Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.03.05/ Дундговь аймгийн Мандалговь суманд ажиллан, аймгийн иргэдтэй уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд тэрээр чуулганы завсарлагааны хугацаанд хийдэг орон нутгийн томилолтоо Дундговь аймгаас эхэлж байна гээд Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолуудын талаар мэдээлэл хийлээ.
2014 оны намрын ээлжит чуулганаар нийт 164 хууль, 78 тогтоол баталсан. Үүнээс бие даасан хууль 15, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 123, хууль хүчингүй болгох тухай хууль 15, олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах, нэгдэн орох тухай 11 хууль баталсан. Монгол Улсын эдийн засагт үүссэн нөхцөл байдлыг танилцуулаад, хүндрэлийн гол шалтгаан нь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан явдал гэв. Тодруулбал, 2011-2013 онд нүүрс, зэс, алт гээд Монгол Улсын экспортолдог ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байсан, мөн Оюутолгойн хөрөнгө оруулалт хийгдэж байсан учраас дээрх хугацаанд манай улсын эдийн засаг огцом өсөлттэй байсан. Харин энэ хөрөнгө оруулалт зогсож, ашигт малтмалын үнэ ханшийн өөрчлөлтөөс үүдэн эдийн засаг өнөөгийн нөхцөл байдалд хүрсэн. Өнгөрсөн хугацаанд бид ямар алдаа хийсэн бэ гэхээр Оюутолгой шиг том хөрөнгө оруулалтыг хийсэнгүй, ашигт малтмалын үнэ буурна гэдгийг тооцоогүй.
УИХ-ын дарга 2014 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолын тухай мэдээлэл хийж буй нь
Эдийн засагт үүссэн нөхцөл байдал бидний өмнө төсөв, мөнгөний хумих бодлого эсвэл томоохон төслүүдийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах гэсэн хоёр сонголтыг авчирсан. Та бүхэн өөрсдийн сонголтоо хийсэн байх. УИХ одонтой эхчүүдийн мөнгө, хүүхдийн мөнгө танаад, 15000 ажилтан цомхотгохын оронд хоёр дахь сонголтыг хийсэн.
Намрын чуулганаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг баталсан. Томоохон төслүүдийг эрчимжүүлж, хөрөнгө оруулагчдыг татах, эдийн засгийг олон тулгууртай болгох энэ хөтөлбөр нь макро эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой бөгөөд нийт 12 зорилт 67 арга хэмжээг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийн хүрээнд төрөөс иргэд, аж ахуйн нэгжид чиглэсэн их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг төгсөгчдийг дэмжих, ажлын байр хадгалах хөтөлбөр, инфляци, ажлын бүтээмжтэй уялдуулан цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх эрх зүйн орчин бий болгох, зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөр, мөн гадаадын хөрөнгө оруулалт, концесст чиглэсэн Оюутолгой, Тавдугаар цахилгаан станц төслүүд болон томоохон бүтээн байгуулалт, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлуулах үүднээс алтны олборлолтыг нэмэгдүүлэх, зэсийн баяжмал, цэвэр зэсийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөтгөх, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Мөн малын гаралтай түүхий эдийн боловсруулалтыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг өргөжүүлэх болно. Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах зорилтын хүрээнд түлш эрчим хүчний үнэ тарифиыг үе шаттайгаар чөлөөлөх, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх гээд олон ажил бий. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийн үр дүнд, төлбөрийн тэнцлийн хүндрэл арилахын зэрэгцээ хямралт байдлыг эрсдэл багатайгаар даван туулах боломж бүрдэн, эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийх суурь тавигдана гэлээ.
УИХ-ын даргатай хийх уулзалтад хүрэлцэн ирсэн Дундговь аймгийн Мандалговь сумын иргэд
Мөн 2015 оны улсын төсвийн талаар, Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрөөс эмийн талаар баримтлах бодлого, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоол, Монгол хэлний тухай хууль, Соёлын тухай хууль, Номын сангийн тухай хууль, Мөн Тамхины хяналтын тухай хуульд оруулсан өөрчлөлт, Нийгмийн даатгалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээр болон бусад хууль, тогтоомжуудын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолын талаар мэдээлэл хийсний дараа Дундговь аймгийн иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
УИХ-ын даргаас асуулт асууж буй Дундговь аймгийн Мандалговь сумын иргэд
Дундговь аймгийн иргэд УИХ-ын даргад татварын орчны шинэтгэл, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих бодлого, НӨАТ-ын давхардлын тухай, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, Монгол хэлний тухай хуулийн тухай, Малчдын тэтгэвэрийн насны тухай, Одонтой эхчүүдийн мөнгөний тухай, Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Гацууртын ордын ашиглалтыг тойрсон асуудлын талаар тус тус асуулт тавив.
УИХ-ын дарга З.Энхболд дээрх асуултуудад нэг бүрчлэн хариулт өгөв. Тэрээр хэлэхдээ, НӨАТ-ын давхардлыг арилгах нь зүйтэй. Энэ ажлыг шат дараатай хийхэд УИХ анхаарч байгаа. Мөн Гацууртын ордыг ашиглах ёстой. Ашиглуулахгүй гэсэн зарим иргэд байгаа. Иргэдийн дунд байгаа ойлголтын зөрүүг арилгах ёстой. Тухайн ордыг анх удаа ашиглах гэж буй хэрэг биш. Гацууртын ордыг ашигласнаар хууль бусаар алт олборлож, улсад татвар төлөхгүйгээр үйл ажиллагаа явуулж буй зарим хууль бус үйлдлийг зогсоох болно. Төр энэ байр сууриндаа ч хатуу зогсох ёстой гэлээ.
УИХ-ын даргатай хийх уулзалтад хүрэлцэн ирсэн Дундговь аймгийн Мандалговь сумын иргэд
Мөн малчдын тэтгэвэрийн насыг багасгахыг дэмжихгүй. Учир нь малчин хүн 5 жилийн өмнө тэтгэвэрт гарлаа гэхэд тухайн жилийн зөрүүг хэн нэгэн иргэн ажиллаж төлөх ёстой болно. Ингэж иргэддээ ялгавартай хандаж болохгүй. Гадаад орнуудад иргэдийн насжилт нэмэгдэж байгаатай холбоотойгоор тэтгэвэрийн насыг нэмэгдүүлэх асуудал хурцаар тавигдаж байхад манай улс эсрэгээр нь тэтгэвэрийн насыг бууруулна гэдэг нь буруу хэмээн УИХ-ын дарга хэллээ.
УИХ-ын дарга Мандалговь сумын иргэдээс ирсэн асуултад хариулт өгч буй нь
Мөн иргэдээс цаасаар авсан асуултуудад ч хариулт өгөв. Энэхүү уулзалтын дараа УИХ-ын дарга болон дагалдан яваа төлөөлөгчид Дундговь аймгийн Гурвансайхан суманд ажиллаж, “Шинэ сум” төсөлтэй танилцана. Улсын Их Хурлын даргыг Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүү, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Улсын Их Хурлын даргын зөвлөх Д.Лхагвасүрэн болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.