-Чулуугаар цаас хийнэ гэхээр санаанд багтахгүй юм?
-Цахилгаан гүйдэл, телефон утас, машин, онгоц, зурагт радио бүтээгдэхэд, зүрх шилжүүлэх суулгахад, ханиадыг эмчлэх эм гаргахад хүн төрөлхтөн гайхацгааж байсан. Одоо бол онгоц дээгүүр нисэхэд гайхах зүйлгүй биз дээ. Миний хувьд сансарын аялал, толгой шилжүүлэн суулгах мэс засал гайхаад байх зүйл биш болно гэдэгт итгэдэг. Чулуугаар цаас хийдэг үйлдвэр нь сансарын аялал, гар утасны технологи шиг цоо шинэ зүйл биш л дээ. Одоогоор дэлхийн 40 гаруй улс оронд байгалийн чулуугаар цаас хийж байна. 1990 оны эхээр Тайваньд чулуугаар цаас хийдэг технологи патентаа авч байсан юм билээ шүү.
-Байгалийн чулууг нунтаглаад цаас хийх үү?
-Технологи нь тийм нарийн, ойлгоход хэцүү биш л дээ. Түүхий эд нь нунтагласан чулуу, хоргүй полимер буюу давирхай, калцийн карбонат байдаг. Дэлхийн олон улсын лаборторид чулуун цаасны орц найрлага, технологи, судалгаа шинжилгээ нь хийгдчихсэн зүйл. Бид бэлэн технологи, үйлдвэр угсараад л болно. Түүхий эд нь Эрдэнэт үйлдвэрт байна даа.
-Гол түүхий эд нь үү?
-Олон жилийн турш хүн малын амьсгалын замд өвчлөл үүсгэдэг гэгдсэн Эрдэнэтийн цагаан тоос, шороо гэж ярьсан даа. Тэр цагаан тоос босгодог гурил шиг, цемент шиг шороо гол түүхий эд болох юм. “Монгол чулуун цаас” компанитай хамтарч байгаа түншүүд маань судалгаа, шинжилгээгээ хийчихсэн байсан. Миний ойлгож байгаагаар Эрдэнэт үйлдвэрийн хаягдал цагаан тоос буюу чулуу нь цахилгаан болон тээрэмдэх процессийг хөнгөвчилж гадны мэргэлжилтэнгүүдийн анхаарлыг татсан юм билээ.
-Чулуун цаасаар ямар бүтээгдэхүүн хийх бэ?
-Ном дэвтэр, сонин, сав боодол, пластик карт, барилгын материал, цаасан уут хүртэл хийнэ. Чулуугаар цаас хийдэг үйлдвэрүүд олон улсад гэрлийн хурдаар байгууллагдаж энэ технологи руу орчихлоо. Арга ч үгүй юм. Нэг тонн чулуугуур 20 ширхэг бүдүүн модоор хийх цаасыг үйлдвэрлэж чадна. Ус бага хэрэглэнэ, байгаль орчинд хор хөнөөлтэй хаягдал байхгүй гээд давуу талууд зөндөө бий.
-Чулуугаар цаас хийдэг үйлдвэр хэзээ ашиглалтанд орох бэ?
-Гэрээ хэлцэл, бичиг цаасны ажлууд дуусаад технологи нийлүүлэгч компанитайгаа үйлдвэр оруулах хэлцлүүд хийгдэж байна. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд маш таатай хүлээн авч төсөлд маань ач холбогдол өгч байгааг дурьдах хэрэгтэй. Манай үйлдвэр ашиглалтанд ороход 1000 гаруй ажлын байр бий болоод зогсохгүй гадагшаа урсах валютийн урсгалыг тодорхой хэмжээгээр зогсооно.
-Монгол Улсад цаасны хэрэглээ хэр их байдаг юм бэ?
-Жишээ хэлье л дээ. Орон нутгийн сонгуулиар нэр дэвшигчид А-4 хэмжээтэй танилцуулгаа 210 төгрөгөөр хийлгэж байна. УИХ-ын сонгуулиар 180 төгрөгөөр хийлгэж байжээ. Яагаад өсөв гэхээр цаас оруулж ирдэг компаниуд ам.долларын ханшаар далимдуулан үнээ өсгөчихсөн юм билээ. Энэ тогтолцоонд томоохон өөрчлөлт гарах алхам болно гэдэгт итгэлтэй байна.
-Монголчууд шинэ технологи хүлээн авахдаа таар уу хүмүүс шүү?
-Харин ч эсрэгээрээ. Ирээдүйтэй, зах зээл дээр ашигтай бизнес руу монголчууд хурдтай ордог. АНУ-д нээлтээ хийсэн бараа бүтээгдэхүүн, технологи долоо хоногийн дотор Монгол Улсад нэвтэрдэг болсон байна. Бүгдээрээ архи зараад, барилга руу хошуураад явах биш. Шинэ соргог бизнес, технологийг шүүрэн авах хэрэгтэй. Дэлхий дээр өдөр тутам, цаг минут бүхэнд шинэ нээлт, бизнесүүд үүсч байна. Тэр бүхнийг судлах, нэвтрүүлэх ажил хийгээд суухад хийх ажил мундашгүй их юм даа.
Эх сурвалж: anews.mn