Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл \өгүүллэг\

10384810_651751728273698_8555714809188460390_nӨглөө сэрээд л нам унтсанаа Соёлоо мэдлээ, гараа сарвайн гар утсаа тэмтэн олж цагаа харвал аль хэдийн арван цаг өнгөрч явна. Төгөлдөр дээрээ очьё. Соёлоо үсрэн босч ус буцалгагчаа залгаад, угаалгын өрөөрүү чиглэн усанд орохоор чиглэв. Уснаас гараад ирэхэд бие нь хөнгөрөөд сэтгэл нь цаанаа л тайван сайхан болсон мэт санагдаж, дуу аялсаар аяга цай ууж толины өмнө хэсэг эргэлдээд, өөрийнхөө хайртай жижигхэн цүнхээ бариад гадаа гаран алхаж өглөө. Өнөөдөр сайхан өдөр болох нь ээ.Төөгөө хаалгаа нээгээд намайг хараад яаж баярлах бол, эсхүл уур нь гарахгүй тунирхаад хэсэг зогсох юм болов уу, тэгвэл тас тэвэрч аваад чихэн дээр нь уруулаа наагаад сэтгэлээсээ уучлал гуйна даа. Миний Төөгөө ухаантай намайг уучлана тэгээд ирэх долоо хоногт хоёулаа амралтанд яваад өдөржин бие биедээ эрхэлнэ дээ.

Соёлоо алхсаар яваад Төөгөөгийн гэрийн гадна ирлээ, урд нь гэрт нь орж үзээгүй ч гэлээ орц хаалгыг нь сайн мэдэх болохоор шатаар дээшээ гүйх шахам гараад хаалганы гадна нь амьсгалаа жаахан дарав. Цаг хартал арван нэгэн цаг тавин минут. Цүнхээ нээж жижиг толио гарган нүүрээ сайтар ажиглаж, хэсэг сөрөвгөр үсээ аятайхан илж чихнийхээ араар хийгээд хаалга аяархан тогшиход зүрх нь анх түүнийг хараад догдлон цохилж байсан шигээ түг түг хэмээн хүчтэй цохилж байгааг мэдэрлээ. Гараад ирэхлээр нь шууд л хайртай гээд л тэврээд авья, тэгээд Төөгөө уурлана уу баярлана уу өөрөө мэдэг, би л лав тавихгүй тэврээд байна.

Хэдхэн удаа зөөлөн тогшсоны дараа хаалга онгойход Соёлоо инээмсэглэн толгой өргөн харлаа… Ай… Онгорхой хаалганы хоёр талд зөөлөн дуу алдах чимээ зэрэг гарчээ. Тиймээ, хэн хэн нь цочирдсон хэдий ч аль нь чангаар дуу алдсангүй. Хаалганы цаана нойтон гараа алчуураар арчиж байгаа Уянгаа зогтусан түүнрүү ширтэж байх нь тэр… Нүүрэн дээрх инээд нь хоромхон зуур арчигдан алга болж цонхийн цайрах Соёлоог хараад Уянгаа үнэхээр цочирдлоо, энэ Төөгөөгийнд хойноос нь ирж зүрхэллээ гэж үү… Уянгаа гялс эргэн хаалгаа тэр доор нь хаалаа. Үүднээс холдон хоёр алхаад шил асуусан хүн байна, Төөгөө шил ч юм уу хуванцар сав байна уу хэмээн тайван асуусаар галтогооны өрөөг чиглэн, хоосон хэвтэх ундааны хуванцар савыг аван үүдрүү буцан эргэв. Зөөлөн сандал дээр залхуутай суусан Төгөлдөр ар араас нь суваг солин шил асуугч этгээдийг өчүүхэн ч сонирхсонгүй ээ.
Хаалга хаагдсан ч Соёлоо хөдлөж чадахгүй дороо зогссоор л байв. Нүдэнд нь өөрийн эрхгүй нулимс дүүрэн цийлэгнэж сэтгэл нь хардалтын галанд шатах шахам дүрэлзлээ. Одоо л түүнийг Ханболдтой хардаад уурлаад байсан Төөгөөгийн сэтгэл хичнээнээр шаналж байсныг ойлгожээ. Уянгаа ирчихжээ, Уянгаа Төөгөөгийнд түүнтэй хамт байна. Би хожимджээ, би өөрөө Төөгөөгөө гомдоосон, би өөрийнхөө хайрыг өөрөө булшлаад хаячихлаа. Би хожимджээ…

Хаалга дахин нээгдэж Уянгаа гарч ирэв. Түүний харц тайван бас гунигтай байлаа. Соёлоо чи эндээс яв даа, урд шөнөжин Төгөлдөр бид хоёр ярилцаж хоносон. Бид бие биенээ ойлгосон бас би түүнийг уучласан. Одоо бид бүхнийг шинээр эхлэхээр шийдсэн, чи Төөгөөг үнэхээр гомдоосон байна шүү дээ. Би чамд итгээд Төөгөөг чамтай орхисон. Гэтэл чи түүнийг голд нь ортол гомдоож байдаг. Одоо түүнийг зовоохгүй байя гэж бодож байгаа бол дахин түүнтэй уулзах хэрэггүй, хойноос нь хөөцөлдөх хэрэггүй. Түүнийг чи ямар нүүрээрээ харах билээ. Төөгөө надад бүгдийг нь ярьсан, тиймээс ч одоо бид хоёр хамтдаа байна. Соёлоо чи эмэгтэй хүн шүү дээ, бүсгүй хүний уян зөөлөн сэтгэл гаргаж бид хоёрыг тайван орхиоч. Одоо бид хамтдаа тайван байхыг л хүсч байна. Баяртай Соёлоо. Уянгаа нам дуугаар хэлсэн үгээ дуусгаад хаалгаа онгойлгон орохдоо, ундааны хуванцар сав сэмээрхэн орхиод хаалгаа хаасныг ажиглах тэнхээ Соёлоод байсангүй. Өөрийн эрхгүй мэлмэрэн урсах нулимсаа арчин Уянгаагийн хэлэх үг бүрийг чимээгүй сонслоо. Түүнд Төөгөөд ч, Уянгаад ч гомдох сэтгэл төрсөнгүй, өөрөө Төөгөөг хуураад Ханболдтой уулзсан нь чин үнэн болохоор өөртөө гомдохоос өөр аргагүйг мэдэрч байлаа.

Соёлоо биеэ барихыг хичнээн хичээвч, урсах нулимс түүний нүүрийг тэр аяар нь бүрхсээр байгаа тул мэгшүүлэх уйлахгүйг чармайсаар шатаар алгуур доошлон буулаа. Уянгаа…Одоо Соёлоо түүнд хичнээн их атаархана вэ, тэр Төөгөөтэй нь хамт байгаа, тэр бүү хэл үүрд хамт байна гэж бодоход толгойгоо хага цохиод ч өөрийгөө уучлаж чадмааргүй санагдав…
Хаалга хаагаад Уянгаа бага зэрэг тайвширлаа. Соёлоог ингээд хүрээд ирнэ гэж арай л бодсонгүй, бас ч зоригтой хүүхэн байна шүү. Би жаахан л удсан бол нэг мөсөн бүх зүйл балрах байлаа шүү дээ. Үнэндээ өглөө арван нэгэн цаг болж байхад Төөгөө нэг л танил цохих хаалганы чимээгээр гүйн очиж хаалгаа тайлсан байжээ. Соёлоо уучлал гуйгаад ирж байгаа юм биш байгаа гэж тэрхэн зуур бодол төрж, харайх шахам хаалгаа онгойлгосон нь тэр байв. Уянгааг хараад сэтгэл нь гонсойсон боловч сайн уу хэмээн жаргал дүүрэн инээмсэглэх түүний өөдөөс сайн гээд өөрийн эрхгүй мушийн инээмсэглэхээс өөр арга олдсонгүй. Уянгаа өөриймсөг гэгч нь хаалга түлхэн хажуугаар нь орон барьж ирсэн зүйлээ Төгөлдөрт өгөөд, гэрт нь ирэхдээ өмсдөг өөрийнхөө гэрийн шаахайг хайхыг хараад Төгөлдөрийн сэтгэл улам ч гунигтай болох мэт өөрт нь санагдлаа. Би үүнийг уул нь хүсээгүй шүү дээ…

Төгөлдөр өрөөндөө ороод ямар ч зорилгогүй зурагтын суваг сольсоор суулаа, удалгүй Уянга хойноос нь орж ирээд түүний сэтгэлийн тавгүй байдлыг доор нь ажиглаад мэдэж орхив. Хичнээн ч жил хамт байсан туршлага билээ дээ түүнийг яаж сэргээхээ Уянгаагаас өөр хэн мэдэх билээ. Хөгжилтэй яриа дэлгэн инээд алдан түүнийг царайчлах Уянгаагийн чин сэтгэлийн халуун илчийг Төгөлдөр өөрийн эрхгүй мэдэрч суулаа. Түүний сэтгэлийн баргар гуниг, Ханболдыг үзэн ядах, Соёлоог хардах шаналал бага багаар сэмрэн арилж нэг мэдэхэд Уянгаагийн элдэв яриаг чих тавин сонсон сууж байв. Нэг бодлыг сайхан тайвшрах ч шиг. Ер нь Уянгаагийн хажууд л ийм өөртөө итгэлтэй, сэтгэл амар тайван байдаг байсан юм биш биз…Гэхдээ л Төгөлдөр гар утасруугаа хялам хялам хийхээ мартсангүй ээ. Соёлоо арай ч дээ, хүн санаатай юм бол эрхгүй нэг уучлал гуйгаад мэссэж ч болтугай бичдэггүй юм байхдаа. Арай өдийд нөгөө Ханболдтойгоо… Төгөлдөрийн уур нь дахин багтрах шахан сэдэрлээ. Уянгаа өлсөж байна, хоёулаа гадагшаа гарч нэг сайхан хоол идэцгээе.

Уянгаагийн сэтгэл тогоо дүүрэн сүү хөөрөх мэт дэврэн, баяр хөөрөөр өөрийн эрхгүй бялхлаа. Тэгэлгүй яахав, найз нь сүү аваад ирсэн галтогоонд цай тавьчихсан. Сайхан цай уучихаад гарч хоол идье, одоохон. Уянгаа цай буцлахыг хүлээнгээ дуу аялан аяга угааж байтал хаалга зөөлөн түг түг хийн тогшихыг сонсов. Уянгаа алчуур авч гараа арчингаа хаалгаа нээгээд, цочирдсондоо өөрийн эрхгүй дуу алдсан нь тэр байжээ.

Уянгаа буцлаж байгаа цайгаа аягалан одоо болтол удирдлага эргүүлэн суугаа Төөгөө дээр очин суулаа. Цайгаа уучихаад хоёулаа гарах уу даа. Түрүүхэн гунигтай харцаар Соёлоод элдвийг учирлаж байсан Уянгаагийн төрхнөөс мөр ч үлдээгүй байх нь тэр.

Харин энэ үед Ханболд зориг шийдвэр дүүрэн энэ өглөөг угтаж байлаа. Урд орой нилээд хэтрүүлээд уучихсанаас толгой нь ар дагзаараа ангас ангасхийн нилээд хүчтэй хатгуулж байсанд өтгөн кофе нэг аягыг уучихаад, орон дээрээ толгой салаавчлан жаал хэвтэв. Өчигдөрийн явдлыг нэгэнтээ эргэцүүлэн бодож, яах аргагүй үлдэн хоцорсондоо шаралхан эгдүүрхэнэ. Тийм бий вий, хажуунаас хөтлөөд явсан нь хожсон гэж байгаа бол эндүүрч залуу минь. Хэн нь Соёлоогийн гарт хуримын бөгж зүүсэн нь хождог байхгүй юу. Чамайг хотод орж ирэх сураг ч гараагүй байхад би Соёлоогийн анхны хайрын эзэн болчихоод хөтлөлцөж явсан юм шүү. Хайраараа ч тэр, учирах заяагаараа ч тэр Соёлоо минийх л болох учиртай. Тэртээ тэргүй өөр бүсгүйг харах нүд миний хувьд аль хэдийнэ хаагдчихсан. Миний Соёлоо цэцгэнд, тэр тусмаа сарнай цэцгийн баглаанд маш их дуртай шүү дээ. Ханболд толгойныхоо өвчнийг ч үл хайхран орноосоо үсрэн бослоо. Бурхан түүнд илгээв үү гэлтэй, гайхалтай сайхан санаа түүний толгойд орж иржээ.

Соёлоо арайхийн гадаа гарч замын хажуугаас таксинд суун гэрийн зүг бушуухан явлаа. Хурдхан л гэртээ харьж сэтгэлээ онгойтол цурхиран уйлмаар санагдана. Одоо түүнд уйлахаас өөр сэтгэлээ тайвшруулах арга байсангүй. Замдаа гар утсаасаа Төгөлдөрийн утсыг тэсэлгүй арчин хаяв. Яах юм, харагдаад залгамаар байгаа юм чинь. Соёлоо гэртээ ороод орон дээрээ сунан унаж, өөрийнхөө дураар удтал уйллаа. Уйлахаар дотор онгойдог гэж аргагүй л үнэн юм даа. Нүдээ бүлцийтэл уйлж дотроо жаахан ч болов онгойлгоод Соёлоо цай уухаар бослоо. Гар утасных нь хонх жингэхэх дуугаар ухасхийн шүүрэн автал харин Ханболд залгаж байна. Үгүй ер залгаж л байг, хэрэгтэй үед хаяж алга болчихоод одоо хүнийг хорлож байгаа юм шиг гэнэт гарч ирдэг. Ханболд хэд хэд залгасан боловч Соёлоо утсаа ер авсангүй. Бид шөнөжин ярилцаж хоноод бүхнийг эхнээс нь эхлэхээр шийдсэн гэх Уянгаагийн үг сэтгэлээс нь гарсангүй. Аргагүй дээ, Төөгөөгийн итгэлийг энэ олон жил Уянга л алдалгүй явж ирсэн. Гэтэл миний байж байгаа царайг, өөр залуутай наргиж байж улаан цайм баригдаа биз дээ. Өөрийнхөө мууд өөрийнхөө шийдвэргүй, тэвчээргүй зангаас хайраа алдсан хүн хохино хэмээн өөрийгөө хичнээн зүхэвч Соёлоогийн сэтгэл тайвширч өгөхгүй л байлаа. Төөгөө одоо надад итгэхгүй л дээ, голоо тасартал гомдсон байх. Одоо Уянгааг сонгочихоод байхад би дахин тэр хоёрыг үймүүлээд яахав, анхнаасаа л бид хамт байх тавилангүй байж дээ. Гэхдээ Соёлоогийн сэтгэлийн мухарт Төөгөө ямар амархан Уянгаатай эргээд нийлчихдэг юм, надтай дахин уулзаад эцсийн минь үгийг сонсчихгүй яавдаа хэмээх бодол гомдол төрүүлсээр байлаа.

Бараг цагийн дараагаас Ханболд дахин залгаж гарав. Төвөгтэй юм, Соёлоо гар утсаа бушуухан салгаад хаясан боловч хаалгыг нь түн түн хэмээн хүчтэй нүдэж эхэллээ. Мэдээж Ханболд л биз Соёлоо хаалга руугаа гүйн очиж хэн бэ хэмээн ууртай дуугартал Ханболд байна гэх нь тэр. Яах гээд байгаа юм онгойлгохгүй шүү. Соёлоо дурангаараа хар л даа. Соёлоо ууртай хэдий ч хэрэгт дурлан дурангаар хартал, гайхалтай сайхан улаан сарнай цэцгийн баглаа байлаа. Хэдийгээр үнэхээр гоё байсан ч Соёлоо би авахгүй ээ, наадахаа аваад явж үз хэмээн хаалганы цаанаас хашгирч орхив. Энэ намайг цэцгэнд дуртайг мэдэж байгаа болохоор хаалгаа нээнэ гэж санаж л дээ. За тийм байж, тэгвэл ганцхан ширхэг шархны хуруу лент байвал өгчих, орж ирж байгаад хаалганы доорх зэвтэй хадаасанд зүсээд хаяачихлаа. Битгий худлаа яриад бай, худлаа хэлж хаалга тайлуулах гэж байна. Ханболд шаналангуй дуугаар хаалганы завсараар ёолж үнэн дээ зүссэн хэсгээр нь цус асгараад байна, итгэхгүй бол дурангаар харуулая л даа. Соёлоо тэсэлгүй үнэмшин хаалгаа тэр дор нь тайлж, яасан вэ аль хуруу вэ хэмээн асуутал Ханболд инээд алдан энэ хуруу хэмээн зүрхрүүгээ зааж зогсож байлаа.

Өө муу худалч хэмээн Ханболдын гараас нэг сайн чимхэж аваад Соёлоо хаалгаа хаах гэсэн боловч, Ханболд хөлөө тээглүүлээд авсангүй. Соёлоо миний цэцгийг авчих л даа, тэгээд болоо би явлаа хэмээн Сёолоог царайчлан гуйсаар зогсов. Хэрвээ авчих л юм бол би утасдахгүй, хаалга үүдийг чинь ч балбахгүй яваад өгнө. Тэгээд чамайг надруу залгахаас нааш чамд яасан ч төвөг болохгүй амлая хэмээн гуйх Ханболдыг хараад Соёлоо жаахан зөөлрөв. Би чамруу залгахгүй л дээ, за яахав баярлалаа сайхан цэцэг байна, одоо харин утасдаад хаалга балбаад байхгүй гэсэндээ хүрнэ биз. Хүрэлгүй яахав нээрээ шүү, харин энэ хоёрыг хамт аваад унших юм бол шүү дээ гээд Ханболд бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд зардаг гоёмсог цөөхөн цаастай дугтуйнаас хоёрыг сарвайх аж. Соёлоо инээд нь хүрч энэ хоёр чинь юу юм хэмээн шоолонгуй асуухад төв царайлсан Ханболд миний чин сэтгэлийн үгс байгаа юм аа гээд, баглаа цэцэг барьсан гарт нь хүчээр бариулж за би явлаа, чамдаа хайртай шүү гээд Соёлоог гэр нь оруулаад хаалгыг нь хаалаа…

Сарнай цэцгийн анхилуун үнэр тойрон анхилуун үнэрээ түгээн, түрүүхэн уурлаж суусан Соёлоогийн сэтгэлийг жаахан ч гэсэн тайтгаруулах мэт. Савтай бүлээхэн усанд цэцгээ хийж ширээн дээр тавиад, сандал татан хажууд нь суухад цэцгийн тансаг үнэр цаанаа л нэг ялдамхан сэтгэл сэргээм үнэртэнэ. Ханболдын бариулсан хоёр хөөрхөн дугтуйг хартал сайтар наасан гадна талд нь 1, 2 гэж дугаар тавьсан байгааг хараад өөрийн эрхгүй инээд алдлаа. Нэгдэх дугаарыг нь эхлээд унш гэж байгаа юм байхдаа зайлуул. Соёлоо захиаг задлаад эхлээд хайхрамжгүй гүйлгэн харсанаа, дараа нь өөрийн эрхгүй шимтэн уншиж гарав. Анхны хайрын дурсамжийн хамаг сайн сайхан бүхнийг хоёр дугтуйны найман хуудас цаасанд, Ханболд өөрийн саргархан бичгээр дүүртэл нь дурсан бичсэн байлаа. Заримыг нь он жилүүдийг Соёлоо өөрөө ч мартсан байж. Зарим газар нь элгээ хөштөл инээж, зарим газар нь өөрийн эрхгүй уйлсаар захиаг нэгд нэгэнгүй дуустал нь уншжээ.

Хамгийн сүүлд Соёлоо би яваагүй байгаа. Хаалганы чинь цаана чамайгаа хүлээгээд л зогсож байна, хайрт минь хаалгаа надад бүр мөсөн нээгээч. Бид хамтдаа аз жаргал баяр хөөр дүүрэн амьдрах тавилантай хэмээн захиа төгссөн байлаа. Соёлоо ухасхийн хаалгаа нээтэл, Ханболд шатны үзүүрт сандайлан сууж байснаа огло харайн босоод ирэв. Соёлоо тэр дор нь хаалгаа буцаан хааж, тамир нь алдран налан суулаа. Төөгөө минь, тиймээ одоо чи минь одоо сонголтоо бүрмөсөн хийгээд Уянгаатай байгаа, чамайгаа ямар нүүрээрээ үймүүлэх билээ би. Угаасаа л учирсан ч хамт байх тавилангүй хоёр байж дээ. Соёлоо аяархан босч хаалгаа онгойлгоход түүний нүд нь нулимсаар дүүрч, гартаа захиаг нь тас атгасан байв. Харин хаалганы цаана удаан хугацаанд хүйтэн шатан дээр хүлээн суусан Ханболд баяр хөөр, итгэл хайр гэрэлтсэн нүдтэй угтан босч иржээ…

Барагцаагаар нэг сарын дараа ажлын нь ресепшин охин Соёлоог үүдэнд хүн уулзая гэж байна хэмээн утасдахад гаран очвол Уянгаа зогсож байхаар нь жигтэйхэн их гайхаж орхив. Сайн уу хэмээн цовоо дуугарах Уянгаагийн хариуд сайн хэмээн дуулдах үгүйтэй мэндлээд, асуусан харцаар ширтэн чимээ аниргүй зогслоо. Чамайг Төгөлдөрлүү залгасаныг чинь мэдсээн, гэхдээ чамтай нэг баяртай мэдээгээ хуваалцах гэж ирсэн юм гээд Соёлооруу нэгэн цаас гарган сарвайлаа. Соёлоо би жирэмсэн болсоон, одоо гурван долоо хоногтой гэж эмч хэлсэн. Биднийг бодоод дахин Төөгөөрүү битгий утасдаарай гуйж байна. Соёлоо сарвайсан цаасыг нь үзсэн ч үгүй, баяр хүргэе гэхээс өөр үг дуугаралгүй өрөөрүүгээ чиглэн Уянгыг орхин одов. Хэдийгээр эргэн харахгүй өөрийн замаар алхана гэж шийдсэн байсан ч гэлээ, Уянгад битүүхэн атаархах сэтгэл төрөхийг мэдэрчээ.

Уянгаа гадаа гараад гүн амьсгаа авлаа, өнөөдөр цалин бууна. Жавхаатай Төөгөө гурвуулаа уулахаар болсон. Зад наргина даа, түүний ийм баяртай байгааг ажлынхан нь гайхан цаашлуулна. Уянгаа эцсийн алхамаа амжилт дүүрэн хийлээ. Одоо Соёлоо яасан ч Төөгөөрүү залгаж чадахгүй, харин Төөгөө Соёлоог яриагүй цагт түүнрүү ч бас залгахгүй ээ. Тиймээ энэ бүхний эцэст хайртай залуугаа өөрийнхөө хажууд үлдээж чадлаа, амиа ч өгөхөөс буцаагүй хайр нь хажууд нь байхаас өөр ямар жаргал байхав дээ. Уянгаа Соёлоод үзүүлэх гэж байсан цаасаа базаж хаяад сэтгэл тэнүүн ажилдаа оров. Үгүй ер жирэмсэн гэнэ шүү, Уянгаа бахтай мишээгээд өмнөх ажлаа эрчтэй гэгч нь хийж, оройн цэнгээнийг тэсэн ядан хүлээж байлаа. Ээ дээ миний энэ толгой юу, ажилладаг л толгой доо…

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …