Говь-Алтай аймгийн орон нутаг судлах “Жангар” музейн сан хөмрөгт 19 дүгээр зуунд хамаарах хүрлээр хийсэн буур сав хадгалагдаж байна.
Тодруулбал, 19 дүгээр зуунд холбогдох эл буур савыг хүрлээр хийсэн бөгөөд хавтгайдуу цөгцөн суурьтай, ар шил болон хажуу талдаа тус бүр нэжгээд бариул сэнжтэй, их биетэйгээ үргэлж оготор цорготой, цэцгэн дэлбээ мэт дэрвэгэр амсартай ажээ. Хэлбэр байдал нь завьяа, гүцтэй төстэй боловч хэмжээгээрээ том, эгэл бааздуу хийцтэй харагдана.
Буур сав нь домбо савны нэгэн төрөл болох ба хэмжээнээсээ хамаараад 3-5 литрийн багтаамжтай байдаг. Монголчууд ердийнхөөс том сав саахуу, тогоо мэтийг бууран хэмээн тодотгодог байжээ. Энэ нь орсон буур зогсож буй мэт хэлбэр төрөхөөр нь нэрийдсэн байж ч болно. Уг гарлыг хөөвөл эртний Энэтхэг наашлаад Төвдтэй холбогдоно.
Тодруулбал, 1200 оны үеэс Төвдүүд ийм савыг мод төмөрлөгийн зүйлээр хийж усан тахил өргөх, хурал номын үеэр лам хуваргуудад цай унд өгөх зэргээр хэрэглэж байжээ. Мөн Хятадууд үүнтэй төстэй ч хэмжээгээрээ арай бага нэгэн зүйл шаазан сав хийж хэрэглэх болсон нь “Лам малгай хэлбэрт домбо” гэх нэртэй аж.
Монголын Их Юань гүрэн болоод Хятадын Миньгийн үед хаадын дэргэд шадарлан байсан Төвдийн Гармаба урсгалд шүтэгч ламын малгайнаас санаа авч энэ домбыг хийснээс ийм нэр үүссэн хэмээжээ.
Ийм зэс хүрэл савыг Монголын томхон хүрээ хийдүүд 1940 он хүртэл түгээмэл хэрэглэдэг байжээ. Хурал хурж буй лам нарын манц цав, хоол цайг түргэн шуурхай асгаж цутгахгүй халуунаар түгэхэд том амтай, дэрвэгэр хүрээтэй, ил цорготой энэ савын ач тус их байжээ.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
