Оюутолгой төслийн санхүүжилтийг шийдэхгүй бол далд уурхайн бүтээн байгуулалт дахин хойшлогдоно

b371a2f67631ceb3big“Туркойз Хилл Ресурс” компани өнөөдөр “Оюутолгой” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл явц, төслийн санхүүжилт болон Монгол Улсын Засгийн газартай хийж буй хэлэлцээрийн үйл явцын талаар мэдэгдэл гаргажээ.

Оюутолгой”

 “Оюутолгой” ХХК нь 2013 онд 26,400 тонн зэсийн баяжмалыг борлуулснаар 55 сая ам.долларын орлого олсон. Өнгөрсөн нэг жилийн борлуулалтын тоо хэмжээ нь төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй бөгөөд борлуулалтын зарим хэсэг 2014 оны хоёр,гуравдугаар улирал хүртэл хойшлогдоод байна. 2014 онд үйлдвэрлэх зэсийн баяжмалын 60 хувийг борлуулах гэрээ байгуулагдсан бөгөөд үлдэх хувийг борлуулах гэрээг шинээр байгуулах үйл явц үргэлжилж байна.  Уг шинэ гэрээний яриа хэлэлцээр ч амжилттай явагдаж байна. Баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаас хойш гарсан зарим  саатал, тухайлбал хаягдал өтгөрүүлэх хэсгийн самнуурын шүднүүд эвдэрсэн зэрэг асуудал үйлдвэрлэлийн хэмжээ буурахад сөргөөр нөлөөлсөн. Тиймээс үйлдвэрлэлийн нэг шугамыг зургаагаас найман долоон хоногоор түр зогсоож болзошгүй байна. Энэ цаг хугацааг ашиглан үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хэлтэс нь энэ оны сүүлээр хийхээр төлөвлөсөн засвар үйлчилгээ, шинэчлэлийн ажлаа амжуулах боломж бүрдэж байна.

2014 онд “Оюутолгой” 150.000-175.000 тонн баяжмал дахь зэс, 700.000-750.000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэх төлөвлөгөөний дагуу ажиллана. Энэ явцад “Оюутолгой” компани үйлдвэрлэлийн хэмжээгээ хянаж ажиллахын зэрэгцээ  шаардлагатай тохиолдолд, хэрэглэгчдийнхээ захиалгад нийцүүлэн 2014 оны сүүлээр бэлэн бүтээгдэхүүний үлдэгдлийн  хэмжээгээ хэвийн түвшинд барих зорилт тавин ажиллахаар төлөвлөгөөндөө тусгасан” гэжээ.

Монгол Улсын Засгийн газартай хийж буй хэлэлцээр

 “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт болон түүнд холбогдох бүх ажлыг хойшлуулах болсноо Туркойз Хилл компани 2013 оны долдугаар сарын 28-нд мэдэгдсэн. Түүнээс хойш, хувь нийлүүлэгчдийн хооронд үүссэн асуудлуудыг шийдвэрлэх, төслийн санхүүжилтийг урагшлуулах зорилгоор Монгол Улсын Засгийн Газартай яриа хэлэлцээрийг үргэлжлүүлсээр ирсэн билээ. Тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд, далд уурхайн бүтээн байгуулалтыг дахин эхлүүлэх саналыг бид тавьсан. Төслийн санхүүжилтийн хүрээнд, санхүүжилтээр хангана гэсэн зээлдэгчдийн амлалтын хугацаа  дуусахаас өмнө, хувь нийлүүлэгчдийн хооронд хараахан шийдвэрлэгдээгүй үлдсэн асуудлууд, түүний дотор төслийн санхүүжилтийн асуудлыг шийдэхгүй бол далд уурхайн бүтээн байгуулалтын ажил дахин хойшлогдож болзошгүй байна.

Хувь нийлүүлэгчдийн хоорондын асуудлуудыг шийдвэрлэж, санхүүжилтийн цогц төлөвлөгөө, түүний дотор төслийн санхүүжилтийн талаар тохиролцоонд хүрч,  ТЭЗҮ-ийг бүх хувь нийлүүлэгчид болон Монголын Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулж, бүтээн байгуулалтад шаардагдах бүх зөвшөөрлийг авсан тохиолдолд, талууд далд уурхайн барилга бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, Оюутолгой төслийг цаашид хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн байна” гэжээ.

“Рио Тинто” жилийн үр дүнгийн тайлан

Үйлдвэрлэл

“Оюутолгой” зэс-алтны уурхай, баяжуулах үйлдвэрийн эхний үе шатыг товлосон хугацаанд нь төлөвлөсөн төсөвтөө багтаан 2013 онд дуусгасан билээ. Оны эцэс гэхэд баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж, 2013 онд нийт 77,000 тонн баяжмал дахь зэс болон 157,000 унц баяжмал дахь алт үйлдвэрлэв. 2013 оны дөрөвдүгээр улирлаас эхлэн БНХАУ-ын нутаг дэвсгэр дэх гаалийн баталгаат агуулахаас манай худалдан авагчид  баяжмал  татан авч эхэлсэн бөгөөд оны эцсийн байдлаар ойролцоогоор 26,400 тонн баяжмалыг татан авчээ. Үйлдвэр ашиглалтад орсноос хойш борлуулалт болон ложистикийн хэд хэдэн асуудал үүссэнээс үүдэн борлуулалтын заримыг нь 2014 оны хоёр, гуравдугаар улирал хүртэл хойшлуулах шаардлагатай болсон. “Оюутолгой” компани үйлдвэрлэлийн хэмжээгээ хянаж ажиллахын зэрэгцээ шаардлагатай тохиолдолд хэрэглэгчдийнхээ захиалгад нийцүүлэн 2014 оны эцэст бэлэн бүтээгдэхүүний үлдэгдлийн  хэмжээгээ хэвийн түвшинд барих  зорилт тавин ажиллахаар төлөвлөгөөндөө тусгасан.

Шинэ төсөл ба өсөлт

“Рио Тинто” компани Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт болон  холбогдох бүх ажлыг хойшлуулах болсноо 2013 оны 7 дугаар сарын 29-нд мэдэгдсэн билээ. Түүнээс хойш хувь нийлүүлэгчдийн хооронд үүссэн  хэд хэдэн асуудлыг шийдэх, төслийн санхүүжилтийг урагшлуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газартай яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэн хийсээр ирсэн. Бид далд уурхайн бүтээн байгуулалтыг дахин эхлүүлэх санал тавьсан бөгөөд тодорхой нөхцлийг хангасан тохиолдолд энэхүү хувилбар хэрэгжих юм. Төслийн санхүүжилтийн хүрээнд,  санхүүжилтээр хангана гэсэн зээлдэгчдийн  амлалтын хугацаа  дуусахаас өмнө хувь нийлүүлэгчдийн хооронд  шийдвэрлэгдээгүй үлдсэн асуудлууд, түүний дотор төслийн санхүүжилтийн асуудлыг шийдэхгүй бол далд уурхайн бүтээн байгуулалтын ажил дахин хойшлогдож болзошгүй байна.

Үнэ цэнийн бууралт

“Рио Тинто”-гийн 3.7 тэрбум ам.долларын цэвэр орлого нь 2.9 тэрбум ам.долларын ханшны зөрүүний бодит бус алдагдал, 3.4 тэрбум ам.долларын хөрөнгийн үнэ цэнийн бууралтын алдагдлыг тооцсоны дараах цэвэр дүн  болно. Энэхүү үнэ цэнийн бууралтын алдагдлын ихэнх нь Оюутолгой болон Китимат төслүүдэд хамааралтай. Тодруулбал, Оюутолгойг анх “Рио Тинто” группын нэгтгэсэн тайланд тусгах үед төслийн хөрөнгийн үнэ цэнийг тооцоолон бүртгэлдээ тусгасан байсан, харин одоо тэрхүү хөрөнгийн үнэ цэн нь буурсан байна. Мөн Китимат төсөл дээр зардал нь төсөвлөсөн хэмжээнээс давсан, Гове хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрийн ажлыг зогсоох тухай зарласан зэргээс үүдэлтэй.

Анх 2010 онд “Оюутолгой” төслийн хөрөнгийг нэгтгэн тайлагнах явцад тооцоолсон гүүдвил болон уурхайн хөрөнгийн үнэ цэнийн бүртгэлд тусгасан анхны үнэлгээнд тодорхой өөрчлөлт орсны улмаас,  1 тэрбум 489 сая ам.долларын хөрөнгийн үнэ цэнийн бууралтын алдагдал дээрх дүнд тусгагдсан болно. Хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг тодорхойлоход ашигласан Оюутолгойн үнэлгээ нь бодит үнэ цэнээс борлуулалтын зардлыг хассан дүнгийн тооцоолол дээр тулгуурласан үнэлгээ юм (“FVLCD”). 2013 оны 7 дугаар сарын 29-нд, “Рио Тинто” компани нь, төслийн санхүүжилт болон хувь нийлүүлэгчдийн хоорондын асуудлууд шийдвэрлэгдээгүйн улмаас, Оюутолгойн далд уурхайн санхүүжилт болон түүний бүтээн байгуулалтын ажлыг хойшлуулахаас өөр аргагүй болсноо мэдэгдсэн. Ингэснээр төслийн орлого, зарлага хийгдэх цаг хугацаанд өөрчлөлт орж, баланс дээрх тухайн төслийн хөрөнгийн үнэ цэнэ нь бодит үнэ цэнээс борлуулалтын зардлыг хассан дүнгээс бага болсон тул, хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг нягтлан бодох бүртгэлдээ тусгах шаардлагатай болсон” хэмээжээ.

эх сурвалж: www.mongolianminingjournal.com

index

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …