийн анхны хурдны галт тэрэгний гүүр:Хурдны галт тэрэгний Фүшя гүүр нь дэлхийн хамгийн анхны хурдны галт тэрэг дамжин өнгөрөх гүүр бөгөөд нийт урт нь 20.3 км юм. Энэ нь цагт 350 км хурдтай явахад зориулагдсан бөгөөд хурдны галт тэрэгний дэлхийн хамгийн өндөр гүүрийн дээд амжилтыг тогтоожээ. Фушя хурдны галт тэрэгний далайн эргийн гүүрийг 2022 онд албан ёсоор нээхээр төлөвлөж байна.
- Өндөр хурдны соронзон замын галт тэрэгний загварын туршилт:2020 оны 6-р сарын 21-ний өдөр “Жунчө Сыфан” ХХК-ийн бүтээсэн цагт 600 км хурдтай соронзон замын галт тэргийг БНХАУ-ын Шанхай хотын Тунжи их сургуулийн туршилтын зам дээр амжилттай туршив. Өндөр хурдны соронзон замын галт тэрэг нь цаг хугацаа хэмнэх, тохь тухтай аялах зэрэг давуу талтай бөгөөд зах зээлийн үр ашгийг үнэлэх боломжгүй юм.
- “Долоон бурхан” хиймэл дагуулын удирдлагын систем:1994 онд “Долоон бурхан” хиймэл дагуулын төсөл албан ёсоор хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2020 оны 6-р сарын 23-нд “Долоон бурхан” хиймэл дагуул төлөвлөсөн тойрог замд амжилттай нэвтэрч, Хятадууд өөрсдийн дэлхийн байршил тогтоох системийг үйл ажиллагааг эхлүүлэв.Энэ оны 7-р сарын байдлаар дэлхийн 137 орон, бүс нутаг “Долоон бурхан” хиймэл дагуултай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
- “Сүр хүчит Тайхугийн гэгээ” супер компьютер: “Сүр хүчит Тайхугийн гэгээ” бол Хятадад бүтээсэн хамгийн супер компьютер юм. Энэ нь 40 тооцоолох танхим болон 8 сүлжээний өрөөнөөс бүрддэг бөгөөд тооцоолох хүчин чадал нь секундэд 12.54 живаа үйлдэл хийх хүчин чадалтай ажээ.
- Хятадын гурав дахь үеийн цөмийн эрчим хүчний технологийн “Гуохө-1” судалгаа:2020 оны 9-р сарын 28-ны өдөр БНХАУ-ын “Эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпораци”-аас тус улсын гуравдахь үеийн цөмийн эрчим хүчний “Гуохө-1” төслийн судалгаа, шинжилгээний ажил дуусч, дараа дараагийн холболтуудаа хийж эхэлснийг мэдэгджээ.“Гуохө-1” нь дэлхийн хамгийн дэвшилтэт цөмийн эрчим хүчний түвшинг илтгэх 1.5 сая киловаттын хүчин чадалтай, аюулгүй байдлын загварчлалыг баримталсан байна. 1.5 сая киловатт эрчим хүч нийлүүлнэ гэдэг нь нэг жилийн хугацаанд 22 сая оршин суугчдын цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангаж, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 9 сая тонноор бууруулах боломжтой гэсэн үг ажээ.
- “Жю жан” квант компьютер:Үүнийг өндөр эрэмбийн процессор гэж ойлгож болох бөгөөд энэ нь гэрлийн квантыг хянах замаар тооцоолох хурдыг нэмэгдүүлэх боломжтой юм. 2020 оны 12-р сарын 4-ний өдөр Хятадын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн профессор Пан Жянвэй Хятад улсын өөрөө бүтээсэн 76 фотоны квант компьютер болох “Жю жан”-ыг амжилттай боловсруулж, дэлхийн квант тооцоолох хурдны дээд амжилтыг эвдлээ.Үүнээс өмнө энэ дээд амжилтыг Google-ийн “Plananus” хадгалж байжээ. 10 тэрбум даалгаврыг боловсруулахад Хятадын “Жю жан” квант компьютер ердөө 10 цаг зарцуулдаг бол, Google-ийн “Plananus” нь 20 хоног зарцуулдаг байна.
- Хятадын шинэ үеийн “Хиймэл нар”:2020 оны 12-р сарын 4-ний өдөр Хятадын Чэнду хотод “хиймэл нар” буюу “Циркулятор №2М” төхөөрөмжийн шинэ үеийг албан ёсоор нээж, плазмыг амжилттай тогтоожээ.Энэ нь Хятад улс томоохон хэмжээний дэвшилтэт цөмийн урвалын төхөөрөмжийн зураг төсөл, барилга байгууламж, ашиглалтын технологийг бие даан эзэмшсэн болохыг харуулж байна.
Цөмийн нэгдэл гэдэг нь жижиг масстай хоёр цөмийг нэг том масстцөмд нэгтгэж, асар их энерги ялгаруулах үйл явц юм. Энэ бол нарны ажиллах зарчим ажээ.
- “Чан-ө 5 буюу Сарны дагина-5”-аар авсан сарны дээж:2020 оны 11-р сарын 24-ний өдөр “Сарны дагина-5” төхөөрөмж Хятад улсын Вэньчан дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас амжилттай хөөрч, төлөвлөсөн тойрог замд оров. Урьд нь АНУ, ЗХУ /хуучнаар/ л үүнийг хийж байсан бөгөөд 2020 оны 12-р сарын 2-нд “Сарны дагина-5” сарнаас дээж авч, саванд амжилттай хийснээр Хятад улс энэ технологийг нэвтрүүлсэн дэлхийн гуравдахь орон болов.
Хятадын спортын арга хэмжээ ба олимподбэлдэж буй шигшээ баг:2020 онд БНХАУ дотооддоо болох байсан ихэнх уралдаан тэмцээнийг тодорхой хугацаагаар 7-р сараас хойш байдлыг тандах байдалтай хойшлуулав.Гадаадад болж буй олимпийн эрх олгох цуврал тэмцээнд тамирчдаа оролцуулж, эх орондоо ирэхэд нь шинжилгээнд хамруулан тамирчдын хотхонд байрлуулж бэлтгэл сургуулалтыг нь хийлгэсээр байна.“Ковид-19” халдварын эсрэг вакцин олимпын наадамд оролцох баг тамирчдын нэрс тодорхой гарахад бүх тамирчид хамрагдана гэдэг нь ойлгомжтой гэдгийг ҮОХ мэдэгдэлдээ цохон тэмдэглэв.
Олимпод оролцох тамирчдын нэрсийг шалгаруулж нийтэд хараахан хүргээгүй хэдий ч өөр өөрсдийн төрөлд оролцох аваргуудын нэрс нэгэнт тодорхой болсон гэдгийг цахим орчинд таамаг дэвшүүлэх байдлаар гаргасан байна.
Токиогийн 2021 оны олимпод оролцох тамирчидын нэрс гарсан ба эдгээр тамирчдад эх орон нь итгэл найдвар тавьж их хариуцлага үүрүүлж байна.
- Ширээний теннис:Токиогийн 2021 оны зуны олимпод энэ төрөлд 5 алтан медаль авах болно гэдэгт итгэл төгс зарласан нэг төрөл нь юм. 2004 оны Афины олимпод эрэгтэй ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль авсаныг эс тооцвол, Бээжингийн 2008, Лондонгийн 2012, Рио де Жанейрогийн 2016 оны олимпод аваргалж байсан уламжлалаа буухиална гэдэгтээ итгэл төгс байна. Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд сүүлийн 3 олимпод алтан медаль хүртсэн аваргууд болох Фан Жэньдун, Шюй Шинь, Ма Лун эмэгтэй тамирчдаас Чэнь Мөн, Лю Шывэнь, Дин Нин нарт итгэл хүлээлгэлээ.
- Марафон:Энэ төрөлд 3 олимпод дараалан амжилттай зодоглосон Лю Хун Лондонгийн 2012 оны олимпоос хүрэл, Рио де Жанейрогийн 2016 оны олимпоос аваргын алтан медалийг 20км-ын зайд түрүүлж авчирч байжээ. Тэрээр Токиогийн 2021 оны олимпод оролцох эрхийн тэмцээн бүрт амжилттай оролцон, олимпод орох эрхээ авсан юм.
- Усан сэлэлт:Энэ төрөлд 2020 оны 10-р сард болсон Бүх Хятадын Усан сэлэлтийн Аварга шалгаруулах эхний байруудыг эзэлсэн Ван Жяньжя, Шю Жя-юй, Лю Шян нараас дэлхийн рекордыг эвдэж, 2021 оны Токиогийн олимпод оролцох эрхээ олж аваад байна.
- Дугуй:Хятадын дугуйн шигшээ багт Рио де Жанейрогийн 2016 оны олимпоос анхны алтан медалыг авчирсан Гун Жиньже хүүхэд төрүүлээд эргэн бэлтгэлдээ орон багагүй хугацааг өнгөрөөж байна. Шинжээчид уг тамирчин нэгэнт 35 нас хүрсэн амжилт юу л бол гэсэн байдалтай байна.
- Сагсан бөмбөг /эрэгтэй/:Токиогийн 2020 оны олимпод орох тамирчдын нэр 2019 онд зарласан боловч Ковид-19 өвчиний улмаас хэсэг хугацаанд тамирчид бэлтгэл сургуулилт тасалдсан гэж үзэж байна. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны дарга Яо Миний хувьд 2020 оны улирлын тоглолтуудыг дуусгаж шинэ залуу тамирчдаар хүч сэлбэх магадлал тун өндөр байгаа юм. Шигшээ багийн довтлогч нэгэн үе Яо Минтэй гар нийлж байсан И Жяньлянь нэгэнт 37 нас хүрсэнийг мөн онцлохгүй байхын аргагүй. Тиймээс залуу үеийн төлөөлөл Жөү Чи, Ван Жөлинь, Шэнь Зыже, Ху Жинчю нар улсаа төлөөлөх магадлал өндөр байна. Олимп хойшилсон тул шигшээ багт тоглох тамирчдын нэрсийг дахин өөрчлөх магадлал тун өндөр байна.
- Волейбол /эмэгтэй/:Ази тив хийгээд дэлхийд нэрээ таниулсан эмэгтэй волейболын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Лан Пин хэвлэлийн бага хурал дээр тамирчиддаа найдлага тавьж байгаагаа илэрхийллээ. Дэлхийн №1 довтлогч Жу Тин цорын ганц найдлага тавьж байгаа хүн нь гэв. Энэ багийн тэмцээн тул тамирчид хоорондоо ойлголцол сайтай байхад бид ялна хэмээн мэдэгдсэн юм.
- Бокс:2021 оны Токиогийн олимпийн наадмын “Ази, Далайн орнуудын боксын олимпийн эрх олгох тэмцээн” Иорданы нийслэл Амманд хурц ширүүн явагдаж 40 орны 200 гаруй тамирчин өрсөлдсөнөөс Өвөр Монголын тамирчин Ли Чинь боксын үндэсний шигшээ багийг төлөөлөн эмэгтэй 69-75 кг-ын жингийн тэмцээнд хагас шигшээд амжилттай орохын зэрэгцээ Токиогийн олимпийн наадамд оролцох эрх олж, Хятадын боксын багийн олимпод оролцох тамирчдын дотор олимпод оролцох эрхээ авсан тамирчдын нэг болов.
Мөн гимнастик, хөнгөн атлетик, жудо, хүндийн өргөлт зэрэг төрлүүдэд оролцох тамирчдын нэр эцсийн байдлаар тодроогүй байна. Азийн хөл бөмбөгийн холбоо Хятад, Өмнөд солонгосын эмэгтэй шигшээ баг эрх авах тоглолтын 2021 оны 2 дугаар сарын 17, 24 өдрүүдэд болохыг зарлалаа. Энэ тэмцээнд ялалт байгуулбал хятадын эмэгтэй хөл бөмбөгийн баг Олимпод оролцох болно.Зарим эрхээ авсан тамирчидаас бэртэл гэмтэл нь сэдэрсэн зэрэг шалтгаанаар эмчилгээ хийгдэж байгаа учраас хамгийн сүүлийн хувилбараар нэрийг хараахан гаргах боломжгүй байгааг БНХАУ-ын ҮОХ-оос мэдэгдэлээ.
Хятадын хэвлэн нийтлэгч байгууллагууд:БНХАУ-д хувийн хөрөнгө оруулалттай хэвлэн нийтлэгч байгууллага гэж байхгүй, бүгд улсын байгууллагадхарьяалагдана. БНХАУ-ын албан ёсны статистик мэдээгээр 2018 оны байдлаар 467 хэвлэлийн компани үйл ажиллагаагаа явуулж байв.
Байду цахим хуудасны мэдээнээс авсан тоо баримтаар бол Хятад улсад үйл ажиллагаа явуулж буй 1314 хэвлэн нийтлэгч байгууллага бий.Үүнд, зөвхөн цаасан ном хэвлэдэг 582, цахим ном, сонин гаргадаг 328, дуу дүрстэй контент бүтээдэг 404 байгууллага байна.
Ковид-19 халдвар тархсан эхний нөхцөл байдалд ном хэвлэлийн зах зээл үндсэндээ зогсонги байдалд орсон юм.2-р сард аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дахин сэргээх шийдвэр гарсны дараа ном хэвлэн нийтлэгч байгууллагуудын борлуулалт хагас зогсонги байдалтай байсаар 5-р сараас бүх талаараа үйл ажиллагаагаа сэргээсэн хэдий ч цар тахлын нөлөөгөөр борлуулалт ахихгүй байв.Хэвлэлийн газрууд нэгэнт зогссон борлуулалт, зах зээлээ аврахын тулд цахим хэлбэрт шилжиж, өмнө хэвлэгдсэн номыг цахим ном, сонсдог, үздэг ном болгох ажилд шамдан орсон бөгөөд энэ нь ч үр дүнгээ өгсөн байна.
Ковид-19-ийн үед бий болсон сайшаалтай тал нь өмнө нь завгүй хөдөлмөрлөж байсан иргэд гэртээ хөл хоригдсоны дараа маш ихээр унших болсон байна. Бас нэгэн сонирхолтой үзэгдэл бол “эх орондоо хайртай залуучууд” буюу 26-35 наснышинэ уншигчдын давалгаа үүссэн юм. Судалгаанаас үзэхэд эдгээр уншигчдын 69% нь эрэгтэй уншигч байсан байна.Эхний хагас жилд борлуулалт бараг зогссон ч, сүүлийн хагас жилд уншигч, унших зуршилтай иргэдийн тоо ихээр нэмэгдсэн учир хагас жилийн дотор борлуулалтаа нөхжээ.
Хэвлэлийн компаниуд шинжлэх ухааны байгууллагууд, их сургууль, бүх салбарын эрдэмтэд, зохиолчид, уран бүтээлчид технологийн компаниудтай хамтран цахимаар болон цаасаар шинэ ном бүтээл, контент хийхээс гадна өмнө байсан номуудыг цахим хэлбэрт оруулж, цахим номын сангийн сүлжээ хийснээр номын борлуулалт ихэсч уншигчдын тоо ч олширсон байна.
Албан ёсны мэдээллээс авсан тоо баримтаар Хятад улсын хэвлэн нийтлэгчбайгууллагууд 2020 онд Ковид-19-ийн холбогдолтой 570 ном хэвлэжээ.Эдгээр номын 50%- иас дээш хувийг шинжлэх ухааны хэвлэлийн газрууд гаргасан байна.Хэвлэн нийтлэгч байгууллагуудын гаргасан жилийн эцсийн тайланг үзвэл 2020 оны борлуулалт өмнөх оныхоос 20%-аар өсч, цахим номын хэрэглээ, дуу дүрст контентын борлуулалт ихээр нэмэгдсэн нь үүнд нөлөөлжээ. Тухайлбал, Ардын Хэвлэлийн Хорооны борлуулалт өмнөх оныхтой харьцуулбал 17,7 % -иар өсч 6.37 тэрбум юань, цахим номын борлуулалт 3.7тэрбум юань болжээ.Борлуулалт өсч, үйл ажиллагаа идэвхжсэн шалтгааныг Ковид-19-ийн талаарх ном хэвлэл, контентыг ихээр үйлдвэрлэж, шинжлэх ухаан технологийн байгууллагууд хэвлэлийн газруудтай хамтран ажиллах шинэ арга барилд суралцахыг төр засгаас бодлого хөрөнгө санхүүгээр дэмжсэнтэй холбож үзэж байна.
Цахим боловсролын салбар:Цар тахлын үед танхимын сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа хязгаарлагдаж, компани, аж ахуйн нэгжүүд цахим сургалтын хэрэглээний програмуудыг идэвхтэй нэвтрүүлсний үр дүнд Youdao Premium Classes, Homework Help, Tencent Classroom, Yuanjiao зэрэг олон хэрэглээний програмыг хөгжүүлжээ.
Хятадын бага, дунд, ахлах сургуулийн сурагчдад зориулан нэр хүндтэй багш нарын цахим хичээлийг шууд бэлтгэн явуулснаар цар тахлын үед үнэгүй хичээлд хамрагдахаар бүртгүүлсэн хүний тоо 10 саяас давсан байна. Хэрэглэгчид чанартай цахим боловсролыг чухалчилж байсны зэрэгцээ шилдэг багш нарын бэлдсэн туршилтын хичээлийг үзэх нь худалдан авах шийдэлд хүргэдэг ажээ. Цар тахлын үед цахим боловсролын салбарын үйл ажиллагаанд оролцогчдын дотор эцэг эхчүүд 70%-иас дээш хувийг эзэлж байна. Учир нь хичээл орох боломжгүй болсноор эцэг эхчүүд хүүхдийнхээ сурлагад анхаарал тавьж, цахим хичээл худалдан авч өгөх сонирхолтой болсон байна. Цогц цахимсургуулийн хичээлийн агуулга, үйлчилгээ нь харьцангуй чанарын өндөр түвшинд байдаг тул хэрэглэгчдийн таашаалд нийцвэл ганцаарчилсан сургалт нь сургалтын чанарын хувьд баталгаатай гэжэцэг эхчүүд үздэг гэж шинжээчид үзсэн байна.
2020 ондЦар тахлын үеэр ганцаарчилсан сургалт, цөөн хүнтэй анги болон хос багштай сургалтын хэлбэр олонхийн таашаалд илүү нийцсэн байна.Судалгаанд оролцогчдын 41,4% нь ганцаарчилсан сургалтын хэлбэрийг илүүд үзсэн бол хос багштай, олон хүнтэй том ангийн хэлбэр 40%-ийнхны сонирхолд нийцжээ.
Ковидын онцгой нөхцөл байдал Хятадын цахим боловсролын салбарт эерэг нөлөө үзүүлснээр энэхүү салбарынзах зээлийн цар хүрээг улам өргөжүүлжээ. Цар тахлын онцгой нөлөөгөөр цахим боловсролын массын хэрэглээ хурдацтай нэмэгдсэн нь цахим боловсролын зах зээлийн хөгжлийн гол зангилаа болсон байна.
Тааламжтай бодлого, хэрэглээний шинэчлэлтэд хөтлөгдсөн Хятадын цахим боловсролын салбарын зах зээлийн цар хүрээ, хэрэглэгчдийн цар хүрээ өргөжсөөр байгаагийн дотор хүүхэд залуучуудын цахим англи хэлний зах зээл сайн төлөвтэй байна. 2020 оны 4-р сарын байдлаар Хятадын хүүхэд залуучуудын цахим англи хэлний сургалтын зах зээлийн цар хүрээ 26 тэрбум юаньд хүрч, 5.8 сая орчим хэрэглэгчтэй болж, зах зээлийн түвшин 22% байв. Хэрэв хэрэглэгчдэд цахимаар боловсрол олж авах дадал зуршил бий болж хөгжсвөл 2021 оны эцэс гэхэд Хятадын хүүхэд залуучуудын цахим англи хэлний сургалтын зах зээлийн түвшин 37% -д хүрч өснө, цаашлаад 2022 онд 51%-д хүрнэ гэж үзэж байна.
Мөн ААН-үүд Хятадын цахим боловсролын салбарыг сайжруулахад тус дөхөм болох сонирхолтой сургалтын хувилбаруудыг ч бий болгох төлөвтэй байна.
Хятад Улсын санаачилсан “Бүс ба Зам” мега төсөл2020 онд дэгдсэн Ковид-19 цар тахал олон улс дамнасан “Бүс ба Зам”-ын хөгжилд нөлөөлсөн ч, шинэ нөхцөлд шинэ онцлогтой хөгжих өөр нэг боломжийг бий болгожээ.
Сөргөөр нөлөөлсөн тал нь, цар тахал дэгдсэн газар оронд бүтээн байгуулалт, барилгын томоохон төслийг зогсоохоос аргагүй нөхцөл байдал үүсэх, материал, түүхий эд, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн сүлжээ доголдох, зарим улс оронд гэрээгээр хүлээсэн санхүүжилт зогсох зэрэг шалтгаан үүсчээ. Гэсэн хэдий ч өмнө бий болгосон дэд бүтцийн суурин дээр цар тахлыг хязгаарлан барих чиглэлд эм эмнэлгийн хэрэгсэл, шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх ажлыг олон удаагийн давтамжтайгаар тээвэрлэж чаджээ. 2020 оны 5-р сард Серби улсын Белград хот руу Зүүн Европын орнуудыг дэмжих 3000 м3, 294.4 тонн тархвараас сэргийлэх материал тээвэрлэн хүргэснээс эхлэн, Хятад-Европын хурдны галт тэргээр Европын 20 гаруй улс, 90 гаруй хотыг холбосон 10 мянга гаруй галт тэргээр тусламжийн хэрэгсэл зөөснөөс гадна, “Агаарын Торгоны Зам” хэмээх шинэ шугамаар дэлхийн улс орнуудад хамгаалалтын хувцас, маск, туршилтын иж бүрдэл зэрэг 2000 тонн эмнэлгийн хэрэгслийг тодорхой цэгүүдэд хүргэжээ. “Бүс ба Зам”-ын зарим оронд эмнэлгийн мэргэжилтний баг илгээх, Хятадын хөрөнгө оруулалттай компани түр эмнэлэг барих, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлийг бий болгоход хамтран ажиллав. Мөн “Бүс ба Зам”-ын орнуудтай хамтран вакцин хөгжүүлэх, турших, хэрэглэх чиглэлд ажилласны дотор ОХУ, Египет, Индонез, Пакистан, АНЭУ орж байгаа юм. Турк, Египетэд хятад вакциныг авч эхэлжээ.
Хятад улсаас “Бүс ба Зам”-ын орнуудад оруулсан шууд хөрөнгө оруулалт өмнөх оноос 30% орчмоор өссөн гэсэн тооцоотой байна. Хятад АСЕАН-ы болон Ази Номхон далайн бүсийн хамтын ажиллагаа 2020 онд эрчимтэй хөгжиж, Хятад Улсын гадаад худалдааны хамгийн том худалдааны түнш орнууд болжээ. Мөн Хятад ба Африкийн холбооны худалдааны хамтын ажиллагаа ч шинэ шатанд гарсан байна.
“Торгоны замын цахим худалдаа”-г “Бүс ба Зам-ын төлөвлөлтөд бүх талаар хөгжүүлж, үүний дотор хөрш орнуудтай хийх худалдаанд энэ платформыг ашиглахаар зорьж байгаагаа Хятад улс зарласан юм. Мөн улс орнуудтай бараа бүтээгдэхүүнийг тасралтгүй шуурхай хангах “ногоон гарц” “шуурхай гарц” гэсэн сувгуудыг бий болгон ашиглаж байгаа нь үр дүнтэй хэрэгжиж байна. Цар тахлын үеийн дэлхий дахины нөхцөл байдалд цахим худалдаа, дижитал эдийн засгийг хөгжүүлэх явдлыг бүхий л улс орон эрэлхийлж байгаа энэ үед Хятад Улс энэ талд хэдэн жилийн өмнөөс бусад улс орноос түрүүлж цахим худалдаа, ухаалаг үйлдвэрлэл, ухаалаг аялал жуулчлал, ухаалаг санхүү, ухаалаг ХАА зэргийг хөгжүүлж эхэлсэн нь Хятад улсыг цар тахлын хүнд үед аж ахуйгаа сэргээхэд үнэнхүү эерэгээр нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд Хятад улс “Бүс ба Зам”-ын интеграцад нэгдсэн орнуудтай “Торгоны замын цахим худалдаа”, дижитал тээврийн коридор, хил дамнасан шилэн кабелийн мэдээллийн суваг байгуулах зэрэг санаачилгыг гаргаж байна.