ОХУ-ын цэрэг армийн зэвсэг, техникийн сониноос…

Ойрд шалгалт шүүлэг ихтэй учир зав зай муутай л явна. Гэхдээ өнгөрсөн сар гаруйн хугацаанд орос оронд болсон цэрэг, зэвсэгтэй холбоотой сонин содон мэдээллийг нэгтгэн хүргэхээр шийдлээ.
“Х-101” ПУУЖИН: Оросын “Ту-95МС” стратегийн бөмбөгдөгч онгоцыг “Х-101” загварын ердийн хошуутай, алсын тусгалтай далавчит пуужингаар тоноглож эхэллээ.13265844_639760529504831_197624230512045690_n “Ту-95” бол 1956 онд зөвлөлтийн нисэх хүчний зэвсэглэлд орсо хэдий ч одоо хүртэл ашиглаж байгаа “яс” сайтай онгоц юм. 2010 онд энэ онгоцоор 30 мянган км замыг 43 цагийн дотор туулж дэлхийн рекорд тогтоож байв. Ингэж нисэх замдаа 4 удаа агаарт цэнэглэсэн байдаг. Энэ онгоц анхандаа төрөл бүрийн 16 нэгж пуужин тээвэрлэх зориулалттай байсан хэдий ч орос-америкийн хэлэлцээрээр онгоцны бөмбөг тээвэрлэгч хэсгийн зохион байгуулалтыг өөрчилсөн байдаг.
Өмнө нь онгоцонд “Х-55” загварын 6 нэгж пуужин тээвэрлэж нисдэг байсан бол одоо 8 нэгж “Х-101” пуужинг онгоцны гадна талд бэхлэн тээвэрлэж байна. “Х-101” пуужин нь 5500 км-ийн алсын тусгалтай, газрын гадрагаас 30 метрийн өндөрт нисэх чадвартай тул радарт бараг баригдах боломжгүй. Хиймэл дагуулын систем холбогдсон тул 5 метрийн нарийвчлалтай “бай”-г онох ба пуужингийн байлдааны хэсэг нь 400 кг тэсрэх бодис эсвэл 250 кт цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадалтай. “Ту-95” онгоц оросын нисэх хүчний зэвсэглэлд 2025 он хүртэл үүрэг гүйцэтгэх төлөвлөгөөтэй байгаа.
“МИ-38” НИСДЭГ ТЭРЭГ: Оросын “Казанский” үйлдвэрийн зохион бүтээгч, инженерүүд “Ми-38” загварын олон зориулалтын нисдэг тэргийг шинээр бүтээж туршилтын нислэг үйлдлээ. Оросын БХЯ-наас “Хэрвээ шинэ төрлийн нисдэг тэрэг туршилтыг амжилттай давбал захиалга өгөхөд бэлэн байна,” хэмээн мэдэгдсэн.13221534_639760536171497_7307829569883845490_n “Ми-38” нисдэг тэрэг нь ачаа болон зорчигч тээвэрлэх зориулалттай. Мөн түүнчлэн төрөл бүрийн эрэл хайгуул-авран туслах ажиллагаанд ашиглах, нисдэг тэрэгний бүхээгийг эмнэлэг болгон тоноглох, тэнгисийн, халуун орны, арктикийн хүйтэн орчинд ашиглах боломжтой ажээ.
“МИ-14” НИСДЭГ ТЭРЭГ: Оросын БХЯ-наас хуучин зөвлөлтийн үеийн “Ми-14” газар усны зориулалттай, цөмийн цэнэгт хошуу бүхий пуужин тээвэрлэх чадвартай, шумбагч онгоц устгах зориулалттай нисдэг тэргийг сайжруулж, дахин ашиглах шийдвэр гаргав. М.Л.Миля нэрэмжит “Зохион бүтээх товчоон”-д бүтээж 1976 оноос зэвсэглэлд оруулан ашиглаж байсан энэхүү нисдэг тэрэгний экипаж нь 4 хүнтэй, 25 метр урт, өндөр – 6,9 метр, хөөрөх дээд жин 14,5 тонн, дээд хурд 230 км/ц, нислэгийн алслалт – 800 км байв. Нисдэг тэрэгний зэвсэглэлд 12 нэгж 50 кг/8 ширхэг 250 кг жинтэй бөмбөг, 36 нэгж РГБ-НМ загварын бөмбөг, эсвэл 1 нэгж АТ-1/УМГТ-1/Т-67 загварын торпед багтдаг. Оросууд ийм төрлийн нисдэг тэрэгний үйлдвэрлэлийг 1980 онд зогсоосон байсан хэдий ч 1996 онд америкчуудын шахалтаар ашиглалтаас гаргаад байснаа одоо буцааж зэвсэглэлд оруулж байна. 13244829_639760542838163_596058629781066309_n
“ВОСТОЧНЫЙ” сансарын шинэ хөөргөх буудал 2016 оны 4 дүгээр сарын 28-нд ашиглалтад орж “Союз-2.1а” судалгааны хиймэл дагуул бүхий пуужинг анх хөөргөсөн. Тэгвэл уг сансарын буудлыг ашиглах төлөвлөгөө хэдийнээ гарчээ. Ирэх жил, 2017 онд уг сансарын буудлаас 2 сансарын пуужин хөөрөхөөр төлөвлөж байгаа бол 2018 онд хоёр нэгж сансарын хөлөг, 4 нэгж сансарын пуужинг төлбөртэйгээр хөөргөх ажээ.
НИСЭХ ОНГОЦ ТЭЭВЭРЛЭГЧ: Оросын тэнгисийн цэргийн флотод “Адмирал Кузнецов” гэдэг ганцхан нисэх онгоц тээвэрлэгч ашиглаж байна. 2000 орчим бие бүрэлдүүнтэй уг хөлөг 306 метр урттай, 61 мянган тонн усан түрцтэй, 50 нэгж байлдааны нисэх онгоц болон нисдэг тэрэг тээвэрлэх чадалтай юм. Тэгвэл дараагийн нисэх онгоц тээвэрлэгч усан онгоцны сураг гарч эхэллээ. 1872423
ОХУ-ын БХЯ-ны орлогч сайд, Ю.И.Борисовын мэдэгдэж буйгаар бол оросууд 2025 он гэхэд шинээр нисэх онгоц тээвэрлэгч барих гэрээнд гарын үсэг зурах гэнэ. Одоогийн байдлаар батлан хамгаалах яам “Крыловын улсын судалгааны төв”-өөс шинээр бүтээх нисэх онгоц тээвэрлэгчийн гурван янзын төслийг хүлээж аваад байгаа ба эдгээрээс хамгийн сайн хувилбарыг нь сонгож гэрээ байгуулах бололтой байна. 2007 онд Санкт-Петрбург хот дахь “Невское ПКБ” зохион бүтээх товчоонд БХЯ-наас цөмийн хөдөлгүүртэй нисэх онгоц тээвэрлэгчийн төсөл бүтээх захиалга өгч ажил эхлүүлсэн хэдий ч эдийн засгийн байдлаас болж зогсонги байдалд ороод байсан юм.
HELIRUSSIA-2016: 2016 оны 5 дугаар сарын 19-21-нд Москва хотын “Крокус экспо” талбайд “HeliRussia-2016” нисдэг тэрэгний үйлдвэрлэлийн олон улсын 9 дэх удаагийн үзэсгэлэн гарч байна. Энэ үзэсгэлэнгийн үеэр оросууд өөрсдийн үйлдвэрлэсэн гурван ч төрлийн шинэ нисгэгчгүй нисэх хэрэгслийн танилцууллаа. Тухайлбал “ВР Технологии” компани өөрсдийн үйлдвэрлэсэн нисэх онгоц/тэрэгний холимог “Tiltrotor”-ийг танилцуулав. Уг нисгэгчгүй аппарат нь 6 кг ачаатай 140 км/ц хурдтайгаар 2 км-ийн өндөрт нисэх чадалтай ажээ. Харин тус компаний бүтээсэн нисгэгчгүй нисдэг тэрэг нь 5 кг ачаатай 120 км/ц хурдтай нисэх чадалтай гэнэ. 13244637_639760569504827_3770995510427629251_n
ГЛОНАСС: Оросууд өөрсдийн байрлал тогтоогч “Глонасс” хиймэл дагуулын системийн бүрэлдэхүүнд 2017 гэхэд шинээр 8 нэгж хиймэл дагуул нэмж оруулахаар төлөвлөж байна. Эдгээр хиймэл дагуулын эхний нэг нэгжийг энэ оны 5 дугаар сарын сүүлээр сансарт хөөргөж, дэлхийн тойрог замд оруулна. “Глонасс” систем нь дэлхийн гадрагаас дээш 19,4 мянган км-ийн өндөрт байрладаг 24 нэгж хиймэл дагуулуудаас бүрддэг. Гэхдээ яг одоогийн байдлаар 31 нэгж хиймэл дагуул тойрог замд бий. Илүү 7 нэгж нь нөөц ба аль нэг хиймэл дагуул гэмтэл авах, гацах, эсвэл ажиллагаагүй болсон тохиолдолд ашиглах зорилгоор байнгын бэлэн байдалд байдаг. glonass_global1
ТЕХНОЛОГИЙН ЭКСПОРТ: ОХУ-ын Холбоо, мэдээллийн сайд А.Н.Николайн өгч буй мэдээллээр бол холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг оросын компаниуд 2015 онд нийтдээ 7 тэрбум ам.долларын төрөл бүрийн бүтээгдэхүүн, технологи, программ хангамж экспортолсон гэнэ. Орос оронд мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 12 парк, 900 гаруй компаниуд байгаа ба энд 20 мянган гаруй өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүд(эдгээр мэргэжилтнүүдийн дундаж нас нь 27-28 настай залуучууд голдуу байгаа. Р.Э) ажиллаж байна.
“РС-24” ЯРС ПУУЖИН: Оросын стратегийн зориулалттай пуужинт цэргийн зэвсэглэлд ашиглагдаж буй Ярс “РС-24” тив алгасагч баллистик пуужинг сайжруулах ажил төгсгөлийн шатанд явна. Сайжруулсан баллистик пуужингийн туршилтыг ирэх хэдэн сарын дотор багтааж хийхээр төлөвлөж байна. Энэ төрлийн баллистик пуужин нь 10 хүртэл цөмийн цэнэгтэй хошууг тээвэрлэн 11 мянган км-ийн алсын зайд хүргэх хүчин чадалтай юм. raketa_RS_24
ТУРШЛАГА, СУРГАМЖ: ОХУ-ын Зэвсэгт хүчин Сирийн засгийн газрын хүсэлтээр террористуудын эсрэг 2015 оны 9 дүгээр сарын 30-наас 2016 оны 3 дугаар сарын 14-ны хооронд цэргийн ажиллагаа явуулсаныг та бүхэн мэднэ. Цэргийн ажиллагаанд оросын агаар-сансарын болон тэнгисийн цэрэг, шүхэр-десант, тагнуулын анги салбарууд оролцож өнөөдөр зэвсэглэлд ашиглаж буй бүхий л онгоц, нисдэг тэрэг, пуужин, зэвсэг, техник ашигласан.

Мэдээж байлдааны ажиллагааны үеэр зарим төрлийн шинэ зэвсгийг туршсан гэдэг нь тодорхой. Харин одоо оросууд Сирийн байлдааны ажиллагааны үеийн туршлага, сургамж, ялангуяа байлдааны ажиллагааны үед гацсан, гэмтсэн эсвэл хүлээж байсан үр дүн гараагүй/хүрээгүй зэвсэг, техникийг засаж, сайжруулах томоохон ажлыг эхлүүлж байна. Мэдээж яг ямар төрлийн зэвсэг, техникт асуудал гарсан тухай мэдээллийг нууцлаж байгаа.

Р.Энхболд

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …