УИХ-ын дарга З.Энхболд Япон улсад ажлын айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын баг өчигдөр 20:00 цагийн үед Улаанбаатар хотноо газардсан бөгөөд Их хурлын дарга болон холбогдох албаныхан Чингис хаан нисэх буудалд хэвлэлийн бага хурал хийлээ.
Хэвлэлийн бага хуралд УИХ-ын дарга З.Энхболд, Уул уурхайн сайд Р.Жигжид, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан болон бусад холбогдох албаны төлөөлөгчид оролцсон юм.
УИХ-ын дарга айлчлалын хүрээнд тус улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима, Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки болон Ерөнхий сайд Шинзо Абэ нартай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар зөвлөлдсөн байна. Мөн айлчлалын үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Япон Улсын Эрүүл мэн, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Мөн Монголын Уул уурхайн яам Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам хооронд санамж бичиг байгуулсан гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд хэвлэлийн хурлын эхэнд онцоллоо.
Мөн тэрээр “Энэ сарын 7-ноос эхлэн Монгол Японы хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр албан ёсоор хэрэгжинэ. АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Японы талаас төлөөлөгч ирж, хариу мэдэгдэл гардуулснаар энэ ажил эхлэх юм. Тэгэхээр энэ сарын 7-ноос эхлээд хоёр тал руу 9000 орчим нэр төрлийн бараа татваргүй болж байгаа. Мөн технологи дамжуулалт чөлөөтэй, хөрөнгө капиталын урсгал чөлөөтэй болж байна. Айлчлалын үеэр Г.Баярсайхан сайд ажиллах хүчийг хоёр тал руу чөлөөтэй оруулах талаар анхны гэрээ хэлэлцээрийг байгууллаа. Мөн Р.Жигжид сайд цэвэр нүүрсний технологийг нэвтрүүлэх судалгааны төв байгуулах санамж бичгийг үзэглэсэн” гэлээ.
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан:
-Монгол Улсын Их хурлын даргын Япон улс дахь айлчлал амжилттай боллоо. Айлчлалын үеэр Япон Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хооронд хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах санамж бичигт миний бие гарын үсэг зурсан. Энэ ямар учиртай вэ гэхээр сүүлийн найман сарын хугацаанд энэ гэрээ хэлцлийг тасралтгүй явуулсан. Монгол Улс Япон улс хоооронд Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээг хэрэгжүүлэхэд хөрөнгийн урсгалаас гадна хүн хүч, мэргэжилтний урсгалыг зайлшгүй бий болгох шаардлагатай байгаа. Энэ үүднээс Монгол Улсаас Япон улсад мэргэжлийн ур чадвартай залуучуудыг бэлтгэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.
Бидний зорилго бол Япон улсаас технологи импортлох, ноу хау-д суралцах, залуучууд маань дорнын соёл, технологийн соёлоос суралцуулах зорилготой. Япон Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яамтай бид яг хэчнээн тооны залуусыг Японд бэлтгэх вэ гэдэг дээр тоо ярьсан. Гэхдээ Японы Засгийн газар нэг зүйл дээр тодорхой тохирсон. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хэдий хэмжээний мэргэжлийн ур чадвартай залуус хэрэгтэй байна, тэр хэмжээгээр Япон улс дадлагажуулна гэж байгаа. Тэгэхээр Монгол Улсын Хөдөлмөрийн яамны зүгээс залуучуудаа МСҮТ-өөр дамжуулан хэлний бэлтгэлд хамруулж, Япон улсад дадлагажуулна. Энэ ажлыг даруй эхлүүлэх болно.
Уул уурхайн сайд Р.Жигжид:
-Монгол Улсын Их хурлын дарга, Япон Улсын Ерөнхий сайд нарыг байлцуулан хоёр улсын Засгийн газар хооронд цэвэр нүүрсний технологийг нэвтрүүлэх санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн зорилго бол Монгол Улсад үр ашигтай нүүрсний хэрэглээг дэмжих зорилгоор цэвэр нүүрсний технологийн солилцоог гүнзгийрүүлэх, түүнчлэн талууд Монголын нүүрсийг ашиглан цэвэр нүүрсний технологийн хамтарсан судалгааг хийх, Монгол Улсад цэвэр нүүрсний технологи хэрэгжүүлж буй төслүүдэд Японы сонирхож буй компаниудын оролцоог хангах зорилготой. Энэ хүрээнд талууд хамтарсан судалгааны баг ажиллуулна. Мэдээлэл солилцох юм. Энэ ажлыг цаашид эрчимжүүлэх зорилгоор Уул уурхайн яаман дээр холбогдох мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан судалгааны ажлын хэсгийг байгуулаад байна. Энэ ажлын хэсэг ойрын хугацаанд Япон улсад очиж судалгаа хийнэ. Мөн Японоос мэргэжлийн хүмүүс ирж судалгаа хийх юм.
Цэвэр нүүрсний технологийг яагаад сонирхож байна вэ гэхээр дэлхийн дулааралтай холбоотойгоор нүүрс хүчлийн хийг бууруулах талаар дэлхий нийтээр ажиллаж байна. Гэтэл Монгол Улсын хувьд нүүрсний арвин их нөөцтэй. Энэ нүүрсийг бид үр ашигтай ашиглах ёстой. Үүний тулд өндөр технологи бидэнд хэрэгтэй байгаа. Энэ чиглэлийн технологи Япон улсад туршигдаад, амьдралд нэвтрэхэд бэлэн болчихсон байна.
-Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зургаадугаар сарын 7-ноос хэрэгжиж эхлэх нь. Бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?
УИХ-ын дарга З.Энхболд:
-Бид айлчлалынхаа үеэр гурван газар очиж үзлээ. Нүүрсийг шууд шатаахгүйгээр хий болгоод, түүгээрээ гурав, дөрвөн жилийн турш тасралтгүй ажилладаг цахилгаан станц зөвхөн Японд байгаа. Тэрний судалгааг үргэлжлүүлэх зорилгоор Монголд судалгааны төв байгуулах гэж байна. Мөн Монголд үйлдвэрлэсэн нарны зайгаар ажилладаг цахилгаан станц барьчихсан байгаа. Тэнд очиход Баянхонгорын залуу ажиллуулж байх жишээтэй. Тэгэхээр энэ бүх зүйл, Японд дадлагажигч бэлтгэнэ гэдэг маань өнөөдөр эхэлчихээгүй. 10-аад жил явж байна. Тэр хүмүүс Японд очиж нарны зайн технологи сураад, буцаж Монголдоо ирээд нарны зайгаа үйлдвэрлээд, үйлдвэрлэсэн нарны зай нь Япон руу экспортлогдоод явж байгаа юм. Эдийн засгийн түншлэл байгуулагдахаас өмнө хийгдсэн, зайлшгүй дэмжих ёстой ажлууд байгаа юм. Дээд сургууль биш юм гэхэд дунд шатны мэргэжилтнүүд хэдэн зуу, мянгаараа хэрэгтэй байна. Ийм зүйлгүйгээр Эдийн засгийн түншлэл амжилт олохгүй. Тэгэхээр бид продакшн нэтворк гэдэг зүйл нэвтрүүлэх ёстой. “Шибасаки” гээд өчигдөр бидний очсон компани бол машины эд ангиудыг хийж байна. Хэчнээн их машин зарагдана, тэднийх баталгаатай ажлын байртай. Тэдний салбар Монголд байж байна. Одоо Эдийн засгийн түншлэлийн дагуу иймэрхүү компаниудын ажиллах нөхцөл улам сайжирна. Тэгэхээр нэг жилийн хугацаанд компаниуд ямар бэлтгэл хийснийг та бүхэн удахгүй харах байх. Өнөөдөр онгоцонд суудал олдохгүй байна. Японы маш олон бизнесмэнүүд ирж байгаа юм байна. Зургаадугаар сарын 7-ноос хэрэгжиж эхлэх байгаа хэлэлцээр бодитой болж байгаагийн жишээ харагдаж байна гэлээ.