АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс орон нутгийн сонгуулийн төв штабын менежерээр намын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилжээ. Энэ удаагийн сум, дүүргийн ИТХ-ын сонгууль Ардчилсан намд төдийгүй ардчиллыг дэмждэг бусад улс төрийн хүчнүүдийн хувьд чухал ач холбогдолтой гэж тус нам үзэж байна. Гэсэн ч сонгуулийн өмнө АН-д үл итгэх, эргэлзэх байдлыг өрсөлдөгч МАН-ын зүгээс хангалттай бий болгосон. Тухайлбал, УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй олонхийн саналыг авч, Засгийн газраа байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэн, гадаад өр нэмэгдсэн зэрэг нь өмнө эрх барьж байсан АН-ын буруугаас болсон гэдгийг орон даяар зарласан. Мөн тус намын үед хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийг зогсоож, баталсан хуулиудыг хүчингүй болгож байгаа. Энэ нөхцөлд ард түмэн дахиад АН-д итгэхэд бэрх юм.
Тэгвэл Д.Эрдэнэбат хэвлэлийнхэнтэй уулзахдаа “Улс орны амьдрал тэгтлээ дордчихоогүй байгаа. МАН хэдийгээр АН-ыг муулах гэж үйл ажиллагаа явуулсан ч эргээд ард иргэдийн амьдралыг муужруулах чиглэл рүү хэлбийсэн нь байж болшгүй зүйл. Би өмнө нь ч хэлж байсан, 2016 оны сонгуульд МАН 65 суудал авсан ч нийт сонгогчдын 45 хувийн саналыг л авсан. Амьдрал зөвхөн парламент дээр үүсдэг зүйл биш. Амьдрал нийгэмд, ард иргэдийн дунд буцалж байгаа зүйл болохоор үүнийг бид дутуу үнэлж, дутуу харж, өөрөөр хэлбэл парламентын олонхийн саналаар хүч түрж болохгүй. Тиймээс орон нутгийн сонгууль бидний хувьд Ардын намын хийсэн олон ухралтыг зогсоох, нөгөө талаас ардчиллын төлөөх бусад нам,иргэний хөдөлгөөн, ТББ-ууд нэгдэх хариуцлагатай цаг үе юм. АН-ын сонгуулийн штабын гол зорилго үүнд тулгуурлана” гэдгийг онцоллоо.
Өнөөдрийн байдлаар орон нутгийн сонгуульд нийтдээ 15 мянга гаруй нэр дэвшигч бүртгүүлээд байна. Үүний 7500 нь АН-ын нэр дэвшигч аж. Тэгвэл жил бүр сонгууль болгоноор гардаг сонгуулийн хорооны бүтцийг нэг талыг барьж хийснээс үүдсэн маргаантай зүйлүүд байсаар байна. 2016 оны Их хурлын сонгуулиар нэг сонгогч олон газар санал өгсөн тухай “царцааны нүүдэл”-тэй холбоотой хэл ам тасрахгүй шинжтэй байна. Тухайлбал, АН-ын сонгуулийн штабаас энэ асуудлаар УИХ дахь намын бүлэгтээ санал оруулж, сонгогчдын шилжилт хөдөлгөөн, бүртгэлтэй холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулан УБЕГ, ТЕГ-т хандахаар болжээ. Үүгээр 2016 оны үйл явдлыг дахин шалгуулах санал тавих юм байна. Энэ долоо хоногт АН сонгогчдын бүртгэлтэй холбоотой асуудлаар аймаг,дүүргийн намын удирдах шатны ажилтнуудын дунд зөвөлгөөн хийнэ. ҮЗХ-ны болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээ орон нутаг, сумдад томилж ажиллуулна гэв. Хамгийн гол нь АН энэ удаагийн сонгуулиар МАН-ын хийсэн ухралтыг ард түмэнд ойлгуулах, тайлбарлахаас ажлаа эхлэхээр болжээ. Уулзалтын үеэр Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэе.
-АН шинэчлэл ярьж байна. Яаж шинэчлэгдэх вэ?
-Ард түмэн АН-ыг шинэ даргатай болоосой гэж хүлээгээгүй гэдэгт бид итгэлтэй байгаа. Шинэ бодлоготой, шинэ үйл ажиллагаатай болоосой гэж харж байгаа байх. АН-ын шинэчлэл зөвхөн нэг намынх бус Монголын улс төрийн хүчнүүдийн шинэчлэл байх болно. Бид ингэж харж ажиллаж байна. Ирэх арванхоёрдугаар сарын 6-нд болох намын Их хурлаар дүрмийн шинэчлэлээ хэлэлцүүлж батална. Ажлын хэсгийг удахгүй томилно. Мөн намын даргыг шударга өрсөлдөөнөөр, нийт гишүүдийн санал асуулгаар гаргах нь зөв гэж харж байгаа. АН-ын шинэчлэлийг ард түмэнд нээлттэй харуулна гэж бид үзэж байгаа. Тиймээс АН зөвхөн шинэ даргыг сонгосноор асуудал дуусахгүй. Тав арван хүний саналаар шинэ дарга сонгогдож болох ч бид хуучин туулсан зовлонгоо дахиж туулах ёсгүй. Өнгөрсөн дөрвөн жил бид засаг барихад энэ дүрмийн үйлчлэл тодорхой хэмжээгээр саад болсон. Энэ саадыг давтах эрх бидэнд байхгүй. Тиймээс намын их хурлаар бид шинэ дүрмээ нийтээрээ хэлэлцэж өлгийдөж авна. Улс орны нийгэм эдийн засгийн амьдралыг бүхэлд нь дүгнэсэн улс төрийн том илтгэлийг бэлтгэж тавина. 2017 он АН-ын шинэчлэлийн жил байх болно. Энэ шинэчлэл 2020 онд Монголын улс төрийн амьдрал зөв явах жишгийн эхлэл байна. Бид ингэж бодож төлөвлөж ажиллаж байна.
-2016 оны Их хурлын сонгуульд АН хэдэн хүний, тухайлбал фракцийн эрх ашгийн талцлаас болж ялагдсан гэж ойлгож байгаа. Тиймээс тарах хэрэгтэй гэсэн байр суурийг залуучууд нь тавьж байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Би нэг зүйлийг онцолж хэлье. АН-ыг талархан дэмждэг, гишүүн байгаа хүн нийт иргэдийн 35 хувь нь байдаг. Тиймээс тэдний санал бодол оролцохгүйгээр АН тарах ойлголт байхгүй. Фракцыг эрх ашгийн нэгдэл болгосон нь бидний алдаа. Энэ нь 2016 оны сонгуульд сөргөөр нөлөөлсөн үү гэвэл, нөлөөлсөн. Одоо энэ алдааг давтахгүйн тулд манай шинэчлэгчид асуудалд өөр өнцгөөс хандах ёстой.
-Намын дүрмийг шинэчилнэ гэж байна. Ирэх арванхоёрдугаэар сар хүртэл төсөл боловсруулахад хугацаа богино байна. Амжих уу?
-Бид намын үндсэн дүрмийн төслийг зургаан жилийн өмнө хийсэн. Ингэхдээ хоёр удаа орон нутгийн сонгуулиар хэлэлцүүлсэн. Өнөөдөр намын хэрэг эрхлэх газар дээр ажлын хэсэг ажиллаж байгаа. Хугацаа хангалттай гэж үзэж байна.
-АН-ын дотоодод талцал их байна. Энд тэндгүй холбоо, хөдөлгөөн дуугарч байгаа. Гэтэл намаа нэгтгэж нэг зүг рүү чиглүүлнэ гэдгийг та юугаар батлах юм бэ?
-Муугаар яривал АН-ыг долоон фракцтай, орон гэрээ нурааж байна гэдэг. Сайнаар яривал долоон өнгийн солонготой, аль алиныхаа асуудлыг нээлттэй хэлэлцэж байна гэдэг. Би сүүлийнхэд нь санал нэг байдаг. Цаашдаа ч тэгж явна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин