Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр (2017.05.02) үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж, Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн талаар Улсын Их Хурлаас гаргасан 2017 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилт, тус үйлдвэрийн үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаарх мэдээллээр үргэлжиллээ.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний гүйцэтгэх удирдлагын зүгээс 2017 оны бизнес төлөвлөгөөний төслөө компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлж, энэ оны хоёрдугаар сард батлуулсан болохыг тус компанийн захирал Х.Бадамсүрэн мэдээллийн эхэнд онцоллоо. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ тогтворгүй байгаа, үйлдвэрийн хувьд уул-геологийн нөхцөл хүндэрч, хүдрийн агуулга буурч, хүдэр олборлох, боловсруулах үйл ажиллагааны зардал жилээс жилд нэмэгдэж байгаа боловч тус компани энэ оны бизнес төлөвлөгөө, дэвшүүлсэн зорилтоо бүх үзүүлэлтээр нь ханган биелүүлэхээр ажиллаж байгаа гэв. 2017 онд 30.9 сая тн хүдэр боловсруулж. 576.6 мянган тн зэсийн баяжмал, 3.8 мянган тн молибдений баяжмал үйлдвэрлэх, үйлдвэрлэл, борлуулалтын үр дүнгээр 37,4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөжээ. Энэ оны I улиралд техник технологийн үзүүлэлт болон үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100-аас дээш хувиар биелүүлж 86.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цэвэр ашгийн дүн нэмэгдсэн бөгөөд эл үзүүлэлтийн өсөлтөд технологийн үзүүлэлтийн сайжруулалт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, зэсийн үнэ, валютын ханш зэрэг хүчнн зүйлүүд нөлөөлсөн гэж тооцоолсон байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2017 оны I улиралд улс, орон нутгийн төсөвт нийт 130,5 тэрбум төгрөг, эхний 4 сарын дүнгээр 187.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлэв. Үүнээс гадна 2017 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар эрчим хүчний төлбөрт 53.4 тэрбум төгрөг, зэс болон молибдены баяжмалын тээврийн төлбөрт 12,9 тэрбум төгрөгийг тус тус төлөөд байгаа аж.
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 6000 ажилтан ажиллаж байгаа гэлээ. Тайлант хугацаанд компанийн хэмжээгээр 341,3 тэрбум төгрөгийн зардлын гүйцэтгэлтэй байгаа нь төлөвлөгөөнөөс 1.1 хувь буюу 3,8 тэрбум төгрөгөөр хэтэрсэн бөгөөд энэ нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээний өсөлтөөс үүдэлтэй болохыг тайлбарлав. Түүнчлэн Х.Бадамсүрэн захирал компанийн зээл, өр болон авлагын талаар дэлгэрэнгүй танилцуулсан.
Дараа нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн. Дээрх мэдээлэл, танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, Ажлын хэсгээс тодруулга хийж зарим асуудлаар тодорхой байр суурийг илэрхийлсэн юм. Хуралдааны явцад УИХ-ын гишүүн С.Чинзориг, мэдээллийн явцад шаардлагатай мэдээллээ авсан учир санал хэлэхгүйгээр уг асуудлыг хаах горимын санал гаргав. Уг саналыг дэмжих саналын томъёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.