Өмчийнхөө тоогоор бол Монголын төр шиг баян төр үгүй. Өөрөөр хэлбэл, Монголын төрд 30 их наяд төгрөгийн өмч байгаа гэсэн тоо баримт бий. Гэвч, өнөөдөр Монголын данс нь улайж, эдийн засаг нь таг зогсчихоод байгаа билээ. Тиймээс Мэргэжлийн Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, 5.5 тэрбум ам.долларын өр, зээл тавихын тулд өнгөрсөн дөрөвдүгээр сард долоон төрлийн татварыг нэмэгдүүлсэн бөгөөд өнөөдөр зарим нь хэрэгжээд эхэлсэн. Татварын нэмэгдэл эдийн засагт дэм болохоос илүү энгийн иргэдийн нуруун дээр том ачаалал болон бууж буй юм.
Гэвч, төрийн 180 мянган албан хаагчаа тэжээх, дээр нь төсвөөс тэжээгддэг төрийн өмчийн алдагдлаа нөхөхийн тулд иргэдийнхээ халаасанд гараа дүрж байгаа эрх баригчдын өөрсдийнхөө тансаг хэрэглээг бууруулаагүйд иргэд ч шүүмжлэлтэй хандаж буй.
Монголын төрийн өмчит 90 орчим компани байдаг бөгөөд тэдний өрийн хэмжээ өнөөдөр 10.5 их наядаар тоологдож байна. Үүнээс 10 гаруй компанийн захирал 5 саяас дээш төгрөгийн цалин авдагийг Төрийн өмч, бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор хэвлэлийнхэнд мэдээлж байсан юм.
Компани нь хэдэн зуун сая, хэдэн арван тэрбумын алдагдалтай хэрнээ дарга нь өндөр цалин хангамж эдэлдэг төрийн өмчит компаниудын нэг бол “Эрдэнэт”.
ОХУ, Монголын хамтарсан үйлдвэр байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг монголчууд худалдан авсан биш төрийн дээрэмд өртөж, өдгөө ёстой л “Барын амнаас чонын аманд” гэгч болчихоод байгаа билээ. Учир нь, хоёр улсын хамтарсан үйлдвэр байх үед үе, үеийн эрх баригчдын шахаа, булай будилааны үүр овоохой болсон тус компани 100 хувь төрийн мэдэлд очсон нь ард түмний өмч боллоо гэсэн үг биш.
Хэзээнээсээ л Монголын улстөрчид ард түмний нэрээр хулгай, хуудуугаа хийсээр ирсний нэг үзэгдэл. Ард түмний нэрээр “Эрдэнэт” эрх баригч намынхны л өмч болсон гэвэл бодит үнэнээс хол зөрөхгүй. Худлаа гэвэл ард түмний хүүхэд гүйж очоод ард түмнийхээ өмчид ажил орох гээд үз дээ.
УИХ-ын намрын чуулганы сүүлчийн өдөр “Эрдэнэт”-ийг 100 хувь улсын өмч болгох шийдвэр гарснаас хойш энэ процесс өөх ч биш, булчирхай ч биш болсныг эрх баригчид ч өөрсдөө хүлээн зөвшөөрөх болжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан тавдугаар сарын 2-ны Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан байдаг. Үндсэн хуулиа дээдэлж ажиллах үүрэгтэй УИХ-ын гишүүний хувьд хууль зөрчсөн шийдвэр гаргах эрх байхгүй” хэмээн парламентын олонхын гаргасан шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байдаг. Эндээс харахад олонхын бүлэгт “Эрдэнэт” тойрсон зөрчил маргаан хэвээр байгааг харж болохоор.
Төр муу менежер гэдэгтэй монголчууд хэдийнэ эвлэрчээ. Яг адилхан салбарт ажиллаж байгаа хувийн компани болон төрийн өмчит компани хоёрын үйл ажиллагааны орлого, зарлагыг харьцуулаад үзээрэй. Төрийн өмчит компани нь орлогогүй мөртлөө дарга нь хэдэн зуун саяын үнэтэй машин унаж, хэдэн арван саяар нь урамшуулал, цалин хүртээд явж байх жишээний. Юу хийдэг, жилдээ ямар орлоготой нь мэдэгдэхгүй Хөдөө аж ахуйн биржийн захирал гэхэд л сард 9.5 сая төгрөгийн цалин авах жишээтэй. “Эрдэнэт”-ийн дарга нарын жилийн цалин, хангамж, урамшуулал бол жирийн иргэний насаараа хөдөлмөрлөөд цуглуулж чадаагүй мөнгө байгаад гайхах ч хэрэггүй. Энэ чинь л төрийн компани шүү дээ. Төрийн мөнгө ёолдоггүй гэж Б.Баабар нэгэнтээ хэлсэн.
Эцэст нь хэлэхэд “Ард түмний өмчийг хамгаалах” акцийн ард эрх баригч намуудын элдвийн шахаа, шантааж явж байдаг гэдгийг сануулахад буруудахгүй биз. Түмэн олны эрх ашгийг хангасан төрийн өмч гэж хаана байна?
Ж.Эрхэс
Эх сурвалж: News.mn