Ж.Батзандан:АН-ын бүлгээс тавьсан шаардлагад У.Хүрэлсүх анхаарч ажиллана гэсэн

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.

-УИХ дахь ан-ын бүлгийн гишүүд ерөнхий сайдад нэр дэвшигч у.Хүрэлсүхтэй дөнгөж сая уулзаад гарч ирж байна. Та бүхэн ямар асуудлыг ярилцав?

-Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын гол зорилго бол шинээр байгуулагдах Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаатай холбоотой АН-ын бүлгээс гаргасан саналаа У.Хүрэлсүхэд хүргэлээ. Энэ нь иргэдийн санал бодлыг хүргэхэд чиглэсэн олон нийтийн эрх ашгийг тусгасан шаардлага юм. Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн гарт өгч буй саналаа товчхон хэлчихье. Нэгдүгээрт, Засгийн газрыг байгуулахдаа ашиг сонирхлын зөрчилгүй байгуулах, аль болох давхар дээлгүй сайд нартай байхыг санал болголоо. Хоёрдугаарт, хууль хяналтын байгууллагын шинэчлэлийг гүнзгийрүүлэх, хүний эрхийг зөрчдөг, улс төрийн зорилгоор хууль хяналтын байгууллагыг ашигладаг явдлыг таслан зогсоох шаардлагыг АН-ын бүлгээс хүргүүллээ. Гуравдугаарт, эдийн засгийн зоригтой шинэчлэл хийхийг бид шаардаж байна.

Банк санхүүгийн шинэчлэл хийхийг шаардаж байна. Банкны хүү хэт өндөр байгаагаас аж ахуйн нэгж, иргэд олон жил хүүгийн дарамтад орсон. Үүнийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай талаар бид саналаа хүргэсэн. Аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Ядуурлаас гаргахын тулд аж үйлдвэрийн салбарыг дэмжиж, хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарлаа хандуулахыг хүслээ. Өнөөдөр далд эдийн засагтай тэмцэх шаардлага тулгарч байна. Ялангуяа газрын харилцаагаар дамжиж манай улсад далд эдийн засаг үүссэн. Газрын мафийг таслан зогсоохын тулд Газрын бирж, Уул уурхайн биржийг байгуулах шаардлагатай байна. Дэлхийн улс оронд төсвийнхөө орлогын 60-70 хувийг газартай холбоотой харилцаагаар бий болгодог. Харамсалтай нь Монголд газрын харилцаагаар зохицуулагдаж буй орлого төсвийн орлогын дөнгөж хоёр хувийг бүрдүүлж байна. Дэлхийн банкны судалгаагаар уул уурхай, газрын харилцаатай холбогдон орж ирэх 1-2 их наяд төгрөг улсын төсөвт орж ирэхгүй байна гэдгийг тогтоосон.

Мөн олон жил яригдсан чөлөөт бүсийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Шинэ нисэх онгоцны буудлын эргэн тойронд чөлөөт бүсийг цогцоор нь барьж байгуулах шаардлагатай гэж харж байгаа. Монголын төрийг бохирдуулж байгаа гол субьект бол намууд юм. Улс төрийн намуудын стандартыг шинэчлэх, улс төрийн намуудын эрх зүйг өөрчлөх замаар улс төрийн стандарт шүүлтүүрийг орчин үеийн түвшинд хүргэх ёстой байна. ингэж байж улс төрийн намууд цэвэршинэ. Улс төрийн намаар дамжиж Монголын төр рүү улстөрчид биш эрх ашгийн зөрчилтэй олигархиуд олон арваараа орж ирснээс болж нийтийн эрх ашгийн үүднээс бус хувийн эрх ашгийн үүднээс төрийн тогтолцоонд ханддаг болсон гэж бид үзэж байна. Тийм учраас улс төрийн намуудын стандартыг тогтоож, өөрчлөлтийг хийгээрэй гэдгийг бид захьсан.

-Та бүгд тодорхой саналаа хүргэжээ. гэхдээ эдийн засгийн бодит нөхцөлөөс улбаалж хүүхдийн мөнгө олгох, цалин, тэтгэврийг нэмэх боломжгүй гэдгийг У.Хүрэлсүх байнгын хорооны хурал дээр хэлчихсэн байгаа?

-Ан-ын бүлэг монголчуудынхаа сайн сайхны төлөө шинэ Ерөнхий сайд, шинэ Засгийн газартай хамтарч ажиллахад бэлэн байх болно. Мэдээж Монголын эсрэг, алдаатай буруу бодлого гаргавал бид дэмжихгүй гэж байгаа.

Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой. Багш, эмч нарын цалинг нэмэх, тэтгэврийг нэмэх бодлогыг дорвитой авах ёстой гэсэн байр сууриа манай бүлгээс илэрхийлсэн. Хүүхдийн мөнгө олгох, багш, эмч нарын цалин нэмэгдүүлэхэд Монголын эдийн засагт том дарамт учрахгүй. Харин төсөвт дарамт учруулж байгаа олон хүчин зүйл бий. Төсвийн зарлагыг өөрчлөн шинэчлэх замаар утгагүй зардлуудаа бууруулах боломжтой. Тухайлбал, өнгөрсөн Засгийн газрын хоёрхон алдаатай шийдвэрээс болж 70 тэрбум төгрөг төсөвт орж ирэхгүй болсон.

Тамхины татварыг өөрчилснөөр Засгийн газрын гишүүн нь өөрийнхөө компанийг 60 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлчихсөн. Гадаадад ажиллах хүчний төлбөрөөс өөрсдийнхөө компанийг чөлөөлж 15 тэрбум төгрөгийг төсвийн орлогоос хасуулсан гэх мэтчилэн увайгүй үйлдлээ засан залруулах ёстой. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх бололцоотой. Төсвийн хэрэгцээгүй зардлыг танах, хасах замаар хүүхдийн мөнгийг олгох, эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх боломж байна. Тэрхүү гарц гаргалгааг нь АН-ын бүлгээс Ерөнхий сайдад санал болгосон байгаа.

-У.Хүрэлсүх та бүхний шаардлагыг ямар байдлаар хүлээж авч байх юм?

-У.Хүрэлсүх бидэнд бодит байдлыг танилцуулсан. АН-ын бүлгээс тавьж байгаа хүсэлт шаардлагыг нухацтай судалж, эдийн засгийн нөхцөл байдлын хүрээнд асуудлыг нааштайгаар шийдвэрлэн ажиллах болно гэж хэлж байгаа. Мэдээж хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэж үг бий.

-Байнгын хорооны хурал дээр ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат танд хандан “Ерөнхий сайдаар томилогдоод намайг шалгаарай” гэж хэлж байгаа харагдсан. Та хоёрын дунд үл ойлголцох ямар байдал үүсэв?

-Ж.Мөнхбат гэдэг сайдтай холбоотой асуудлыг би огт яриагүй. Засгийн газарт хулгай, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нөхдүүд цөөнгүй байна. Хариуцлагын асуудлыг яриарай гэдгийг хэлсэн. Засгийн газрын идсэн уусан, хулгай хийсэн тухай иргэд олон түмэн хангалттай их ярьж байгаа. Хулгай хийсэн нөхдүүдтэйгээ хариуцлагыг тооцооч гэсэн хүсэлтийг АН-ын бүлгээс хүргүүлсэн байгаа. Би энэ тухай хэн нэгэн хүний нэр зааж яриагүй. Хулгай хийсэн байна уу үгүй юу гэдгийг гурван шатны шүүхээр тогтооно. Харин иргэдийн дунд нэгэнт бий болсон хардлага, сэрдлэгийг нэг тийш нь болгох хэрэгтэй.

-Таныг төрсөн ахыгаа сайдаар тавихаар хөөцөлдөж явна гэсэн цуу мэдээлэл тархсан байна лээ. Энэ Засгийн газарт таны ах сайдаар ажиллах уу?

-Засгийн газарт манай ах орж ажиллах эсэх нь миний асуудал биш. Би мэдэхгүй. Надад тийм эрх мэдэл байхгүй. Засгийн газрын бүтцийг Ардын нам эрх баригч нам бүрдүүлнэ. Хэнийг Засгийн газарт оруулж яаж ажиллуулах эсэхийг эрх баригч нам шийдэх асуудал. Түүнээс биш Батзандан гэдэг хүн Засгийн газрын асуудлыг мэдчихгүй ээ.

-Ер нь Засгийн газар огцорсноор эерэг үр дүн бий юу. Урьд өмнө нь Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч байсан. Та тухайн үед Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж байсан. Эргээд харахад засгийг огцруулснаар сайжирсан зүйл байна уу?

-Засгийн тогтвортой байдал чухал. Гэхдээ хулгайч Засгийн газартай байх уу, тогтвортой Засгийн газартай байх уу гэдэг сонголтын өмнө бид ирдэг. Өмнө нь тэр, одоо ч тэр. Улс төрийн тогтвортой байдал гэдэг бол Монгол Улсын тогтвортой бодлогыг хэлдэг. Би бол бодлогын тогтвортой байдал маш чухал гэж үздэг. Хариуцлагагүй Засгийн газрыг хаацайлж хамгаалж үлдээх нь Монгол Улсад маш их хортой. Хулгайч, авлигач Засгийн газрыг хаацайлж суух нь Монголыг хорлож байгаатай яг адил. Энэ талаар иргэдийн саналыг тусгаж, улстөрчид олон талаас нь харж дүгнэж байгаад шийдвэрээ гаргадаг.

-Н.Алтанхуягийн Засгийн газар огцрох болсон гол шалтгааныг та юу гэж хардаг вэ?

-Н.Алтанхуягийн Засгийн газар Дэнзэнгээсээ, Уянгаагаасаа болж огцорсон. Цагаан суваргын ордыг Нямтайшир, Номтойбаярт хууль зөрчиж өгснөөсөө болж огцорсон. Хөгжлийн банкны мөнгийг хууль бусаар зарцуулснаасаа болж огцорсон. Үүнийг тухайн үед олон хүн, олон их хурлын гишүүд ярьж, хэлж байсан. Алдаагүй, ариун нандин Засгийн газрыг огцруулсан мэтээр ухуулга сурталчилгааг одоо хийх нь утгагүй юм.

-Намрын чуулган сая нээлтээ хийлээ. Төсвийн тодотгол болон ирэх оны төсөвт ямар гол өөрчлөлтүүд орж байна вэ?

-Намрын чуулганаар батлагдах хамгийн чухал хууль бол Төсвийн тухай хууль юм. Ирэх оны төсвөө хэлэлцэнэ. 2018 оны мөнгөний бодлогоо удахгүй ярилцана. Мөн эдийн засгийн, банк санхүүгийн шинэчлэлтэй холбоотой хэд хэдэн чухал хууль орж ирж байна. Төсвийн тодотголын тухай хуулийн төсөл одоогоор хараахан гишүүдийн гар дээр ирээгүй байна. Уншиж танилцсаныхаа дараа тодорхой мэдээлэл өгье.

-Ерөнхий сайдыг хэзээ батламжлан ёсчлох вэ. Засгийн газрын бүтцийг энэ долоо хоногтоо эцэслэх бил үү?

-Хуваарийнхаа дагуу УИХ-ын чуулган энэ дөрөв, тав дахь өдрүүдэд хуралдана гэж байсан. УИХ-ын даргад чуулганы хуваарийг нааш нь татах, хойшлуулах зэрэг бололцоо байдаг. Энэ хүрээнд чуулганы хуваарийг нааш нь татаж байх шиг байна.

УИХ дахь АН-ын бүлгээс Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хувьд өөрсдийн саналаа хүргэсэн. Гол нь эрх ашгийн зөрчилгүй байхыг хүсч байна. Уул уурхайн сайд нь хувьдаа уул уурхайгүй байвал сайн байна. Боловсролын сайд нь хувийн сургуульгүй байвал сайн байна гэх мэтээр эрх ашгийн зөрчилгүй, хувийнхаа өмчийн төлөө ажилладаггүй сайд нарыг оруулж ирээч гэсэн хүсэлтийг тавьсан. Мөн дэд сайд гэх мэт төсөвт тодорхой дарамт учруулдаг мөртлөө зайлшгүй хэрэгцээт биш албан тушаалуудаа цомхотгооч гэсэн асуудлыг тавьж байгаа.

-Удтал хүлээгдэж байсан Ес зүйн хороо хуралдаж хүчингийн хэрэгт нэр нь холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулгын тухай хэлэлцлээ. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Ес зүйн дэд хороо дургүйд хүчгүй гэдэг шиг олон сарын дараа хуралдаж эхэлж байгаа нь харамсалтай. Уг нь УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой эл асуудлыг долоо хоногийн дотор хуралдаад дүгнэлтээ гаргаж УИХ руу оруулах үүрэгтэй. Даанч энэ ажлаа хийхгүй олон сар боллоо. Д.Лүндээжанцан даргатай Ёс зүйн хороо одоо яаралтай дүгнэлтээ гаргаад асуудлыг хуулийн дагуу шийдвэрлээд явах нь зөв гэсэн байр суурьтай байна.

Б.ДОЛЗОДМАА

Эх сурвалж:anbuleg.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …