Малчид:НҮБ-аас олгосон мөнгөн тусламж, хандивыг хүлээн авч, хэрэгцээндээ зарцуулсан

НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн хяналт, үнэлгээний багтай “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид” клубийн гуравдугаар ээлжийн баг зүүн гурван аймагт ажиллаж, малчидтай уулзан, тусламжийн дараах үнэлгээ, зудын хариу арга хэмжээний үр нөлөө болон малчдын амьжиргааг нөхөн сэргээх хэрэгцээ, шаардлагын судалгаа хийснийг сурвалжиллаа.

Томилолтын баг Хэнтий аймгийн Баянхутаг суманд очиж, малчидтай уулзлаа. Доктор С.Жигжидпүрэвийн танилцуулснаар, НҮБ-ын ХХААБ, Хүн амын сан болон Хүүхдийн сан хамтран НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангаас 1.5 сая ам.долларын санхүүжилт босгож, зудад нэрвэгдсэн малчин өрхүүдийн амьжиргааг хамгаалах зорилгоор зудын хохирол нэн их 15 аймгийн 108 сумын зорилтот бүлгийн 2464 малчин өрхөд хоёр удаагийн хүмүүнлэгийн бэлэн мөнгөн тусламжаар нийтдээ 1 сая 320 мянган төгрөг олгожээ. Энэ нь малчин өрхүүд өөрсдийн тулгамдаж буй хэрэгцээндээ зарцуулах нөхцөлт бус бэлэн мөнгөний тусламж байжээ.

Бэлэн мөнгөний тусламжид 500 хүртэлх толгой малтай байсан ч зудын улмаас малынхаа 30-90 хувийг алдсан, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, 14-өөс доош насны хоёр ба түүнээс олон хүүхдээ ганцаараа өсгөж байгаа эцэг эх, нийгмийн халамжийн тэтгэмжид хамрагддаггүй залуу өрх зэрэг хүн ам зүйн эмзэг байдлын шалгуурт нийцсэн өрхүүдийг сонгон хамруулжээ.

Эхний удаагийн бэлэн мөнгөний тусламжийг НҮБ-ын ХХААБ-ын Онцгой байдал, сэргээн босголтын тусгай сангийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний эх үүсвэрээс санхүүжүүлж олгосон байна.

Түүнчлэн НҮБ-ын ХХААБ тусламжийн хүрээнд хонь, ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 3.3 сая тун вакциныг Мал эмнэлгийн ерөнхий газарт хүлээлгэн өгсөн байна.

Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас 6700 хүүхдэд зориулж олон төрлийн хүнсний нэмэлт тэжээл, 3300 гаруй жирэмсэн болон хөхүүл эхэд хүнсний нэмэлт тэжээл олгожээ.

Харин Хүн амын сан зудын гамшигт өртсөн малчин эмэгтэйчүүдэд зориулсан эрүүл ахуй, ариун цэврийн багц тусламжийг есөн аймгийн 62 сумын 4000 гаруй охид, эмэгтэйчүүдэд хүргэсэн байна. Түүнээс гадна 0-5 настай хүүхэд, хөхүүл эмэгтэйчүүдийн бичил тэжээлийн тусламжийг эрүүл мэндийн төвөөр дамжуулан олгожээ.

Хүмүүнлэгийн тусламж эзэндээ хүрсэн эсэхэд хяналт, үнэлгээ хийх ажлыг зайнаас болон биечлэн зохион байгуулж буй хүрээнд НҮБ-ын ХХААБ, Хүмүүнлэгийн багийн хяналт, үнэлгээний баг ийнхүү орон нутагт ажилласан юм.

Баянхутаг сумын 1-р багийн малчин Б.Отгонцэрэн: Өнгөрсөн жилийн өвөл манай суманд мөсөн зуд болсон. Маш их хохирол амссан ч одоогийн байдлаар өвс ногоо сайхан ургаж, дэлгэр зун, намрыг үзэж байна. Хоёр жил дараалан зуд боллоо. Малчид маань өчнөөн мянган толгой малаа алдлаа. Өөрсдөө ч хохирол амслаа. Тийм учраас хадлан бордоо, тэжээлээ нэн даруй өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглаж бэлдэхээр шийдсэн. Энэ жил хадлан тэжээл ургац ихтэй байгаа учраас энд тэндээс татаж авч байна.

НҮБ-ын ХХААБ-аас олгосон тусламж малчдад маш хэрэгтэй зүйл байлаа. Түлээ нүүрс, гурил будаа, түлш тасарсан үед их хэрэг болсон. Баярлалаа гэж хэлье.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Малчин С.Дэлгэрцэцэг “Ам бүл наймуулаа, нөхөр зургаан хүүхдийн хамт амьдардаг. Өвөл маш хүнд байсан. Би давхар биетэй, хүн бүл муутай, нөхөр ганцаараа шахам байсан. Хүүхдүүд дотуур байранд амьдардаг. Нэг оюутантай, дахиад нэг оюутантай болох гэж байна.

Хонь, ямаа нийлсэн 400-гаад малтай байсан. Одоо 200-гаад толгой мал үлдсэн, үхэр 23 байснаас одоо гурав үлдсэн. Амьдрал баялаг юм чинь болно гэж бодож байна. Банкны зээлтэй, сум орон нутгаас дэмжлэг үзүүлсэн.

НҮБ болон бусад ирсэн тусламж, хандивыг хэрэгцээндээ зарцуулсан. Өнгөрсөн дөрвөн сард орж ирсэн мөнгөөр зээлийн хүүгээ дарсан. Охид, эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн багц тусламж олгосныг авсан. Бидний амьдралд хэрэгтэй тусламж үзүүлсэнд талархаж байна.

Манай суманд бэлчээрийн даац хэтэрсэн. Малчид бид өөрсдөө бэлчээрээ хамгаалахгүй бол өөр хэн ч хамгаалахгүй. Болж өгвөл айлын мал авахгүй байх хэрэгтэй. Долоо, найман жилийн өмнө бэлчээр, ус сайтай байхад манай багийнхан өөрсдөө хадлангаа бэлддэг байсан. Одоо бэлчээрийн даац хэтэрсний улмаас гаднаас авдаг болсон.” гэв.

Түмэнцогтын малчид ирэх өвөлд эртнээс бэлдэхээр төлөвлөж буйгаа ярьсан юм. Тухайлбал, бэлчээрийн даацыг бодолцож, малаа эдийн засгийн эргэлтэд оруулахаас гадна хашаа хороогоо сайтар дулаалахаа хэлж байлаа.

“МАЛЫН ЦААНА ХҮН БАЙГАА УЧРААС ХҮНЭЭ БОДСОН

ТУСЛАМЖ ҮЗҮҮЛБЭЛ ОНОХ БОЛОВ УУ”

Томилолтын баг үргэлжлүүлэн Дорнод аймгийн Булган суманд ажиллалаа. Тус аймгийн ХХААГ-ын Мал үржлийн албаны дарга Д.Наранхүү хэлэхдээ “Манай аймгийн 11 сум өнгөрсөн өвөл цагаан зудтай байлаа. Нөхцөл байдал нэлээн хүнд, 300 гаруй мянган толгой мал хорогдсон. Ойрын хэдэн жил ийм хохирол учирсан тохиолдол гараагүй.

НҮБ-ын ХХААБ-аас манай аймгийн зургаан сумын 204 малчин өрхөд хоёр удаагийн мөнгөн тусламж үзүүллээ. Малчдад тулгамдаж байгаа асуудлаа шийдэхэд бодитой тусламж болж чадсан. Бас ахуйн хэрэглээний багц олгосон, их зүгээр санагдсан. Дээрээс нь хүнсний багц олгосон.

Бид цас зуд болохоор мал руугаа хандаад, хүнээ бүр анхаардаггүй юм байна. Малын цаана хүн байгаа тийм учраас хүнээ бодсон тусламж олговол бас нүдээ олсон тусламж болох болов уу гэж бодож байна.

Малчдадаа бид ирэх өвлийн бэлтгэлээ эртнээс базааж, хашаа хороогоо янзалж, өвс тэжээлээ бэлдэхийг сануулж байна. Хамгийн гол нь малаа сайн борлуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухлыг хэлж байна” гэв.

 

 

Санал болгох мэдээ

Нийслэлийн цэцэрлэгийн 2-р шатны бүртгэлийг 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн E-Mongolia системээр хүлээн авна

2024-2025 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142.150 хүүхэд байна. Нийслэлийн …