МУИС-ийн багш, уурхайн инженер,эдийн засагч, доктор С.Авирмэдтэй ярилцлаа.
-Монгол Улс эрдэс баялгийн талаар баримтлах тодорхой бодлогогүй явсаар саяхнаас л Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогын баримт бичгээ баталлаа. Таны хувьд энэхүү бодлогын баримт бичиг хэр үр дүнтэй болсон бэ?
-Эрдэс баялаг нь Монгол Улсын хөгжил, монголчуудын амьдралтай чухал холбоотой гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэтэл энэ чухал салбар баримжаагүй явсаар өнөөдрийг хүрсэн гэхээр харамсмаар. Гэхдээ оройтсон ч гэсэн бодлогын баримт бичгээ гаргасан нь сайшаалтай. Хамгийн гол нь үүнд анхаарах зүйл олон байна.
Энэхүү бодлогын баримт бичгээ батлахын өмнө Уул уурхайн яамнаас “Эрдэс баялаг-2025” нээлттэй гэх хаалттай хэлэлцүүлгийг сүржин зохион байгуулсан. Энэ хурлаас эрдэс баялгийн талаар ямар баримжаатай байна вэ гэдгийг ерөнхийд нь харж болохоор байсан.Нээлттэй гэх хуралдаанд орон нутгийн иргэдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулсангүй, санал бодлоо хэлэх боломж ч олгосонгүй.
Харин хуралдаанаас гарах зөвлөмжийг нэгэн дуугаар, ярсхийтэл гар өргөж батлуулах бэлтгэлийг сайтар хангасан байна лээ.
Хамгийн сонирхолтой нь салбар хуралдаан бүр нэг цаг үргэлжилж, хойморт нь 1-2 гадаадын иргэн “зааж залуурдах” төлөвлөгөө хийснээс ямар бодлоготой хуралдсан нь харагдсан.
“Эрдэс баялгийн салбараас Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл”, хуралдаанаас гарах зөвлөмжийг хэлэлцүүлэх зэрэгт Бороогийн алтны гэрээг уухайлан сайшаадаг, Оюу толгойн гэрээг хийхэд оройлон зүтгэсэн Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн До.Ганболд, Д.Дамба нар хойморт морилж, тэр ч байтугай “Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Крейг Киннел, Дэлхийн банкны суурин төлөөлөгч зэрэг хүмүүст найр тавьж, Монгол Улсын төр, нийтийн дотоод хэрэгт идэвхийлэн оролцуулж байгааг ойлгоогүй.
-Манай улсын эрдэс баялгийн нөөц асар их. Түүнийгээ хэрхэн зөв ашиглах талаар сүүлийн 10-аад жил ярьсан ч олигтой үр дүн гарахгүй байна. Үүнд ямар учир байна вэ?
-Монголчуудад одоо хоосон лоозон хэрэггүй. Харин үр ашгийн талаар яримаар байна. Миний бодлоор эрдэс баялгаа ашиглаад Монгол Улс ямар үр ашиг хүртэх вэ, монголчуудын амьдрал яаж дээшлэх вэ гэдгийг ярих ёстой. Гэтэл өрсөлдөх чадварыг сайжруулна, бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлнэ, ухаж төнхөх ажлаа сайн хийнэ л гэх юм.
Бид социализмын үеэс олон сайхан уриа лоозон дэвшүүлсэн. Одоо ч хариуцлагатай уул уурхай, ил тод уул уурхай, өрсөлдөх чадвар гэсээр байгаад хариуцлагагүй уул уурхайг цэцэглүүлчихлээ.
Мөн “Баялаг бүтээгч-хувийн хэвшил” гэсэн гайхалтай лоозон дэвшүүлдэг болсон. Эрдэс баялгийг хэн нэгэн хувь хүн бүтээгээгүй, бурхнаас гэнэ үү, хувь тавилангаар гэнэ үү Монголын ард түмэнд, Монголын газар нутагт заяажээ. Гэтэл энэ их баялгийг луйвардах, дээрэмдэх үйл ажиллагаа улайм цайм өрнөсөөр байна.
Байдал ийм байхад баялгийг бүтээгч гэж луйварчид, дээрэмчдээ өөгшүүлэх гээд байгаа юм биш биз гэсэн хардлага өөрийн эрхгүй төрдөг.
Өөрөөр хэлбэл УИХ-аас баталсан “бодлого” гээч нь урьд нь гаргаж байсан уламжлалт алдаагаа давтах нөхцөлийг бүрдүүлж байгаа шүү гэдгийг сануулъя. Бид энэ тухай бодлого боловсруулагчдад олон удаа хэлсэн. Хэдэн арав, зуун хуудас тайлбар, үндэслэл бичиж өгсөн.
-Та олон удаа саналаа хэлж, судалгааны материалуудаа өгч байсан гэлээ. Ер нь эрдэс баялгийг судлах, ашиглах төрийн бодлогод юуг заавал тусгах ёстой вэ?
-Манай төрийн эрх барьж байгаа нөхөд уул уурхайн салбар дахь өмнөх 20 гаруй жилийнхээ алдаанд үнэлэлт, дүгнэлт хийхгүй байна. Тэгэхээр алдаагаа давтана л гэсэн үг.
Тиймээс одоогоор тараагдаад байгаа 3000-4000 лицензийг дахин бүртгэж, дүн шинжилгээ хийж, Монгол Улсын эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа компани, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, харш үйл ажиллагаа явуулж байгаа буюу далд эдийн засгийн, мөнгө угаах үйл ажиллагаа явуулж байгаа компани, аж ахуйн нэгжийн лицензийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах ёстой.
Монгол Улсад геологийн судалгаа явуулах, уурхайн үйлдвэрлэл хөгжүүлэх богино (5-10 жилийн), дунд (10-20 жилийн), алсын (20-30 жилийн) гэх мэт төлөвлөгөө, хөтөлбөрүүдээ боловсруулж, батлуулсны дараа түүн дээрээ үндэслэж төрийн бодлого гаргах ёстой.
Ашигт малтмалын өмчлөлийн тухай асуудлыг зөвхөн Үндсэн хуулийн заалтын дагуу шийдэх, эрдэс баялгийг ашиглах, судлахад хувийн хэвшлийн эрх үүрэг, оролцоог үгүйсгэж болохгүй. Гагцхүү ашигт малтмалын ордуудыг ашиглахдаа төрийн бодлого, зохицуулалтаар шийдвэрлэх ёстой.
-Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн хажуугаар энэ салбартай холбоотой хэд хэдэн хуулийн төсөл УИХ дээр хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа. Уул уурхайн салбар дахь хуулийг ингэж олон салгах шаардлагагүй гэж үзэх хүмүүс бий. Харин таны хувьд ямар бодолтой байна вэ?
-Уул уурхайн яамны удирдлагууд мэргэжлийн холбоод нэртэй компаниудын төлөөлөлтэй хамтарч санал болгож байгаа “Алт”, “Нүүрс”, “Хайлуур жонш”, “Төмөр”, “Зэс” гэх мэтээр ашигт малтмалын төрөл бүрээр, Алтны ил тод байдлын тухай, Бичил уурхайн тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, газрын хэвлийн тухай, олборлох салбарын ил тод байдлын тухай гэх мэтчилэн олон хууль, хөтөлбөр гаргаж батлуулах гэж байгаа нь ноцтой, хортой үр дагаварт хүргэж болзошгүй.
-Яагаад?
-Яах юу байхав дээ, бүх ашигт малтмалыг орон зай, цаг хугацаа, нэр төрөл, цаашлаад дэд бүтэц, нийгмийн асуудлын хувьд ч нэг бодлогоор ашиглах, зангидах зарчим барих ёстой. Гэтэл ингэж ялгаж салгах нь төрийн нийгэм эдийн засгийн нэгдсэн бодлогыг алдагдуулах, өнөөгийн эмх замбараагүй, хариуцлагагүй байдлыг үргэлжлүүлэх нөхцөлийг үүсгэнэ гэсэн үг. Тэгээд ч дээрх хөтөлбөрүүдийг ахархан хугацаанд боловсруулах цаг хугацаа алга. Мөн үүнийг удаан хугацаанд тасралтгүй гүйцэтгэх мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэд ч зохион байгуулалтад орж чадаагүй байна.Би Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын тухай хууль гаргаач ээ гэж 10-аад жил гуйсан. Гэтэл Түгээмэл тархацтай буюу элс хайрганы тухай хуулиа тусад нь гаргаад, орон нутагт эрх мэдлийг нь шилжүүлэх талаар ярьж байна. Энэ нь буцаад л бантан болно. Өөрөөр хэлбэл аймаг болгонд геологи уул уурхайн алба байгуулах, сум болгонд мэргэжлийн хүн томилох ажил гарах байлгүй.
-Бодлого ярих, хууль боловсруулах нэг хэрэг. Харин түүнийг хэрэгжүүлэхэд асуудал их үүсдэг?
-Эрдэс баялгийг ашиглах төрийн бодлого гэдэг нь ерөнхий, олон жилийн цаадахыг харсан алсын хараатай, бас олон жил уламжлал болох, үндэслэл сайтай баримт бичиг байх ёстой. Гэтэл өнөө маргаашийн төвөгтэй байдал, бэрхшээлийг аргацаасан, “гал унтраах” шинжтэй, тулга тойрсон хуримтлагдсан асуудлыг шийдэх зүйл байж болохгүй.
Төрийн бодлого нь шинжлэх ухааны үндэстэй боловсруулсан алсын, дунд хугацааны, ойрын жилүүдийн төлөвлөгөө, хөтөлбөр, төслүүд дээр тулгуурлагдсан байх ёстой.
Гэтэл манайхан бодлогоо үндэслэлгүй гаргаад, дараа нь төлөвлөгөө, хөтөлбөр, төслөө гаргах ухааны юм яриад байх юм. Энэ нь гутлаа өмсөөд оймсоо өмсөх үү, оймсоо өмсөөд гутлаа өмсөх үү гэдэгтэй адил сонсогдож байгаа биз. Зарим нөхөд төрийн оролцооны тухай яриад байх юм, бид төрийн бодлого, төрийн зохицуулалтын тухай ярьж байгаа юм.
Дэлхийн аль ч улс оронд, наад зах нь зарим нөхдийн байн байн жишээ авах дуртай АНУ, Канад, Австрали зэрэг оронд эрдэс баялгийн талаар баримтлах төрийн бодлого улс орныхоо эрх ашигт нийцсэн, хатуу чанд хууль эрх зүйн үндэстэй, татварын орчин нь улс орон, ард түмнийхээ эрх ашигт нийцсэн мундаг бодлоготой байдаг. Гэтэл манайх төр шиг муу юм байхгүй, хувийнхан шиг сайн юм байхгүй гэх маягийн туйлширсан бодлого явуулаад байна.
Төр хэрэв муу юм бол ийм зүйл ярьж байгаа төрийн түшээд өөрсдөө муу гэдгээ нотлоод байх шиг. Хүн болгоны ярих дуртай Оюу толгой, Таван толгой л гэхэд төрийн бодлогогүй, хувийн компанийн эрх ашигт зохицсон бодлогоор ашигласаар бидний нүдэн дээр Монголын төр, монголчууд бид ашиг хүртэх биш өрөнд ороод байгаа.
-Уул уурхайн салбарт тодорхой төсөл байхгүй, ажил хэрэг өрнөхгүй байна гэж шүүмжлээд байна уу?
-Зөв бодлого, зөв хууль батлаад байвал асуудалгүй хэрэгжинэ. Эрдэс баялгийг судлах, ашиглах төрийн бодлого хэрэгжсэнээр, Монгол Улс яаж хөгжих вэ, бидний амьдрал яаж сайжрах вэ гэдэг хамгийн гол асуудал шийдэгдэх ёстой. Энэ асуултад заавал хариулт өгөх ч ёстой. Энэ нь эдийн засгийн төдийгүй, нийгмийн, дэд бүтцийн хөгжлийн асуудлуудыг хөндөнө. Хамгийн наад зах нь ДНБ, экспортын аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, улсын төсвийн бүрдэлт 2020-2025 онд хэдэн хувиар өсөх тооцоо байх ёстой.
Стратегийн ордуудыг ашигласнаар хэзээ, хаана ямар хот, тосгон, засмал зам, төмөр зам баригдах, тэдгээрт ямар зардал гарах зэргийг тооцоологдсон байх хэрэгтэй. Наанадаж зэсийн завод, ган хайлуулах, кокс химийн үйлдвэрийг хэзээ, хаана барих вэ зэрэг асуултуудад хариулт өгөх ёстой. Гэтэл сая батлагдсан эрдэс баялгийн төрийн бодлого энэ асуултуудад хариулт өгөөгүй гэж бодож байна.
Д.Баяржаргал