П.Сэргэлэн:Үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага байна

ХХААХҮ-ийн сайд  П.Сэргэлэн  “МонФреш”, “Говь”, “Sunshiroh”, “Best shoes” болон хорооллын захын үйл ажиллагаатай танилцлаа. /2017.03.10/ Үйлдвэрлэлүүдийн үйл ажиллагаатай танилцсанаар  үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих, үйл ажиллагааг хэрхэн тасралтгүй үргэлжлүүлэн эдийн засагт үр өгөөжтэй байх боломжийг судалж “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрт тусгах юм.

Эхлээд бид “Монфреш” компанийн сүү, жүүсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.  Тус компанийн хувьд анх зун нь шингэн сүү, өвөл нь хуурай сүүгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байсан бол одоо 100 хувь шингэн сүүгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Мөн Франц технологиор  гурван төрлийн бяслаг үйлдвэрлэж дотоодын нийт хэрэгцээний 15 хувь болон 2017 оны  хоёрдугаар сараас эхлэн Япон улс руу экспортолж эхэлсэн байна.Удахгүй ОХУ-руу жүүс экспортлохоор  ажиллаж байгаа юм.

“МонФреш” компани 2010 онд Азийн хөгжлийн банкны төсөл хөтөлбөрт хамрагдан 2.4сая ам.долларын санхүүжилт авсан байна. Тэрхүү хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжийн

шинэчлэл болон сүү нийлүүлэх тогтолцоонд ашигласан тухай  “Монфреш жүүс” ХХК-ийн ерөнхий менежер Ж.Тэмүүлэн хэлж байв.

Тус компанийн хамгийн гол давуу тал нь дотоод болон гадаадын банк болон ББСБ-д өр зээлгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа нь үйлдвэрлэлээ хэвийн явуулахад дэм болж байгаа талаар “Монфреш” группийн захирал Т.Насанхүү онцолж байв.

Дараагийн үйл ажиллагаатай танилцсан үйлдвэр бол “Говь” ХХК. Тус компанийн хувьд дөрвөн гол бүтээгдэхүүнд  буюу сүлжмэл, пальто, шаалин алчуур, хөнжил зэрэгт ач  холбогдол өгч үйл ажиллагаагаа явуулж байна.

 “Говь” ХХК-д 1800 гаруй ажилтан ажиллаж байна. 2020 он гэхэд 3000 гаруй ажилтантай, 2018 он гэхэд пальтогоор дэлхийд номер нэг компани болно хэмээн зорилго тавин ажиллаж байна. Одоогоор тус компанид тулгамдаж байгаа хамгийн чухал асуудал нь эргэлтийн хөрөнгийн асуудал. Нийт ноолуурынхаа 70-80 хувийг гадагшаа гардаг, хятадуудтай өрсөлдөж  түүхий эдээ бэлтгэдэг зэрэг асуудлууд байгаа талаар “Говь” ХХК-ийн захирал Ц.Баатарсүрэн хэлж байв.

 Дараа нь ноос ноолууран эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын төлөөлөл болох   “Sunshiroh” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь Англи, Швейцарь, Япон зэрэг улсуудад бүтээгдэхүүнээ гаргадаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар ханган ажиллаж байгаа аж.  Хөрөнгийн эх үүсвэр, төрийн бодлогын дэмжлэг зайлшгүй тулгамдаж байгаа. Ялангуяа ноос, ноолууран эдлэлийн үйлдвэрүүдэд санхүүжилтийн асуудал чухал байна. Түүхий эд бэлтгэх үеэр санхүүгийн бэрхшээлээс үүдэлтэйгээр сайн бэлтгэж чадахгүй байгаа талаар “Sunshiroh” компанийн захирал Р.Борхүү хэлэв.

Мөн хэдийгээр зах зээлийн өрсөлдөөний зарчмаар ажиллах ёстой ч манай улсын зээлийн систем үйлдвэрлэгчдэд дарамт учруулдаг.  Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл эрхлэхэд хүү бага, хугацаа урт байх нь илүү өгөөжтэй байна гэдгийг онцолж байв.

 Гутлын үйлдвэрлэл эрхлэлтээрээ олонд танигдсан үйлдвэрүүдийн нэг бол “Best shoes” компани.  Тус үйлдвэр 60 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн үйлдвэрээ өргөжүүлсээр ирсэн. Гэвч борлуулалтын асуудал тулгамдаж байгааг салбарын сайдтай уулзах үеэрээ хэллээ.

“Best shoes” компанийн захирал Б.Түвдэнням “Үйлдвэрлэлээ дэмжих бодлогоо дорвитой үргэлжлүүлэн төр худалдан авалтаараа дэмжихийг хүсч байна. Төр худалдан авалтаараа гурван жил дэмжээд өгвөл цаашид кластераар өргөжих боломж бий. Энэ гурван жилийн хугацаанд нэг үйлдвэр бүх зүйлийг хийхгүй.

Деталь хэсгийг жижиг, дунд үйлдвэр, өрхийн үйлдвэр эрхлэгчдээр хийлгэх боломж бий. Ганцхан дэмжих нэрийн дор үргүй зардал гаргаж, жижиг зах зээл дээр хэт олон ижил төрлийн үйлдвэрлэлийг бий болгох нь эдийн засгийн хувьд өсөлтийг бууруулж байгаа юм. Тиймээс зохистой дэмжлэг хүсч байна” гэв.

 ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрийн хүрээнд үйлдвэр байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага байна.  Тэгэхийн тулд өнөөгийн нөхцөл байдлыг зайлшгүй судлах хэрэгтэй. Энэ хүрээнд үйлдвэрүүдтэй газар дээр нь  танилцаж байна. Цаашлаад Улаанбаатар хотын аль дүүрэг, аль аймгийн ямар сумдад үйлдвэр барьж байгуулах, аль  үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа гэдгийг төлөвлөх юм. Бодит байдлыг энэ хөтөлбөрт тусгахын тулд үйлдвэрлэгчидтэйгээ уулзахыг зорьсон. Аль болох дэмжих тал дээр анхаарлаа хандуулж ажиллана” гэдгээ энэ үеэр хэлж байсан  юм.

ХХААХҮЯ

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны …