УИХ дахь Өргөдлийн байнгын хороо Дорноговь аймгийн 50 гаруй иргэний өргөдлийг хэлэлцлээ

Өргөдлийн байнгын хороо 2014.11.28-ны өдөр нэр бүхий 50 гаруй иргэний /800-аад иргэний гарын үсэг хавсаргасан/ өргөдлийн дагуу Дорноговь аймгийн “Цагаан дэлийн агуй”, “Хутаг уул”, “Чандмань хар уул”, Баянхонгор аймгийн “Хүслэнтэйн аман гол”-ын нөхцөл байдал дээр үндэслэн ашигт малтмалын тухай болон байгаль орчны тухай зарим хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, тэдгээрийг боловсронгуй болгох шаардлагын талаар хэлэлцлээ. Байнгын хороо ШУА-ын археологи, палеонтологи, түүхийн хүрээлэн, Мэргэжлийн хяналтын байгууллага, холбогдох төрийн байгууллага, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг оролцуулан Дорноговь аймгийн Хөвсгөл, Дэлгэрэх, Айраг, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумдад очиж танилцан 2 удаагийн ажлын хэсгийн уулзалт тус тус зохион байгуулж ажиллалаа.

95970-26214700Цагаан дэлийн агуй. Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших ба жонш олборлох үйл ажиллагаанаас сүйдэж буй. Монгол орны хамгийн том, байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий агуй байсан. Жонш олборлогч БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Эжунмэн” ХХК-ийн ашиглалтын талбайд хамаарч байгаад тусгай зөвшөөрөл цуцлагдсан 116 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан нь агуйн зөвхөн амсар хэсэг ба агуй баруун тийш сунаж тогтсон нь “Эн Ти Ти Си” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд хамаарч буй. Эжунмэн ХХК нэг удаа 11 сая төгрөгийн л татварыг улсад төлсөн ба нийгмийн даатгал огт төлж байгаагүй байна. Иргэн Зууннаст хууль бусаар жонш олборлох явцад тэсэлгээ хийж нураасан гэх ба өршөөлийн хуульд хамрагдсан. Тус орчинд одоогоор 5 компани жонш олборлож байна.
Ард иргэдээс агуйг улсын тусгай хамгаалалтад авч, нөхөн сэргээх, байгаль орчинд учирсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх, хариуцлага тооцох, уурхайн дуу чимээ, тоосжилт, бэлчээр усны хомсдлоос эрүүл мэндээр хохирч, аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдсан тул зохих арга хэмжээ авч өгөхийг хүссэн.

Хутаг уул. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших ховор ан амьтан бүхий тахилгат уул. БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Галакси майнинг Монголия” ХХК-ийн зэсийн хайгуулын талбайд хамаарч байгаад 2014 онд олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр уулын ар хэсэг буюу хойд хөндий ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах болсон. Хутаг уул нь Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны үе дамжин шүтэж ирсэн тахилгат уул ба Дорноговь аймгийн хамгийн өндөр цэг. Эзэн Чингэс хааны их цагаан сүлднээс үлдсэн 2 дагавар цагаан сүлдний нэг нь энэ хайрханы хойд бэлд тахигдаж байсан ба Сүлдэнэ хөх толгойд залагдсан байна. Тус орчинд Сүлдэнэ хөх толгой, Гуа тээг, Эргэлийн зоо, Ац богд, Хоёр загал, Баруун зүүн хасар, Шивээ, Бурхант, Дарьт, Хатаны булаг зэрэг Чингэс хааны түүхтэй холбогдсон олон газар орон байх ба Говийн нэг, тавдугаар ноён хутагтуудын төрсөн болон нутаглаж, тахин шүтэж байсан дагшин газрууд оршино. Хутаг ууланд зэрлэг сонгино, агь, борхой, таань, хөмүүл, чулуун таваг, алтан харгана, алтан утас, чихэр өвс, тэмээн хөх, хар өвс, цулхир зэрэг 100 гаруй төрлийн ургамалтай. Мөн Аргаль хонь, хулан, хар сүүлтий зээр, цагаан зээр, чоно, шар үнэг, хярс үнэг, мануул, дорго, морин шилүүс зэрэг 10 гаруй төрлийн тууртан болон махан идэшт ам амьтан, хөх цахлай, ууль, ятуу, ногтруу, тас зэрэг жигүүртэн шувууд нутагшдаг бөгөөд ундаалдаг ус, рашаан, булаг шандууд нь тус компанийн ашиглалтын талбайд хамаарсан байна.

Нутгийн ард иргэд ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, онгон дагшинаар нь хадгалан үлдэх, улсын тусгай хамгаалалтад авч өгөхийг хүсч буй.

Чандмань хар уул. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт орших ба БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Засаг Чандмань Майнз” ХХК-ын ашигт малтмалын талбайд байрлана. Чандмань хар уул нь Дэлгэрэх сумын “Цагаан хад” багийн нутагт сумын төвөөс баруун урагш 16 км зайд орших бөгөөд уулынхаа урд энгэрээр бүлэг булшаар хүрээлэгдсэн, төмрийн хүдрийн агууламж өндөртэйгээс хар өнгөтэй харагдах уртрагийн дагуу 3 км орчим сунан тогтсон бэсрэг уулсаас бүрдэнэ. Тус бэсрэг толгодын ноён оргилыг “Чандмань хар” хэмээх агаад нутгийн иргэдийн жил бүр тахидаг “Тахилгат хайрхан” юм. “Ноён оргил”-оос хойш цувран тогтсон 3 толгодыг оролцуулан Ноён, Хатан, Хүү, Бэр толгой хэмээн домоглон нэрлэсэн.
Археологийн хүрээлэнгээс малтлага хийж хийхэд 300 орчим түүх, дурсгалын зүйлс илрүүлсэн. Судалгааны ажлын явцад 26 эртний булшийг авран хамгаалах малтлага хийж, эдгээр дурсгал нь Хүрэл зэвсгийн үеийн /МЭӨ II мянган жилээс МЭӨ VII зуун/ болон 12-13 дугаар зууны үед холбогдох түүх соёлын үл хөдлөх дурсгалууд байгааг тогтоосон. 2011 онд ШУТИС-ийн Түүх, соёл судлалын тэнхимийн судлаачид, 2012-2014 онд ШУА-ын хамгаалах секторын судлаачид 278 булш тахилын байгууламжийг малтан судалж, чөлөөлсөн байна. Монгол улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Чандмань хар уулын орчмын булш, чулуун зэвсгийн болон үйлдвэрлэлийн ул мөр бүхий дурсгалт газрыг аймаг нийслэлийн хамгаалалтанд байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтанд хамааруулан, Соёлын өвийн нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн байна. 2014 оны байдлаар, Чандмань хар уулын орчимд авран хамгаалах малтлага судалгаанд хамрагдаагүй 50 гаруй булш тахилын газар үлдээд байгаа.

2014 оны 09 сарын 24 өдөр Дэлгэрэх сумын ИТХ-аас 6/02 тоот тогтоолоор “Сумын нутаг дэвсгэр дээр бичил уурхайг зохицуулах, иргэд хувиараа ашигт малтмал олборлох, зөвшөөрөл олгох журмыг баталж, Чандмань уулын орчимд байх “Шар модны бууц” гэх газарт нийт 15.2 га газарт бичил уурхайн хэлбэрээр алт олборлож байна.

Бичил уурхай олборлох үйл ажиллагааг Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-аар зохицуулах бөгөөд Дэлгэрэх суманд явуулж буй бичил уурхайн үйл ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хууль, холбогдох журмын дараах зүйл, заалтыг зөрчиж байна. Үүнд:

1. Ашигт малтмалын газраас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох дүгнэлтийг гаргуулалгүйгээр газрыг бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан, улмаар олборлолт явуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 11 дүгээр зүйлийн 11.1.13, 11.1.23, Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолыг бүхэлд нь зөрчсөн;

2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг Иргэний хуулийн 35, 36.4, 481.1-д заасны дагуу зохион байгуулагдсан нөхөрлөл, хоршоотой байгуулаагүй, хувь иргэдэд хураамж хураан тасалбар олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.23, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 3.3, 3.4, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 3.8-д заасныг зөрчсөн;

Иргэдээс малчдын бэлчээр, усыг хамгаалж, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэмж олгохгүй байх, гар аргаар алт олборлогчдын үйл ажиллагааг зогсоож, байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээ авч өгөхийг хүссэн.

Хүслэнтэйн аман гол. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлах Хүслэнтэйн аман гол нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эпитот” ХХК-ийн нүүрсний ашиглалтын талбайд хамаарагдаад байна. Аймгийн тусгай хэрэгцээний газарт хамаарах хэсгийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 сарын 02-ны өдрийн хурлын 128 тоот тогтоолоор тусгай хэрэгцээнээс гарган “Эпитот” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгосон байна. Уг газрыг ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр ашиглуулах эсэх асуудлаар тус сумын иргэдээс авсан санал асуулгад 637 хүн оролцсоноос 533 иргэн буюу 83.7 хувь нь эсрэг санал өгсөөр байхад дээрх шийдвэр гаргасанд иргэд гомдолтой байна.
Хүслэнтэйн аман гол нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 30 орчим айл байнга нутагладаг бөгөөд ган зудтай үед малчид олноор нөмөрлөн буудаг бэлчээр усны гол түшиц газар бөгөөд Буньдарийн овоо, Буурал хайрхан зэрэг шүтлэгт хайрхад оршдог нутаг юм. Мөн аргаль, янгир зэрэг ховор ан амьтадтай, хүн, малын өвчин анагаах рашаан, эмийн ургамалтай ажээ. “Эпитот” ХХК нь хүрэн нүүрс олборлон цахилгаан болон дулааны станц байгуулах төсөл хэрэгжүүлнэ гэж байгааг иргэд үндэслэлгүй бөгөөд рашаан ус ширгэх, байгалийн тэнцвэр алдагдаж, малчид нутаглах бэлчээргүй болох, шүтлэгт уул хайрхан сүйтгэгдэх эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.
Иймд иргэд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж, үе дамжин нутаглаж, тахин шүтэж ирсэн нутгаа онгон төрхөөр нь хадгалан уламжлалт мал аж ахуйн зориулалтаар цаашид ашиглах хүсэлтэй байгаа болно.

Хэлэлцүүлгийн илтгэлүүд:

– Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, нөхөн сэргээлт, түүнд тавих хяналт, байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэгжилт /БОНХЯ/
-Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт ба орон нутгийн иргэдийн эрх ашиг, байгаль, түүх, соёлын өвийг хамгаалах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилт /АМГ/
-Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, түүнд тавих хяналт /МХЕГ/
-Хутаг уул, түүний Монголын түүхийн холбогдол /ШУА-ын Түүхийн хүрээлэн/
-Говийн /Хутаг уул/ биологийн төрөл зүйл /ШУА-ын Биологийн хүрээлэн/
-Уул хайрхадыг дархлан шүтэж ирсэн уламжлал, соёл түүний ач холбогдол /Монголын тахилгат газар нутгийн судалгаа, мэдээллийн төв/

Илтгэлүүдээр хөндөгдсөн асуудлууд:

БОНХЯ-наас ирүүлсэн тойм судалгаагаар уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаагаар 19870.4 га газар эвдрэлд орсон байна. Харин урт нэртэй хуулиар ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон газарт байрлах нийт 138 аж ахуйн нэгжийн 242 тусгай зөвшөөрлийн талбайд учруулсан байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлыг 54.7 тэрбум төгрөг шаардагдана гэж тооцсон байна. Дараах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэж үзсэн:

Хамгаалах шаардлагатай чухал газар нутгийг экосистем, биологийн олон янз байдал, хөгжлийн хэтийн төлөвлөлттэй уялдуулан тодорхойлж уул уурхайгаас ангид байх газруудыг бий болгох, бүс нутгийн экосистемийн үнэлгээ хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
Уурхайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө тооцох эрх зүйн орчныг шинэчлэх, тусгай санд урьдчилан байршуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх,
Ашигт малтмалыг олборлох, боловсруулахад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх Европын холбооны стандартыг нутагшуулж мөрдүүлэх,
Уул уурхайн үйл ажиллагааны эрсдлийн сан бий болгож, хариуцлагатай уул уурхайн зарчмыг бүх уул уурхайн үйлдвэрлэлд нэвтрүүлэх,
Ашигт малтмалын тухай хууль 66 зүйлтэй бөгөөд 49 заалт нь тусгай зөвшөөрөл олгох, сунгах, шилжүүлэх, цуцлах, барьцаалах болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүргийн талаарх харилцааг, 17 заалт нь хуулийн зорилго, нэр томьёо, төрийн байгууллагын эрх үүрэг зэргийг тодорхойлсон буюу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тухай хууль гэж үзэхээр болсон байна. Ашигт малтмалын экспорт жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа ч энэ асуудлыг зохицуулсан эрх зүйн акт байхгүйгээс ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, татварыг төлөхгүй улсыг их хэмжээгээр хохироож байна. Жишээлбэл: Дарханы төмөрлөгийн үйлдвэр жилд 1 сая тонн төмрийн хүдэр олборлож түүнийгээ тусгай зөвшөөлгүй аж ахуйн нэгжүүдэд 1 тонныг нь 30 000-60 000 төгрөгөөр борлуулж байгаа ба худалдаж авсан тусгай зөвшөөлгүй аж ахуйн нэгжүүд 1 тонныг нь 98-140 ам доллараар экспортод гаргаж байна. Экспортод гаргаж байгаа аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөл эзэмшигч биш учраас улсад нэгч төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхгүй байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр борлуулсан орлогоосоо 1 тэрбум гаруй төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөг бөгөөд экспортын үнийн дүнгээс тооцон төлбөл 15 тэрбум төгрөг төлөхөөр байгаа ба үүнээс улсад учирч байгаа хохирол 14 тэрбум орчим төгрөг болж байна. Мөн өнгөт чулуу, жонш экспортод их хэмжээгээр гаргаж байгаа ч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр огт төлөхгүй байна. Мөн шороон замаар тээвэрлэн хөрсийг эвдрэлд оруулан байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх явдал ихсэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд тогтоосон хайгуулын зардлын доод хэмжээ хэтэрхий бага байгаагаас тусгай зөвшөөрөл дамлан наймаалах нөхцөлийг бүрдүүлж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч нь Монгол улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх бөгөөд тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 10-аас дээшгүй хувь нь гадаадын иргэн байж болно гэж заасан. Гэтэл хуулийн 43.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаадын иргэдийг энэ хуулийн 43.1-д зааснаас илүү тохиолдолд хэмжээгээр авч ажиллуулсан тохиолдолд ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлнө гэж заан “туслан гүйцэтгэгч”-ийг хассанаас туслан гүйцэтгэгч дээрх үүргээс чөлөөлөгдөн улс зохих нөхөн төлбөрөө авч чадахгүй болж хуулийн хийдэл гарсан байна.

Иймд дараах чиглэлээр өөрчлөлтүүд яаралтай оруулах шаардлагатай:

ашигт малтмалыг олборлох, боловсруулах, тээвэрлэх, борлуулах зэрэг асуудлуудыг иж бүрнээр нь зохицуулах,
ашигт малтмал баяжуулах, борлуулах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй явуулдаг болгох,
улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооход хариуцах эзэн, хэрэгжих хугацааг тодорхой тусгах,
гадаадын иргэдийг хуульд зааснаас илүү хэмжээгээр авч ажиллуулсан тохиолдолд ажлын байр тутамд төлөх төлбөрийг туслан гүйцэтгэгч мөн адил төлдөг болох,
хайгуулын ажлын нэгжийн өртөг тооцох арга, зарчмыг тодорхой болгох, хайгуулын зардлын доод хэмжээг нэмэгдүүлэх, нэг талбайд хийсэн ажлын зардлыг буруу тооцсон буюу талбай хооронд шилжүүлэх, давхардуулах зөрчилд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл хариуцлага ногдуулдаг болох,
ашигт малтмалын болон бусад хуулийн хэрэгжихгүй байгаа заалтуудыг нэн даруй хэрэгжүүлж, уул уурхайн үйлдвэрлэлээс улсын төсөвт орох орлогыг нэмэгдүүлэх механизм бүрдүүлэх,
хууль зөрчсөн болон хууль хэрэгжүүлэхгүй этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог оновчтой бөгөөд тодорхой болгох,

Газрын тухай хуулийн Тусгай нэрэгцээний газар гэсэн 16 дугаар зүйлийн 16.1.11-д”бичил уурхайн зориулалтаар олгосон газар” гэсэн заалтыг 2010 оны 7 сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлах, хориглох тусгай хэрэгцээний газар гэсэн 14 дүгээр зүйлийн заалтуудтай зөрчилдөж байгаагаас улсын тусгай хамгаалалттай газарт бичил уурхай нэрээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явагдах боллоо. /Хэнтий Норовлин Тосон хулстайн байгалийн нөөц газарт/
Хилийн зурваст байгаа ашигт малтмалыг эрж хайх ашиглах явдлыг хориглосноос хоёр хөрш улс Монгол улсын хилийн шугамд бараг тултал ашигт малтмал олборлож байгаа бол манай улс олборлох боломжгүй байна.

Хэлэлцүүлэгт оролцсон иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл дараах саналуудыг гаргалаа:

Түүх, соёлын өв, үнэт зүйлсийг нэн тэргүүнд тавьж үнэлгээг бодитой тооцдог болох, тандалт судалгааг төрөөс хийж, хамгаалалтад авах, зөвхөн эдийн засгийн үр ашигт анхаарсан өрөөсгөл бодлогыг залруулах, иргэдийн урт хугацааны тогтвортой амжиргааг дэмжих, уул уурхайн нөлөөллөөс малчдын ажиллаж амьдрах орон зай хумигдаж байгааг онцгой анхаарах уул уурхайн салбарын үр ашигт анхаарч, цөөн тооны томоохон төслүүд дээр төвлөрөх /хяналтгүйгээр олон төслийг зэрэг эхлүүлснээр хэдхэн жилийн дотор ашиг малтмалын нөөцөө барах, хууль тогтоомжийн хийдэл цоорхойгоос улсад ашиггүйгээр гадаадынхан ашиглаж дуусах эрсдэлтэй/ гадаадын ААН-үүд их хэмжээгээр тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх түвшинд хүрч байгааг цэгцлэх бодлого баримтлах, гар аргаар бичил уурхай эрхлэх үйл ажиллагаа нь иргэдийн амжиргааг дэмжихээс илүү хууль бус үйл ажиллагааг өөгшүүлэх, байгаль орчныг сүйтгэх нөхцлийг бүрдүүлж байгаа тул хязгаарлах, улмаар хориглох, хяналтыг чангатгах, байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх компанит ажил зохион байгуулах, улсаас шүүхийн зардлыг олгож, иргэд, ТББ нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, улсад оруулсан нөхөн төлбөрийн орлогоос нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн этгээдэд урамшуулал олгох замаар төр хэрэгжүүлж чадахгүй байгаа үүргийг төлөөлөн гүйцэтгүүлэх ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход орон нутгийн иргэдийн саналыг авдаг болгох уул уурхайд хэт нээлттэй бодлого баримталснаас бусад салбар хөгжихгүй байгааг анхаарах /цөөн хүн амтай манай улсын хувьд хэт задгайрсан уул уурхайнуудыг хянах чадавхи байхгүй, нөгөө талаар баялаг бүтээх бус бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлж байна/ Уул хайрхадыг тахин шүтэж, байгаль орчныг дархлан хамгаалж ирсэн өв соёлыг уламжлуулан хадгалах, зөв сэргээх Газар нутгийг улс, орон нутгийн тусгай хэрэгцээнд авахдаа цогц байдлаар хандах /уулын зөвхөн оройн хэсгийг, булаг шандыг тойруулан хэт бага талбайгаар хамгаалж байгаа нь ёс төдий арга хэмжээ бөгөөд эко систем алдагдахад хүргэж байгааг анхаарах/ гэх мэт.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …