УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд сэтгүүлчидтэй “Зангиагүй” уулзаж, цагдаагийн байгууллагад хийгдэж байгаа шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ. Уг уулзалтын үеэр сэтгүүлчид хуулийн байгууллагад шалгагдаж байгаа дуулиан тарьсан том хэргүүдийн талаар Хууль зүйн сайдаас хариулт авсан юм.
-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай холбоотой яг ямар хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна вэ? Гишүүн өөрөө болохоор ямар ч гэмт хэрэг үйлдээгүй, цагдаа намайг нэг ч удаа дуудаж асуугаагүй гэдэг?
-Хэрэгт холбогдсон хүн хэзээ ч өөрийгөө “гэм буруутай” гэж хэлдэггүй. Энэ бол хүний Үндсэн хуулиар олгогдсон эрх. Хэн ч байсан өөрийгөө “гэм буруугүй” гэж хэлэх эрхтэй. Тухайн хүн өөрөө болон түүний эхнэр, хүүхэд, аав, ээж нь ч гэсэн түүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Тийм л нийгэмд бид амьдарч байгаа.Тиймээс Ё.Отгонбаяр гишүүн өөрийгөө буруугүй гэсний төлөө “энэ хүн буруугүй” гэж туйлширч болохгүй. Хуулийн байгууллага хуулийн хүрээнд шалгалтаа хийж байгаа. УМБГ-ын дарга Г.Батсүхийн мэдэгдсэнээр бусдаас авлига нэхсэн асуудал, түүний эхнэрийн данстай холбоотой асуудал шалгагдаж байгаа нь үнэн. Гэхдээ данстай холбоотой асуудал дээр давхар бичилтүүд байгааг, мөнгөний дүн өөрчлөгдөж болохыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ хэргийг шалгаж байгаа хуулийн байгууллага хэргийн талаар нэмэлт тайлбар гаргаж өгөх байх.
-Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэрэг юу болж байна вэ? Бас л адилхан зүйл ярьж байгаа шүү дээ?
-Н.Номтойбаярт хутгалуулж гэмтлээ гэсэн иргэн хуулийн байгууллагад гомдол гаргасан. Үнэн худлыг шүүх эцэслэн тогтооно. Хутгалуулсан гэх иргэн өөрөө цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, өөрөө мэдүүлэг өгсөн. Харин маргааныг хэн эхлүүлснийг нягтлан шалгах ёстой. Г.Нямдорж гэж өмнө нь ял шийтгэл эдэлж байсан хүнтэй холбоотой маргаан бий. Саяхан Налайхад хүн буудуулсан хэрэг гарлаа. Үүний ард мөн л гэмт хэргийн ертөнцөд өөрийгөө “атаман” гэж үздэг байсан хүмүүсийн хүүхдүүд холбогдсон гэдэг асуудал яригдаж байна. Хууль зүйн сайдын зүгээс өмнө нь олон удаа гэмт хэрэгт холбогдсон, олон жил хоригдоод суллагдсан этгээдүүд хуулийн байгууллагын хараа хяналтад байна уу гэх асуултыг тавьсан. Гурван хүн тодорхой хэргүүдээр шалгагдаж байгаа юм билээ. УИХ-ын гишүүн байх эсэх нь хамаагүй хэрэг үйлдсэн бол хариуцлагаа хүлээнэ. Хуулийн хугацаандаа энэ хэргийг шалгаад тогтоох байх.
-Саяхан тусгайгийн хоёр алба хаагч нэгнийхээ биед халдсан асуудал олон нийтийн сүлжээгээр цацагдлаа. Чухам ямар асуудал болсон юм бэ?
-Болсон үйл явдал хэвлэлээр гарч байгаа шиг биш. Цагдаагийн тусгай бүлэгт олон жил ажилласан, 2005 онд тодорхой шалтгааны улмаас халагдаад, энэ хавар буцаж ажилдаа орсон хүн байсан. Халагдчихаад ямар шугамаар буцаж ажилдаа орсныг тодруулахад танил талаа ашигласан асуудал гарсан. Тэр хүн тусгайд байсан , ах хүн гэдэг байдлаар удирдлагадаа хандсанаас асуудал үүссэн юм билээ. Ажлын байранд байсангүй гэж шаардлага тавьсны төлөө даргынхаа нүд рүү цохисон гэж байгаа. Үүнийг нь дэд дарга нь хараад бас хариу цохичихсон. Нэг ёсондоо шууд удирдлагад нь байгаа хүн даргаа зодож болохгүй гэдэг үүднээс гар хүрсэн гэдэг. Тусгай үүрэг гүйцэтгэдэг хүмүүс зургаа олон нийтэд цацаж болдоггүй учраас шаардлага тавьсныхаа төлөө цохиулсан хүн нь олон нийтэд ил гарч чадахгүй байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдсон. Харин хэвлэл мэдээллээр зургаа гаргаад байгаа хүний тухайд дахин энэ байгууллагад ажиллах боломжгүй болсон учраас ийм үйлдэл хийсэн байх. Нөхцөл байдал ийм. Дотоод хяналтаараа асуудлыг шалгаж байна. Зэвсэгтэй харьцдаг, маш чухал тусгай албанд ийм хэмжээний увайгүй байна гэдэг харамсалтай. Энэ салбарын сайдын хувьд асуудал гаргасан хүмүүсийг зайлуул гэж хэлсэн. Хэвлэлээр сенсааци тариад байгаа нөхөр энэ албанаас зайлах нь тодорхой. Зодуулсан гэдэг гомдлыг хуулийн байгууллага шалгаад шийдвэрлэнэ. Бас шаардлага тавьсан албан тушаалтны биед халдсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсээд явна.
-Цагдаагийн офицер галт зэвсэг агсаж дээрэм хийсэн хэрэг ч бас гарсан шүү дээ?
-Тэр бол цэвэр гэмт хэрэг. Тухайн хүний хувьд гурван үе дамжсан цагдаагийн гэр бүлээс гаралтай алба хаагч юм билээ. Энэ явдал манай сургалтын технологи, дотоод хяналт болохгүй байгааг харуулж байна. Цагдаагийн алба хаагч иргэнд халдсан бол ямар ч өршөөл байхгүй. Харин дотроо нэг нэгийгээ зодсон тохиолдолд нухацтай авч үзэх хэрэгтэй. Шууд удирлагад нь байдаг хүндээ шаардлага тавихаар орой нь согтуу ирээд “Хурандаад заадаг хэн бэ” гээд зодсон өөр жишээ ч бий. Ийм байж болохгүй.
-ЦЕГ-ын Санхүү ар талын газрын даргаар ажиллаж байсан хоёр хурандаа төсвөөс гадуур данс үүсгэж, их хэмжээний мөнгө завшсан асуудал шалгагдаж байгаа. ЦЕГ гэх энэ нүсэр бүтэцтэй байгууллагад энэ мэт хууль бус үйлдэл цаашид үргэлжилсээр байх вий гэдэг болгоомжлол байна?
-Энэ асуудал ганц Санхүү ар талын газрын дарга, нягтлан хоёртой холбоотой юм биш л дээ. Төсвийн ерөнхийлөн захирагчтай холбогдох ёстой. 2002 оноос хойш бүх төрийн байгууллагын төсвөөс гадуурх дансыг хаасан байхад яагаад цагдаад ийм данс үлдчихэв гэдэг ноцтой асуудал. Хувь хүмүүсийн буруу гэхээс илүү тогтолцооны буруу. Цагдаагийн байгууллага гэдэг улс дотор улс болсны гай. Энэ тогтолцоог шинэчлэхгүй бол дахиад жилийн дараа Б.Билэгт гэдэг хүн ч ийм алдаа хийчихсэн явахыг үгүйсгэхгүй.
-Эрүүдэн шүүх сандалтай холбоотойгоор ЦЕГ-ын дэд даргад хариуцлага тооцсон. Гэтэл тэр хүн эргээд үндэслэлгүй ажлаас халсан асуудлаар шүүхэд хандсан гэсэн. Яагаад гарын үсэг зурсан ерөнхий газрын даргатай биш, дэд даргатай нь хариуцлага тооцсон юм бэ?
-Ажлын байрны тодорхойлолт, чиг үүргээрээ мөрдөн байцаалтад ийм сандал хэрэглэх эсэхийг шийдэх эрх мэдэл нь тэргүүн дэд даргад байдаг. Өөрөөр хэлбэл надтай зурсан гэрээнд зааснаар, ажлын байрны тодорхойлолт дээрээ чиглэл нь ийм байгаа. Би өөрөө тэр хүнийг томилдог. Үүргээ биелүүлээгүй учраас хариуцлага тооцоод ажлаас нь чөлөөлсөн. Анх гарын үсэг зурж, тушаал гаргасан хүн гэвэл Ц.Сандаг-Очир. Тэр хүн ажлаа өгөөд явсан учраас би тэр хүнтэй хариуцлага тооцож чадахгүй.
-Хятадад хар тамхины хэрэгт холбогдсон Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Баясгалангийн хүүг эх орондоо ялтан шилжүүлэх гэрээгээр шилжүүлэх болсон гэдэг үнэн үү?
-Х.Баясгалангийн хүү гэдгээрээ биш болов уу. Хятадад гэмт хэрэг үйлдээд ял эдэлж байгаа иргэдээ эх оронд нь авчирах талаар яригдаж байгаа асуудал бий. Тухайн ял эдэлж буй иргэд өөрсдөө хүсэлт гаргадаг. Хэний хүүхэд байх нь хамаарахгүйгээр хүсэлт гаргасан бол хуулийн байгууллага боломжтой хэмжээнд ажиллах үүрэгтэй. Энэ хэрэг зөвхөн манай улсын шийдэх хэрэг биш, хоёр улсын хоорондын хэрэг учраас бид эхнээсээ асуудлаа тавиад явж байгаа. Хар тамхины хэргээр Хятад улсад баривчлагдсан, шалгагдаж байгаа олон хүний хэргийг шилжүүлэн авах асуудлыг бид шат дараатай тавиад явж байгаа.
-“Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг юу болж байна вэ. Өөрөө хэргээ хүлээсэн гэдэг мэдээлэл бий?
-Өөрөө хэргээ хүлээх нь нэг асуудал. Үүний цаана Монгол Улс 140 гаруй сая долларын өрөнд орчихоод тухайн банк нь Засгийн газраас нэхэж байгаа. Тиймээс шалгалтыг нэлээн нарийн явуулж байна. Ш.Батхүү “Би хуурамчаар гарын үсэг үйлдсэн” гэж хэлдэг. Хуурамчаар үйлдсэн гээд явчихаар гарын үсэг зурсан гэж байгаа “Эрдэнэт”-ийн Ч.Ганзориг нарын олон хүн хэрэгтэн биш болно. Иймэрхүү хэргээс болж Монгол Улс зургаан арбитрт дуудагдаад явж байна. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хэрэг дээр тусдаа ажлын хэсэг байгуулагдсан. Төрийн өмчийн хорооны түвшинд байгуулсан ажлын хэсэг бол бидний эрх хэмжээ хүрэхгүй юм байна гэдгээ хэлсэн. Тиймээс дахиад өргөн хүрээтэй ажлын хэсэг байгуулах асуудал яригдана. Одоогоор тухайн гарын үсэг хуурамч уу гэдгийг эцэслэн тогтоогоогүй байна.
-ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар энэ мэт олон хэрэгт холбоотой гэж ярих юм. Тэр хүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахиж тавих боломж бий юу?
-Үндсэн хууль, Цэцийн тухай хуульд Цэцийн гишүүнийг Цэцийн шийдвэргүйгээр шалгаж болохгүй гээд заачихсан. Тэгэхээр Цэцийн есөн гишүүн хуралдаад, шалгаж болно гэж шийдвэр гаргавал шалгах эрх үүснэ. Прокурор Цэцэд хоёр ч удаа хандсан боловч хүлээж аваагүй. Хэрэв Ш.Батхүүтэй холбоотой хэрэгт гарын үсэг хуурамч эсэх нь тодорхой болбол, хэрвээ үүнд Д.Сугар гэдэг хүн гарын үсэг зурсан нь тогтоогдвол Д.Сугарын Цэцийн гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахин тавих боломжтой.
-Хангалттай үндэслэл байхад Цэц зориуд хаацайлж байна гэж ойлгож болох уу? Эсвэл цагдаагийн байгууллага хангалттай нотлох баримтгүйгээр асуудал тавиад яваад байгаа юм уу? Аль талдаа байна вэ?
-Цэцийн өмнөөс би ярих эрхгүй. Тэдний дотроо шийдэх асуудал. Гэхдээ үүнээс болж хууль сахиулах байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж байгааг хэлж чадна.
-Г.Буяндоржтой холбоотой олон хэрэг шалгагдаж байгаа гэдэг. Гэтэл нөгөө талаас ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь хууль бусаар барьж хорилоо гэдэг зүйл яриад байгаа?
-Хэд хэдэн хэрэгт шалгагдаад явж байна. Хэргийг шалгах явцад Г.Буяндорж өөрөө ч бусдад залилуулсан байж болох нөхцөл байдал үүссэн. Тиймээс хуулийн байгууллагаас дуудсан цагт ирэхгүй, оргон зайлсан гэдэг үндэслэлээр цагдан хорьсон.
эх сурвалж: ньюс.мн С.ОТГОНСҮРЭН