Залуусын хувьд, ялангуяа 20-иод нас гэдэг хөл хөдөлгөөн ихтэй, завгүй он жилүүд байдаг. Хайр дурлал, сургууль соёл, хөгжөөн цэнгээнтэй холбоотойгоор мөнгө үрэх үе элбэг гарна. Энэ хугацаанд санхүүгийн асуудал дээрээ бодлоготой хандаж, ирээдүйдээ бэлэн байхад тань туслах зорилгоор доорх зөвлөгөөг хүргэж байна.
1. Хэсэгхэн жаргалын төлөө мөнгөндөө үрэлгэн хандах
Залуусын дунд түрхэн зуурын сэтгэл ханамжийн төлөө мөнгөө хайхрамжгүй үрэх явдал бишгүйдээ л гардаг. Мэргэжилтнүүд мөнгө ба сэтгэл хөдлөл хоёрыг аль болох ангид байлгахыг зөвлөж байна. Жишээлбэл, сэтгэл санаа тань гутранги байвал дэлгүүр хэсэхээс татгалзах хэрэгтэй. Сэтгэл санаагаар унасан үед юм худалдаж авах нь хэсэгхэн хугацаанд сэтгэлийг тайтгаруулдаг боловч хэмнэсэн мөнгө тань ирээдүйд илүү их хэрэг болох болно.
2. “Онцгой байдлын” хадгаламж
Хорин насаа үдэж байгаа ихэнх залуусын хувьд банкин дах дансандаа бага сага мөнгөтэй, тэр нь байрны төлбөр, хоол хүнсэнд хангалттай, бас үлдэгдлээр нь ганц хоёр удаа шоудчихад хүрж байвал ер нь ‘болоод явчихсан’ мэт санагддаг. Гэсэн хэдий ч гэнэтийн, зайлшгүй шаардлагатай үед хэрэглэх мөнгөн хадгаламжтай болох нь зүйтэй. Та тэр хадгаламжаа өөрийн онц чухал гэж үзсэн хэрэгтэй зүйлдээ зарцуулж болох юм. Яг одоогоор та эрүүл, амжилттай ажиллаж байгаа ч ирээдүйг таах аргагүй учир ‘Б’ төлөвлөгөөтэй байхад илүүдэхгүй.
3. Өчүүхэн гэлтгүй хөрөнгө оруулж эхлэх
Хөрөнгө оруулах тал дээр залуусын толгой эргэж, төдийлөн алсын хараатай байж чаддаггүй. Энэ тал дээр мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрвээ бага сага хуримтлуулсан мөнгөө зөв зүйлд оролцуулж чадвал ирээдүйд таны санхүүгийн асуудал баттай, тогтвортой байна гэсэн үг.
4. Хэтэрхий эрт тусдаа гарах
Бүхэл амьдралынхаа турш эцэг, эхтэйгээ цуг амьдарсны эцэст ямар ч насанд хүрсэн хүн тусдаа гарахыг хүснэ. Өөрийн гэсэн гэр оронтой болж эрх чөлөөгөө эдлэхийг хүсэхгүй хэн байхав. Хэдий тооно тусгаарлахыг тэсч ядан хүлээж байгаа ч та эцэг эхтэйгээ амьдарч байгаа учраас мөнгөө хэмнэж байгаа гэдгийг ухаарах хэрэгтэй. Магадгүй хэсэгхэн хугацаанд азнаж байгаад өрх тусгаарлавал өөрт илүү ашигтай ч юм билүү, ер нь тусдаа гарвал санхүүгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэхээ тал талаас нь бодож үзэхэд илүүдэхгүй.
5. Өсөн дэвжихийг хөрөнгө мөнгөний түрүүнд тавих
“Сургуулиа төгслөө, одоо ажилд орно байгаа. Дажгүй цалинтай л байвал ямар ч ажил байсан яахав” гэх залуусын сэтгэлгээ бий. Бага цалинтай ч ирээдүйд тань илүү том боломжуудын үүдийг нээж өгөх ажил байдаг. Ажлын дадлага туршлага бол мөнгөөр үнэлэгдэшгүй. Тийм ч учраас өндөр цалинтай карьерийн эрэлд гарахын өмнө өөрийгөө боловсруулж, өсөн дэвжих тал дээр анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.
Эх сурвалж: lifehack.org