Б.Баяраа: Монголд итгэж болох юм нь шүүх юм байна

13522392_1408368172523619_1008062463_nӨтөл насандаа арга мухардсан, адармаатай асуудлуудтай нүүр тулах болгондоо шүүхэд хандсанаар 4 удаа эрхээ хамгаалуулаад байгаа Б.Баяраа гуай шүүхийн тухай өөрийн хүсэлтээр бидэнд ярилаа. Тэрбээр “Иргэдийн эрх ашгийг хохироодог төрийн эрх бүхий байгууллагын тамгатай луйварчдыг би үнэхээр их хорсож, жигшиж байна” гээд өөрийн адил дарамт амссан хэнд ч болов үгээ хүргэхээр яриагаа эхлэв.

 – Та анх юуны учир шүүхэд хандаж, хэрэг маргаанаа хэрхэн шийдүүлэв?

– Би боловсролын салбарт 30 жил ажилласан багш хүн. Миний амьдралд арга мухардсан хүнд, хэцүү нөхцөл байдал олон удаа тулгарч байсан. Амьдрал баян учир хэнд юу ч тохиолдохыг таамаглан мэдэхгүй шүү дээ. Харин Монгол Улсын шүүх миний зовлон, бэрхшээл тулгасан хэрэг маргаан бүрийг үнэн зөвөөр эцэслэн шийдвэрлэж өгсөнд би баярлаж талархаж явдгаа хэлмээр байна.

– Та хичнээн удаа шүүхэд хандав?

– Би 4,5 удаа шүүхэд хандах бүртээ ялж, эрхээ хамгаалуулсан. Над шиг хүнд танил тал, хэлхээ холбоо шүүхэд байхгүй. Намайг анх Төв аймгийн Жаргалант суманд багшаар ажиллаж байхад сургуулийн захирал нь Төв аймгийн Жаргалант сумын иргэн биш, нэг бол Төв аймгийн Жаргалант сумын иргэн бол гэж байнга гадуурхаж байгаад ажлаас халсан. Ингээд би Төв аймгийн шүүхэд хандсан. Шүүхээр энэ асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэхийн тулд бүтэн жилийн турш Төв аймаг, Улаанбаатар, Төв аймгийн Жаргалант сумын хооронд явсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа би ажилдаа эргэж орсон. Мөн хэдэн жилийн дараа би өндөр насны тэтгэвэрт гарахад олон хүүхэдтэй багш нарт олгодог 1 жилийн цалинтай тэнцэх тэтгэлэг надад олгоогүй.  Иргэдийн эрх ашгийг хохироодог төрийн эрх бүхий байгууллагын эдгээр албан тушаалтнуудад би үнэхээр их хорсож, жигшиж байна.Би дахин Төв аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар өөрт олгогдох тэтгэлгийн мөнгөө авсан. Би ингэж хоёр  удаа шүүхэд хандаж, эрхээ хамгаалуулсан ч гай түйтгэр үүгээр дуусаагүй.

– Нэг бус удаа шүүхээр явчихсан итгэл бол төрчихсөн байв уу?

– 2007 онд би Шувуун фабрикт хуулийн дагуу газар авч, амьдарч эхэлсэн. Газартай болоод газар дээрээ манай хүүхдүүд хаврын улиралд 1 тонн төмс тариад намрын улиралд 3, 4 тонн төмс болгон хурааж авдаг болсон. Мөн чацарганы, үхрийн нүдний, саваа модны суулгац тариад байсан ч 2013 онд миний охин хүнд өвчтэй болсон. Түүнээс хойш газраа сайн ашиглаж чадахаа больсон. Их салхитай болохоор монгол гэр салхинд хийсчих гээд байдаг байсан учраас би тэнд байдаг сургуулийн байшинд орж амьдрах хүсэлтийг захиралд нь тавьж, зөвшөөрөл авсны дагуу багш нарын галладаг байшинг засуулаад амьдарч байтал байр суллаж өгөхгүй байна гээд намайг шүүхэд өгсөн. Гэтэл шүүхийн шийдвэр энэ хүн боловсролын салбарт насаараа ажилласан, амьдарч болно гэсэн шийдвэр гарсан боловч намайг хөөгөөд гаргачихсан. Тэгээд би ногооныхоо талбайд амьдарч чадахгүй болсон. Миний энэ авсан газрыг Хан-Уул дүүргийн төрийн захиргааны байгууллага эцэслэн шийдэж өгөхгүй байсаар байгаад 2013 онд таны газар ногоон байгууламжид орох гэж байгаа тул таны асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Ингээд газраа эцэслэн шийдвэрлүүлж чадаагүй байж байтал 2015 оны 10 дугаар сарын 26-нд Хан-Уул дүүргийн газрын албаны даргын албан шаардлага ирсэн. Шаардлагад бусдын эдлэн газарт дураараа буусан учир гэр хашаагаа аваад 3 хоногийн дотор нүү гэсэн. Энэхүү шаардах хуудсыг аваад би маш их цочирдсон.

– Таны насны хүнд бол хүндхэн асуудал тулгарсан нь мэдээж?

– Ёстой л тэнгэр хангай бүрхэх шиг болж, яахаа мэдэхээ болин, сандарч байсан. Ингээд би өөрт учирсан гачигдлаа цаасан дээр буулгаж бичээд Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад 10 хуудас, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл даргад 26 хуудас юм бичиж өгсөн.

Би энэ газрыг 1998 оноос хойш хөөцөлдөж байна. Тухайн үед Хан-Уул дүүргийн Өмчийн газрыг хариуцсан мэргэжилтэнгээс энэ хогийн цэг ямар эзэнтэй юм бэ гэдгийг, тодруулахаар уулзаж, ярилцаж байсан. Тэгсэн чинь 1982 онд анх Батлан хамгаалах яам цэргийн анги бариулах гэж байгаад хаясан, Хуучин Орос цэргийн анги байсан, хогийн цэг бүхий газар гэсэн. Ингээд тухай газар надаас өөр эзэн байхгүй гэдгийг мэдсэн. Энэ газарт хүмүүс зуд болохоор хамаг үхсэн малаа авчраад хаячихна, хаясан малын сэгийг манай хэдэн хүүхдүүд ачиж авч яваад хол хаядаг. Тэгээд ахуйн хэрэглээний хог гэж нөхцөлгүй, нохой шувуу цугласан, ялаа манарсан, аймшгийн газрыг цэвэрлэж авсан. Хогийн цэг байхад нь анзаарахгүй байж байгаад цэвэрлээд авсан хойно нь булааж авах гээд улайран дайрч байна.

Анх бид нарыг кадастраа хийлгээд Хан-Уул дүүргийн газрын албанд хүсэлтээ гаргахад шийдэж өгөлгүй өдий хүрсэн түүхтэй.

Үүнээс болоод би энэ газарт навсайгаад сууж байна. Айлын тог авсан. Газрын гэрчилгээгүй гээд газрын алба тог өгөхгүй байгаа.

– Таньд эрх бүхий байгууллагаас хариу ирүүлсэн үү?

– Дүүргийн иргэдийн хурлын даргад би анх хандсан. Тэгтэл та шүүхэд ханд гэснээр би Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэр 2016 оны 03 дугаар сарын 15-нд миний талд гарсан явдал нь Монголын шүүх хэрэг маргааны үнэнийг олдог юм байна гэдгийг миний амьдралд тохиолдсон үйл явдал болгонд харуулсан. Нийгэмд болж буй шударга бус зүйлийг шүүх шийдвэрээрээ дандаа ингэж таслан зогсоож, эцэслэн шийдвэрлэж, эмхлэн цэгцлээд байгаасай. Энэ их төрийн тамга тэмдэг барьсан луйварчдыг сайн цэгцэлж, дэгэнд нь оруулж өгөөсэй. Ард иргэдийг төрийн тамга барьсан хүмүүс дарамталж дээрэмддэг шиг шүүх өөрсдийг нь хашрааж, жигшээж байдаг байгууллага байгаасай гэж хүсч байна. Монголд итгэж болох юм нь энэ шүүх засаглал л байна. Өөр надад итгэж байгаа юм алга. Энэ тамгатай дарга нар чинь бүгд луйварчид л гэж бодогдоод одоо бүүр уур хүрдэг болчихоод байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, түүний туслах Х.Эрдэнэцогт нарт хэрэг маргааныг бодитоор, үнэн зөвөөр шийдвэрлэж өгсөнд чин сэтгэлээсээ талархаж, баярлаж байна. Монголын шүүх үнэнч шударга, хүний төлөө, аливаа юмны учир начрыг олж байж, асуудлаа зөв сайхан шийддэгийг би өөрийн биеэр мэдэрлээ. Над шиг ядарч зүдэрсэн хүмүүс Монголын Улсын иргэний хувьд өөртөө болоод шүүхэд итгэх итгэлтэй байж болно гэдгийг би итгэлтэй хэлье.

– Ярилцсанд баярлалаа. 

  Б.Хос-Эрдэнэ

Ugluu.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …