Аливаа үндэстэн эрхэлдэг аж ахуй, шүтэн дээдэлдэг эд өлөг, хүн амьтан, уул ус, тэнгэр эрхсээр овоглох явдал их л эртнээс түгээмэл байсан. Монголчууд Чингис хаанаас ч өмнө маш эрт бүр X зуунаас эхлэн угийн бичиг хөтлөн уг судар, удам угсаагаа мэддэг байсан төдийгүй язгууртны цол хэргэм үеэс үед өвлөгдөн уламжлагддаг байсан нь баттай юм.
Сартуулчуудын дунд голлон хэрэглэгддэг Сартуул, Урианхай, Хатагин, Барга, Боржгон, Алаг адуун, Онход буюу Онгуд, Долоон, Тавнан, Тангуд зэрэг овог маш эртний овгууд бөгөөд түүхийн сурвалж бичгүүдэд ихээхэн тэмдэглэгддэг.
Завханы Сартуулуудад Эртний сурвалжит овгууд, хожмоо аль нэг овог яснаас тасран гарсан үржвэр овог, урьдын отог, хороо, сум, баг, засаг захиргааны нэгжээс үүссэн овог, баатар гавьяат ард хүн, газар усны нэрээр нэрлэгдсэн зэрэг маш олон овог хамаарагдаж байдаг бөгөөд бусад аймагт тархсан тархалтыг аймаг сум, хүн ам бүрээр нь авч үзвэл асар их тоо гарах нь мэдээж ээ.
Энэ үүднээс нь аваад үзвэл нэлээд хувийг эзлэх нь тодорхой юм. Дундад эртний үед нэгэн өвөг овог, омог, өвөг дээдсээс гаралтай, угсаа хэл соёл нэг хэд хэдэн овгоос бүрэлдэх нэг аймгийг нэг ястан гэж үздэг. Хожмоо эцгийн талаа ясан төрөл гэж нэрлэх болсон нь ястан юм. Олхунуд буюу Олгонууд, Олгон нь Монголын түүхэн овог аймгуудын нэг юм.
Олхонууд овог нь дотроо Алаг адуут, Шар хоньт, Улаан залаат гэсэн гурван Олхонууд байдаг гэж түүхэнд дурдагджээ. Олхонууд нэр нь эртний нанхиадын дурсгалд тэмдэглэгдэн үлдсэн эртний Монгол овгийн нэг юм. XIII зууны үед Боржигин овогтой худ ураг бололцсон байдаг бөгөөд Есүхэй баатрын дөрвөн хүү Тэмүжин, Хасар, Хачиун, Тэмүгэ, нэг охин Тэмүлүн нарын эх Өэлүн нь Олхонууд овогтон болно.
Олхонууд овог нь Монгол Улсын (Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөл г.м) 9 аймгийн 23 сумд буй. Энд л алаг адуун овогтон буй болжээ. Алаг адуу овог нь Монгол Дарлекин аймгуудаас гаралтай МЭ-Vll зууны үед Байгаль нуур, Енисей мөрний сав газар, Дархад нутагт Нанхиадаар “БО-МА “ алаг адуутан, алагчин” нэрээр мэдэгдэж байсан бөгөөд Баргу, Урианхай нартай салшгүй холбоотой эртний овог юм.
Завхан аймгийн Сартуул сумдаар зонхилдог бөгөөд Дархад, Буриадуудын дунд алаг адуутан овог тохиолддог байна. Алаг адуун овог нь зарим газар алаг морьтон гэдгээр байгаа нь язгуур нэг бөгөөд бодвол алаг морь уналга ачилгандаа ихээхэн хэрэглэдэг байснаас тотем маягаар үүссэн бололтой. Тэгвэл ойрын жишээ татахад адуун сүрэг олонтой Тэсийн голын унаган хүлэг их хурдан, бие сайхан морьдтой, тэр сайхан хүлгийн эзнээ адуучин хэмээн хүндлэхээс үүдэн тийм нэртэй овог үүсчээ.
Басхүү сүрэгчин овог гэж тэмдэглэгджээ. Энэ нь Манжийн үеэс үүдэлтэй. Дарьгангачуул нь угтаа 1690-ээд оны сүүлчээр халх Монгол Манжийн захиргаанд орох үест Манжийн хааны төмөр сүргийг адуулгахаар цахар, халх, өөлдөөс татаж халхын Түшээт хан аймгийн говь Мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн хурц вангийн хошууны дунд суулгасан сүрэгчин хүмүүс болно.
Манжууд Дарьгангачуудыг 5 гар гэдэг өвөрмөц нэртэй засаг захиргааны нэгж байгуулан манжийн хааны үржил сүргийг адуулах үүрэг хүлээлгэж байсан. Сүрэг гэдэг нь адуун сүрэг байсан. Дайн байлдаан уналга эдэлгээнд хэрэглэх зориулалттай агтыг хошуудаас шилэн цуглуулж, сүрэглэн маллаж байсан байдаг.
Энэ бол мөн л адуу түүнтэй холбогдон гарсан овог юм. Нөгөө талаар Сүхбаатар аймгийн Дарьгангачуудын удам гарвыг сонирхон судалсан хүмүүс Дарьганга бол бие даасан ястан биш. Дарьгангын хошуунд дархад, баяд, урианхай гэх мэт Монголын олон овог, аймгаас ирж суурьшсан байдаг.
Яагаад гэхээр Манжийн хаан өөрийн хоньчин, адуучин гэх мэт сүрэгчинг бий болгохдоо Монголын олон овог, удмын хүмүүсийг авчирч суурьшуулжээ. Үүнээс харахад Дарьганга хошуу бол Монголын олон овог, ястны цус холилдсон нутаг юм. Дарьгангачуудаас сэргэлэн, ухаалаг шилийн сайн эрс, олон эрдэмтэн, яруу найрагч, зохиолч төрдөг нь бас үүнтэй холбоотой байж мэднэ.
Мөн Манжийн төр Дарьгангачуудын ажлын хөлсийг цалин цагаан мөнгөөр бодож үнэлдэг байсныг дагаад дарьганга хийц, мөнгөн урлал эрчимтэй хөгжиж олны хүртээл болон хэрэглэгдэж байсан гэдэг. Энэ мэт жижиг зүйлийг ч хүмүүс анхаарч төрийн бодлогод харгалзан, ургийн бичиг, удмын түүхийг бичих, овог, удмаа цэвэр ариун байлгах, Монгол хүний чанарыг сайжруулах, удам угсаагаа мэдэж байхтай холбон үзэж байвал зохих ойлголт юм.
Өнөөдөр зарим гэр бүл ургийн бичгээ хөтөлдөггүйгээс болж ургийн овгоо мартах, “Боржигон” гэсэн овог хавтгайрч, Монгол улсын хүн амын нэлээд хэсэгт зонхилох хувийг эзлэх болжээ. Уг зүй нь бол овог гэдэг нь цус ойртохоос сэргийлсэн, удмын өвчин сэдрэхээс болгоомжилсон, дүү хүмүүс төрөл саднаа мэдэж байхад зориулагдсан билээ.
Түүнээс биш бүгдээрээ “Боржигон” овгийг авснаар их эзэн Чингис хааны хамаатан, төрөл садан болчихно гэсэн үг бишээ. Албан ёсны бүртгэлд “Боржигон” овогтой болчихсон бол жинхэнэ гарал үүслээ, өөрсдийн сайн мэдэх үеийн бусдаас ялгарах нэршлийг сонгон тодотгол хийх нь хэрэгтэй юм.
Жишээ нь “Боржигон-дархан”, “Боржигон-бичээч”, “Боржигон-уяач”, “Чойрын боржигон”, “Галшарын боржигон” гэх мэтээр тодотговол хожмын өдөр хүүхдүүд удам зүйн сөрөг нөлөөллөөс сэргийлэхэд тусална.
Сэтгүүлч, яруу найрагч Лханаагийн Мөнхтөр
Ugluu.mn